С.Энхбадрах: Алтай хэл шинжлэл монгол хэлт эрдэмтдийн хүчин чармайлтаар хөгжих учиртай

2024-04-08
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын  хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчидадаа хүргэдэг билээ. Энэ удаад  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Энхбадрахыг урилаа.

Судалгааны бүтээлүүд гурван зууныг дамнан гарч байна

Дэлхийн олон хэлийг гарал үүслийн талаас нь ангилан хуваах ерөнхий онолд тулгуурлан, түрэг, монгол, манж-түнгүс хэлнүүдийг нэг хэлнээс салбарлан гарсан хэл гэж үздэг. Эдгээр хэлтнүүдийн Алтайн уулс орчмоор нутаглаж байсныг нь үндэс болгон “Алтай хэлнүүд” хэмээн болзмолоор нэрлэж, судалгааны олон бүтээл гарсан ч энэ онолыг эсэргүүцэгчид уг хэлнүүдийг нэг хэлнээс салбарлан гараагүй, хэв шинжийн хувьд ижил төстэй гэж үзэж байна. Гэлээ гэхдээ алтай хэлний онолыг зөвшөөрөгч хийгээд үл зөвшөөрөгчдийн аль аль нь дээрх угсаатнуудын хэлэнд буй нийтлэг зүйлийг бол дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм. Алтай хэл шинжлэлийн судалгаа үүссэн цагаас эхлээд хэлний тодорхой түвшин, тухайлбал, авиа зүй, үг зүй, үгийн сан, өгүүлбэр зүй гээд өргөн хүрээг хамарсан бүтээлүүд гарав. Мөн түүнчлэн тус хэлний бүлгийг солонгос, япон хэлээр өргөжүүлэн, макро-алтай хэл гэх ойлголтыг Г.И.Рамстедт тэргүүтэй эрдэмтэд гарган тавьж, чамгүй бүтээлийг туурвисан бөгөөд түрэг, монгол, манж-түнгүс хэлний хүрээнд судлах чиглэлийг микро-алтай хэлний онол хэмээн нэрлэх болов.

Хэл шинжлэлийн энэ сонирхолтой салбар XX зууны эхнээс дунд үеийг дуусталх хугацаанд эрчимтэй бүтээлээ туурвиж байсан өрнө дахины, тэр дундаа Оросын голдуу эрдэмтдийн нуруун дээр явж ирэв. Уг салбар ухаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан эдгээр эрдэмтэд тус онолыг хүлээн зөвшөөрсөн нэгэн бүлэг, эс хүлээн зөвшөөрсөн нэгэн бүлэгт хуваагдсанаар алтаист хийгээд антиалтаистууд гэсэн хоёр дэг сургууль бий болсон гэж үзэж болно. Гэсэн хэдий ч аль аль чиглэлийнхэн нь “алтай хэлнүүд” гэх нэр томьёоноос татгалзсангүй, тиймээс ч энэ чиглэлийн судалгааны бүтээлүүд гурван зууныг дамнан тасралтгүй гарсаар байгаа билээ.

 

Түрэг, монгол хэлний баримтад тулгуурлан үргэлжилнэ

 

Блиц:

Боловсрол:

2012 он: МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийг Монгол хэл, уран зохиол судлаач  мэргэжлээр бакалавр

2014 он: Шинэ иргэншил дээд сургуульд Монгол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

2016 он: ОХУ-ийн Казанийн Их Сургуулийн Хэлний бэлтгэлийн сургуулийг төгссөн.

2016-2019 он: ОХУ-ын Новосибирскийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн институтийн Хэл шинжлэл, утга зохиолын аспирантурт суралцсан.

Ажилласан байдал:

2012 онд: МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС пресс хэвлэлийн газрын ажилтан.

2017-2019 онд: ОХУ-ын Новосибирскийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан

2012 оноос: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан

Бүтээлийн тойм байдал: Эрдэм шинжилгээний хамтын таван  бүтээлд зохиогчоор ажиллаж, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 40 өгүүлэл хэвлүүлсэн.  Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.

