Б.Лувсанцэрэн: Хөөмийгөөр сонгодог урлагийн бүтээлийг эгшиглүүлэх боломжтой

2024-08-30
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын хөөмийч, Соёлын тэргүүний ажилтан Б.Лувсанцэрэнг урилаа.

 

-Урлагийн хүмүүс багаасаа авьяасаа хөгжүүлсэн байх нь бий. Хөөмийч мэргэжлийг эзэмшсэн нь таны бага настай холбоотой юу?

-Би нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү учраас эрх танхи өссөн. Сургуульд орохоосоо өмнө чулуугаар их тоглодог байлаа. Манайх хөдөөний айл учраас нүүдэл их хийнэ. Тухайн үед би нэг шуудай чулуутай нүүдэг байсан даа. Эргээд бодоход мартахын аргагүй сайхан дурсамж. Магадгүй байгальтайгаа  ойр өссөн нь хөөмийч болоход нөлөөлсөн байх. Манайд халиун зүсмийн морь байсан. Энэ хүлэг минь зүүдэнд их ирнэ. Үүнийг дагаад амьдралд утга учиртай зүйл тохиолдсон. Одоо би морио бодоод хөөмийлөхөөр сэтгэл дүүрдэг. Аав минь сайхан исгэрдэг хүн байсан. Энэ нь нөлөөлсөн байж мэднэ. Аавын ээж их сайхан дуулдаг буурай байлаа.  Авьяаслаг багш нарынхаа ачаар сайхан мэргэжлийг өвлөсөндөө талархаж явдаг. Энэ бүгдээр хөглөгдөж авьяасаа хөгжүүлсэн. Миний нутаг бол хүний үүслийн өлгий гэж түүхэнд тэмдэглэгдсэн газар. Энэ сайхан нутгийнхаа өв соёлыг тээх ёстой гэж бодоод уран бүтээлчийн замналыг сонгосон.

-Багш хүн бүх зүйлээ шавь нартаа зориулдаг гавьяатай. Өдий хугацаанд хэр олон багшаас суралцаж өөрийгөө бүтээв?

-Манай нутаг буюу Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хөөмий Банзрагч гэж хүн бий. Хүүхэд байхдаа ахаараа хөөмий заалгахаар очиж байсан. Ахын хувьд мэргэжлийн уран бүтээлч биш учраас практикаар мэддэг зүйлээ хэлж өгсөн.  Дараа нь н.Бат-Оюун багш манай аймагт хөөмийн 21 хоногийн сургалт явуулж, хүүхдүүдийн авьяасыг  нээсэн. Тухайн үед сургалтад нь хамрагдаж хөөмий сурч, авьяасаа хөгжүүлсэн. Ингээд зуны гурван сарын турш сурсан зүйлээ бэлдээд СУИС-д шалгалт өгч мэргэжлийн уран бүтээлч болох хүсэлд хөтлөгдсөн юм. Ингээд 2014 онд СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багшийн удирдлага дор дөрвөн жилийн турш суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 10 жилийн хугацааг үджээ. Хөөмий сураад 14 жил болсон байна.

-Урлаг бүр өөрийн гэсэн онцлогтой. Анх хөөмийгөөр хичээллэхэд юу нь таалагдсан бэ?

-Хүн бүр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Эрчүүд анд дуртай байдаг. Харин би төдийлөн ан сонирхдоггүй. Монгол хүн болж төрснийхөө хувьд авч явах ёстой өв соёл бол хөөмий гэж онцолмоор байна. Би Баянхонгор аймагтаа 2014-2017 оны хооронд 400 гаруй шавь бэлдсэн. Ингэхдээ 3-4 хамтлаг байгуулсан. Тэднээс дөрөв нь СУИС-д суралцаад төгссөн. Хөгжмийн багш, хөөмийч, соёл урлагийн байгууллагад ажилладаг. Хөөмийч мэргэжлийн орон тоо нь  орон нутгийн соёлын байгууллагад байдаггүй. Тиймээс шавь нар маань мэдсэн сурснаа давуу тал болгоод Соёлын төвд тодорхой нэг мэргэжлээр ажиллаж байна. 

-Хойч үедээ өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай явуулжээ. Та мэддэг зүйлээ шавь нартаа заахдаа ямар зорилго тээж хөдөлмөрлөсөн бэ?

