Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй

2024-11-05
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Нөхөн сэргээлтээр дагнан ажиллаж буй “Бугант нандин” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батсүхийг “Зууны мэдээ” сонин “Бизнес хөгжил” буландаа урьж, ярилцав. Тус компанид өнөөдөр 17 сая ширхэг модны тарьц бэлэн байгаа юм.

 

-Ойд модыг олноор нь нэгэн зэрэг тариалах технологийг танай компани нэвтрүүлсэн гэсэн. Энэ технологийг хэзээнээс хэрхэн нэвтрүүлсэн бэ?

- Манай компани мод боловсруулах чиглэлээр 2007 онд байгуулагдсан. Улмаар 2011 оноос өнөөдрийг хүртэл модыг үрээр үржүүлэх ажлыг хийж байна. Нэлээн их хэмжээний модыг үрээр бойжуулж ууланд тарьсан. Ер нь модыг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй тарьж ургуулах уу гэдэгт манай компанийн хамт олон сэтгэлээ гаргаж нэлээдгүй ухаан зарж ажилласаар ирсэн.

Компани маань 150 орчим ажиллагсадтай. Ажилчдынхаа ихэнхийг компанийнхаа зардлаар БНХАУ-д туршлага судлуулахаар ажиллуулсан. Ер нь мод үржүүлгийн талаар олон газраар явж туршлага судалсан. Ажилчдаа нийгэмшүүлэх зорилгоор урд хөршид тодорхой хугацаагаар томилж модыг хэрхэн үрслүүлж тариалдаг, усалдаг, булдаг гээд инженерийн түвшинд газар дээр нь суралцах боломж олгосон нь үр дүнгээ өгсөн. Монгол орны онцлогийг харгалзан тариалах технологийг өөрсдөө хуримтлуулсан гэж болно. Эндээсээ шинэ арга барилаар, идэвх санаачилга гаргаж олны хүчээр богино хугацаанд  бүтээмж өндөр техник ашиглаж ойжуулалт хийх алсын зорилго тээсэн. Богино хугацаанд бүтээмж өндөр ажил гүйцэтгэхэд багийн ажиллагаа, зөв менежмент чухал. Бүр тодруулбал, 42 мянган ширхэг модыг гурван хоног, хагас өдөрт тарих зорилго тавьсан. Мэдээж үүнийгээ дагаад техник, хүний тоо нэмэгдэнэ, зардал өснө. Тиймээс зардал гаргаж модыг масс тариалалт буюу олноор нэгэн зэрэг богино хугацаанд тарьж болно. Хамгийн гол нь эдийн засгийн үр ашиг ямар байх вэ гэдгээ тооцно. Ямар тоног төхөөрөмж ашиглах уу, олон хүнээр гүйцэтгүүлэх үү, бүтээмжтэй цөөн хүнээр хийлгэх үү гэдэг менежмент хийнэ. Манайд бүтээмж өндөр гар ажиллагааг халсан олон төрлийн техник бий.

- Хэдий хэрийн хугацаанд хэчнээн модыг нэгэн зэрэг тариалах хүчин чадалтай вэ. Та жишээ дурдахгүй юу?

- Бид арван км замын хоёр талаар дөрвөн эгнээ модыг 1.5 өдөрт тарина. Энэ бол багийн менежмент. Тэгэхээр арван хүнийг нэг дор байлгах уу, гурван хүнийг нэг дор байлгах уу гэдгийг тооцно. Сул нэг ч хүн байлгахгүйгээр маш нарийн зохион байгуулалт хийдэг. Мэдээж бүтээмж өндөр техникийн тусалцаатайгаар. Гэхдээ гурван хүний хоёр нь хийгээд нэг нь сул хараад зогсох уу гэдгийг хүртэл тооцоолдог гэсэн үг. Нөхцөл байдлыг газар дээр нь зохицуулдаг гэх үү дээ. Мэдээж тарих модны тоогоор суулгацын тогоог урьдчилан техникийн хүчээр бэлтгэнэ. Энэ бүгд нарийн тооцоололд үндэслэнэ. Ашиггүй бол мод тариад явахгүй шүү дээ. Тэгэхээр ашигтай байхын тулд, цаг хугацаа, хүн хүч, техникийн оролцоо гээд бүгдийг тооцно. Нэг га-д 2500 ширхэг мод тарьдаг. Тэгэхээр 100 га-д 25 сая мод тарина гэсэн үг. Ер нь замын зурваст дор хаяж зургаан эгнээгээр тарьдаг. БНХАУ-д гэхэд замын зурваст олон мод тарьсан харагддаг. Энэ нь салхинд бие, биеэ нөмөрлөдөг гэсэн үг. Хэрэв хоёр эгнээ таривал салхин талын мод нь сөхөрч унадаг гэх үү дээ. Олон мод хүчтэй хамгаалалт болдог.

