О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

5 цаг 30 мин
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

 

-Та Нийгмийн ажлын тухай хуу­лийн төслийг гардан бичиж байгаа. Монгол Улсын хувьд энэ хууль зайлш­гүй хэрэгцээт хуулийн нэг мөн үү?

-Монгол Улсын Үндсэн хуульд эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгыг бүрдүүлэхээр тунхаглаад, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцахаар заасан байдаг.

Мөн НҮБ-ын Хүний эрхийн тү­гээ­мэл тунхаглалын 22 дугаар зүйлд энэ талаар заасан байдаг. Тэгсэн хэр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хүн амын тодорхой бүлэгт чиг­лэ­сэн нийгмийн ажил үйлчилгээ нь хүр­тээмж­гүй байна.

Хүн амын тодорхой хэсэг бүлэг ялан­гуяа бага орлоготой өрх, эрсдэлт нөх­цөлд байгаа хүүхэд, өсвөр үеийнхэн, шил­жиж ирсэн хүмүүс, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд, ахмад настан, архаг хүнд өвчтэй хүмүүс, байгалийн гамшигт өрт­сөн хүмүүс, тэдний гэр бүл амьд­ра­лын­хаа тодорхой үе шатуудад нийгмийн хамгааллын үйлчилгээг үр дүнтэй авах хэрэгцээ, шаардлага үүсдэг.

Үүнийг бид одоо нийгмийн хамгаалал халамжийнхаа үйлчилгээгээр хүргэж байна.

Тэгвэл олон улсад энэ нөхцөл байдлаа 100 жилийн өмнө ойлгоод судлаад,  нийгмийн ажлын мэргэжил нь 50 жилийн өмнө үүсээд мэргэшээд, тусгайлсан хуулиараа зохицуулж ирсэн.

Харин Монгол Улсын хувьд 13 хуульд нийгмийн ажлын тухай заасан байдаг ч хоорондын уялдаа холбоогүй, цогцоор нь, цэгцтэйгээр тодорхойлоогүйн улмаас энэ салбарт ажиллаж байгаа 6000 гаруй нийгмийн ажилтны эрх хөндөгдөж байна.

Нөгөө талд иргэдийн нийгмийн халамж хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал яригдаж байна.

ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрхийн байдлын 19-24 дэх илтгэлүүдэд нийгмийн ажил үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх хэрэгтэй байгааг дурдсан. Тэр дундаа нэн тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм эдийн засгийн эрх зөрчигдөж байна, хүчирхийлэлд өртөж байна, амьдралын чанар буурч байна, нэг эрсдэлээс хоёр дахь эрсдэл бий болоод байна гэдгийг бүтэн таван удаагийн илтгэлд тусгасан байна.

Тиймээс нийгмийн хамгаалал, халамжийн салбарт яг энэ үйлчилгээг нь гардан гүйцэтгэж ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудынхаа мэргэжлийн асуудлыг, ёс зүйн хэм хэмжээг нь хүний нөөцийн асуудлуудыг цогцоор нь шийдэхгүй бол болохгүй байна. Энэ дээр үндэслээд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, А.Ариунзаяа бид гурав санаачлаад бусад эмэгтэй гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр хуулийн төслөө бичээд дуусаж байна.

 

Нийгмийн ажилтнууд эрсдэлт бүлгийн хүмүүсийн эрхийг зөрчигдөхөөс сэргийлэх боломжтой болно

 

-Монгол Улсын хууль тогтоомжид нийгмийн халамж, үйлчилгээг тусгасан гэж байна. Гэхдээ бие даасан хуульгүйгээс хэрэгжилтэд асуудал үүсээд байна уу?

-Яг одоогийн хэрэгжиж буй хууль журмаа харахаар уг нь Монгол Улс Алсын хараа 20:50, урт, дунд хугацааны баримт бичгүүддээ хүний хөгжлөө энэ түвшинд авчирна, нийгмийн хамгааллынхаа салбарыг ингэж дээшлүүлнэ гэх мэтээр зөндөө зүйл тусгачихсан мөртлөө энэ ажлыг хэн хийх вэ гэдгийг нарийн тодорхойлоогүй байна.

Нийгмийн ажил гэдэг мэргэжил чинь өөрөө олон улсын холбоотой, олон улсад стандарттай, олон улсын хэм хэмжээтэй бие даасан мэргэжил. Хүн амынхаа тоог аваад үзэхээр Монгол Улсад нийт 1.2 сая хүүхэд байгаа, тэдний 30 хувь нь бага орлоготой өрхөд амьдарч байна. 150 мянга гаруй ахмад буюу хоёр ахмад тутмын нэг нь хүнд нөхцөлд байна. 120 мянга орчим дэмжлэг хэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна.

