Г.Нарантуяа: Хог хаягдлын шийдлийг бага нэгжээс эхлэх нь илүү үр дүнтэй

2024-01-08
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum”  буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Эко сум нийгэм, экологийн  шударга ёсны төлөөх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн Г.Нарантуяаг урилаа. Тус байгууллага нь Булган аймгийн Хишиг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байна.

 

“Хогийг эх үүсвэрээр ангилж хаях хэрэгтэй”

 

Блиц:

Боловсрол

-2006-2009 он: Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр бакалавр.  

-2012-2014 он: Иерусалимын Еврейн их сургуульд Ойрхи дорнод, Ислам судлалаар магистр хамгаалсан.

-2017-2018 он: Парисын Олон улсын харилцаа, стратегийн институтад Төслийн менежментийн ангид суралцсан.

Ажилласан байдал

-2007-2014 он: "Mongolian ways" компанид хөтөч.

-2014-2018 он: "Гоёо трэвл" компанид хөтөч

-2009-2011 он: "Баз Тек" компанид Гадаад харилцааны ажилтан

-2018 оноос "Экосум" ТББ-ын Үүсгэн байгуулагч, Тэргүүн

-Би оюутан байхдаа жуулчдын орчуулагчаар ажилладаг байлаа. Хөдөө орон нутагт эл замбараагүй хог хаягдалтай тааралдах нь элбэг. Байгальд хаясан хогийг хараад жуулчдаас их ичдэг байсан. Тиймдээ ч надад хог хаягдлын асуудлыг шийдэх бодол төрсөн. Дотроо олон зүйл бодоод л яваад байлаа. 2016 онд магистр хамгаалахдаа орон нутгийн хог хаягдлыг менежментийг сайжруулах тухай сэдэв сонгож билээ. Энэ үеэс эхэлж хог хаягдлын талаар бодсон санасан зүйлээ ажил болгож эрчимжүүлсэн. Судалж үзэхэд орон нутагт хог хаягдлын зохицуулалт байдаггүй. Иргэд замбараагүй байдлаар шууд хаядаг. Үүнийг зохицуулахын тулд эх үүсвэрээр нь ангилах хэрэгтэй. Мөн төвлөрлийг сааруулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд 2018 онд ТББ үүсгэн байгуулж төслөө хэрэгжүүлсэн юм. Монгол Улсын нэг онцлог нь аймаг, сум харьцангуй олонтой, суурин газрууд нь хоорондоо хол оршдог. Энэ нь хөндлөнгөөс харахад төвлөрөл багатай юм шиг боловч гарч буй тогтоол шийдвэр нь аймгийн түвшинд гардаг. Үүнээс шалтгаалж хол суурьшсан жижиг нэгжээс төслийн ажлаа эхэлбэл өөрчлөлт хурдан гарна гэж бодсон минь энэ. Том хот сууринаас төслөө эхлэх нь асуудалтай. Учир нь хүн ам ихтэй, хүмүүсийн аж амьдрал өөр. Үүнийг дагаад мэдээлэл хүргэхэд амаргүй байж мэднэ. Анх иргэдэд сургалт явуулсан. Агуулгаа боловсруулахдаа  эхлээд байгаль орчны талаар мэдээлэл өгөхөөр тусгасан. Хог хаягдал хэрхэн байгаль орчинг бохирдуулдаг талаар ойлгуулахыг зорьж ажилласан. Дараа нь байгаль бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг танин мэдүүлсэн юм. Тухайлбал, хуванцар хог хаягдал хүний эрүүл мэндэд хортой байгаа нь судлах явцдаа мэдэж байлаа. Энэ бүгдээс л нөлөөллийн арга хэмжээ үүссэн. Орон нутгийн иргэд  хогоо ангилж хаяна гэдэг нь шинэ дадал зуршил. Тиймээс шууд л хогоо ангилаад хаяхгүй нь тодорхой. Судалгаанд суурилсан гарын авлага бэлдэн тарааж, хогоо ангилж хаях сав бэлдэж өгсөн. Үүнд багагүй хугацаа орсон. Одоог хүртэл үргэлжилж сайжруулж явна даа.