-Хөөмий, ерөөл, магтаал, туйл заахад чиглэж сургалтаа явуулсан. Олон хүүхдүүдэд мэддэг бүхнээ заасан. Зарим нь өөр мэргэжил эзэмшсэн ч хөөмийгөө орхиогүй. Үнэхээр хөөмий сурах хүсэл сонирхолтой бол багшаа зөв сонгоод хичээллэх хэрэгтэй. Сууриа буруу тавьсан бол засахын тулд цаг хугацаа шаардана. Хөөмий нь хүн байгалийн шүтэлцээт урлаг төдийгүй хөгжмийн нэг төрөл. Хөгжимчид хөгжмөө биеэсээ тусад нь авч явдаг бол хөөмий нь тухайн уран бүтээлчийн биед оршдог. Нэг хүний хоолойноос хос эгшигт авиа гаргадгаараа хөөмийн урлаг онцлог. Би дэлхийд хосгүй урлаг хэмээн мэргэжлээ их хайрлаж, дээдэлдэг.

-Хөөмийн урлаг нь хүнээс ямар авьяас чадвар шаарддаг вэ?

-Хөөмий нь хүн үүссэн үеэс хөгжсөн юм билээ. Өгүүлэх эрхтний анхдагч гэж үздэг. XIII зууны үед Чингис хааны цэргүүд хөөмийг дохионы хэл болгож ашигладаг байсан. Эгнээний цэргүүд хархирна. Уухайлахаар нүргэлдэг байсан гэдэг. Уулын орой дээр гараад хөөмийллөө гэхэд 2-3 км газар сонстоно. Ингээд бодохоор Чингис хаан дохионы хэл болгож ашигладаг байсан нь үнэний ортой. Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байдаг. Хөөмийч болох хүн урлагийн авьяастай төрдөг, бага байхдаа уйлах нь хүртэл өөр гэж ярих нь бий. Би үүнтэй үзэл бодол нийлдэггүй. Хүн өөрөө хөдөлмөрлөөд хичээхэд сурах бүрэн боломжтой. Хөдөө нутагт монгол ахуйтайгаа ойрхон өссөн хүүхдүүд хөөмий сурахад дөхөм. Өөрөөр хэлбэл хөөмийлөх авьяас монгол хүний цусанд нь байдаг. Гэхдээ хүн бүрийн хоолойны өнгө өөр. Дуурийн дуу дуулах хүний хоолойг тодорхой техникээр дасгалжуулдаг. Үүнтэй адил хөөмий сурахад дасгал сургуулилт, техник сурах шаардлагатай. Дуучин болох зорилготой хүн хөөмий сурах нь буруу.

-Дуучид мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгардаг. Хөөмийн урлагт тийм зүйл ажиглагддаг уу?

-Хөөмийгөөр сонгодог урлагийн бүтээлийг эгшиглүүлэх боломжтой. Нэгэн үе үндэсний уран бүтээлээ хөөмийгөөр үзэгчдэд хүргэдэг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хөөмийн урлаг  хөгжөөд сонгодог бүтээлийг үзэгчдэд хүргэж байна. Алтайн магтаал, туйлаа хайлж байсан хөөмийн урлаг хөгжлийнхөө дээд түвшинд хүрлээ. Энэ зүйлээрээ мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгардаг. Үүнээс биш ингэж хөөмийлж байгаа учраас мэргэжлийнх, тийм байгаа учраас мэргэжлийн бус гэж ялгах аргагүй. Мөн тухайн хүнээс шалтгаалдаг. Хурдан сайн сурдаг хүн байхад заагаад байхад хүссэн хэмжээнд хүрч дуугардаггүй байх жишээтэй. Ингээд бодохоор хүнд тодорхой хэмжээний өгөгдөл байдаг. Үүнийгээ хөдөлмөрөөр өнгөлөх нь чухал.

-Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Мэргэжлийн уран бүтээлч болоход хэр хугацаа шаардлагатай вэ?

-Би одоог хүртэл суралцсаар явна. Хүн насан туршдаа суралцдаг байх. Үргэлж шинэ зүйлд өөрийгөө сорьж, хөгжихийг эрхэмлэдэг. Урлагийнхан тамирчидтай ялгаагүй. Байнгын бэлтгэл сургуулилт хийнэ. Тасралтгүй бэлтгэл хийснээр хоолойны цар хүрээ сайтай байна. Хөөмий амьсгааны урлаг учраас амаргүй. Зөв техникээр дасгал хийхэд уушгины багтаамж, цусны эргэлт сайжирна. Харин дасгалаа буруу хийвэл биед сөрөг нөлөөтэй.

-Өв соёлын нэг хэсэг хөөмий хэдэн төрлөөр үзэгч, сонсогчдод хүрч байна вэ?