Эдгээр хүмүүст зориулсан төрийн үйлчилгээ нь нийгмийн халамж хамгааллын салбар болон эрүүл мэндийн салбар хоёроор дамждаг. Гэтэл голд нь нийгмийн ажилтнууд ажиллаж байдаг. Нийгмийн ажилтнууд хамгийн бага цалингаар хамгийн их ажлыг, хамгийн хүнд нөхцөлд мэргэжилдээ өгсөн тангараг, зоригоороо хийж ирлээ. Хүний зөрчигдсөн эрхийн араас явж байгаад сүрдүүлэгт өртөж, эрүүл мэндээрээ хохирдог. Тиймээс бид хууль эрх зүйн хувьд зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Хүүхдийн эрхийг хамгаалж, эцэг эхчүүдийн эрх үүргийг шаарддаг нийгмийн ажилтан, эрсдэлээс хамгаалж чаддаг төр засгийн тухай барууны кинон дээрээс хангалттай харуулдаг. Харин манайд нийгмийн ажилтнууд ямар нөхцөл байдалд ажиллаж байна вэ?

-Хүүхэд хүчирхийлэлгүй, эрсдэлгүй орчинд өсөх ёстойг хянаж шалгаж, шаардлага тавьж, хамгаалдаг ажил бол нийгмийн ажлын үйлчилгээ юм. Манайд эсрэгээрээ хүүхдийн хүчирхийлэл болсны дараа, зодуулсны дараа, амь насаа алдсаны дараа арга хэмжээ авдаг. Уг нь нийгмийн хамгаалал гэдэг урьдчилан сэргийлж, хамгаалах ёстой.

Хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настнууд өөрийгөө хамгаалах чадваргүй шүү дээ. Эдгээр сул дорой нөхцөл байдалд байгаа хүмүүс нэмээд хоёр дахь эрсдэлд өртөх магадлал өндөр учраас нийгмийн ажилтнууд тэдэнд чиглэж ажиллах ёстой юм. Гэтэл одоогийн хуулиар ямар нэгэн хэрэг төвөг гараагүй байхад нийгмийн ажилтан гэрт нь очиж шалгах боломжгүй. Заавал эрсдэл үүссэн тухай дуудлага мэдээлэл ирсэн тохиолдолд очдог. Тиймээс энэ хуулийг баталснаар нийгмийн ажилтнууд эрсдэлт бүлгийн хүмүүсийн эрхийг зөрчигдөхөөс нь сэргийлэх боломжтой болно гэсэн үг.

Хэрэв бид урьдчилан сэргийлэлтийн үйлчилгээ рүүгээ анхаарлаа хандуулж чадах юм бол хэрэг зөрчлийн тоо буурна гэсэн үг. Олон улсад урьдчилан сэргийлэлт нь гурван үе шаттай хэрэгждэг. Жишээлбэл, нэг удаа хүүхдээ хүчирхийлсэн эцэг эхэд сануулга өгч, торгоод сургалтад суулгаж алдаа дутагдлыг нь засах хугацаа олгодог. Харин давтагдвал нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийж эцэг эхэд нь үлдээх эсэх дүгнэлт гаргадаг. Үүний дараа эцэг эх байх эрхийг нь хасдаг.

Тэгээд хүүхдийг асрамжийн газарт өгөх үү, айлд амьдруулах уу гэсэн холбон зуучлах үйлчилгээг нийгмийн ажилтан хийдэг. Олон улсад хүүхдийг аюулгүй газар аваачсаны дараа бие махбодын болон сэтгэл зүйн гэмтлийг нь эмчилдэг. Хохирогч хүүхдэд нэмж эрсдэл үүсэхээс сэргийлдэг нь хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэсэн үг. Нийгмийн ажлын энэ чухал үйлчилгээ манайд учир дутагдалтай байдаг. Учир нь бид зөвхөн эрүүл мэнд талаас нь анхаарч байна.

Мөн хэрэг үйлдсэн хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээ байдаггүй. Тэр хүмүүст анхааруулга, сануулга өгөхөөс гадна алдааг нь хэлж өгч, сургалтад суулгаж, засарч өөрчлөгдөх боломж олгох хэрэгтэй. 