 

Орон нутагт тулгарч байгаа асуудлыг иргэд өөрсдөө шийдэх боломжтой

 

-ТББ-аа нийгэм, иргэдийн шударга ёсны төлөө, оролцоог сайжруулах зорилгоор байгуулж байлаа. Бид орон нутгийн хөгжлийг хэрхэн сайжруулж болохыг эрэлхийлсэн. Тэнд тулгарч байгаа асуудлыг иргэд өөрсдөө шийдэх боломжтой. Энэ зорилгын хүрээнд манай байгууллага гурван төсөл  хэрэгжүүлсэн. Европын холбооны санхүүжилттэйгээр хуванцар хог хаягдлын дахин боловсруулах тогтвортой байдлыг хангах төсөл бий. Мөн эко барилга болон газар тариалангийн төслүүд хэрэгжүүлсэн. Эдгээр төслийн хүрээнд сумын түвшинд хог хаягдлаа зохицуулахыг чухалчилсан. Харин эко барилгын төсөлд сууцны дулаалгыг сайжруулснаар цаг уурын өөрчлөлтөд иргэдийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийг бодсон. Газар тариалангийн төсөл нь өрхийн ногооны аж ахуй болон жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор жимсний цэцэрлэг байгуулсан. Иргэд хоршиж ажиллах хамгийн зүйтэй гэж үздэг учраас хоршооны зохион байгуулалтыг төсөлдөө багтаасан. Бид сумандаа хог хаягдал дахин боловсруулах төв байгуулан ажиллаж байна. Иргэд дахивараа ангилаад төвдөө авч ирж өгнө. Бидний төсөл загвар учраас болох болохгүйг туршиж үздэг. Лааз савыг пресслэх, харин хуванцарыг бутлаад хавтан хийнэ. Дахин боловсруулах машиныг туршиж үзээд сум бүрд заавал байх шаардлагатай  гэж хэлэхгүй. Харин заавал байх ёстой нь пресслэгч машин, дахивар хүлээн авах төв. Суманд анх хог хаях ямар ч ангилал байхгүй байлаа. Энэ асуудлыг шийдэж чадсан. Хөдөөгийн малчин иргэд хүнсээ цуглуулахаар сумын төвд ирэхдээ ангилсан дахивар хаягдлаа өгдөг. Энэ нь байгаль орчиндоо бохирдол үүсгэхгүй гэсэн сэтгэлгээ мөн. Сумын байгаль орчны байцаагч нь  янз бүрийн асуудалтай тулж ажилладаг. Хог хаягдлыг энэ хүмүүс хариуцаж ажиллана гэж иргэд боддог. Энэ мэргэжилтэн хог хаягдалтай ажилладаг хүн биш. Харин байгаль орчны байцаагч Монгол Улсын хог хаягдлын тухай хуулийг мөрдөж,  иргэдэд таниулдаг байх хэрэгтэй.  Тиймээс хог хаягдалтай тулж ажилладаг хүмүүс хэрэгтэй.  Тэднийг сайн сургаж, мэргэшүүлэх шаардлагатай. Иргэдэд мэдээлэл өгөх чадвартай, техник тоног төхөөрөмжтэй ажилладаг байх чухал. Манай төрийн бус байгууллага ашгийн бус нийгэмд үйлчилдэг онцлогтой. Суманд хараат бус, иргэдийн оролцоотой төсөл хэрэгжүүлж байгаа юм. Хэрэв манай хог хаягдлын төсөл хэрэгжээгүй бол Хишиг-Өндөр сум огт хогоо ангилдаггүй, хог цэг нь хуучнаараа байх байсан болов уу. Одоо иргэд хогоо ангилж хаядаг болсон, эл задгай хаях хог багассан байгаа. Мөн хуванцрыг байгальд хаяхгүйгээр хог хаягдлын төвдөө ангилж хаядаг болсон нь сайшаалтай. Аливаа зүйл хоёр талтай. Сайшаалтай талаа дагаад тулгамдаж буй асуудал гарч ирнэ. Гэхдээ бид болохоос нь болохгүй хүртэл явахыг зорьсон. Бүх зүйл тогтолцоо дээр суурилдаг. Сумын түвшинд хууль хэрэгжихгүй, дан ганц бид хичээгээд нэмэргүй. Тогтсон дүрэм, хуульдаа зөв зохицуулалт хэрэгтэй санагддаг. Тухайлбал, өнөөгийн тогтолцоонд гэхэд үйлдвэрлэгч хариуцлага хүлээх, сав баглаа боодлын стандарт байхгүй. Тиймээс бид мянга хичээгээд эх үүсвэрээс гарах хог хаягдлыг бууруулж чадахгүй шүү дээ.

