Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний  сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн зочноор Ардчилсан намын дэргэдэх Боловсролын зөвлөлийн гишүүн, боловсрол судлаач Э.Сүндарь уригдлаа. Тэрээр “Монгол улс-Ардчиллын баян бүрд” олон улсын хурал дээр “Монгол улс ардчиллын баян бүрд мөн үү” сэдэвт илтгэлээ хүргэсэн юм.

 

Аутизмтай хүүхэд минь надад эх орондоо амьдрах итгэл төрүүлдэг

 

Блиц: 
Э.Сүндарь 

- Боловсрол судлаач, STEAM хөтөлбөрийг санаачлагч, багш

-2018 оноос Монгол Улсад бага ангийн түвшинд компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөрийг нэвтрүүлэх судалгаа хийж, хөтөлбөр зохиох, турших, заах ажлыг амжилттай хийсэн. Судалгаагаа өргөжүүлж, Шинжлэх ухаан, технологи, математикийн боловсролын бага ангийн хөтөлбөрийн стандартыг судлахаар 2023 онд Стэнфордын Боловсролын сургуульд "Суралцахуйн дизайн ба технологи" мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. МУИС-ийг Хэрэглээний математикийн бакалаврын зэрэгтэй төгссөн ба суралцах хугацаандаа Эрасмус Мундусын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ХБНГУ-ын Бремений Их Сургуульд судлаач оюутнаар суралцсан.

-Монголын Аутизмын Холбооны гишүүн бөгөөд аутизм ба хүүхдүүдийн ялгаатай, дахин давтагдашгүй байдлыг хүндлэх талаар эерэг агуулга, зөв ойлголтыг "Бяцхан халим" хуудсаараа түгээн таниулж байна.  "Цонхтой цаг" подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч, боловсрол судлаач, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд зориулсан боловсролын олон  асуудлуудыг хэлэлцэж, зөвлөгөө, шийдэл санал болгодог.

-Намайг Энхтөгсийн Сүндарь гэдэг. Би Боловсрол судлаач, багш хүн. Мөн хамгийн гол нь би  ээж хүн. Гурван настай хүү маань аутизмтай гэж оношлогдоод жил орчмын хугацаа өнгөрчээ.

Энэ оношийг сонсох үед би Стэнфордын боловсролын их сургуульд магистрын оюутан байлаа. Онош тавьсан мөчөөс хойш би уншиж байсан эрдэм шинжилгээний өгүүллүүдээсээ хөндийрч, судалгааны ажлуудаа түр зогсоож, хөгжлийн ялгаатай хүүхдийг өсгөх, сургах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж байх амьдралаар амьдрах шаардлагатай нүүр тулсан юм. Монголд байдаг олон мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн адилаар хүүд маань тэгш хамруулан сурах орчин, бусад хүүхдүүдийн адил сурч хөгжих боломж, түүнд энэ нийгэмд аз жаргалтай амьдарч чадна гэдэг итгэл туйлын хэрэгтэй гэдгийг удалгүй ойлголоо. Өмнө жилийн есдүгээр сард Монголд ирмэгцээ манай гэр бүл хүүгээ төсөөлсөн хэмжээндээ дэмжих, хөгжүүлэх боломжгүйг мэдэрсэн. Хүүд маань суралцах улсын цэцэрлэг, шаардлагатай тусгай боловсрол заслын үйлчилгээ байсангүй. Удалгүй би бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн арга буюу хийдэг сонголтыг хийж, багшийн ажлаа орхиж, хүүгээ өсгөхөд бүх амьдралаа зориулах тухай бодолцож эхлэв. Гэхдээ юуны тулд би боловсрол судлаач хүн билээ. Юун түрүүнд нөхцөл байдлаа судалъя гэж шийдсэн. Ийнхүү судалж эхэлмэгц Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн авах хандлагад ямар их ахиц гарч, Монголын төрийн бус байгууллагууд болон эцэг эхийн холбоод нийгэмдээ хэчнээн их эергээр нөлөөлж, мөн хууль эрх зүйн хүрээнд багагүй ахиц дэвшил гарсныг олж мэдсэн. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хандлагатай болсон нь надад урам зориг өгч, энэ өөрчлөлтийг уйгагүй манлайлан ажилласан төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудад би их талархсан. Өнөөдөр бид Монгол бол ардчиллын баян бүрд хэмээн хэлэлцэж байна. Гэхдээ бид тэр бүр “Монгол ардчиллын баян бүрд мөн үү” гэж  хэлэлцээд байдаггүй байх. Иймд би Монгол Улс яагаад “ардчиллын баян бүрд мөн”  гэдгийг нотлох гурван жишээг хуваалцаж, цаашдаа энэхүү хүндэт нэрийг зүүсээр байхын тулд Монгол Улс хариулах ёстой гурван асуултыг асуух хүсэлтэй байна.