-Хүүхдээ гэмтээсэн, хохироосон хүмүүсийн эцэг эх байх эрхийг хаслаа гэхэд хүүхдүүдийг өсгөх асрамжийн газар хүрэлцээтэй байж чадах уу гэх мэт олон асуудал яригдана. Олон улсын жишигт яаж шийдсэн байдаг юм бэ?

-Ер нь хүүхэд ээж, аавтайгаа элэг бүтэн гэр бүлд өсөх ёстой шүү дээ. Гэхдээ  олон улсад 2-3 төрлийн сонголттой үйлчилгээ байна. Нэгдүгээрт, хүүхдийнхээ амь, нас эрүүл мэндийг хохироосон бол хүүхдийг улс авч асрамжийн газар юм уу, асран хамгаалагч гэр бүлд өгдөг. Хоёрдугаарт, анх удаагийнх буюу эцэг эх байх мэдлэг чадваргүй, төлөвшөөгүй гэж үзвэл сургалтад хамруулж, гэрийн даалгавар өгч сайжруулдаг. Нийгмийн ажлын гэр бүлд чиглэсэн үйлчилгээ гэдэг энэ юм. Манайд энэ үйлчилгээ хэрэгжиж чадахгүй байна. Нийгмийн ажлын үйлчилгээ бол зөвхөн ярилцах бус давхар ажиглалт хийж, эрсдэлийг тооцоолдог. Тиймээс нийгмийн ажилтнуудыг гэр бүлтэй ажиллах боломж гаргаж өгөх хэрэгтэй.

 

6000 нийгмийн ажилтан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг

 

-Монгол Улсын хувьд нийгмийн ажилтан гэдэг мэргэжилтэн бэлтгээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэдэнд ажил үүргээ биелүүлэхэд нь ямар саад бэрхшээл тулгардаг бол?

-Мэргэжил гэдэг өөрийн гэсэн онолтой, шинжлэх ухааны арга зүйтэй байдаг. Нийгмийн ажлын судалгаа бол сэтгэл зүйн судалгаанаас өөр, социологийн судалгаанаас өөр, нийгэм хүмүүнлэгийн салбарын онолуудыг ашигладаг, өөрийн гэсэн аргачлалтай бие даасан шинжлэх ухаан юм.

Олон улсад нийгмийн ажлын мэргэжлийн холбоо, нийгмийн ажлын мэргэжлийн стандарт, нийгмийн ажлын мэргэжлийн ёс зүй бий. Америкт олон улсад жишиг болсон том холбоо бий.

Монгол Улс нийгмийн ажлын хөгжлийн стандарттай. Гэхдээ шинэ хуулийг дагалдаад энэ стандартыг сайжруулах ёстой.

Нийгмийн ажлын мөн чанар нь юу вэ гэхээр нийгмийн хөгжил, өөрчлөлт, эв нэгдлийг дэмждэг, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хүнийг чадавхжуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн ажлын үйлчилгээ авсан хүн өөрийнхөө амьдралын төлөө нэгийг бодож, шийдэл олж, ойлгож ухамсарлаад гарахыг хэлдэг юм. Хүн өөрийнхөө шийдвэрийн эзэн болоход тусалдаг гэсэн үг.

Нийгмийн ажлын үйлчилгээ нь хувь хүнд, гэр бүлд, олон нийт, тодорхой бүлэгт зориулж зөвлөгөө, уулзалт, дэмжлэг хэлбэрээр хүрч болно. Хүрэхдээ гэрт нь очиж, утсаар ярьж, биечлэн ганцаарчлан уулзах эсвэл сургалт хэлбэрээр зохион байгуулж болно. Гол нь нийгмийн ажил гэдэг хүнийг одоо байгаа мэдлэг, туршлага, давуу тал дээр нь суурилаад нэг түвшинд сайжруулахыг зорьдог ажил юм.

-Нийгмийн ажилтан хамгийн бага цалинтай мөртөө бас хамгийн хэцүү ажлыг хүнд нөхцөлд хийж байна гэлээ. Хууль батлагдсанаар энэ мэргэжлийн үнэлэмж, нэр хүнд, үнэ цэн өсөх боломжтой юу?

-Нийгмийн ажилтантай амьдралынхаа хамгийн хүнд хэцүү нөхцөлд орсон хүмүүс л уулздаг. Тэд өдөрт хэдэн арван ийм хүмүүст тусалж байгаа. Өвдсөн хүн эмч дээр очдог шиг сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон, ядарсан хүмүүс нийгмийн ажилтан дээр очоод уур бухимдал, гомдол цөхөрлөө гаргаж тусламж эрдэг.