 

“Үйлдвэрлэгч хариуцлага хүлээх, сав баглаа боодлын стандарт байдаггүй”

-Цаашид Хишиг-Өндөрт гарсан эерэг үр дүнг бусад суманд хүргэх зорилго тавьсан. Манайх 100 хувь төгс болохыг хүлээх юм бол хугацаа их орно. Тийм учраас эхний гарсан эерэг үр дүнг бусад суманд хуваалцаж, нэвтрүүлэхийг хичээж байгаа. Бидэнтэй хамтарч ажиллахаар албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн сумууд бий. Ойрын зорилго гэвэл улсаа бүсчлээд баруун, зүүн аймгаар жишиг сумтай болгох. Нэг аймгийн нэг суманд төслөө хэрэгжүүллээ гэхэд тухайн сумаа түшиглээд аймгийн хэмжээнд хог хаягдлаа зохицуулах хэрэгтэй. Аймаг, сум бүрд асуудал бий. Хог хаягдал хаа сайгүй тулгарч байгаа нь үнэн.  Шийдэх гээд төсөвтөө оруулдаг ч үр дүнгүй байна. Энэ нь тогтолцоогоор нь харж чадахгүй байгаатай холбоотой юм. Зохицуулах боломжгүй их хог гарч байгаа энэ үед зөв бодлого  хамгийн чухал. Жижиг ажил хэрэгжүүлээд шийдэгдэхгүй. Тиймээс төр засгийн зөв бодлого, хууль дүрэм дутагдаж байна. Тогтсон нэг хууль дүрэм хэрэгжүүлэхэд мэдээж шууд үр дүн гарахгүй. Өргөс авсан мэт хог хаягдал зохицуулагдахгүй. Сав баглаа боодлын стандарт нэвтрүүллээ гэхэд хугацаа орно. Нарийн төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Шилжилтийн үеийг даван туулах зүйтэй. Иргэн, төр хоёр ямар оролцоотой байхаа төлөвлөх гээд олон шат дамжлагатай.   Одоо үед хүмүүс  мэдлэг, мэдээллийг олон сувгаас авдаг болсон. Мэдэхийг хүссэн зүйлээ судлах боломж дүүрэн. Гэхдээ иргэд зөв мэдээлэл олж авдаг байх ёстой. Бидэнд хэрэгтэй, хэрэггүй олон бараа бүтээгдэхүүн сурталчилдаг. Үүнд автаж хүсээгүй худалдан авалт хийх нь бий. Сэтгэлд нийцсэн сайхан зүйл худалдаж авч байгаа ч улс орондоо хог хаягдал нэмж байгаа гэдгээ ойлгох нь зүйтэй. Жишээлбэл, сав баглаа боодлыг  хог хаягдал болгоод л хаях жишээтэй. Монгол Улсад Хог хаягдлын тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулсан байдаг. Заалтыг нь харахаар үр дүн гарах боломжтой мэт. Харин хэрэгжилт нь асуудалтай. Хуулиараа бол иргэд, аж ахуй нэгж хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилах үүрэгтэй. Яг хуулиа мөрдвөл хогоо ангилаагүй иргэн хариуцлага хүлээнэ. Иргэдээс “Та хуулиараа ийм үүрэгтэй байдаг, мэдэх үү” гэж асуухад ихэвчлэн “Мэдэхгүй” гэдэг. Тиймээс хуулиа таниулах, хэрэгжүүлэх ажил дутмаг байгаа. Мөн хуульд шинээр тусгах заалт бий.

 

Хуванцар нь 1950 оноос өргөн хэрэглээнд нэвтэрч эхэлсэн

 

-Бага байхад худалдаж авсан ус ундааны саваа тодорхой өртгөөр тушаадаг байсан. Энэ тогтолцоог үйлдвэрүүд өөрсдийн ашиг орлого, хямд өртгөө бодоод хуванцрыг савыг түлхүү ашиглах боллоо. Хуучин байсан тогтолцоо зөв байсан нь харагдаж байгаа. Сав, шилийг татан авч дахин ашиглах явцыг үйлдвэрлэгчид хариуцдаг байсан. Харин одоо нэг удаагийн буюу дахин ашиглах боломжгүй материал ашигласаар. Одоо бүр үйлдвэрээс гарсан бол үйлдвэрлэгчдэд хамаагүй болсон. Ингэж хариуцлагаас мултраад үлдэнэ. Энэ нь иргэд болон төр засгийн зохицуулах асуудал болоод үлдэж байгаа юм. Хуванцар нь өргөн хэрэглээнд 1950 оноос нэвтэрч эхэлсэн. Харин 1970 оны эхнээс Америкт том компаниуд нэг удаагийн савлагааг нэвтрүүлсэн байдаг. Энэ нь хүнсний салбарт илүүтэй хөгжсөн. Тухайлбал, энэ үеэс кока кола ундааг шилтэй зардаг байсан бол хуванцар болсон жишээтэй. Магадгүй шилээ эргээд авдаг байсан нь асуудал дагуулсан нь тээвэрлэхэд хол, зардал өндөр гараад байсан  болов уу. Тиймээс хуванцар савыг сонгосон байх. Энэ нь байгальд бохирдол үүсгэхэд хэрэглэгчдэд бурууг өгч байгаа. Хариуцлагатай байсангүй, хогоо хогийн саванд хийсэнгүй гэдэг. Энэ тогтолцоо ашигтай байсан учраас бүхий хүнсний салбарынхан нэг удаагийн баглаа сав ашигласаар иржээ.

 

Хогийн цэгтэй ойролцоо амьдардаг хүмүүс 15-20 жилээр бага насалдаг байна

 

-Хог хаягдал хүний эрүүл мэнд төдийгүй байгальд асар хохирол учруулдаг. Нэг удаагийн хэрэглээний  эд зүйл үйлдвэрлэхийн тулд байгалийн нөөц ашиглаж олборлож, боловсруулж түүхий эд болгож үйлдвэрлээд бүтээгдэхүүн болгож хүмүүс хэрэглээд хаяж байна. Энэ нь байгалийн  нөөцийг үр ашиггүй үрж байгаа тогтолцоо. Хаягдаж буй хуванцар, бусад материалаас химийн хортой нэгдэл ялгарна. Жишээлбэл, хуванцар сав гадаа хаялаа гэхэд наранд халж химийн нэгдэл ялгарна. Энэ нь хэзээ ч байгальд шингэдэггүй материал. Жижиг  хэмжээгээр задарч бичил, нано хуванцар болно. Энэ нь хөрс,  агаарт ихэд сөрөг нөлөө үзүүлж хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хог хаягдлын салбар ч байгальд сөрөг нөлөөтэй. Дэлхийд хог хаягдлаас болоод эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн жишээ багагүй байдаг. Бид хог хаягдал гэхээр эл задгай хаясан гялгар уут, шил, хуванцар савыг төсөөлдөг. Хуванцрын түүхий эдийг үйлдвэрлэхээс эхлээд бүх шатанд бохирдол үүсгэдэг. Хуванцар олборлолтын үйлдвэрүүдийг төсөөлөхөд газрын тос, байгалийн нөөц ашигласан байдаг. Малтмал түлш ашиглаж байгаа учраас өрөмдөх арга ашиглана. Үүний цооногоос агаарт бохирдол үүснэ. Мөн дулааны аргаас бохирдол, химийн нэгдлүүд гарна. Энэ салбарт химийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэгдэж байгаа. Материалын эдийн засгийг бүхэлд нь авч үзвэл 100 мянга гаруй химийн нэгдэл ашиглагдаж байгаа. Эндээс хортой химийн нэгдэл ялгарна. Хуванцар үйлдвэрийн хажууд амьдарч байгаа иргэд хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Хогийн цэгтэй ойролцоо амьдардаг хүмүүс 15-20 жилээр бага насалдаг. Энэ нь ихэвчлэн дэлхийн өмнөд хагас буюу хөгжил буурай, хөгжиж буй оронд тулгарч буй. Тухайлбал, Энэтхэг, Бангладеш зэрэг зүүн өмнөд азийн орнууд багтана. 

 

Тэг хаягдлыг хэрэгжүүлж хог хаягдлын хэмжээгээ 75 хувиар бууруулжээ

 

-Гадны улсуудын сайн жишиг олон бий. Тухайлбал, тэг хаягдлын жишээ байна. Үүний тулд нөөцийг хог хаягдал болгохгүйгээр тойрог эдийн засгийг дэмжих тогтолцоогоор явдаг. Тэг хаягдлын зарчмыг баримтлаад шийдэлд хүрсэн улс орнууд судалгаагаар ажиглагдсан. Энэ зарчмыг олон улсад хамгийн зөв гарц гэж үздэг. Тэг хаягдлыг ярихаар хүмүүс хэзээ ч биелэхгүй гэж үгүйсгэж мэднэ. Нэг талаараа огт хог хаягдалгүй болохгүй. Гэхдээ нөөцийг хог хаягдал болгохгүй, байх зорилго чухал. Өнөөгийн нөхцөлд бид нөөцөө ашиглаад хог болгож хаяж буй шугаман эдийн засагт амьдарч байна. Харин тойрог эдийн засагт шилжихэд нөөцөө эргэлтэд оруулж, байгалийн онгон баялгийн олборлолтыг таслан зогсооно. Тиймдээ ч тэг хаягдал нь гарахаас өмнө урьдчилан сэргийлдэг. Олборлосон нөөцийг үр ашигтай зарцуулах, бүтээгдэхүүн болгохдоо зөв загварчлахаас эхэлнэ. Хамгийн ухаалгаар сэтгэж ажиллах шаардлагатай.Тэг хаягдлыг нэвтрүүлж эерэг үр дүн гарсан улс олон байгаа. Европ болон ази тивд бий. Азийн орнууд тэргүүлж яваа гэдгийг онцолъё. Мөн европын оронд тэг хаягдал европ гэж холбоо байна. Энд Франц, Испани, Итали, Румын тэргүүтэй олон орон багтдаг. Азиас гэвэл Хятад улсыг нэрлэж болно. Цаг уурын өөрчлөлтөөс болоод тэг хаягдлыг нэвтрүүлж хичээж байна. Өмнөд солонгосын бүс нутаг бий. Япон улсын дэлхий дахинд танигдсан жишээ байгаа. Ер нь шатаах зуух эхтэй. Энэ нь тухайн улсын онцлог, хүн амын тоо, газар нутгаас шалтгаалдаг байх. Японы нэгэн хот нь мөн л шатаах зуухтай байсан. иргэд нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй, байгаль орчинд бохирдол үүсгэж байгааг анзаарч эсэргүүцэл илэрхийлсэн. Ингээд байгуулагдаад гурван жил болсон шатаах зуухаа хаалгасан. Тэг хаягдлыг хэрэгжүүлж хог хаягдлын хэмжээгээ 75 хувиар бууруулж чаджээ. Мөн хог хаягдлаа 45 хувиар ангилж хаядаг төвтэй. Оршин суугчид нь тус төвдөө очоод хогоо ангилж хаяж байгаа. Хажууд нь засварлах төвтэй ба дахин ашиглалтыг сайн дэмждэг үлгэр жишээ болж байна.

 

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм холбоотой ажиллах нь зөв шийдэлд хүргэнэ

 

-Манай улстай ижил хөгжиж буй орнууд байгаа. Хог хаягдалдаа дарагдсан Африкийн орнуудад  гялгар уутны хоригийг үр ашигтай, амжилттай хэрэгжүүлж байна. Мөн хилээрээ хуванцар бүтээгдэхүүн оруулахгүйгээр онгоцны буудал дээр шалгадаг улс ч бий. Аливааг болгоё гэвэл улс орны хэмжээ, хөгжил хамаарахгүйгээр  тэг хаягдлын зарчмыг мөрдөж болохоор байна. Манайд  хог хаягдлын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр олон. Ихэвчлэн олон  улсын байгууллагаас санхүүжсэн байдаг. Монголын Засгийн газар хог хаягдалдаа төсөв тусгасан. Үүний хүрээнд бүс нутаг, дүүргүүдэд хогны машин, пресслэгч машин, тоног төхөөрөмж нийлүүлнэ.Эсвэл хогийг булах байдлаар арга хэмжээ авах нь бий. Энэ нь гарч буй хог хаягдлыг шийдэж байна. Харин эх үүсвэр, шалтгаан нь үлдээд байгаа юм.  Өдий болтол төсөл аваад ажил хэрэгжүүлсэн шийдэгдэхгүй байгаа нь нэг аргаа олон дахин ашиглаж байгаатай холбоотой. Үүний арга барилыг өөрчлөх шаардлага үүсэж байна. Бүх зүйл бага нэгжээс эхэлдэг. Бид нийгмийн нэг хэсэг учраас өөрчлөлт биднээс  эхлэх хэрэгтэй. Гэвч хүн хэрэглээгээ хаслаа ч амьдрахын тулд иднэ. Бидэнд өдөр бүр талх барих зав байдаггүй. Тиймээс үйлдвэрлэгч нар сав баглаа боодолдоо зөв материал ашиглах шаардлага үүснэ. Үүнд төр засаг юу хийж болох вэ гэхээр стандарт батлах хэрэгтэй. Байгальд ээлгүй материал ашиглахгүй байхыг зөвлөх хэрэгтэй. Тиймээс төр, хувийн хэвшил, иргэний нийгэм холбоотой ажиллах нь зөв шийдэлд хүргэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин