Тапан Мишра: Очирваань бурхан намайг ивээдэгт итгэдэг

2024-02-07
Нийтэлсэн: Админ
 28 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Би монгол хэл сайн сураагүй ч, Монголыг гэсэн сэтгэл дүүрэн хүн шүү” хэмээн хөгжилтэйгээр ярих түүнийг монголчууд сайн танина. НҮБ-аас Монгол Улсад суугаа анхны Суурин зохицуулагчийн ажлыг нэр төртэйгөөр тав дахь жилдээ хашиж буй Тапан Мишра гэдэг эрхэмтэй сар шинийн өмнө уулзаж түүний тодорхойлсноор онцгой ярилцлага хийв.  Хамгийн дуртай монгол дуу минь “Улаанбаатарын үдэш” хэмээн өөрөө дуулсан бичлэгээ сонирхуулсаар тэрбээр биднийг ажлын өрөөндөө угтсан юм.

 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Сайхан өвөлжиж байна уу. Та Монголд ирээд тав дахь жилдээ өвөлжиж байна. Саяхан зудын байдалтай байгаа аймгуудад ажил­лаад ирсэн.  Явсан газрын талаар ямар мэдээлэл, сэтгэгдэлтэй ирэв?

-Монгол орны 80 гаруй хувьд өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Тэр тусмаа 70 гаруй хувь нь зудын өндөр эрсдэлтэй бүс байна.

Ялангуяа энэ жил энгийн биш “төмөр зуд” гэж нэрлэдэг, илүү хүйтэн өвөл болж байна. Энэ зуд хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа учраас малчдын хувьд маш хүнд байна. Гэхдээ Засгийн газар, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч эхэлсэн нь сайшаалтай. Малчдад шаардлагатай өвс тэжээлийг хүргүүлж, нэмэлтээр бэлэн мөнгө болон шатахууны дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газраас малчдад шаардлагатай тусламжийг хүргэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Монголд байгаа бусад дипломат төлөөлөгчийн газрууд, Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудад хүргүүлсэн. Үүний үр дүнд олон талын оролцоотой уулзалтыг зохион байгуулж, нөхцөл байдалд нийцүүлэн хэрхэн дэмжлэг үзүүлэх талаараа ярилцсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн байгууллагуудаас бүрдсэн “Хүмүүнлэгийн баг”-ийг НҮБ-ын Суурин зохицуулагч удирддаг. Тэр багийн дэмжлэгийг хэрхэн яаж үр дүнтэй зохион байгуулах талаар бид ярилцсан. Өнөөдөр гэхэд Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс олон улсын байгууллагаас үзүүлэх дэмжлэг тусламжийг хэрхэн хүлээж авч, зохион байгуулах талаар уулзалт хийлээ.

-НҮБ-аас 2030 он гэхэд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг нь  уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахыг зорьдог. Зуд, байгалын гамшигт үзэгдэл ойр ойрхон давтагдаж буй нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөний нэг илрэл болов уу. Тэгэхээр зудын энэ эрсдлийг бууруулах чиглэлд бид юу хийх ёстой вэ?

-Би яг тэр талаар ярих гэж байлаа. Малчдын уламжлалт мал маллах арга туршлагыг орчин цагийн шинэ технологи арга барилтай хослуулан цаг уурын нөхцөл байдалд илүү дасан зохицсон, байгалийн сорилтуудыг даван туулах, сөрөн зогсох чадавхтай  болгох талаар бид дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа. Жил болгон өвөл болдгоороо болно. Сүүлийн үед мал маллах арга ажиллагааг сайжруулах, малчид зудын хүндрэлийг ажралгүй давдаг болох, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого илүү хэрэгтэй гэж харж байна.

-Байгаль орчны тухай асуусных цөлжилтийн асуудал нь манай улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэг. Манай улсын нийт газар нутгийн багагүй хувь нь цөлжсөн, бэлчээрийн даац хэтэрсэн тоон мэдээллүүд бидэнд байна. Энэ маань эргээд байгаль орчинд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэхийг бидэнд хүссэн ч хүсээгүй ч сануулаад байгаа хэрэг...?

-Цөлжилт болон газрын доройтлын асуудал миний байнга анхааруулга өгч, хонх цохиж байгаа гол зүйл. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтраад "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол Хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар, Олон талын уулзалтыг Дундговь аймагт өнгөрсөн зун зохион байгуулсан.  Тэр үеэр би яг энэ асуудлыг хөндөж байлаа.

Монголын газар нутгийн дөрөвний гурав буюу 76.8% хувь нь цөлжчилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн тухай тоо баримт байгаа. Энэ нь зөвхөн Монголын асуудал биш. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. Бүр тодорхой тоо баримт хэлбэл, 1997 онд Монгол Улс Цөлжилттэй тэмцэх үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Тэр үед 2.6 сая хүн амтай, 29 сая малтай байсан. Тэгвэл өнөөдөр 25-30 жилийн дараа хүн ам 1.3 саяар өссөн, малын тоо гурав дахин нэмэгдэж бараг 70 гаруй сая болсон байна. Энэ жилээс олзуурхууштай нь Монгол Улс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, малыг эдийн засгийн эргэлтэд багагүй орууллаа. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр  малын тоо 64.7 сая гэж мэдээлсэн.

Бодит байдалд Монголын бэлчээрийн даац 40 сая мал бэлчих боломжтой. Бэлчээрийн даац, малын доройтол гэдэг яалт ч үгүй маш том асуудал болоод байгааг бид харж байна. Зундаа гантай, өвөлдөө зудтай гэсэн цаг уурын амаргүй сорилтуудтай тулгардаг бөгөөд эрсдэлийг хохирол багатай даван туулах гол арга зам бол урьдчилан сэргийлэх явдал юм. Мөн усны хомсдолын асуудал ч хурцаар тавигдаж байна. Монгол орны усны томоохон нөөц нь нутгийн хойд хэсэгт байхад урд хэсэгт усны хомсдолтой. Гэтэл уул уурхайн ихэнх үйлдвэрлэл нутгийн өмнөд хэсэгт төвлөрсөн. Тийм болохоор усны хомсдолтой газар нутагт уул уурхай ихээр эрхэлж байгаа нь жаахан усны нөөцийг шавхаж, нөхцөл байдлыг улам дордуулах нэг шалтгаан болж байна.

-Таныхаар эндээс гарах гарц харагдаж байна уу?

-Гол нь бид уур амьсгалын өөрчлөлтийг бодит байдал гэдгийг хүлээн зөвшөөрч, илүү нухацтай авч үзэх шаардлагатай. Байгаль орчны асуудалтай холбогдуулж гурван асуудлыг чухалчилмаар байгаа юм. Эхнийх нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний зорилтыг тодорхойлсон хувь нэмэр гэдэг ухагдахуунаар тооцож илэрхийлдэг. Монгол Улсын хувьд энэ хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувьд байлгах үндэсний амлалт өгсөн. Түүгээр ч зогсохгүй, 27.2 хувь хүргэнэ гэсэн алсын зорилготой. Гэхдээ одоогийн байдлаар энэ үзүүлэлтэд хүрэхэд хол байна. Монголд хүлэмжийн хийн ялгаруулалтад ихээр нөлөөлдөг хоёр том салбар байгаагийн нэг нь хөдөө аж ахуйн салбар. Нийт хүлэмжийн хийн ялгарлын 51 хувийг энэ салбар дангаараа ялгаруулж байна. Тэгэхээр малын тоо толгойг зохистой хэмжээнд байлгаж, малаас үүдэлтэй метаны хийг био түлш, био энерги болгож ашиглаж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг багасгах боломжтой. Хоёр дахь нь мэдээж мод тарьж, ойн нөөцийг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой. Монгол орны нийт газар нутгийн дөнгөж есөн хувь нь л ойгоор бүрхэгдсэн. Иймд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Гуравдугаарт, бид сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар энэ амлалтад хүрэх боломжтой. Монгол орны нэг онцлог нь жилийн 260 гаруй хоног нартай. Нар болон салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц боломж бий гэсэн үг. Гэтэл бид энэ их боломжийг алдаж, зөвхөн түүхий нүүрс, сайжруулсан түлш зэргээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Үүнээс үүдэж хүлэмжийн хийн ялгарал өндөр хэвээр байна.

Сэргээгдэх, цэвэр эрчим хүчийг бий болгоё гэвэл олон боломж байна. Эхнийх нь усан цахилгаан станц. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах төсөл санаачилга эхэлсэн байгаа. Мөн био массаас эрчим хүч үйлдвэрлэж ахуйн эрчим хүчийг гаргаж авах боломжтой. Дараагийн бас нэг боломж гэвэл бид гео-дулаан буюу газрын доорх дулааныг ашиглаж болно. Газрын гүний дулааныг олон газар ашиглаж байдгийн нэг нь Хойд Солонгос.  Зөвхөн нүүрсээр эрчим хүч, дулаанаа хангахын оронд газрын гүний дулааныг ашиглах боломж байгааг илүү судалмаар байна.

-Ямар ч төрлийн эрчим хүчийг эхлүүлэхэд эхний ээлжинд дэд бүтэц, сайн технологи хэрэгтэй. Шууд одоо шийдэгдэхгүй л байх даа?

-Мэдээж амар биш. Гэхдээ Монголд тохирсон технологи зэргийг сайтар судлах нь зүйтэй. Ихэнхийг нь сэргээгдэх эрчим хүчээр шийдэх боломж байвал зардал, үр ашгийн тооцоог судалж үзээд шилжиж болно.

Саяхан нээлтээ хийсэн “Баавгай болохсон” киног та үзсэн бол гэр хороолол болон хөдөө орон нутагт хүмүүс ямар их асуудалтай тулгарч байгааг олж харсан байх. Энгийнээр хэлэхэд гэр хороололд зарим өрх гал алдахгүйн тулд аргагүйн эрхэнд нүүрс түлж, бүр зарим тохиолдолд дугуй шатаах хэмжээний нөхцөл байдал үүсч байна. Энэ бол бодит зүйл. Энэ бүхэн агаарын бохирдол, орчны бохирдол зэрэгт нөлөөлж буй хүчин зүйлийн нэг. Эргээд энэ бүхэн Тогтвортой хөгжлийн зорилгуудтай шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, ядуурал их байгаа учраас ийм нөхцөл үүсэж байна. Хөдөө орон нутаг, захын хорооллуудад чиглэсэн тогтвортой хөгжлийн бодлого хангалтгүй байна. Их сургуулийн 90 хувь нь хотын төвдөө байрлаж байна. Нийт хүн амын 40 хувь нь зөвхөн нийслэл хотдоо төвлөрсөн. Энэ бол тогтвортой хөгжил биш. Тийм ч учраас, тогтвортой хөдөөгийн хөгжил буюу орон нутгийн бүсчилсэн хөгжлийн бодлого чухал юм.

