Э.Батцэцэг: Хуурамч мэдээллийн цаана чухал сэдвийг нуух оролдлого байдаг

2023-12-04
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар  ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг  билээ. Энэ удаагийн зочноор  Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэгийг урьж, ярилцлаа.

 

“ЦАХИМ ОРЧИНД ХҮН БҮР НИЙТЛЭГЧ БОЛСОН”

Блиц:

Тэрбээр 2005 оноос хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлч, редактор, 2020 оноос мэргэшсэн баримт шалгагчаар ажиллаж байна. 2003 онд сэтгүүлч мэргэжлээр бакалавр, 2020 онд бизнес удирдлагын магистр төгссөн.

Мэргэшсэн байдал:

-2020 онд: IFCN-ийн баримт шалгах хэрэглүүр, эх сурвалжийн матриц,

-2021 онд: Taiwan Fact Checking Center-ийн зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын баримт шалгагчдад зориулсан тусгай сургалт,

-2021 онд: OSINT Essentials дижитал хэрэглүүрүүдийг эзэмших сургалт,

-2022 онд: Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөрийн /Third Party Fact-Checking Program/ сургалт,

-2022 онд: Норвегийн Осло хотноо “GlobalFact 9” дэлхийн баримт шалгагчдын форумын хүрээнд зохион байгуулсан “Дижитал хэрэглүүрүүд” сургалт,

-2022 онд: Technology and Social Change төслийн “Media manipulation and disinformation campaigns" сургалт, /Joan Donavan, disinformation researcher /

-2022 онд: Норвеги, Испанийн баримт шалгах төвүүдийн “Олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх нь”, “60+ насныхны дижитал хэрэглээнд тохирсон мэдээлэл хүргэх нь” сургалт,

-2023 онд: БНСУ-д болсон “GlobalFact 10” дэлхийн баримт шалгагчдын форумын хүрээнд “Сонгуулийн үеийн медиа манипуляцыг таних нь”, “AI буюу хиймэл оюун ухааныг хуурамч мэдээлэлд ашиглаж буй чиг хандлага”,

-2023 онд: Verification Handbook - “Баримт шалгах гарын авлага” номын орчуулгын ерөнхий редактораар ажилласан.

-2000 оны эхээр олон улсад баримт шалгах төвүүд ажиллаж эхэлсэн. Улмаар АНУ-ын Poynter академийн дэргэд Олон улсын баримт шалгагчдын сүлжээ /IFCN/ байгуулагдсан юм. IFCN-ээс гаргасан ёс зүйн дүрмийг баримталж, тэгш шударга, нам бус, арга зүйгээ хуваалцдаг, санхүүжилтээ ил тод мэдээлдэг, залруулга хийх бодлоготой байнгын үйл ажиллагаатай зэрэг шаардлагыг хангасан редакц бүхий баримт шалгах төвүүд шалгалтаа өгч баталгаажуулалт авдаг юм. Манай Nest center 2021 онд баримт шалгах үйл ажиллагаагаараа албан ёсны баталгаажуулалт аваад хоёр дахь жилдээ сунгуулаад ажиллаж байна.  Мэргэжлийн редакцууд өдөр тутамд баримт шалгадаг шүү дээ. Сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг редактор, дугаар удирдагч, эрхлэгч гэсэн шатлалаар үзэж, баримтын алдаа гарсан уу, өөр эх сурвалжаас тодруулаагүйгээс төөрөгдүүлсэн ойлголт өгөхөөр байна уу, тохирох зураг бичлэг ашигласан уу гэх мэтийг хянасны эцэст олон нийтэд хүргэдэг. Гэтэл цахим орчинд хүн бүр нийтлэгч байх боломжтой болсон үед энэ баримт шалгах ажиллагаа алдагдан, хуурамч, ташаа мэдээлэл түгсээр байна. Тиймээс цахим хэрэглэгчдэд хуурамч, ташаа мэдээлэл гэж юу вэ, ямар зорилгоор түгээдэг вэ, тэдгээрийг хэрхэн шалгаж, ялгаж таньдаг болох вэ зэрэг мэдээлэл, мэдлэгийг олгох зорилгоор Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв /олон улсад хэрэглэдэг товчилсон нэр Nest center Mongolia/ ТББ-ын дэргэд Монголын баримт шалгах төвийг байгуулсан.