Алтай хэл шинжлэлийн өнөөг хүртэлх судалгааны гол үр дүнгүүдээс үзвээс тус онолыг баталж чадах ч, эс чадах ч байсан ялгаагүй, гол түлхүүр болох тулгуур хоёр хэл нь түрэг хийгээд монгол хэл болох нь зайлбаргүй болов. Солонгос, япон хэлийг хамруулсан макро-алтай хэлний онол төдий л хол явахгүй нь тодорхой болсон ч, эдгээр хэлийг монгол, түрэг хэлний тодорхой элементүүдтэй харьцуулан (зэрэгцүүлэн) судлах ажил улам дэлгэрсээр буй нь сайшаалтай. Манж-түнгүс хэлний монгол, түрэг хэлтэй нийтлэг гэгдэх элементүүдийн дийлэнх нь монгол хэлний нөлөөгөөр тайлбарлагдах болсон хийгээд алтайн ерөнхий онолд нөлөөлөхүйц баримт өнөөг хүртэл манж-түнгүс хэлний хөрсөн дээр төдий л хангалттай гарсангүй. Учир иймд алтай хэл шинжлэлийн цаашдын чиг хандлага түрэг, монгол хэлний баримтад үндэслэн үргэлжилж, энэ нь ч уг салбар ухааны үндсэн баримжаа болно гэдэг нь эргэлзээгүй гэж хэлж болно.

Алтай хэл шинжлэл хөгжих нэгэн таатай хөрс суурь бол эртний түрэгийн орхон (руни) бичгийг тайлан уншсан явдал бөгөөд гол төлөв Монгол улсын нутаг дэвсгэрээс томоохон дурсгалууд нь олдсон энэ бичгийн дурсгалыг судлаачид “эртний түрэг бичиг”, “эртний руни бичиг”, “Орхон, Сэлэнгийн руни бичиг”, “Орхон Енисейн бичиг”, “Орхон бичиг”, “Монголын руни бичиг” гэж олон янзаар нэрлэдэг боловч, томоохон дурсгалууд нь голдуу Орхоны хөндийгөөс олдсонд үндэслэн “Орхон бичгийн дурсгал” хэмээн нэрлэсэн эрдэмтдийн саналыг баримтлах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэвэл зохино. Орхон бичгийн дурсгалыг тайлан уншиж, энэ чиглэлийн судалгаа хөгжсөний үр дүнд тус бигчийн дурсгалуудын үгийн санг боломжит хэмжээгээр бүрэн хамруулсан томоохон толь бичгүүд гарсан нь алтай хэл шинжлэлд маш чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Эдгээрээс Оросын эрдэмтэн В.М.Наделяев нарын арван зохиогч, редактор бүхий “Эртний түрэг хэлний толь” /Древнетюркский словарь, 1969/, алдарт антиалтаист эрдэмтэн Ж.Клосоны “XIII зуунаас өмнөх турк хэлний гарлын толь”, мөн Оросын эрдэмтдийн хамтран туурвиж ирсэн “Түрэг хэлнүүдийн үгийн гарлын толь” /Этимологический словарь тюркских языков/ гэдэг, өнөөг хүртэл 8 дахь боть нь гараад буй бүтээлүүдийг онцлон нэрлэх учиртай. Мөн түүнчлэн орхон бичгийн дурсгалыг судалсан нэрт эрдэмтэн С.Е.Малов, В.В.Радлов нарын алдарт атласууд хийгээд бусад олон арван ном, судалгааны өгүүллүүд яахын аргагүй ганц түрэг судлалаар зогсохгүй, нийт алтай хэлний онолын судалгааны чухал хөдөлгөх хүч болсон юм.

Дээр онцлон өгүүлсэн чухал бүтээлүүдийг залгамжлан үргэлжлүүлж шинэ зуунд гарсан нэгэн чухал бүтээл бол Оросын түрэгч эрдэмтдийн хамтарсан “Түрэг хэлнүүдийн харьцуулсан хэлний зүй” /Сравнительно-историческая грамматика тюркских языков/ (М., 2001) цувралын “Үгийн сан /Лексика/”-гийн ботийг алтай хэлнүүдийн гарлын толиудаас гадна судалгааны эргэлтэд орсон, одоо үлгэрлэн үзвэл зохих томоохон бүтээлд зүй ёсоор нэрлэж болно. Тус бүтээлд түрэг хэлнүүдийн үгийн сангийн нэгжүүдийг утгын тодорхой категориудад хувааж, тэдгээр тус бүрээ гарлын үүднээс тайлбарлаж, эртний хэлбэрийг сэргээн тогтоож, иж бүрэн судалгааны ажил болгохыг зорьсон байна. Тус бүтээлд монгол болон манж-түнгүс хэлтэй гарлын хувьд холбогдох үгсийг зохих хэмжээнд харгалзуулан тайлбарласан боловч ихэнх тохиолдолд тэдгээрийг түрэг хэлнээс бусад хэлэндээ орсон зээллэг гэж үзэх хандлага давамгайлсан, зарим тохиолдолд монгол, манж-түнгүс хэлний үгстэй холбоотой үгсийн судалгааг өргөн хүрээнд авч үзэлгүй, зөвхөн түрэг хэлний хөрсөн дээр тайлбарласан зэрэг анхааран үзүүштэй дутагдалтай тал буйг тэмдэглэх ёстой. Энэ нь ерөөс алтай хэл шинжлэл, тэр дундаа монгол, түрэг хэлний үгийн сангийн харьцуулсан судалгааны асуудал хэзээнээс түрэг төвт үзэлд суурилж ирсэн, нөгөөтээгүүр монгол хэлт судлаачид тус салбарт идэвхтэй судалгаа хийж ирээгүйтэй шууд холбоотой гэж үзэж болно. Алтай хэл шинжлэлийн өнгөрсөн үеийн эрдэмтдийн бүтээл, ололт амжилт зэрэгт суурилан үзэхэд монгол, түрэг, цаашлаад алтай хэлнүүдийн үгийн сангийн харьцаа холбооны асуудлыг тодруулан судлахад цаашид монгол хэлийг тээгч, монгол эрдэмтэд нэн тэргүүн анхаарах зүй ёсны шаардлагатай болжээ гэж шууд хэлж болно.

Ийн итгэлтэй өгүүлэх олон шалтгаан байж болох ч зөвхөн хоёр зүйлээр жишээлж арай ойлгомжтой болгохыг хичээе. 1969 онд антиалтаист эрдэмтэн Ж.Клосон археологийн шинжлэх ухааны он цаг тогтоох радионүүрстөрөгчийн арга хийгээд статистик судалгааны аргад суурилан төрөл хэлнүүдийн үндсэн үгийн сангийн статистик судалгааг амжилттай хийсэн Америкийн эрдэмтэн М.Свадешийн онолд суурилан монгол, түрэг, манж хэлний 200 үндсэн үгийг харьцуулан судалсан “Алтай хэлний онолын үгийн сангийн бүртгэл зүйн дүн” гэсэн өгүүлэл хэвлүүлсэн байдаг. Энэ арга нь хоёр болон түүнээс дээш хэл гарлын хувьд төрөл болохын эцсийн баталгаа нь эдгээр хэл нь ядаж л хангалттай тооны нийтлэг үндсэн үг (основное слово, basic word)-тэй байх ёстой гэсэн зарчимд суурилсан арга юм. Энэ судалгаандаа үндэслээд Ж.Клосон алтай хэлний онол бол үнэн зөв биш юм, эдгээр хэлнүүд төрөл биш юм байна гэж дүгнэсэн байдаг юм. Уг өгүүлэл гарснаас хоёр жилийн дараа Мажарын эрдэмтэн Л.Лигети “Алтай хэлний онол ба үгийн сангийн бүртгэл зүй” гэсэн шүүмж өгүүллээ хэвлүүлж, Ж.Клосоны бүртгэлд гарсан дутагдалтай талуудыг илрүүлэн шүүмжилж, зарим үгийн гарлын талаарх сонирхолтой саналаа дэвшүүлсэн байдаг. Бид эдгээр өгүүллийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Altaica” сэтгүүлийн 15, 16 дахь ботид орчуулан хэвлүүлсний гадна тус бүртгэлд хамруулсан үгсийг судалсан дүнгээ судлаачдад танилцуулсан юм. Манж-түнгүс хэлний баримтыг нь эс хэлэлцэн, монгол, түрэг хэлний 200 үгийг хэрхэн судалсныг авч үзвэл Ж.Клосон ердөө 4 үг л тус хоёр хэлэнд гарал нэгтэй гэж үзсэн бол Л.Лигети үүн дээр дахин 11 үгийг гарлын холбоотой гэж үзжээ. Бидний нягтлан үзсэнээр эдгээр судлаачдын 15 нийтлэг үг даруй 38 үгээр нэмэгдэж, нийт 50 гаруй үг нэг гаралтай болж таарч байгаа юм. Тэгэхээр үгийн сангийн статистик судалгааны аргын ёсоор монгол, түрэг хэлнүүд нэг гаралтай болж таарж байна гэсэн үг. Энэ нь бидний онцлон хэлээд байгаа монгол хэлт судлаачид тус салбарт хүчээ нэгтгэж, хамтран ажиллах шаардлагатай гэдгийн нэг тод баримт болж буй юм.

 

Монгол, түрэг хэлний үгийн сангийн харьцуулсан судалгаа чухал

Бидний тухайд монгол, түрэг хэлний үгийн сангийн харьцуулсан судалгааг гүнзгийрүүлэн авч үзэх нь алтай хэл шинжлэлийн цаашдын хөгжилд ихээхэн чухал гэж үзэж буй учир монгол, түрэг хэлний мал аж ахуйн холбогдолт үгсийг харьцуулан судлах зорилгыг хэдэн жилийн өмнө тавьж, энэ чиглэлээр хэд хэдэн судалгааны өгүүлэл хэвлүүлээд байна. Цаашид утгын олон категорийн хүрээнд үгийн сангийн харьцуулсан бүрэн судалгааг хийснээр алтай хэл шинжлэлийн асуудалд дорвитой үр дүн гаргах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа юм.

Одоогоор бүрдүүлээд буй хэрэглэгдэхүүн буюу монгол, түрэг угсаатны эртний түүхийн гол гэрч болсон мал аж ахуйн холбогдолт, тус хоёр хэлний нийтлэгийг гэрчлэх нэг язгуурт үгс даруй 120 гаруй байна. Бидний судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл дээр онцлон дурдсан бүтээлүүдэд түрэг төвт үзлийн үүднээс хандаж, түрэг хэлнээс монгол хэлэнд орсон үг гэх хандлагаар судалж ирсэн олон үгийн гарлын асуудал тодорхой болж байна. Тодруулан хэлбэл, урьд өмнө түрэг хэлнээс монгол хэлэнд орсон гэж үзэж ирсэн олон үгийн гарлын асуудлыг тодруулснаар аль нэгэн хэлнээс нөгөөдөө зээлсэн гэж үзэх үндэслэлгүй, харин нэгэн өвөг хэлнээс гаралтай гэж тайлбарлагдах төдийгүй түрэг, монгол хэлний дундын гэх томьёололд багтах үгс дийлэнх олонх байгаа нь цаашид энэ чигийн судалгааг улам эрчимжүүлэх шаардлагатай буйн бас нэг бодит баримт болж байна. Энэ мэтээр цаашид монгол, түрэг хэлний үгсийг утгын категориор нарийвчлан судалж, гарлын асуудлыг монгол хэлт судлаачийн өнцгөөс шинэ тутам тодруулан судлах нь алтай хэлнүүдийн харьцааны асуудлыг тодруулахад, өөрөөр хэлбэл, алтай хэл шинжлэл хэмээх ээдрээтэй салбар ухааныг тодорхой шийдэлд хүрэхэд бодит үр дүн болох нь зайлбаргүй юм. Шинэ зууны алтай хэл шинжлэлийн цаашдын чиг хандлага чухам энэ зүг рүү чиглэх учиртайг онцлон дахин онцлон тэмдэглэмээр байна.

Ерөөс алтай хэл шинжлэлийн гол тулгуур болсон монгол, түрэг хэлний харьцуулсан судалгааны цаашдын хөгжил нь үгийн сангийн түвшинд голлон суурилж, эдгээр хэлнүүдийн нийтлэг элементүүдийг бүртгэх, гарлыг тодруулах, эртний хэлбэрийг сэргээн тогтоох зэргээр уламжлал, шинэчлэлийн зохистой харьцаанд үндэслэж, тууштай судалгаа хийх монгол хэлт судлаачдын “нуруун дээр” иржээ гэж онцлон хэлмээр байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

 

amjilt
oyun erdene
amjilt hvsey
"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

8 цаг 26 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

9 цаг 34 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

9 цаг 42 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

11 цаг 45 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

14 цаг 27 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

16 цаг 50 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

16 цаг 55 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

17 цаг 0 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

17 цаг 5 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

17 цаг 10 мин