 

МОНГОЛЧУУД БҮХ ЗҮЙЛИЙГ ЗҮГЭЭР ЗҮГЭЭР ГЭЭД ӨНГӨРӨӨДӨГ

 

Монгол Улс бол геопилитикийн нөхцөл байдлын хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улсын дунд далайд гарцгүй, чөлөөт зах зээлд шилжсэн ардчиллыг тууштай дэмжигч орон. Нөгөө талаар социалист тогтолцооноос шилжээд удаагүй, мөн өмнөд хөршийн зүгээс эдийн засгийн хүчтэй нөлөөтэй нөхцөлд ч ардчиллыг тууштай сахиж буйгаараа үлгэр жишээ болж чаддаг. 

-Та бид хоёрын ярианы гол сэдэв Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ) байх нь тодорхой. Үүнийг анх баталснаас хойш найман жил өнгөрчээ. Гэтэл хэрэгжилт дөнгөж 15 хувьтай байгаа тухай өнгөрсөн жил болсон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд чуулганы үеэр онцолж байсныг санаж байна. Зөвхөн Монгол ч биш дэлхий нийтээр ингэж хойргоших болсны гол шалтгаан юу вэ?

-Дэлхий нийтийн хувьд геополитикийн хямрал, мөргөлдөөнөөс их зүйл шалтгаалж байна. Орос-Украин, Газын зурвас, Йемэн, Судан зэрэг олон газарт зөрчил хямрал бий болоод байгааг бид бүгдээрээ харж байна. Тэгэхээр бусад хөгжлийн төлөө зарцуулах ёстой төсөв, хөрөнгө хүмүүнлэгийн ажиллагаанд ихээр зарцуулагдаж байна.

Монгол Улсын хувьд урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын Хараа 2050” баримт бичгийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны бодлогоо Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдуулсаныг бид сайшаан дэмжиж байгаа. Гэвч хөгжлийн бодлогыг богино дунд хугацаанд бодитойгоор хэрэгжүүлэхэд нэлээд саад бэрхшээл байна. Тухайлбал, үе үеийн Засгийн газар ойр ойрхон солигддог, тогтворгүй байгаа нь эрүүл мэнд, боловсрол, ажлын байр бий болгох, эдийн засгаа өсгөх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг үндсэн асуудлуудыг урт хугацаанд төлөвлөж, шийдвэрлэхэд багагүй хүндрэл учруулж байна. Монгол Улсын эдийн засаг хэдийгээр нэг хүнд ноогдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэж байгаа ч эдийн засаг импортоос хэт хамааралтай хэвээр байна. Эсрэгээрээ алт, зэс, нүүрс, ноолуур зэрэг бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээхгүй, түүхийгээр нь экспортод гаргаж байна. Үүнээс гадна, цар тахал зэрэг глобал нөхцөл байдал Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт удаашрахад нөлөөлсөн. Монгол Улсын хил бараг хоёр жил хаалттай байсан учраас экспорт зогсонги байдалд байсныг бид мэднэ. Иймээс, ТХЗ- ын чиглэлд ололттой байсан нэлээд зарим үзүүлэлтүүд дээрээ ухарсан байх жишээтэй. Мэдээж ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Ер нь ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж бид тэдгээр зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Иймд, тогтвортой эдийн засгийг төрөлжүүлэх талаар анхаарал хандуулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих шаардлагатай. Илүү их нэмүү өртөг шингээсэн өндөр өртөгтэй бүтээгдэхүүнийг бага зардлаар үйлдвэрлэж ашиг олох боломжтой.

Монгол Улсын хувьд 70 шахам сая малтай. Төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх бүрэн боломжтой ч гадаадаас, тухайлбал Шинэ Зеландаас хуурай сүү импортолж байна. Бидэнд зарим улс орнуудаас суралцах, туршлага судлах боломж байна. БНСУ-ын жишээ гэхэд 60-70-аад оны үед эдийн засаг нь  тун хэцүү байсан. Одоо тэгвэл дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг болсон байна. Тухайн үедээ тэд экспортыг дэмжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Технологийн дэвшлийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Мөн цахим шилжилтийг маш хүчтэй хийснээр эдийн засаг нь яаж хөгжсөнийг бид мэднэ. Монголд асар их боломж бий. Байгалийн арвин их баялаг байна. Гадаад худалдаа хөгжих бүрэн боломжтой. Далайд гарцгүй гэдэг хөгжлийг хойш татах шалтгаан биш. Мэдлэг оюунд хил хязгааргүй. Цахим худалдаа бизнес дэлхий нийтээр хөгжиж байна. Оюуны өндөр бүтээмжтэй залуус эх орондоо ажиллах боломжгүйгээс залуучууд улс орноосоо гарч явснаас хөдөлмөрийн зах зээлд тэнцвэргүй байдал бий болж байна. Энэ бүгдийг би Монголд хайртай, “зүрхтэй сэтгэлтэй монгол” болчихсон учраас л Монголын төлөө хэлж байгаа юм шүү.