 

“МАНАЙ ТӨВ  ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ҮЗЭГДЭЛТИЙГ БУУРУУЛДАГ, УСТГАДАГГҮЙ”

-Манай төв цахим орчин дахь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах, мэдээллийн манипуляцыг илрүүлэх, мэдээлэх зэрэгт арга зүйн дэмжлэг авах, сүлжээн дэх олон улсын баримт шалгагчидтай нэг түвшинд ажиллах боломжтой болсон юм. Мөн 2022 оны зургадугаар сард IFCN-ий баталгаажуулалттай баримт шалгах төвүүдтэй хамтран ажилладаг Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөрт Монгол болон Казахстан улсад түгэж буй хуурамч, ташаа мэдээллийг бууруулах чиглэлд автоматжуулалт эзэмшиж ажиллах болсон.  Дэлхийн 62 хэлээр, 120 гаруй оронд хэрэгждэг хөтөлбөр юм. Бид Монгол болон Казахстан улсад цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээлэлд баримтын шалгалт хийж, худал, төөрөгдүүлсэн, бүрэн бус зэрэг үнэлгээг өгсөн бол тухайн хаягийн үзэгдэлтийг бууруулж, шэйрлэсэн хэрэглэгч бүрд баримтаар шалгасан бодит зөв мэдээллийн холбоосыг санал болгодог автоматжуулалт эзэмшдэг юм. Энд нэг буруу ойлголт яваад байдаг нь Монголын баримт шалгах төв мэдээллийг нь устгадаг гэх ойлголт. Хэд хэдэн удаа хуурамч мэдээлэл түгээж, тэмдэглэгээ даруулсан хаягуудын үзэгдэлт буурдаг болохоос устгадаггүй. Энэ нь Мета компанийн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангаж буй бодлого юм. Манай улсад Facebook-ийн Олон нийтийн стандартыг зөрчсөн мэдээллийг зөвхөн ХХЗХ-ны ногоон сувгаар дамжуулж устгуулах боломжтой байдаг. Харин Монголын баримт шалгах төвийн эзэмшдэг автоматжуулалт нь ямар нэг сувгаар бус, шууд үйлдлээ гүйцэтгэдэг, гэхдээ устгахгүй.  Үзэгдэлтийг бууруулж, шэйрлэсэн хүн бүрд баримт шалгалтаа уншуулахыг санал болгодгоороо ялгаатай. Мэргэшсэн баримт шалгагч нар технологи ашиглан баримт шалгалт хийж байгаа тул алдаа гаргах нь ховор. Гэхдээ мэдээж, хүн л хийж байгаа үйлдэл тул алдаа гарах боломжтой. Энэ тохиолдолд “Мета”-гийн оролцоо орж ирнэ. Тухайн үнэлгээ зүүлгэсэн мэдээллийг түгээсэн хаягт ирдэг мэдэгдэлд Appeal буюу зарга мэдүүлэх автомат цэс нь нээлттэй байдаг. Тэр цэсээр баримт шалгалтын үр дүнтэй маргах шалтгаан, түгээсэн мэдээллээ үнэн гэдгийг батлах баримт, судалгаа зэргээ явуулж болно. Өнгөрсөн хугацаанд манай баримт шалгалтад 10 гаруй зарга үүсгэсэн боловч бүгд бидний баримт зөв байснаар үнэлгээг өөрчлөхгүйгээр шийдвэрлэгдсэн. Баримт шалгах үйл ажиллагааны явцад хууль хяналт, шүүх, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, эмч нар, бизнес, хувийн хэвшлийнхэнээс эхлээд тухайн нэг үйл явдлын мэдээлэл бол оролцогч иргэн гээд бүхий л эх сурвалжтай холбогдож, өгсөн мэдээллийг нь нотлох баримтын хамт цуглуулдаг. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сангууд, хууль эрх зүйн тогтолцоо, тусгай программууд бүхий платформ зэрэг мэдээллийг нээлттэй байршуулсан эх сурвалжаас хайж, зарим тохиолдолд аль улстай хамааралтай байгаагаас шалтгаалан тухайн улсын баримт шалгагчдаас тусламж авах зэргээр ажилладаг.  Эцэст нь технологийн хэрэглүүрүүдээр бодит байдлыг тогтоох боломжтой. Зураг бичлэгт засвар оруулсан эсэх, ямар эх сурвалжаас анх түгээсэн, өөрчлөлт хийсэн, устгасан, хоорондын холбоо хамаарал ямар байгаа, яаж түгээсэн зэргийг нягтлах хэрэглүүрүүдийг тусгай эрхээр эзэмшдэг.  Харин бидний баримт шалгалтын дүгнэлтэд хөндлөнгийн байгууллага, албан тушаалтан нөлөөлөх боломжгүй. Монголоос анх удаа IFCN-ий баталгаажуулалт авч, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, хуурамч ташаа мэдээллээр нийгмийн сэтгэл зүйг залуурдах оролдлогуудыг илрүүлж, мэдээлэх зэргээр нийгмийн чухал хэсэгт үйл ажиллагаа явуулж байна. Бидний үйл ажиллагааны үр дүнд иргэд хуурамч мэдээлэл, дуулиан шуугиан дундаас бодит мэдээлэл, учир шалтгааныг нь таньж мэддэг болох нь чухал байна. Ингэж чанартай, зөв мэдээлэлтэй хүн оновчтой шийдвэр гаргана, амьдралын чанар нь дээшилнэ. Энэ чухал зорилго, үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа хүмүүс хэн нэг албан тушаалтны нөлөөлөлд автаж, нэг талд ажиллах боломжгүй. Хэрэв аль нэг улстөрч, аль нэг намын хүчинд автаад ч юм уу хүссэнээр нь ажиллаад эхэлбэл IFCN-ий баталгаажуулалт байхгүй болно, дагаад тусгай эрхээр эзэмшдэг технологи, харилцаа холбоо, Монголд олгогдсон энэ боломж бүгд үгүй болно. Монгол Улсад ганцхан байгаа энэ ажиллагааг хамгаалж, олон нийтийн төлөөх зорилгоо хэрэгжүүлэх нь чухал гэдгээ ойлгуулж ажиллаж байна. Харин тролл хаяг, медиа манипуляц хийдэг багийн гишүүд хуурамч хаягаараа бидний үйл ажиллагааг харлуулах гэсэн оролдлого гарсаар байна. Олон улсад ч энэ үзэгдэл түгээмэл илэрдэг, IFCN-ий бүтцэд баримт шалгагчдыг хамгаалдаг хэлтэс хүртэл ажилладаг.

