Д.Долгор: Эрчим хүчний салбар хүний нөөцийн дутагдалд орсон

2023-10-23
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгорыг урьж, ярилцлаа.

 

Тарифаас үүдсэн алдагдал эрчим хүчний салбарт нүүрлэсэн

 

Эрчим хүчний салбарт тулгамдаж буй олон асуудал бий. Тоног төхөөрөмж хуучирсан, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөл алдагдсан, хүний нөөцийн хомсдол үүссэн, цалин өрсөлдөхүйц хэмжээнд биш, ажилчдын нийгмийн асуудал орхигдоод удаж буй. Тэгвэл эдгээр асуудлуудын суурь шалтгаан нь үнэ тарифын алдагдалтай холбоотой. Тодруулбал, эрчим хүчийг үйлдвэрлэсэн үнээсээ хямдаар хэрэглэгчид нийлүүлдэг. Үүнээс үүдэж тарифаас үүдсэн алдагдал эрчим хүчний салбарт нүүрлэсэн. Үргэлж алдагдалтай ажиллаж буй учир тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхгүй удсан. Тодруулбал, үндсэн тоноглолууд нь 40-60 жилийн насжилттай. Дулааны цахилгаан станцууд 51 зуухтай. Эдгээрийн 82 хувь нь 1969-1988 онд ашиглалтад орсон байдаг. Харин нийт 32 турбины 68 хувь нь 23-46 жилийн настай. Өндөр насжилттай эдгээр төхөөрөмжүүд зогсох нь элбэг. Өнгөрсөн өвөл эрчим хүчний үндсэн тоноглол 461 удаа зогссон.

Олон жилийн насжилттай хуучирсан тоног төхөөрөмжийн элэгдлээс үүдэж үйлдвэрлэлийн орчин дуу чимээ, тоос шороо ихтэй. Мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй. Хэт хуучин тоноглолын улмаас аваар саатал гарах нь ихсэж ажилчдын ачаалал нэмэгдсэн. Гэмтлийг засварлахаар ажилчид өдөр, шөнөгүй ажилладаг. Гэтэл хэмнэлтийн хуулиас шалтгаалан нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг акт зөрчилд тооцож, цалин нэмдэггүй. Үргэлж алдагдалтай ажилладаг учир техник тоног төхөөрөмжийг шинэчилдэггүй. Шаардлагатай засвар үйлчилгээг ч хийж чадахгүйд хүрээд байна. Эрчим хүчний салбарын үнэ тарифыг төрөөс бодлогоор барьдаг. Тэгвэл хэвийн ажиллахад нь бодлого шийдвэрээрээ дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байна.

 

60 хувь нь цалин багатай учраас ажлаас гарсан

 

-Манай салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 880 мянган төгрөг. Өнгөрсөн жил эрчим хүчний ажилчдын дундаж цалин 1.9 сая төгрөг байсан. Манай холбооноос хоёр удаагийн акц, тэмцэл хийсэн. Ингэснээр эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлж улмаар ажилтнуудын цалинг хэлэлцээрийн хүрээнд нэмэгдүүлсэн. Ингэхдээ дундаж цалинг хоёр сая 268.4 мянган төгрөг болгосон. Гэтэл Монгол Улсын дундаж цалин нэг сая 890 мянга байна. Нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд аюулгүй ажиллагааны дүрэм болоод техник ашиглалтын дүрмийг нарийн чанд мөрдөн ажиллаж буй хүн улсын дунджаас ялгаагүй цалин авахаар хэн ажиллахыг хүсэх вэ дээ. Мэргэжилдээ хайртай, салбартаа ажиллах сонирхолтой цөөн хүн л үлдэж байна. Хуучин бол манай салбарт ажиллах сонирхолтой хүмүүсийн анкет өрөөстэй байсан гэдэг. Одоо ажлын байр зарласан ч орох хүн ховор байна. Тухайлбал, төрийн өмчит эрчим хүчний компаниудад 12 мянган хүн ажилладаг. 2021 онд ажиллагсдын 10 хувь, 2022 онд 18 хувь, 2023 оны хагас жилийн байдлаар 16 хувь нь ажлаас гарчээ. Эдгээр хүмүүсийн 60 хувь нь өөрийн хүсэлтээр буюу цалин бага гэдэг шалтгаанаар гарсан байгаа юм. Үүнээс үүдэж манай салбарт хүний нөөцийн дутагдал үүссэн. Эрчим хүч бол нарийн мэргэжлийн хүмүүс ажилладаг салбар. Гэтэл хүмүүсээ өндөр цалинтай ажилд алдаж байна. Мөн техник технологийн хувьд ашиглалтын нормт хугацаа нь хэтэрсэн, аюултай нөхцөлд ажиллаж байгаа нь ажилчид гарах нэг шалтгаан болж байна.