-Монгол Улс хөгжлийн бодлогоо “Алсын хараа-2050” хэмээн тодорхойлсон. Мөн 2030 он хүртэл хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг баталлаа. Мөн НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хөгжүүлэхээр зорилго тавьсан. Тэгвэл эдгээр бодлогууд маань хэр огтлолцож байна вэ. Та Монгол Улсын хөгжлийн бодлогууд Тогтвортой хөгжлийн зорилгуудтай маш сайн уялддаг гэж олонтаа ярьж байсан. Гэхдээ яг дэлгэрүүлэн яривал юуг илүү онцлох вэ?

-Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо батлаад хэрэгжүүлэхээр зорьж байгааг бид сайшаан дэмждэг. Энэ хөгжлийн бодлогод есөн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Гэхдээ үнэнийг хэлэхэд анх хэлэлцэж эхэлж байх үед Тогтвортой хөгжлийн зорилгуудтай төдийлөн уялдаагүй байсан. Одоогийн Ерөнхийлөгч тухайн үед Ерөнхий сайд байхад энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогыг Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулахад бид дэмжиж ажилласан. Миний бодлоор бусад улс орнуудаас илүүтэйгээр Монгол Улс 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрсэн байх нь чухал. Яагаад гэвэл 2030 онд ТХЗ-ыг амжилттай хэрэгжүүлж чадах аваас 2050 он гэхэд “Алсын Хараа”-г хэрэгжүүлсэн байх бүрэн боломжтой гэдгээ батлан харуулна. Тэгж байж ард түмэндээ болон бусад улсуудын өмнө хүлээсэн амлалтдаа ч хүрэх боломжтой гэж ойлгож болно. Үүнийг би энгийнээр, Дорнод орохын тулд Хэнтийгээр дайрах хэрэгтэй. Хэнтийд хүрч чадсан бол Дорнодод хүрэхэд илүү ойрхон болно. Тэгэхээр 2030 гэдэг бол та нарын хувьд Хэнтий юм гэж зүйрлэх дуртай. 

-Өнгөрсөн жил манай улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын талаар хэрэгжүүлж буй хоёр дахь сайн дурын илтгэлээ танилцуулсан. Та Монгол Улсын Тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж байгаа ажлыг хэрхэн үнэлж байгаа вэ. Манай улс 12 асуудалд анхаарах шаардлагатай тухай тайланд дурдсан байсан шүү дээ?

-Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд үүрэг амлалт хүлээж, түүндээ хүрэхээр багагүй хүчин чармайлт гаргаж байгааг би хардаг. Үүний нэг жишээ нь Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлээ өнгөрсөн жил боловсруулсан. Ингэхдээ бүх талын оролцоотойгоор, тухайлбал залуучууд, малчид, эрдэм шинжилгээний салбарынхан, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд гээд бүх талуудыг хамруулж боловсруулж чадсан. Үүгээрээ гаргасан амлалтуудаа НҮБ-ын хурал дээр өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүрэн хэрэгжүүлэхэд түлхэц өгөх 12 хурдасгуурыг тодорхойлсон. Түүнийгээ хэрэгжүүлэхээр үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулан нэлээд ахицтай явж байгаа. НҮБ-ын зүгээс ч шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж байгаа.

-Та түрүүнд яриандаа монголчууд бүхнийг “зүгээр зүгээр” гээд хаячихдаг хандлагатай  гэж хэлсэн. Олон жилийн турш яригдасаар байгаа ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа асуудлуудын гол шалтгаан нь юу гэж та харж байна вэ. Үнэхээр бидний тархинд байна уу эсвэл бас улс төрчдийн ярьдагаар хоёр том гүрний дунд байгаа нөхцөл байдал нөлөөлөөд байна уу?

-Мэдээж энд нэг биш, олон шалтгаан байгаа. Эхлээд засаглалын нөхцөл байдлын талаар ярья. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталсан, ардчилалд хөл тавьснаар үзвэл харьцангуй залуу ардчилсан улс. Нөгөө талаар засгийн газрын тогтвортой байдал урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгоход чухал байдаг. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд 19 Ерөнхий сайд солигдсон байна. Үүнийг дундажлаад хуваахаар Ерөнхий сайдын албанд нэг хүн хоёр жилээс хэтрээгүй байна. Одоогийн Засгийн газар арай тогтвортой ажиллаж байна уу даа гэж харж байгаа. Тэгэхээр богино хугацаанд ажилласан Засгийн газар урт хугацааны төлөвлөгөө гаргах цаг хугацаа байдаггүй. Засгийн газар тогтвортой, хүчтэй байх ямар чухлыг бид эндээс харж болно. Нөгөө талаар иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дуу хоолой чухал. Ийм хүчтэй дуу хоолой, хяналтын дор Засгийн газар хөгжлийн бодлогоо хөдөлгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хувь хүний хөгжил, иргэдийн оролцоо чухал. Монголчууд хүчтэй, хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвартай гээд Чингисийн үеэс үлдээсэн өв гэх юм уу баатарлаг ард түмэн гэдгээрээ бахархдаг. Мөн боловсролдоо их анхаарал тавьдаг, хүн амын 90 гаруй хувь нь бичиг үсгийн боловсролтой гээд эерэг үзүүлэлтүүд бий. Гэвч малчдын хувьд өөр дүр зураг байдаг. Малчид охидоо сургууль соёлд явуулдаг, хөвгүүдээ мал дээрээ аваад үлдчихдэг. Ингээд хот хөдөөгийн ялгаа гарч, тэгш бус байдал бий болдог. Их дээд сургуулиудын 90-ээс дээш хувь нь Улаанбаатарт байгаа учир хөдөөнөөс орж ирсэн хөдөөний охид тэр болгон буцаад нутагтаа очдоггүй.

Малчдын хувьд өөрсдийнхөө өвөлжөө хаваржаандаа, өөрийн нутагтаа, нэг банхартайгаа хэдэн малтайгаа амьдрахыгаа “зүгээр, зүгээр” гэж боддог. Улаанбаатарт ч адил. Нийслэлийн хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өрх бүр өөрийн гэсэн хашаатай,  хашаандаа жорлонтой, нэг банхартай. Хот суурин газар хамтдаа амьдралын орчин нөхцлөө хэрхэн хамтдаа сайжруулах вэ гэх зэргээр хамтрах талдаа дутмаг юмуу гэх сэтгэгдэл төрснийг нуухгүй. Сэтгэлгээний хувьд хөдөө орон нутагт өөрийнхөө мал ахуйгаа арчлаад амьдраад байсан бол хот газар тийм биш. Нийт 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай 3.6 сая монголчуудын талаас илүү хувь нь нийслэл хотод суурьшаад, дор бүрдээ өөр өөрсдийнхөөрөө амьдрах нь “зүгээр, зүгээр” байж болох уу. Иймд, хотын амьдралд нийтлэг соёлд ч гэсэн суралцах шаардлага үүсэж байна.

Мэдээж Монголд сайн сайхан зүйлс, боломж зөндөө байгаа. Хөдөө орон нутагт гар урлал, жижиг дунд бизнес хөгжүүлээд түүгээрээ амьжиргаагаа дээшлүүлэхээр хичээж байгаа олон хүн бий. Хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж их байгааг би харж байна. Тухайлбал, 30 гаруй сая ямаатай Монгол Улсын хувьд ямааны сүүг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломжтой. Европд ямааны сүүгээр хийсэн бяслаг, цагаан идээ маш өндөр үнэтэй хүнсэнд тоооцогддог бол монголчууд ямаагаа сааж, сүүг нь  боловсруулдаггүй. Гэтэл гэрийн нөхцөлд автомат сүү саагч зэрэг бага зэргийн л технологи нэвтрүүлээд ашиглаж болно шүү дээ. Гадаадын ижил төрлийн технологиудыг оруулж ирээд туршихад болохгүй юмгүй санагддаг.

 

ДАЛАЙД ГАРЦГҮЙ МОНГОЛ ОЛОН ЗҮЙЛЭЭР ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОН

 

-Ингэхэд НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч гэхээр яг ямар үүрэгтэй ажил байдаг юм бэ. Монгол Улсад ирснээс хойш хийсэн ажлуудаас хамгийн хэрэгтэй, үр дүнтэй нэгийг онцлооч гэвэл та юу хэлэх вэ?

-Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч нь НҮБ-ын Суурин зохицуулагчийн албыг давхар хашдаг байсан. Харин 2018 оноос НҮБ-ын системийн шинэчлэлийн хүрээнд Суурин зохицуулагчийг илүү эрх мэдэл бүхий, бие даасан болгон шинээр томилох болсон. Энэ өөрчлөлтийн дагуу би Монголд ажилласан анхны бие даасан суурин зохицуулагч. НҮБ-ын системийн хамгийн өндөр албан тушаалтны хувьд дипломат буюу элчин сайдын төвшинд томилогддог.

Товчхондоо бол, НҮБ-ын Суурин зохицуулагч нь тухайн улсад НҮБ-ын системийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй. Бусад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан,  Хүн амын сан, ДЭМБ зэрэг НҮБ-ын харьяа байгууллагуудыг хамаардаг тэргүүн нар нь Суурин төлөөлөгч нар юм. Миний ажил бол эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангахын сацуу тухайн улс орондоо НҮБ-ын системийг төлөөлөх үүрэгтэй.

-Суугаа орны хувьд НҮБ-ын хамгийн өндөр түвшний албан тушаал гэж ойлгож болох нь ээ?

-Тиймээ. Суурин зохицуулагч нь НҮБ-ын дээрх байгууллагуудын хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц руу орохгүй, харин хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг нэгтгэж, өөр хоорондын уялдааг хангаж, зохицуулж, үр дүнтэй болгох тал дээр анхаарал хандуулдаг. Тиймээс Ерөнхийлөгч, Засгийн газар, Их хурлын түвшинд НҮБ-ын системийг төлөөлж харьцдаг. Энэ хүрээндээ бид өнгөрсөн таван жилийн хугацаанд НҮБ-ын бүх агентлагууд хамтдаа хүчээ нэгтгээд, Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэг үүднээс НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” гэдэг баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд, гурван үндсэн чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, хүний хөгжил ба сайн сайхан байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Үүнд боловсрол, эрүүл мэнд, хүнс, нийгмийн хамгаалал зэрэг салбарууд руу НҮБ-ын агентлагууд өөр өөрсдийн хүчээ нэгтгэж ажиллана. Хоёр дахь салбар бол эдийн засаг ба байгаль орчин гэсэн тэнцвэрийг хангахад чиглэж байгаа. Эдийн засгийн хөгжлийг дэмжихийн хажуугаар илүү тогтвортой хүртээмжтэй ногоон хөгжлийг дэмжихийг зорьж буй хэрэг юм. Гурав дахь нь хүн төвтэй, сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйт ёсыг тогтоох гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа нэгтгэж байгаа.

Миний энд ажилласны хамгийн том үр дүн, гол амжилт гэвэл би НҮБ-д хамтдаа гэдэг соёлыг бий болгож чадсан гэж би боддог. Хамгийн гол нь НҮБ-ын аль ч байгууллагад хүний эрхийн ямар нэгэн зөрчил гарах ёсгүй гэсэн соёлыг бий болгосон. Хүний эрх, хүйсээр ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт гээд бүх төрлийн хүний эрхийн зөрчилгүй хамт олон, соёлыг үлдээж байгаа минь миний нэг бахархал болов уу.

“Нэг НҮБ” соёлыг бий болгож, байгууллага дотроо үнэ цэнийг бий болгоход анхаарсан. Жендэрт суурилсан хүчирхийлэл бол Монгол Улсад нэлээд газар авсан, хүний эрхийн ноцтой зөрчлийн нэг. Тэгвэл өөрсдийн байгууллагаас эхэлж өөрчлөх ёстой гээд хүчирхийллийг үл тэвчих соёлыг бий болгож байна.

-НҮБ ба Монголын харилцаа мөн манай гуравдагч хөршийн гадаад бодлогыг та хэрхэн үздэг вэ?

-Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Ялангуяа энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэйчүүдийн тоогоор нэлээд өндөрт тооцогддог. Монгол цэнхэр дуулгатнууд Өмнөд Судан зэрэг хурцадмал байдалтай улс орнуудад энх тайвныг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Хүн амын тоонд харьцуулахад хамгийн олон энхийг сахиулагч илгээдэг улсын нэгдүгээрт бичигддэг. Мөн ажиллагаанд оролцсон алба хаагчдын талаар бидэнд ирж байгаа мэдээ, мэдээлэл дандаа эерэг байдагт баяртай байдаг.

Монгол Улс бол геопилитикийн нөхцөл байдлын хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улсын дунд далайд гарцгүй, чөлөөт зах зээлд шилжсэн ардчиллыг тууштай дэмжигч орон. Нөгөө талаар социалист тогтолцооноос шилжээд удаагүй, мөн өмнөд хөршийн зүгээс эдийн засгийн хүчтэй нөлөөтэй нөхцөлд ч ардчиллыг тууштай сахиж буйгаараа үлгэр жишээ болж чаддаг. Бүс нутгийн хэмжээнд Монголын дуу хоолой хүчтэй. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн, Олон улсын яриа хэлэлцээрийг урагшлуулахад хувь нэмэр оруулдаг Улаанбаатарын хэлэлцээр зэрэг санаачилгуудаараа Монгол бол бүс нутагтаа манлайлдаг. НҮБ-ын бүх 192 оронтой дипломат харилцаа тогтоосон, энхийг эрхэмлэгч улс учраас гадаад орчинд эерэг нөлөө үзүүлж байгаа гэж хардаг.

- НҮБ-аас Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойг саяхан тэмдэглэсэн.Та Монгол Улсын хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа вэ. Хүний эрхийн тал дээр урагштай байна уу, ухралттай явна уу, бид?

-Өнгөрсөн жил Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 75 жилийн ой тохиосон. Монгол бол чөлөөт эдийн засагтай ардчилсан орон. Далайд гарцгүй, хоёр том гүрний дунд байгаа гэхэд харин ч ардчиллаар өөрсдийгөө тод харуулж, хүний эрхийг хангах чиглэлээр сайн жишээ болсон улс гэж би хэлмээр байна. Ази-Номхон далайн бүс нутагтаа Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг баталсан ганц орон. Мөн Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулж, хүний эрхийн томоохон инстутицээ бэхжүүлсэн гэдгээрээ мөн үлгэр жишээ болдог. Ард иргэд ч хүний эрхийн асуудлаар нэлээд чөлөөтэй, нээлттэй ярилцдаг, үг хэлэх эрх чөлөөний хувьд ч харьцангуй сайн. Мэдээж бүх талаар 100 хувь гэж хэлэхгүй. Хүний эрхийн хэрэгжилтийг улам сайжруулахад илүү их чармайлт гаргах шаардлагатай байгаа. Гэхдээ ерөнхий зургаар нь харахад Монгол дэлхийд хүний эрхийн маш сайн үлгэр жишээ улс гэж хэлмээр байна.

НҮБ-ын хувьд Хүний эрх бол тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг бий болгох үндэс суурь төдийгүй хөгжлийн төв бөгөөд гол цөм нь гэж үздэг. Өнгөрсөн жил тохиосон Хүний эрхийн Түгээмэл тунхаглал (ХЭТТ)-ын 75 жилийн ойд зориулан олон чухал хага хэмжээ, хэлэлцүүлгийг Монгол Улсын шат шатны байгууллагууд зохион байгуулж маш өндөр ач холбогдол өгсөн. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал өнгөрсөн 12 дугаар сард ХЭТТ-ын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулсан. Энэ бүгдийг харахад улс орондоо, бүс нутагтаа хүний эрхийг хангахад сайн жишээ болж байгаа ахиц дэвшлүүдийг хараад би эерэг, өөдрөг бодолтой байгаа.

-Геополитикийн хувьд амаргүй цаг үе байгааг та яриандаа хэд хэд дурдсан. Тэгвэл НҮБ-ыг төлөөлж байгаа хүний хувьд энх тайван, эв нэгдлийг хангахын тулд дэлхий нийтээр юу хийх ёстой гэж та бодож байна?

-Маш эмзэг асуулт байна. Байгалийн гамшиг бол биднээс шалтгаалахгүй, бид нүүр тулахаас өөр аргагүй. Тэгвэл өнөөгийн геополитикийн нөхцөл байдал бол хүний үйл ажиллагаанаас, хүний үл ойлголцлоос болсон асуудлууд. Бид мэдээж энэ талаар энд суугаад ярилаа гээд улс орнуудын шийдвэрийг өөрчилж чадахгүй. Гэхдээ бидэнд байгаа гол зүйл бол бидний дуу хоолой. Ямар ч үед шийдвэр гаргах эрх нь улс орнуудад байгаа. Гэхдээ НҮБ-ын гишүүн орнуудын хувиар тэднийг энх тайвныг тогтоохыг сануулах, дуу хоолойгоо өргөн, тэмцэх л бидний хийж чадах зүйл.

 

МОНГОЛ ХАМТ ОЛНОО ХАМГИЙН ИХЭЭР САНАХ БАЙХ

 

-Ингэхэд таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би өглөө зургаан цагт босдог. Зундаа өглөө эрт алхдаг, бас иог хийдэг. Гэхдээ би ер нь өглөө босоод хамгийн эхэнд имэйлээ шалгадаг. Үүнийг би тийм зөв дадал гэж боддоггүй. Ерөнхийдөө би орой 10 цаг хүртэл дараалсан олон уулзалтуудтай байдаг. Ажлаа хамгийн багадаа долоо хоног, сараар, цаашлаад жилээр төлөвлөдөг болохоор илүү хялбар байдаг. Манай багийнхан надад маш сайн тусалж, дэмждэг. Тэд миний ажилд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлдэг учраас би ажлаа амжилттай хийж байгаа.

Монголд ганцаараа амьдардаг. Гэр бүл минь Нью-Йоркд байгаа. Ганцаараа амьдардаг учир бүх зүйлээ өөрөө л хийдэг. Хоолоо хийж, хувцсаа угааж, хэрэгтэй бүх зүйлсээ өөрөө бэлтгэдэг. Би хэн нэгнээс хамаарах эсвэл бусдад төвөг удахыг боддоггүй учраас өөрийнхөө зүйлийг өөрөө хийх нь амар санагддаг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Иргэний нийгмийнхэн, хүүхдийн эрхийн байгууллага, залуучууд, хүүхдүүдтэй их уулздаг. Тэдэнтай хамт цагийг өнгөрүүлэх дуртай. Хүүхдүүдтэй уулзах үедээ би маш сайхан эерэг энерги авдаг. Хааяа бид сургуулиудад очиж, заримдаа сургуулийн хүүхдүүд манай ажил дээр зочлох жишээтэй. Багш нартай уулзаж, хүүхдүүдийн ирээдүйн төлөө юу хийх ёстой талаар тэдний үгийг сонсоход надад маш сайхан санагддаг. Мөн олон шашны төлөөлөлтэй уулзаж ёс суртахуун, эрүүл мэнд, амар тайван, амьдралын философийн талаар ярилцах дуртай. Чөлөөт цагаараа иог болон бясалгал хийдэг. Би ер нь нэлээн эрч хүчтэй өөдрөг үзэлтэй хүн. Очирваань бурхан намайг ивээдэг гэж итгэдэг. Манай Энэтхэгт 330 төрлийн бурхан байдаг гэж үздэг. Бүх зүйл сайхан болно гэж боддог. Олон зүйл дээр би дандаа сайн сайхан зүйлтэй учирч, ажил үйлс минь сайхан бүтэмжтэй байдаг. Тийм болохоор би өөрийгөө ивээгдсэн хүн гэж хэлээд байгаа юм.

- Улаанбаатарт зорьж очих дуртай газар байдаг уу?

-Надад тэр болгон чөлөөт цаг ихээр гардаггүй. Гэхдээ би заримдаа Хүүхдийн паркт очих дуртай. Хүүхдүүдтэй цаг өнгөрөөх дуртай. Хүүхдүүд ч надтай ярилцах дуртай санагддаг. Бас би байгальд их дуртай. Хөвсгөлд очоод үнэхээр гайхан биширсэн. Надад үнэхээр үзэсгэлэнтэй санагддаг.

-Удахгүй таны үүрэгт алба дуусч, нутаг буцна гэж байсан. Ирээдүйд, танд Монгол гэхээр юу хамгийн их дотно санагдаж үлдэх бол?

-Мэдээж багагүй хугацааг өнгөрүүлсэн учраас маш сайхан дурсамжуудтай буцах байх. Гэхдээ би хүссэн үедээ зочилж ирэх боломжтой учраас тийм ч хэцүү биш болов уу.  Харин би эргэж ирсэн ч одоогийн хамт олонтойгоо, ажиллах боломжгүй. Тийм болохоор хамт олноо л хамгийн ихээр санах байх. Манай баг хамт олон  бие биенээ сайн дэмждэг, зөв бодолтой сайхан хүмүүсээс бүрдсэн. Тэгэхээр сэтгэл зүрхэнд минь үлдэх тэр хүмүүсийг би юу юунаас илүү санах байх. Монгол соёл, монгол хүмүүс, монгол хоолонд би дуртай. Энэ талаар ярьсан чинь одоо буцах гэж байгаа юм шиг санагдчихлаа. Би буцах арай болоогүй, есдүгээр сар хүртэл цаг хугацаа байна шүү дээ. Намайг битгий уйлуулаарай (инээв).

Би Монголд хамгийн сайнаараа ажиллахыг хичээсэн. Миний албан томилолтын хугацаа нэг жилийн өмнө дууссан ч гэсэн өөрийн хүсэлтээр дахин нэг жил Монголд ажиллахаар сунгасан. Тэр хугацаа минь дуусах үед Тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөө төлөвлөсөн ажил минь ч зөв голдрилдоо орох байх. Би Монголд бага биш хугацаанд ажиллаж амьдарсан болохоор аль хэдий нь сэтгэл зүрхэнд минь дотно сайхан сэтгэгдэл үлдчихсэн. Монголоос өмнө би дэлхийн 60 гаруй хотуудад ажиллаж амьдарсан. Гэхдээ Монголд хамгийн удаан буюу таван жил ажиллаж байна. Түүнээс өмнө Хойд Солонгост дөрвөн жил гаран НҮБ-ын Суурин зохицуулагчийн албыг хашсан.

-Та бидний ярилцлага Цагаан сарын баяраар уншигчидтай уулзаж байна. Та сар шинийг хэрхэн тэмдэглэдэгээ манай уншигчдад сонирхуулаач?

Монголчуудын уламжлалт цагаан сар бол маш өргөн дэлгэр утга агуулгатай сайхан баяр. Би цагаан сард их дуртай. Анх ирсэн жилдээ байгууллагынхаа нэгэн ажилтныд зочилж, монголчуудын ахмад буурлуудаа хэрхэн хүндэтгэн золгож, ах дүүс, ураг төрлөөрөө уулзан цугладаг онцлог сайхан баяр гэдгийг нь ойлгосон. Хот суурин газар суурьшсан монголчуудын уламжлалт баяр ёслолоо тэмдэглэж буйг харсан минь сэтгэлд тод үлдсэн. Түүнээс хойш бас хөдөө малчин айлд шинэлж, малчид уламжлалт соёл, ёс заншлаа хэрхэн хойч үедээ өвлүүлэн үлдээж буйг ажиглаж байлаа. Малчдын хувьд цагаан сар бүр ч илүү утга төгөлдөр баяр юм. Тэдний хувьд өвлийг өнтэй давж, урин хавартай золгож буй жинхэнэ баяр. Энэ жил ихэнх нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн байгаа ч малчид маань цаг үеийн хүндрэлийг давах гэж бүгд хичээн зүтгэсэн. Урин дулаан цаг ирж байна. Сайхан жил гарна гэж найдаж байна. Нийт монголчууддаа ирж буй хөх луу жилийн сар шинийг мэндийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 27 (7271)

 

“Жокер”, “Гладиатор” киноны жүжигчдийн амжилтад хүрсэн түүх

Аравдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын энэ үеийн хамгийн гайхалтай жүжигчдийн нэг

1 цаг 21 мин
Эрчим хүчний үнийн өөрчлөлт буюу сонголтгүй сонголт

Хоёр залуу ярьж байна. “Өчигдөр нэмэлт захиалга орж ирээд 84 хос хийх болсон.

1 цаг 21 мин
Эх дэлхийгээ хайрлах “Хоосон таваг” аян эхэллээ

Байгаль, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас үүдэн байгальд ээлтэй хэв маяг дэл

1 цаг 21 мин
“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум доллар алдаад “Трафигура Монгол”-ын Э.Жононбаярыг ажлаас нь чөлөөлжээ

“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум ам.доллар алдсан тухай дуулиан дуусаагүй байна.

1 цаг 21 мин
Бан Ги Мүн: Миний туулсан амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурласан билээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монг

1 цаг 21 мин
Зуун дамжсан дөрвөн үеийн цагдаа

Тэртээх 1866 онд Хүрээний хилийн дээсийг 15 газраар хэмжээлэн “Арван тавны газрыг цагдах

1 цаг 21 мин
Д.Энхлин: Ногоон зээлийг нэмэгдүүлэхэд бодлогын шинэ хөшүүрэг хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг

1 цаг 21 мин
Бан Ги Мүний хэлсэн онцлох эшлэлүүд

Бан Ги Мүний хэлсэн онцлох эшлэлүүд

19 цаг 47 мин
Богд ууланд алхахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Богд ууланд алхахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

19 цаг 54 мин
Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээлээ

Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээлээ

19 цаг 58 мин