 

“АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ БҮДГЭРҮҮЛЭХ ОРОЛДЛОГУУД ХИЙДЭГ”

 

-Цахим орчинд хэрэглэгчдийн мэдээлэлд хандах хандлагаар бид хэд хэдэн бичил судалгаа хийсээр ирсэн. Одоо үндэсний хэмжээний том судалгаа эхлүүлээд явж байна. Өмнөх судалгаануудад оролцсон бүх хэрэглэгч 1-3 хоногт хуурамч мэдээлэлтэй таардаг гэж хариулж байсан. Мөн бидний хэрэглэдэг хяналтын хэрэглүүрүүдэд Монгол, Казахстан улсад түгэж буй өндөр хандалттай хуурамч, ташаа байж болзошгүй мэдээллүүдийг үзүүлж байдаг. Тэндээс баримтаар шалгах боломжтой мэдээллүүдийг авч шалгадаг юм. Ямар нэг онц байдал зарлаагүй, жагсаал цуглаан, цар тахал болоогүй, улс төрийн амьдрал харьцангуй тайван үед хоёр төрлийн хуурамч мэдээлэл байнга явдаг. Нэг нь цахим залилангийн санаархалтай, нөгөө нь батлагдаагүй эрүүл мэндийн зөвлөгөөнүүд байдаг. Хуурамч мэдээллийг түгээж буй хэлбэр, зорилгоор нь гурван төрөлд хуваан үзэж, түүнтэй тэмцэх арга хэлбэр нь өөр байдаг. Misinformation буюу ташаа мэдээлэл нь андуурч ташаарсан, эсвэл түгээж буй этгээд нь хуурамч болохыг мэдэхгүй, үнэн гэж итгэж хуваалцдаг мэдээллүүд байдаг. Үүнийг олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлж, хуурамч болохыг таньж мэдэх аргыг зааж өгөхөд аяндаа буурдаг. Харин disinformation /хуурамч/ болон malinformation /дэгсдүүлсэн/ мэдээлэл нь зорилготойгоор зохиож, зохион байгуулалттай түгээж байдаг хуурамч мэдээллүүд юм. Үүнийг технологийн аргаар илрүүлж, олон нийтэд хуваалцаж танин мэдүүлэх замаар хор уршгийг бууруулахаар ажиллаж байна.  Олон шалтгаанаар хуурамч мэдээлэл түгээж байгаа нь судалгаа, технологийн ажиллагааны явцад тодорхой болсоор байна. Тэдгээрийг ерөнхийд нь нэгтгэвэл арилжааны болон улс төрийн зорилготой гэж ангилж болохоор байна. Цахим залилангийн гэмт хэргийн өсөлт, баталгаагүй бүтээгдэхүүнээс харшилсан, хордсон зэрэг үзэгдэл бол арилжааны зорилготой хуурамч мэдээллийн уршиг. Улстөрчдийн сурталчилгаа, бодлого шийдвэрийн талаар шүүмжилсэн, дэмжсэн зэргээр зөвхөн нэг талын байр суурь барьсан мэдээллүүд, авлига, албан тушаалын хэргийг бүдгэрүүлэх оролдлогууд гээд бүгд хуурамч мэдээллийн “ачаар” олон нийтэд хүрч, нийгмийн сэтгэл зүйг удирдаж байна.

 

“ХУУРАМЧ МЭДЭЭЛЛҮҮД НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ БАЙНА”

 

-Өнгөрсөн хугацаанд 800 орчим мэдээлэлд баримтын шалгалт хийснээс хоёр хүрэхгүй хувь нь редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагуудаас түгээсэн мэдээлэл, бусад нь хувь хүн, байгууллагын болон хуурамч хаягуудаас түгээсэн байна. Nest center хуурамч мэдээллийг бууруулахаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагыг тогтвортой бизнес загвараар хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Эдийн засгийн хувьд хараат биш болсон редакцууд олон нийтийн төлөөх үйл ажиллагааг явуулах боломжтой. Төрийн байгууллага, албан тушаалтан, бизнесийнхний мөнгөн дээр тогтдог бол тэдний л захиалсан “дууг дуулна” шүү дээ. Тиймээс хуурамч мэдээлэл, медиа манипуляц хүчэй өрнөж буй энэ үед олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө редакцуудыг чадавхжуулж, мэргэшсэн, ёс зүйтэй сэтгүүлчдэд итгэдэг, дуулиан шуугиан дагаж хуйлардаггүй, бодит баримттай мэдээлэлд үндэслэн зөв шийдвэр гаргадаг иргэдийг илүү олон болгох зорилготойгоор ажиллаж байна. Хуурамч, ташаа мэдээлэл бүтээгч, түгээгч этгээдүүд сэтгүүлчдийн нэр хүндийг унагаж, улмаар олон нийтийг ямар ч мэдээлэлд итгэх итгэлгүй болгодог. Тиймээс хуурамч мэдээлэл түгээгчдийг ялгаж, мэргэжлийн сэтгүүл зүйн нэр хүндийг өсгөх шаардлагатай нэн чухал цаг үе ирээд байна. Сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын экспертүүдийн сургалтад хамруулах, тэтгэлэг олгох зэргээр ажиллаж байна. Гурав дахь жилдээ л үйл ажиллагаа явуулж байгаа тул харьцангуй бага хүрээнд хүрч байна, гэхдээ зөв зорилгод нэгдэх сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид улам олширно гэдэгт итгэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)

 

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

13 цаг 11 мин
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь удаалжээ

Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ

13 цаг 50 мин
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

14 цаг 29 мин
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

14 цаг 33 мин
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

20 цаг 51 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

20 цаг 56 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

21 цаг 1 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

21 цаг 6 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

21 цаг 11 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

21 цаг 16 мин