-Үржүүлсэн модоо хэрхэн, хаагуур борлуулдаг вэ?

-Манай компани үржүүлсэн модоо хамгийн түрүүнд “Оюу толгой”компанид өгсөн байдаг. Мөн “Тэрбум мод” тарих санд хүсэлтээ өгснөөр борлуулалтаа хийж байна. Энэ онд бид одоогоор 500 мянган ширхэг мод нийлүүлж, ойжуулалт хийсэн. Тус компани сая модны захиалга ирүүлсэн. Энэ захиалга энэ онд дуусна. Одоогоор нийлүүлэлт 70 хувьтай байна. Ирэх онд бид энэ үр дүнгээ нэг нугалж хийнэ гэсэн зорилттой. Өөрөөр хэлбэл, хоёр сая мод үржүүлж, нийлүүлнэ гэсэн үг.

-Танайх шиг мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн компани хэр олон байна вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс хойш мод үржүүлдэг, ойжуулалт хийдэг нөхөрлөл, компани олноор бий болсон. Үүнийгээ дагаад олон сая мод бойжуулагдаж нөөцөд байна. Үүнийг төрөөс бодлогоор дэмжиж борлуулалтад анхаарч өгөх хэрэгтэй. Учир нь борлуулалтад яаралтай гаргахгүй бол эдгээр үрсүүлсэн модод  3-5 жилийн хугацаатай. Үүнээс хэтэрвэл ойд дасан зохицож ургах чадвар нь мууддаг. Өөрөөр хэлбэл, дассан газраас өөр газар шилжүүлэн суулгахад үхэх, ургах боломж нь муудаж хорогдол ихтэй болдог. Ер нь 2-3 настай мод сайн ургадаг. Балчих байх тусам дасан зохицох чадвар сайн байдаг гэсэн үг.

-Хэчнээн төрлийн модны тарьц байна вэ?

-Таван мөнх ногоон мод болох нарс, шинэс, хуш, гацуур гэх мэт бүх төрлийн тарьц манайд ургаж байна. Гэхдээ эдгээр модыг  үрээр бэлтгэн нийлүүлж тарьж бойжуулах нь хүүхэд асрахаас ч илүү хүнд. Үрийг хамгаалж, халамжилж, хайрлаж, соёолуулж ургуулна гэдэг асар их тэвчээр, хөдөлмөр шаарддаг.

-Зөвхөн модны тарьц ургуулж, борлуулснаар компани оршин тогтноно гэхэд боломж  хэр юм. Модон эдлэлийн үйлдвэр нь хэр олонд танигдсан вэ?

-Мэдээж мод үржүүлгийн үйл ажиллагаагаар энэ олон хүнийг цалинжуулах боломжгүй. Манайх модоор модон эдлэл үйлдвэрлэхийн зэрэгцээ  уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч хаягдсан газрыг биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийдэг. Манайд төрөл бүрийн мэргэжилтэй, авьяастай хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийг 10,20- тийн системээр ажиллуулдаг. Тухайн үеийн үйл ажиллагааны онцлогоос хамаардаг. Хүмүүсийн ур чадвар, ухааныг ашиглан зөв зохион байгуулалтад оруулж удирддаг. Дунд нь олон бичигдээгүй хуулиар зохицуулж ажиллуулдаг гэх үү дээ. Тухайлбал, Хонгор сумын тариалангийн бүсэд богино хугацаанд хэрхэн ойжуулалт хийх вэ гэдэгт өнөөдөр бид төвлөрч байна. Өнөөдөр тариалалт эхэлнэ гэж тооцсон бол хоёр хоногийн өмнө техникүүд тэнд очиж газраа  хагалсан байх жишээтэй. Хоёр хоногийн дараа ажилчид очоод шууд  тариалалт хийхээр зохион байгуулсан гэсэн үг.

-Танайд одоо хэдэн ширхэг тарьц байна вэ. Анх  нөхөрлөлөөс бизнесээ эхлүүлсэн гэл үү?

-Би санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Анх том тэргээр ачаа зөөж байгаад  гурвуулаа нийлж “Их хөвч” нөхөрлөл байгуулсан. Улмаар арвуулаа болж өргөжсөөр өнөөдрийн “Бугант нандин” компани болж тэлсэн. Ер нь бид бодлогоор мод тариад л байна. Хамгийн гол нь 3, 4 настай болсон мөчрөөр тарьсан модоо борлуулах нь чухал байна. Өнөөдөр манайд тариалалтад гарсан модоо хасвал 17 сая мод байна. Үүнийгээ л борлуулах нь тулгамдсан асуудал болоод байна. Эдгээр модоо борлуулчих юм бол манай компанийн олон хүний ахуй, аж амьдрал дээшлэхээр байна. Модоо борлуулах тендерт оролцож чадахгүй, модоо борлуулж амжихгүй байгаа нөхөрлөл, компаниуд олон. Манай компанийн хувьд үйл ажиллагааныхаа нөхцөл байдалд тохируулан хөрвөж ажиллаж байгаа ч бусад нь манайх шиг ажиллаж чадахгүй байгаагаас шалтгаалан модоо хөгшрүүлчхээд  байна. Үүнд л санаа их зовж явдаг. Модоо хөгшрөхөөс нь нэг жилийн өмнө хэрхэн ойд аваачиж тарих вэ гэдэгт төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна.

-Үүнд л масс тариалалт чухал болоод байна тийм үү?

-Ойн газарт модыг хөгшрөхөөс нь  нэг жилийн өмнө хэрхэн яаж ойд суулгах уу гэдэг бодлого чухал байна. Өөрөөр хэлбэл, тэрбум модыг шилжүүлэн суулгалаа. Дараагийн мод хоёр жилийн дараа томорно. Араас нь залгамжлан тасралтгүй ургана. Гэвч өнөөдөр бид тарих гэж байна гэсээр байтал нөгөө тарьц маань дөрвөн жил болж хөгшрөөд байна. Иймээс мод үржүүлгийн компаниуд томорч чадахгүй байгаа нь үүнтэй л холбоотой. Тэгэхээр ирээдүйд мод болгоныг айл бүрийн хашаанд  тарьдаг, авчихдаг болчихвол эдийн засагт ч хэрэгтэй. Хэн нэгэн мод тариад тарьсан модыг нь авдаг болчих юм бүгд л ургуулъя л гэх байх.

-Танайх төрөөс ямар нэгэн дэмжлэг, урамшуулал авсан уу?      

-Манайх төрөөс нэг ч төрлийн дэмжлэг аваагүй. Бид тариад байя, ургуулаад байя л гэж боддог.  “Тэрбум мод” тарих хөдөлгөөн хэдэн жил үргэлжилнэ тэр болтол тарина. Харин говьд ямар мод ургадаг юм, хангайд ямар мод ургадаг юм тухайн газар нутгийн онцлогт нь тохируулан тарина. Хангай газар чийглэг, уур амьсгалтай учраас шилмүүст болон бусад мод сайн ургадаг онцлогтой. Говь чийг муутай ч элстэй газар бас мод ургадаг онцлогтой. Гэхдээ Хятадууд нэг арга хэрэглэж байна.Тухайлбал, улаан элсийг модныхоо ёроолд хийдэг гэж ярьдаг. Тэгэхээр тэрхүү нууц технологийг судалж байна. Түүнээс биш дуртай газраа мод тариад ургана гэвэл боломжгүй. Мэдээж хэзээ нэгэн цагт бидний хувь нэмэр үнэлэгдэх л байх. Байгалиасаа ашиг хүртэж болно эргээд хариу барьж нэг мод огтолбол даруй хоёр мод тарь гэсэн бичигдээгүй хууль манайд үйлчилдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)

 

Аалзны тархины шинэ судалгаа Альцгеймерийн өвчний шалтгааныг олоход тусалжээ

Аалзны тархины мэдрэлийн доройтлын талаарх судалгаа нь ой санамжаа алдах Ал

1 цаг 44 мин
Гэрийн ажилд туслах Neo роботыг ирэх жилээс худалдаална

Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд ту

1 цаг 45 мин
“Эрсдэлтэй гэнэтийн шийдвэр гаргасан ерөнхийлөгчийг огцруулахаар жагсаж байна”

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том улс төрийн хямралын үеэр

2 цаг 28 мин
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна

5 цаг 59 мин
Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлд Саудын Арабтай хамтран ажиллана

6 цаг 13 мин
Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

Монгол Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ

6 цаг 24 мин
МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

7 цаг 2 мин
ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

7 цаг 8 мин
Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

Юн Сүк Ёл: Төрийн эсрэг хүчнээс улсаа аврахын тулд онц байдал зарласан ч Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цуцалж байна

7 цаг 13 мин
Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Төсвийн тухай хуульд нэмэлт

10 цаг 33 мин