Өнөөдөр манай улсад 4000 гаруй нийгмийн ажилтан төрийн албанд, 2000 гаруй нь хувийн хэвшилд ажиллаж байна. Эдгээр 6000 нийгмийн ажилтан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Энэ нөхцөл нь Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн хуультай холбогдох ёстой, Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэдгээр хамгаалагдах ёстой. Гэтэл энэ гурван хамгаалалт байхгүй мөртлөө хамгийн бага цалинтай ажиллаж байна.

Дээр нь нэмээд нийгмийн ажилтан ядарч зүдэрсэн хүмүүстэй ажиллахын тулд өөрсдөөсөө бүх зардлаа гаргаж байна. Нийгмийн ажилтанд гар дор хэрэглэгддэг нөхцөл байдлын үнэлгээ хийдэг компьютер, принтер, гар утасны нэгж, ганцаарчлан уулзах тусдаа өрөө хэрэгтэй. Ядарсан хямарсан хүнд уулгах аяга цайны мөнгийг хүртэл өөрөөсөө л гаргадаг.

Тиймээс Нийгмийн ажлын тухай хуульд нийгмийн ажилтны ганцаарчилсан болон бүлгээр, гэр бүлтэй ажиллах үеийн нийгмийн ажлын цүнх буюу шаардлагатай хэрэгслээр хангах ёстой гэдгийг оруулж өгсөн.

 

Монголд хөгжилд чиглэсэн нийгмийн ажлыг бий болгох ёстой

 

-Шинэ хууль учраас судалгаа шинжилгээ хийж, бусад орноос туршлага судалж байгаа байх. Хууль бичих явцад ямар асуудал тулгарч байна вэ?

-Нийгмийн ажлын мэргэжил улс орон бүрд янз бүрээр хөгжсөн байна. Зарим улс нийгмийн ажлын үйлчилгээгээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүүгээ чиглүүлж байна. Зарим нь хүүхэд хамгаалал дээрээ голлож байна. Олон үндэстэн ястан шилжин ирсэн, дүрвэгсэдтэй ажиллахад бодлогоо чиглүүлсэн улс ч байна. Тэгэхээр энэ хуульд олон улсын туршлагыг авахдаа манай улсын хүн амд хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг сонгоно гэсэн үг. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүд, ахмад настан руугаа илүү чиглэсэн үйлчилгээнд нийгмийн ажилтан яаж оролцох юм гэдгийг энэ хууль дээр тусгах ёстой.

Нөгөө талд нийгмийн ажил нь сүүлийн 100 жилд хөгжихдөө гуманизм буюу хүнлэг хандлага, оношилгооны хандлагаар хөгжиж ирсэн. Хамгийн сүүлд хөгжилд чиглэсэн нийгмийн ажил гэдэг онолын концепц явж байна. Энэ нь бүх хүнийг одоо байгаагаас нэг түвшинд дээшлүүлж хөгжүүлэх боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл гуманизм буюу хүнлэг хандлагын онол нь хүнд туслаад, дэмжээд л явдаг бол хөгжилд чиглэсэн онол нь хүний давуу талд тулгуурлаад нэг шат хөгжүүлэхэд оршдог.

Тийм учраас Монголд хөгжилд чиглэсэн нийгмийн ажлыг бий болгох ёстой. Энэ хуулийн үзэл баримтлал үүн дээр тулгуурлаж бичигдэж байгаа юм.

-Хөгжил гээд ярихаар манайд ахмад настнууд тойргийн гадна үлдчихдэг. Тэтгэвэртээ гарсан л бол тэр хүнд өсөж хөгжих, нийгмийн харилцаанд орох боломж багасдаг. Хуульд ахмад настны асуудлыг хэрхэн тусгаж байгаа бол?

-Нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэхийн тулд хүн амаа тодорхой түвшинд хуваана. Тэрний тодорхой хувь нь хүний хөгжлийг дэмжих үйлчилгээ байх ёстой. Энэ талаар манай Боловсролын тухай хуульд насан туршийн боловсрол гэх мэтээр орсон байдаг. Ер нь нийгмийн ажил гэдэг зөвхөн ядарсан хүнд үйлчлэх гэхээсээ илүү хүн сурч хөгжих хүсэлтэй, биеийн болоод цаг хугацааны хувьд боломжтой бол тэр хэрэгцээг нь хангах үйлчилгээнд нийгмийн ажилтан холбон зуучилж өгөх ёстой.

Нийгмийн амьдралд оролцоод, идэвхжээд хөгжсөн хүн өөрийнхөө амьдралын эзэн болоод шийдвэр гаргаж эхэлдэг. Өөрийн амьдралдаа эзэн болсон эрүүл саруул, бие даасан ахмадуудад зориулсан үйлчилгээг нийгмийн ажилтан үзүүлэх ёстой.

 

Ажилгүйдэл буураад, ядуурал буураад ирэхээр татварын орлого нэмэгдэнэ

 

-Нийгмийн ажилтны хууль батлагдсанаар нийгэмд, иргэдэд цаашлаад улс оронд маань ямар үр өгөөжтэй байх бол?

-Монгол Улс Нийгмийн ажилтны хуультай болсноор нийгмийн болоод эдийн засгийн маш олон сайн үр дүн гарна. Мэдээж үүний тулд 5-10 жил шаардагдах байх. Жишээ нь, Нийгмийн ажлын хуулийг миний тайлбарлаж байгаа шиг хийж чадвал ажилгүйдэл буурна. Учир нь хүнийг одоо байгаагаас нь нэг шат ахиулах үйлчилгээ үзүүлээд ирэхээр хүмүүс идэвхтэй болж ажил хийх хүсэлтэй болно. Ингэснээр ядуурал буурна. Ядуурал гэдэг өөрийнх нь идэвх оролцоо болон төр засаг, нийгмийн байдал гэсэн хоёр шалтгаантай байдаг. Ажилгүйдэл буураад, ядуурал буураад ирэхээр татварын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид халамжид их мөнгө өгөхөө болиод харин ч татвар төлдөг хүмүүс нэмэгдэнэ гэсэн үг.

Хамгийн чухал үр дүн бол төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна. Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ илүү хүртээмжтэй болно. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал үүсэл хаана амьдарч байгаагаас үл хамаараад хүн өөртөө хэрэгтэй үйлчилгээг мэргэжлийн нийгмийн ажилтнуудаас аваад эхлэхээр төрийн үйлчилгээний чанар сайжирна.

Мэдээжийн хэрэг гэр бүл хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар сайжирна. Хүүхдийн хүчирхийлэл буурна, гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ гээд хүний амьдралд мэдэгдэхүйц сайн өөрчлөлт гарна. Мөн иргэдийн сайн дурын идэвх оролцоо нэмэгдэнэ. Ингэснээр нэг ч хүн нийгмийн үйлчилгээний гадна үлдэхгүй болно.

Хууль зүйн үр дагаврыг нь авч үзвэл олон улсын хүний эрхийн стандарт, нийгмийн хамгааллын зарчимд нийцсэн хуультай болохоор хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа сайжирч, маргааныг үр дүнтэй шийдвэрлэнэ. Учир нь нийгмийн ажлын кэйс үнэлгээ сайжраад ирэхээр хууль зүйн хувьд илүү тогтвортой байдал нэмэгдэнэ гэсэн үг.

Нөгөө талаас нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж байгаа 6000 нийгмийн ажилтны мэргэжлийн стандарт сайжраад хариуцлага нэмэгдэнэ. Хаана, хэнд эрсдэл байгааг үнэлж чадах юм бол гэмт хэрэг буурна. Тухайлбал, сургуулийн нийгмийн ажлын функц дотор урьдчилан сэргийлэлтийг сайн оруулж өгвөл дээрэлхэлт буурна. Хүүхдүүдийн залуучуудын амиа хорлолт бас буурах ёстой. Сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа ч тэр сэтгэл санаагаар унасан хүүхдийг ажиглаж мэдлээ ч шууд асуудалд нь оролцох эрх зүйн боломжгүй байдаг. Тэгэхээр энэ хуулиар тэр боломжийг нь олгоод өгчихвөл хэрэгтэй үед нь шаардлагатай тусламж үзүүлж чадвал хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах болно.

Мөн нийгмийн ажлын мэдээллийн тогтолцоог зөв хийж чадах юм бол төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирна. Эрүүл мэндийн боловсрол сайжир, иргэд илүү эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж эхэлнэ.

Ийм бодит үр дагаврууд гарсан жишээ олон улсад байдаг. Тэгэхээр Монгол Улсад ч энэ хуулиа зөв зүйтэй баталж чадвал бид удахгүй үр дүнг нь үзэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 84 (7581)

 

Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 30 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

5 цаг 30 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

5 цаг 30 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

5 цаг 30 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

17 цаг 7 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

17 цаг 10 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

17 цаг 12 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

22 цаг 9 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

22 цаг 26 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 15 мин