Уул уурхай болон эрчим хүчний салбар бол манай улсын үндэсний аюулгүй байдал, бие даасан байдлыг хангах стратегийн чухал ач холбогдол бүхий салбар.  Гэвч манай салбарын цалин уул уурхайн цалингаас бага байсаар ирсэн. Сүүлийн 10 жилд уул уурхайн салбар цалингаа үе шаттай өсгөж ирсэн бол эрчим хүчний салбар үнэ тарифтай холбоотойгоор нэмж чаддаггүй. Тэгэхээр уул уурхайн өндөр цалинтай ажил руу шилжих нь элбэг байна. Тухайлбал, 2014 оны дундаж цалингаас хойш өсөлтийг авч үзэхэд уул уурхайн салбарын цалингийн өсөлт эрчим хүчний салбараас 2.8 дахин өндөр байна.  Хөрөнгө оруулалт хийдэггүй, чадлын дутагдалтай салбар мэргэжлийн боловсон хүчнээ алдах нь аюул юм. Гэмтэл саатал гарахад цаг алдалгүй засварлах хүн хүчгүй болно. Цаашлаад аваар, саатал гарах эрсдэл нэмэгдэнэ.

Нөгөө талаасаа мэргэжлийн ур чадвартай ажилчдаа алдаж шинэ хүмүүс авах нь ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлнө. Тиймээс ажилчдын цалинг нэмэх тал дээр анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн сард манай холбооноос эрчим хүчний салбарын асуудлуудыг шийдэх зорилгоор “Тэвчээрийн тог тасарлаа” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Ингэхэд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын захиргаа удирдлагын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ нар болон эрчим хүчний 40 байгууллагын 250 гаруй хүн асуудал гарц гаргалгаагаа хэлэлцсэн. Бид зөвлөгөөнөөс гарсан санал шаардлагуудаа төрөлжүүлж төрийн байгууллагуудад хүргэж, холбогдох уулзалтуудыг хийж байна. Уулзалтын үр дүн эхнээсээ гарч байна. Ямар ч байсан энэ сард багтаан цалинг тодорхой хувиар нэмэхээр болсон. Сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар цалин нэмэх тухай санал оруулсан. Цалин нэмэхэд энэ жил 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай. Ингэхийн тулд тоног төхөөрөмж засварлах төслүүдийг зогсоож цалин руу шилжүүлэх эсвэл эрчим хүчний салбарт хөнгөлөлттэй зээлээр цалингийн эх үүсвэрийг шийдэж болно. Мөн үнэ тарифтай холбоотой төрийн бодлогыг хүлээх арга зам бий.

 

Ажилчдын нийгмийн асуудлыг орхигдуулж байна

 

-Эрчим хүчний салбар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсээр ирсэн. Харин сүүлийн дөрвөн жил ажилчдынхаа нийгмийн асуудлыг орхигдуулсан. Тодруулбал, орон сууцны асуудал шийдэх зардал сүүлийн дөрвөн жилд 6.3 дахин буурсан. Харин нийгмийн асуудлаа шийдүүлсэн хүний тоо 5.8 дахин буурсан. Нэг үгээр манай салбарын ажиллагсдын нийгмийн асуудлыг бүр мөсөн орхигдуулах боллоо. Ажилтан нэг л удаа нийгмийн асуудлаа шийдүүлдэг шүү дээ. 2019 онд 5.7 тэрбум төгрөгөөр 333 ажилтны нийгмийн асуудлыг шийдэж орон сууцанд хамруулж байсан. Цар тахал гарснаас хойш буюу хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээр энэ ажил зогсонги байдалд орсон. Тухайлбал, 2022 онд 879 сая төгрөгөөр 59 хүнийг орон сууцанд хамруулсан. Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хэлэлцээр гэж бий. Хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний салбар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл Үндэсний аудитын газар болон гэрээт аудитын газраас хэмнэлтийн хуультай холбоотойгоор шагнал урамшуулал, илүү цагийг нь хасдаг. Мөн алдагдалтай ажиллаж байгаа учир нийгмийн асуудлыг шийдэх зардалд ч акт тавьдаг. Бага цалинтай ч гэсэн нийгмийн асуудлаа шийдүүлнэ гэсэн хүлээлттэй байсан хүмүүс тэсэхээ больж ажлаасаа гарч эхэлсэн. Ажилчдаа авч үлдэх нэг арга бол ажилчдыг орон сууцаар хангах юм. Ямар гарц гаргалгаа байгаа талаар бид судалсан. Тухайлбал, ипотекийн зээлд хамруулж болно. Орон сууцны урьдчилгаа төлбөргүй ажилчдыг зээлийн батлан даалтын сангаас гаргах боломжтой эсэхийг судалж байна. Урьдчилгаатай ажилчдыг нэгдсэн журмаар орон сууцанд хамруулж, банкуудтай хамтран ажиллаж зээл олгуулах боломж бий. Орон сууцнаас гадна цалингийн зээлийн хүүг бууруулах боломжтойг салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ч судалсан. Тиймээс төр болон үйлдвэрчний эвлэл хамтарч ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй.

 

Хамтын гэрээгээр тохирсон асуудлыг гуравдагч этгээд зогсоож байгаа нь буруу

 

Монгол Улсын үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг 1991 онд баталсан байдаг. Тус хуулиар олгосон нэг эрх нь хамтын гэрээ хэлэлцээр хийх юм. Тэгвэл хамтын гэрээ хэлэлцээрээр тохирсон асуудлыг гуравдагч этгээд орж ирж зогсоогоод байгаа нь буруу юм.

Үндэсний аудит тухайн байгууллагын соёл, хамт олны тогтсон уламжлалт зан үйл бүхий харилцааг хориглодог. Нийгмийн асуудал шийдэх, цалин мөнгө, техник технологи, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн үзлэг, хамт олны арга хэмжээнүүд хэрэгжихгүй байгаа асуудлаар Хэмнэлтийн хуультай холбоотой олон асуудлууд зөвлөгөөнөөр яригдсан. Мэдээж Хэмнэлтийн хууль үр дүнтэй арга хэмжээ болсон уу гэвэл олон сайн эерэг үр нөлөөг авчирсан. Гэхдээ ажилтан хүний цалин, хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн орчин нөхцөлийг сайжруулах, сургалт, ур чадвар олгох, мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр үнэхээрийн ярвигтай асуудлыг үүсгэж байгаа. Хэмнэлтийн хууль доторх зөрчилтэй заалтууд ч байгаагаа Хэмнэлтийн хууль болон бусад хуулийн эрх зүйн чадамж, хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн актуудын үйлчлэх эрэмбэ чадлын асуудал, энэ талаарх ойлголт мэдлэг гээд олон асуудлыг манай салбар хөндөж байна. Хуулийн зорилго бол ажилтны цалин мөнгийг хасах, орчин нөхцөлийг дордуулж, эрсдэлтэй ажлын байр бий болгох биш учраас хуулийг хэрэгжүүлж буй субъектууд болон хуулийн харилцан үйлчлэлд оролцож буй хуулийн этгээдүүдийн харилцан ойлголцол хамтын ажиллагаа туйлын ач холбогдолтой юм. Энэ хүрээнд ч зохих албан тушаалтан, байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)

 

АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

11 цаг 56 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

13 цаг 4 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

13 цаг 7 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

13 цаг 12 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

13 цаг 17 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2024-04-26
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2024-04-26
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2024-04-26
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

2024-04-26