Д.АРИУН
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы хамгийн онцлох хэсэг бол Өндөр түвшний долоо хоног буюу "Ерөнхий санал шүүмжлэл" General Debate/ юм. Энэ нь есдүгээр сарын 22-28-нд явагдаж байна. Энэ удаад НҮБ-ын гишүүн 133 орны төр, засгийн тэргүүн үг хэлэхээ мэдэгдэж, ээлж дараагаар үгээ хэлж байна.
Чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа. Тэрээр олон талт хамтын ажиллагаанд итгэх итгэлийг сэргээх, НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох асуудлыг чуулганы тэргүүлэх чиглэлээ болгосон гэж мэдэгджээ.
Энэ жилийн Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы уриа, үндсэн сэдвийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” гэж томьёолжээ. Энэ нь өнгөрсөн 2025 онд НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан "Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй" сэдэвтэй 80 дугаар чуулганы үргэлжлэл, түүний хэрэгжилтийг гүнзгийрүүлэх ач холбогдолтой гэж тайлбарласан байна.
Оросын хэвлэлүүд Д.Трампын илтгэлийг шүүмжлэв
Энэ жилийн чуулган нь дэлхий дахинаа болж байгаа хэд хэдэн дэлхийн хямралтай давхцаж байна. Тиймээс зарим улс орны удирдагч нарын үг нь дэлхий дахинаа бүс нутаг харгалзахгүй гүнзгий нөлөөлж байгаа хямралт, дайны нөхцөл байдалтай шууд холбоотой байлаа. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илтгэлдээ Газын зурвастай холбоотой 20 зүйлтэй энхийн төлөвлөгөө зэрэг өөрийн засаглалын энхийн санаачилгуудыг онцолсон. Барууны зарим хэвлэл түүнийг өөрийн санаачилгыг урагшлуулах зорилготой байсан гэж бичсэн байна. Харин Оросын хэвлэлүүд түүний илтгэлийг "сул, товч бус, хугацаанаас гурав дахин хэтэрсэн" гэж шүүмжилжээ. Трамп мөн чуулганы үеэр Гренландын аюулгүй байдлын АНУ-Дани-Гренланд гэсэн хэлэлцээрт гарын үсэг зурж, АНУ-Данийн харилцаанд шинэ өнцөг нээсэн үйл явдал болсон байна.
Туркийн Ерөнхийлөгчийн үг чуулганы танхимд төдийгүй дэлхий дахинаа хэвлэлүүдийн анхаарлыг татав
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган есдүгээр сарын 22-нд Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлсэн үг нь чуулганы танхимд төдийгүй дэлхий дахинаа хэвлэлүүдийн анхаарал татаж чадав. Дашрамд дурдахад Тайип Эрдоган энэ жил НҮБ-д 16 дахь удаагаа үг хэлж байгаа аж. Түүний үг яагаад дэлхий дахинаа анхаарал татсан бэ гэдгийн нэг учир нь тэрээр “НҮБ өнөөдөр өөрийн үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байна” гэж шууд, шударга хэлсэнтэй холбоотой гэж үзэж болно. Эрдоган хэлэхдээ "НҮБ 81 жилийн өмнө олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор байгуулагдсан ч, үнэндээ зорилгоо биелүүлж чадахгүй болгосон" гэж хэлсэн. Тэрээр сүүлийн 12 сарыг сүүлийн 30 жилийн хамгийн цуст үе гэж тодорхойлж, Газа, Украин-Орос, Мьянмар, Дарфур, Иран, Ливан зэрэг 60 гаруй мөргөлдөөн, дайныг дурдсан байна.
Бас Туркийн Ерөнхийлөгч Израилийн үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн. Трампын дэмжлэгтэйгээр гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан ч Газад энгийн 1300 гаруй иргэн амиа алдсаныг дурджээ. Түүнийг ингэж хэлэх үеэр Израилийн төлөөлөгчид танхимаас гарч, Палестины төлөөлөгчид алга ташиж байсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Эрдоганы хэлээд байгаа нэг санаа бол Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлтэй холбоотой юм. "Дэлхий таваас илүү том" /The world is bigger than five/ гэсэн өөрийн урт хугацааны концепцоо дахин илэрхийлсэн. Тодруулбал, 190 гаруй улсын хүсэл зоригийг таван улсын дур зоргоор хязгаарлагдаж байгаа тогтолцоо шударга бус, итгэлийг бий болгоход хангалтгүй гэж мэдэгдсэн. Тэрээр Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн эрхийг халахыг уриалсан нь олон улс орны хувьд таалагдах сэдэв байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
У.Хүрэлсүх НҮБ-80” шинэчлэлийн хөтөлбөрийг Монгол Улс идэвхтэй дэмжиж буй гэдгийг онцлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-81 дүгээр чуулгануудад нийтдээ зургаан удаа оролцож байна. Тэрээр Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг илтгэж үг хэллээ.
Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдлыг илэрхийллээ.