Нэгдүгээрт, Та бүхэн дараах байгууллагуудын үйл хэргийг мэднэ байх. Тодруулбал,“Бүх нийтийн боловсролын төлөө” ТББ нь Монгол Улсын боловсролын системийг иргэн бүрдээ хүртээмжтэй, тэгш хамруулсан, чанартай боловсрол олгоход шаардлагатай судалгаа, нөлөөллийн ажлыг уйгагүй хийж байна. Мөн “Бодлогод залуусын хяналт” ТББ нь ардчиллын манаанд хариуцлагатайгаар зогсож, бодлого боловсруулах явцад залуусын оролцох оролцоо, чадавхыг нэмэгдүүлж байна.Түүнчлэн “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ нь хүний эрх, жендэрийн тэгш байдал, ардчилсан үнэт зүйлсийг эрхэмлэсэн иргэний боловсролыг түгээхээр тогтмол ажиллаж байна. Мөн “Хөөрхөн зүрх” ТББ нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож, эрүүл, аюулгүй нийгмийг цогцлоохын төлөө зогсолтгүй ажилласаар. “Монгол Экологи төв” ТББ нь хүүхдүүд, өсвөр үеийнхэнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол олгож, байгальд ээлтэй залуу манлайлагчдыг бэлтгэж байна. Эдгээр байгууллагууд бол ардчиллыг хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлж буй зуу зуун иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл билээ. 34 настайгаа золгож буй Монголын ардчилал цаашид бүтэн ардчилал болох замыг эдгээр байгууллага, активистууд, судлаач шинжээчид манлайлж тус байгууллагууд нь Монголын ардчиллыг баян бүрд болгож буй тулгуур хүчин зүйлс билээ.

 

Иргэд ардчиллын үнэ цэнд  итгэж, найддаг хэвээрээ

 

-Хоёрдугаарт, ардчилалтай золгож таван жил болж байхад интернэттэй холбогдож, иргэдийн дунд илүү өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж, хүмүүс цахим орчинд чөлөөтэй холбогдож, ардчилсан Монгол Улс гэдэг ямар байх хэрэгтэй талаар шинэ шинэлэг санаа, санаачилгууд дэлгэрч эхэлсэн. Иргэд нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэж эхэлснээр улс төр, хүний эрх, хууль журмын асуудлаар өргөнөөр ярилцаж, хэлэлцэж эхэлсэн. Иргэд төрийн үүрэх ёстой хариуцлага, иргэдийн оролцоо, өөр өөр нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг хангаж байхын ач холбогдлын талаар илүү мэдээлэлтэй болсон. Жишээлбэл, 2017 онд 29-р сургуулийн сонсголгүй сурагчид өөрсдийн эх хэл болох Монгол дохионы хэл дээр боловсрол эзэмших эрхийнхээ төлөө сургууль болон боловсролын системийн эсрэг сургуулийнхаа гадаа жагссан. 2020 онд залуусын бүлгэм, байгууллагуудын эв санааны үндсэн дээр нэгдэн, “Өглөө” компанит ажлаараа залуусын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.

Харин 2022 онд улс орныг донсолгосон нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн иргэд  30 хэмийн хүйтэнд Сүхбаатарын талбайд олон хоног жагсаж, төрөөс нүүрсний хулгайд холбогдсон хүмүүстэй хариуцлага тооцохыг шаардав. Энэхүү жагсаалын оролцогчдын дийлэнх нь залуу хүмүүс байсан бөгөөд тэд хүн бүр сайн сайхан амьдрах боломжтой, авлигагүй нийгмийг бүтээхийг хүсэж  дуу хоолойгоо нийлүүлэн чангаар илэрхийлж байлаа. Эдгээр үйл явдлууд нь Монгол Улсад ардчилал бэхжин тогтсон бөгөөд иргэдийн дуу хоолой хэчнээн хүчтэй, иргэд ардчиллын үнэ цэнд хэчнээн их итгэн найддаг.Иргэд ямар их хүчээр улс төрийн шинэчлэлийг шаардаж буйн тод илэрхийлэл болж байсан юм.

 

Боловсрол дахь тэгш бус байдал улам ихсэх эрсдэлтэй

 

-Гуравдугаарт, 2010-аад оноос эхэлсэн уул уурхайн тэсрэлтийн дараа Монголын хүн ам хурдацтай ихэссэнээр боловсролын байгууллагуудын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Одоогоор 700 төрийн өмчит сургууль, 170 хувийн өмчит сургууль, 1000 төрийн өмчит цэцэрлэг, 400 хувийн өмчит цэцэрлэгт Монгол Улсын нэг сая гаруй хүүхдүүд сурч хүмүүжиж байна. Энэ бол манай хүн амын гуравны нэг. Нийт сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь хувийн боловсролын байгууллагуудад ерөнхий боловсрол эзэмшиж байна. Боловсрол судлаач хүний хувьд  хувийн боловсролын байгууллагууд нэмэгдсэн нь нийгэмд өгөөжөө ч өгсөн, сөрөг нөлөө ч үзүүлсэн гэж үздэг. Боловсролын салбар дахь хувийн байгууллагууд шинэлэг санаа санаачилга өөр өөр боловсролын үзэл санаа, философи, сургахуйн инновациудыг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн 20 жилд Монголчуудын боловсрол, хүүхэд хүмүүжил, боловсролын байгууллагын үүргийн талаар ойлголт ихээхэн өөрчлөгдсөн. Гэсэн хэдий ч төрөөс олгож  буй боловсролын чанарыг сайжруулахгүйгээр цаашид боловсрол дахь тэгш бус байдал улам ихсэх эрсдэл бий. Үүнийг ч иргэд мэдэрч, ойлгож, улмаар хүүхэд бүрийг ар гэрийн нөхцөл боломж, гарал үүсэл, санхүүгийн байдлаас үл хамааран чанартай боловсролоор хангах нь нийгмийн сайн сайханд хүрэхэд зайлшгүй хийх ёстой ажил гэдэгтэй санал нийлж байна. Бүх нийтийн чанартай , хүртээмжтэй, тэгш хамруулсан боловсрол нь Монголд ардчиллыг бэхжүүлэх хамгийн гол хүчин зүйл гэдэгтэй иргэд санал нийлдэг болжээ. Иргэний нийгэм, эцэг эхчүүдийн шаардлага, боловсрол судлаачдын нөлөөллийн ажлын үр дүнд Засгийн газар бүх нийтийн боловсролд оруулах  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, мөн 2023 онд Боловсролын тухай шинэ багц хуулиудаа баталсан. Тэгэхээр энэ гурван  жишээ бол хөгжлийн хувьд ялгаатай хүүхдийн ээж надад эх орондоо амьдрах итгэлийг өгч, улс орондоо хийх ажилтай, гүйцэтгэх үүрэгтэй гэдгийг сануулж өгдөг  олон үйл явдлуудын ердөө гурав нь л юм.  Гэсэн хэдий ч миний өмнө дурдсанчлан Монголд бүтэн ардчиллыг цогцлооход олон бэрхшээл тулгарсан хэвээр байна. Бид өөр олон нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхол, ялгаатай хэрэгцээг тусгасан шийдвэр гаргадаг систем бүхий ардчиллыг бүтээх  шаардлагатай нүүр тулж байна.

 

Бид одоо ч төлөөллийн ардчиллын давуу талуудыг эдэлж эхлээгүй байна

-Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангаж чадах уу. Өнгөрсөн жилүүдэд бид ардчиллыг бэхжүүлэх гэж уйгагүй зүтгэж, нийгмийн бүхий л талбарт ардчилсан үзэл баримтлал, үнэт зүйлийг шингээж ирсэн. Энэ хичээл зүтгэлийг манлайлан тэргүүлсэн хүндэт хүмүүс өнөөдөр энэ танхимд сууж байна. Гэсэн хэдий ч бид одоо ч төлөөллийн ардчиллын давуу талуудыг эдэлж эхлээгүй байна. 2020 оны УИХ-ын сонгуульд 18–35 насны залуусын ердөө 62 хувь нь саналаа өгсөн. Уг нь тэд иргэний боловсролын хичээлийн хүрээнд ардчилсан сонгуулийн ач холбогдлын талаар албан ёсоор судалж, сурсан иргэд. Хэдий энэхүү бүлэг нь нийт сонгогчдын 44 хувийг эзэлдэг ч одоогоор манайд 35-аас доош насны УИХ-ын гишүүн нэг ч байхгүй билээ. Эмэгтэйчүүд манай улсын хүн амын тэн хагасыг эзэлдэг ч УИХ-ын ердөө 17 хувь нь эмэгтэй гишүүд байна. Бид цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй болон үндэсний цөөнх гишүүдийг илүү олноор УИХ-даа багтааснаар жинхэнэ утгаараа төлөөллийн ардчиллыг бэхжүүлнэ. Нийгмийн өөр өөр бүлгүүдийн төлөөлөл хангагдахгүй бол бид хэрхэн хууль, журамд өөр өөр хүмүүсийн дуу хоолой, өнцөг, амьдралын хэрэгцээ шаардлагыг тусгаж чадах билээ. Иймд бид хэрхэн нийгмийг төлөөлж чадах хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд илүү олноор гаргах вэ гэдэг асуултад хариулах шаардлагатай.

 

Сонгуулийн системийн гэнэтийн өөрчлөлт ардчиллыг сулруулдаг

 

-  Иргэдийн утга учиртай оролцоог бэхжүүлж чадах уу. Ардчилсан нийгмийн зарчмыг Үндсэн хуулиараа баталгаажуулах нэг хэрэг бол журам, зохицуулалт, иргэдийн өдөр тутмын амьдралд ардчиллыг амилуулна гэдэг илүү том сорилт гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд ойлголоо. Ардчиллын тулгийн чулуу нь нийгмийн амьдралд үр өгөөжтэй, утга учиртайгаар оролцдог иргэд нь гэвэл бид энэ тал дээр тийм ч амжилттай биш байгаа. Иргэдийг хууль, журам боловсруулах бүхий л түвшинд оролцуулах тодорхой зохицуулалтууд байгаа ч иргэд үр дүнтэй, утга учиртай хэлбэрээр өөрсдийн амьдралыг шийдэж буй процесст оролцож чадаж байгаа юу. Иргэд  өөрсдийнхөө төлөөллийг сонгох явцад идэвхтэй оролцож байгаа юу. 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тойргууд томорч, сонгуулийн компанит ажлын хугацаа 18 өдөр болж цөөрсөн. Сонгуулийн зардлыг багасгах ёстой байсан хууль эрх зүйн зохицуулалт эргээд сонгуулийн зардлыг нэмэгдүүлсэн. Шинэ, залуу болон эмэгтэй нэр дэвшигчид 18 хоногт өөрсдийгөө таниулж, иргэдийн итгэлийг олж авч чадах уу. Нөгөөтэйгүүр, сонгогчид 18 хоногт нэр дэвшигчид, тэдний үзэл баримтлал, хийхээр зорьж буй өөрчлөлттэй танилцаж амжих уу. Сонгуулийн энэхүү шинэ хэлбэр нийгмийн цөөнх болсон бүлгүүдийн үр өгөөжтэй оролцоог хангаж чадах уу. Монголын Засгийн газар цаашдаа улс төрийн болон сонгуулийн системийн гэнэтийн өөрчлөлтөөс сэргийлэх механизм нэвтрүүлж, төлөөллийн ардчиллаа бэхжүүлж чадах уу гэдэг асуулт хариулт нэхэн үлдэж байна.

 

Ирээдүйг тодорхойлох боловсролын шинэ нийгмийн гэрээ хэрэгтэй

 

-Гуравдугаарт, Боловсролын тэгш бус байдлыг бууруулж чадах уу. Дэлхий даяар боловсролын хүртээмжгүй байдал нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна. ЮНЕСКО-гийн үүсгэн байгуулсан “Ирээдүйн боловсролын төлөөх олон улсын комисс” 2022 онд нийтэлсэн тайландаа “Бидэнд нийгмийн шударга бус, зүй бус байдлыг засаж  залруулж, хувьсаж буй ирээдүйг тодорхойлж чадахуйц боловсролын шинэ нийгмийн гэрээ хэрэгтэй байна” хэмээсэн. 2024 он бол Монгол улсад боловсролын хөтөлбөрийн шинэчлэлт хийх жил. Энэ жил улс төрийн намууд, намын удирдлагууд, шийдвэр гаргагчид өнөөгийн нийгэмд бий болоод буй эдийн засаг, нийгэм, экологийн зүй бус байдлыг арилгах зорилго бүхий хөтөлбөрийн шинэчлэл хийж чадах уу. Бид тус тусын ашиг сонирхлоо хөөлгүй, хүүхдийг дээдэлсэн, хүүхэд нэг бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийг хамтдаа бүтээж чадах уу.

Бид суралцахуйн шинжлэх ухаан, технологийн салбарын ахиц дэвшлийг шинэ сургалтын хөтөлбөртөө үр өгөөжтэй нэвтрүүлж чадах уу. Ирэх он жилүүдэд тэгш хамруулсан, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын систем бүтээх эрх баригчдын тэргүүн зэргийн асуудал байж чадах уу эдгээр асуултууд бидний ойрын хугацаанд хамгийн их хэлэлцэж, мэтгэлцэж, шийдэх гэж оролцох ёстой асуудлуудыг агуулж байна. Боловсрол судлаач, иргэн, ээж хүний хувьд  тэгш төлөөллийг хангаж чадваас иргэдээс бүтсэн төр засгийг бүтээж, иргэдийн утга учиртай оролцоог хангаж чадваас иргэдийн бүтээсэн төр засаг засаглаж, тэгш хамруулсан, хүртээмжтэй, чанартай боловсролыг эзэмшүүлснээр мөн чанар нь хүмүүсийн төлөөх төр засаг бүрэлдэнэ хэмээн бат итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

 

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

6 цаг 37 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

6 цаг 40 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

6 цаг 46 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

6 цаг 52 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

7 цаг 42 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

8 цаг 10 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

8 цаг 36 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

9 цаг 24 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

9 цаг 27 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

9 цаг 34 мин