-Хөөмий үндсэн гурван төрөлтэй. Исгэрээ, хангираа, шулуун исгэрээ гэж ангилна. Хархираа, исгэрээ хоёр дээрээ суурилж өөрийн чадвараа шингээгээд 10 гаруй төрөл болгоод хөгжүүлж болно. Хамрын исгэрээ, шулуун исгэрээ, хархираатай исгэрээ гээд тоочоод байвал олон.  Хархирааг төв халхтай хамаатуулж яривал унзад хоолой юм. Гэхдээ унзад хоолойг хөөмий гэж андуурч болохгүй. Хөөмийч исгэрдэг, хархираа хоолойгоор дуугардаг байх хэрэгтэй. Хархираа төрлийг ашиглаад тууль, магтаал хайлдаг. Исгэрээг ашиглаад ардын болон уртын дуугаа хөөмийлдөг байх ёстой. Ийм чадвартай бол хөөмийч гэж хэлж болно. Ардын урлагаа хуур хөгжимтэйгөө хоршуулдаг өвлөн уламжлагч байхыг үгүйсгэхгүй. Мэргэжлийн уран бүтээлч, өвлөн уламжлагч хоёр ялгаатай.  

-Мэргэжлийн уран бүтээлчийн хувьд хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлж яваа уран бүтээлчдийг хэрхэн дүгнэж байна?

-Хөөмийг ямар ч уран бүтээлч өмчлөх эрх байхгүй. Хөөмийн уламжлагдаж ирсэн түүхийг нь судлахад ааваас хүүд, ахаас дүүд гэсэн байдлаар өвлүүлсэн байдаг. Ховд аймгийн Чандмань сум хөөмийг уламжлалаар нь авч үлдсэн. Одоо үед хөөмийг дагнаад уран бүтээлээ туурвиж яваа залуу үеийнхэн байна. Мөн СУИС-ийг төгссөн дээд үеийн ах нар бий. Тэд тодорхой нэг урлагийн төрлөөр дагнаж уран бүтээлээ туурвиж байна. Урлагаа олонд таниулж яваа уран бүтээлчид гэвэл Соёлын тэргүүний ажилтан Ж.Мэндбаяр, Ц.Цогтгэрэл гээд ах нарыг нэрлэж болно. Үүнээс өмнөх үеийн уран бүтээлчид байгаа. Тэдний уран бүтээлийн төрөл харилцан адилгүй.

-Хөөмийг бусад улсын иргэд хэр хүлээж авдаг бол?

-Би 2012-2019 оны хооронд Өвөрмонгол руу тоглолтоор явсан. Монголтой харьцуулахад Өвөрмонголчууд хөөмийг сонирхдог, их сайхан хүлээж авдаг. Залуучууд нь сонирхоно. Ер нь дуулах, хөөмийлөх хоёрын дуулах нь илүү сайхан гэдэг. Сурах хүсэлтэй хүн олон шүү.

-Өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа нь бахархалтай санагдаж байна. Холыг харсан зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Монгол урлагаа дэлхийд гаргах чухал. Тиймээс нэг талаа барьж уран бүтээлээ туурвих утгагүй. Би жаз тал руу чиглэсэн уран бүтээлүүд дээр ажиллаж байна. Намраас ээлжит уран бүтээлийн тоглолтоо түмэн олондоо хүргэхээр төлөвлөсөн. Мөн цомгийн ажил маань 50 хувьтай явна. Шинэ уран бүтээлүүд болон монгол түмний сонсох дуртай дуунууд багтсан. Хэвлэлт, хоолойн бичлэгтээ төвлөрч байгаа.

Залуучууд уран бүтээлээс минь хүн чанартай байх, өв соёлоо дээдлэх сэдэл авна гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна шавь нартайгаа хамтарч уран бүтээлд ажиллах бодол бий. Баянхонгор аймгийн 390 жилийн ойгоор 108 хөөмийчийг үзэгч олонтойгоо уулзуулах бодол тээж явна даа. Хөөмийг хөгжимгүйгээр түгээн дэлгэрүүлэх нь миний хамгийн том зорилго. Хөөмий сурахаар төлөвлөж байгаа хүмүүс сайн сонсох хэрэгтэй. Интернэтэд байгаа уран бүтээлийг  сонсож болно. Манай уран бүтээлчид дүрсжүүлээд хүргэсэн бүтээл нийтийн дуутай харьцуулахад бага. Би олон түмэндээ хандаж сайн сонсогч байхыг уриалмаар байна. Мөн өв соёлоо дээдэлж дэмждэг байгаасай. Үндэсний өв соёл байхгүй бол монгол хүн оршин тогтнох боломжгүй шүү гэдгийг хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 168 (7412)

 

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

Өчигдөр 18 цаг 13 мин
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Өчигдөр 06 цаг 10 мин
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Уржигдар 17 цаг 10 мин
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Уржигдар 14 цаг 55 мин
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

Уржигдар 12 цаг 47 мин
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

Уржигдар 12 цаг 43 мин
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Уржигдар 06 цаг 00 мин
Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад

2026-07-01