“НҮБ-ыг бэхжүүлэх, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжилд илүү анхаарах шаардлагатай”-г Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна. Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа. Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын үйл ажиллагааны талаарх энэ оны илтгэлдээ “Үймээн самуун, хагарал хуваагдал, тодорхойгүй байдлаар дүүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд НҮБ урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй, илүү чухал болоод байна” хэмээн тэмдэглэсэнтэй Монгол Улс санал нэг байна.
НҮБ-ыг орчин цагийн сорилтуудад нийцүүлж, илүү үр өгөөжтэй болгох зорилгоор түүний санаачилсан “НҮБ-80” шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс энэ хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж буйгаа нотолж байна” гэлээ.
Садыр Жапаров ТББ-ын санхүүжилтийг зогсоосонд Трампад талархал илэрхийлэв
Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган дээр үг хэлэхдээ Дональд Трампад "дэлхий даяарх төрийн бус байгууллагуудын санхүүжилтийг зогсоосонд" талархал илэрхийлэв. Ингэж талархах болсны учир нь "Үүний үр дүнд хөгжиж буй орнуудын дотоод хэрэг, улс төрд ТББ-уудын оролцоо бараг зогссон. Трампын шийдвэрүүд нь улс орнуудын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, хөгжлийн замаа бие даан сонгох боломжийг олгох нөхцөлийг бүрдүүлсэн" гэж Киргизийн удирдагч үзэж байгаа аж. Тиймээс чуулганы индэрийг ашиглан Трампад талархал илэрхийлжээ.
Гэхдээ Садыр Жапаров бас өөр бусад асуудлыг хөндсөний нэг нь хориг арга хэмжээтэй холбоотой байв. "Үндэслэлгүй нэг талын хязгаарлалтын сөрөг үр дагавар нь манайх шиг хөгжих шатандаа явж буй жижиг орнуудад ч нөлөөлж байгаа бөгөөд энэ нь бусад жижиг улс орнуудын дунд ч санаа зовоосон асуудал үүсгэдэг. Зарим тохиолдолд ийм үйлдэл нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоход хүргэж, олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудтай зөрчилддөг” гэсэн байна. Ямар нэг улсын эсрэг хориг арга хэмжээ авах эрхийг зөвхөн НҮБ-д олгох ёстой гэдэг санааг Садыр Жапаров НҮБ-ын чуулганы танхимд илэрхийлсэн байна.
Кенийн Ерөнхийлөгч Африк зээлийн үнэлгээний улмаас 75 тэрбум ам.доллар алдаж байна гэв
Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр үг хэлэхдээ хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудаас 2-4 дахин өндөр хүүтэй зээл авахад хүрч байгаа бодит үнэний талаар ярив. Тэрээр Африкийн орнуудын зээлжих зэрэглэл тогтоох үйл явц дахь субъектив үнэлгээний улмаас жилд ойролцоогоор 75 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна гэсэн байна.
“Зээлийн зэрэглэлийн үнэлгээний субъектив байдал Африкийн орнуудад хэт өндөр хүүгийн төлбөр болон зээлээс татгалзах хэлбэрээр ойролцоогоор 75 тэрбум ам.долларын өртөг учруулж байна. Эрсдэлийг хэмжих шаардлагатай ч үүнийг шударгаар хэмжих ёстой” гэж Руто хэлсэн байна.
Түүний үзэж буйгаар хөрөнгө хамгийн их шаардлагатай байгаа хөгжиж буй орнууд санхүүжилтийн хамгийн өндөр өртгийг төлж байгаа нь олон улсын санхүүгийн тогтолцооны асуудалтай холбоотой аж.
Кенийн Ерөнхийлөгч “Хөрөнгийн өртөг нь өрөөсгөл ойлголтод бус, эрсдэлд нийцэх ёстой” хэмээн онцолж, олон улсын санхүүгийн тогтолцоог шинэчлэхдээ хөрөнгийн хүртээмж болон өртгийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхийг уриалжээ.
Мөн хөгжиж буй орнуудад зээлийн баталгаа, эрсдэлийг хамтран хуваалцах санхүүгийн хэрэгслүүдийг илүү өргөн ашиглуулах, үндэсний валютаар урт хугацааны санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлсэн байна.
“Эмнэлэг зээлдүүлэгчтэй, сургууль өрийн үйлчилгээтэй өрсөлдөж байна. Дэндүү олон тохиолдолд зээлдүүлэгчид хамгийн түрүүнд төлбөрөө авч байна” хэмээн Кенийн Ерөнхийлөгч онцолсон нь анхаарал татсан сэдэв байлаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа улс орнуудын зөвшилцсөн улс төрийн тунхаглал, тогтоолууд албан ёсоор батлагдана. Ялангуяа Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, "НҮБ-80" санаачилгын хэрэгжилт, хиймэл оюун ухааны засаглалын тогтолцоо зэрэг энэ жил хөндөгдсөн гол асуудлууд ирэх жилүүдэд НҮБ-ын үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгүүд гарах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn