А.Дамдинцэрэн: Зам дагуух үйлчилгээний салбарт хамтран ажиллахыг уриалж байна

2023-10-11
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

"Зууны мэдээ" сонин нь Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд салбарын хөгжил хийгээд төр, хувийн хэвшлийн түншлэл, төрөөс салбарт баримталж байгаа бодлого шийдвэр, хамтын ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэн хүргэх юм. Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.Дамдинцэрэнг урилаа.

-Зам дагуу үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал нь юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Энэ бол үйлчилгээний салбар. Цаг хугацаа өнгөрөх хэрээр аливаа зүйл хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Гэтэл зам дагуух үйлчилгээний салбар өнгөрсөн хугацаанд төдийлөн хөгжөөгүй. Үүнийг хүмүүс үгүйсгэхгүй байх. Учир нь үйлчилгээний салбарт гадны бизнес орж ирэх үед нэгэнт хөгжиж чадаагүй салбар учраас шахагдах магадлал  нэлээд байдаг.

Үнэн хэрэгтээ энэ бол эрүүл зарчим. Тэгэхээр бид шахагдаад дуусах уу. Илүү хөгжиж шинэчлэгдэх үү гэдэг сонголтыг хийх цаг үе ирээд байна. Тэр дундаа зам дагуух үйлчилгээний салбар гэр буудал, гуанзны үйлчилгээ үзүүлсэн хэвээр байвал ойрын жилүүдэд зах зээлээс шахагдах магадлал тун өндөр байна.

Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд 1990 оны үйлчилгээг 2023 оны түвшинд хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Үүний тулд эхний ээлжинд юу хийх ёстой вэ.?

-Зам дагуух үйлчилгээ гэдэг нь хувь хүн болоод аж ахуйн нэгж ашиг орлого олохын төлөө ажиллах бизнесийн орчин л доо. Тэгэхээр энэ салбарт ажиллахаар төлөвлөж байгаа компаниудад эхний ээлжинд хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болж байна. Учир нь орчин цагийн үйлчилгээ үзүүлдэг салбар байхын тулд жишигт нь нийцсэн бүтээн байгуулалт, үйлчилгээг үзүүлэх ёстой. Үүний тулд чамгүй хөрөнгө оруулалт шаардагдана. Тухайлбал, хүмүүсийн хэлдгээр дундаж түвшний цогцолбор байгуулахад тэрбум хол давсан төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болж байна. Гэтэл энэ хэмжээний хөрөнгийг шууд гаргаад хийх боломж хомс. Бизнес эрхэлдэг байлаа ч бэлэн мөнгө хадгалаад байж байхгүй. Аль болох эргэлтэд оруулж өсгөхийг илүүд үзнэ шүү дээ.

Яг одоогийн байдлаар зам дагуух үйлчилгээний салбарт төрийн бодлогоор дэмжсэн нүдэнд үзэгдэж, гарт харагдах бодит зүйл алга. Алсын хараа 2050 хөгжлийн хөтөлбөрийн бүсийн хөгжил хэсэг, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэдий ч бодитой дэмжлэг одоогоор хомс байна. Бодит дэмжлэг, цаасан дээр бичиж үлдээх хоёр ялгаатай л даа.

Зам дагуух үйлчилгээний салбар бол орхигдсон гэдгийг гадны орны иргэд төдийгүй манай улсын иргэд ч зорчиж байхдаа үйлчилгээг нь мэдэрч байгаа. Сүүлийн жилүүдээс л азаарч эхэлж байна шүү дээ. Энэ хүрээнд зөвхөн бизнесийнхэн ажиллахаас илүү төрийн бодлогын дэмжлэг, оролцоо чухал байгааг хэлэх нь зүйтэй байх. Учир нь зам дагуу үйлчилгээ эрхлэхийн тулд орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас газрын зөвшөөрөл авахаас эхлээд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил нь үндсэндээ төрийн дэмжлэгээр бүтэх учиртай юм. Хэдийгээр зам дагуух үйлчилгээний салбарт шинэчлэл хийх эхлэл тавигдаж байгаа ч газрын асуудлыг шийдвэрлээгүй. Мөн цэг хоорондын зайг баримтлах, шинэ замын дагуух төслийг дэмжих хамгаалах талаар эцэслэгдэж шийдэгдээгүй хэвээр байна. Мөн түүнчлэн эдийн засгийн үр ашиггүй газарт үйлчилгээний байгууламж байгуулах шийдвэр гаргасан гэх мэтчилэн эргэж харах, эцэслэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлууд бас бий.

Алдаа, оноотой ч зам дагуух үйлчилгээний салбарт хөгжих, шинэчлэл хийх боломж бүрдэж байгаа нь сайшаалтай.

Энэхүү төслийг зөвхөн хэдэн компанийн ашиг бизнес гэж харахаас илүү нийт Монгол улсад ирэх гадны иргэдэд нүүр царай, ард иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж, зам дагуух дэд бүтцийг ашиглан сум суурингийн иргэд, мал аж ахуйд нь ундны усны хэрэгцээг хангах, боловсон 00, дүшээр үйлчлэх, өргөн хэрэглээний барааг, малын эм тэжээл, бараа бүтээгдэхүүнийг ойроос авах зэрэг нийгмийн олон хэрэгцээг давхар шийдсэн хүн рүү чиглэсэн онцлогтой төсөл юм. Тиймдээ ч тогтвортой хөгжлийн 17 зорилтын 9 зорилтыг шууд хангаж буй маш чухал онцлогтой төсөл юм.

-Төрийн бодлогын дэмжлэг гэж юуг хэлээд байна вэ?

-Нэгдүгээрт, орон нутагт газрын асуудал хүндрэл учруулдаг. Үүнийг төрийн байгууллагууд нь хоорондын уялдаа холбоотой ажиллаад бодлого шийдвэрээ дагаж мөрддөг бол асуудал үүсэхгүй. Учир нь салбарын яамнаас тухайн орон нутгийн удирдлага руу дэмжиж ажиллах, газар олгох тухай албан бичиг хүргүүлэхэд түүнийг нь ойшоож үздэггүй юм билээ.

Хоёрдугаарт, санхүүжилтийн асуудалд тодорхой бодлогын дэмжлэгийг бодитоор үзүүлэх шаардлага бий. Гэтэл энэ нь бас л бэрхшээл дагуулна. Хэний лобби явсан бэ. Цаана нь хэн байна гэх мэтээр хардана. Үнэн хэрэгтээ зам дагуух үйлчилгээ ч биш манай улсын бүхий л салбарт хөгжих боломжийг нь боомилдог хүнд суртал, үл ойлголцол, хардалт хэрээс хэтэрсэн нь зарим талаараа төрийнхөнд ч биш бизнесийнхэнд ч хүндрэл учруулж байна л даа. Зүй нь тухайн бизнес саадгүй ажиллах нь ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтмол орлоготой өрхийг бүтээхэд дөхөм, зөв алхам нь гэж ойлгох хэрэгтэй. Үүний нэгэн адилаар зам дагуух үйлчилгээний салбар хөгжихөөр орон нутагт тогтвортой ажлын байр бий болно. Түүнийг дагаад орчин цагийн хөгжил ч мөн тухайн нутаг оронд ирнэ шүү дээ.

-Энэ салбарт бизнес эрхлэхэд чамгүй хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Санхүүжилт босгох ямар боломж байна вэ?

-Бодит байдал дээр гадныхны хувьд монголчуудад итгэх итгэл эрс багассан байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь төлөвлөлт, бизнесийн орчин тодорхой бус, менежмент муутай байдал гэж хардаг. Өөрөөр хэлбэл, тодорхойгүй байдал их байгаа учраас хувийн тоглолтоор ашиг олох, хувьдаа завших зэргээр бизнесийн зарчмыг алдагдуулдаг. Тэгэхээр манай нөхцөлд бизнесийн орчныг маш тодорхой байлгах шаардлагатай. Үүний дараагаар гадны хөрөнгө оруулалт орж ирэх эсэх асуудлын талаар ярилцах хэрэгтэй болов уу.

Бизнес учраас арилжааны банкнаас зээл авах боломжтой. Гэхдээ банкны шаардлага хангахгүй байх нь элбэг. Нөгөөтэйгүүр энэ салбарын бизнесийг ногоон зээлд хамруулах боломж бий. Гэсэн хэдий ч өнөөх л шалгуур дээр гацдаг. Ялангуяа цар тахлын нөлөөгөөр бизнесийн орчин тун хүнд байдалд орсон. Тиймээс банкны шаардлагыг хангана гэдэг аль ч салбарт тулгамдсан асуудал болж байна. Мөн бид зөвхөн гадны хөрөнгө оруулагчид гэлтгүй дотоодын тухайн орон нутгийн бизнес эрхлэгчидтэй бүх талаараа хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

-Ямартай ч зам дагуух үйлчилгээ орчин үеийн, стандарт шаардлага хангасан байх учиртайг хүмүүс мэддэг болсон. Тэгэхээр төрийн дэмжлэг аль шатанд нь хамгийн их хэрэг болж байна вэ. Бусад орны жишиг ямар байдаг бол?

-Бусад орны тухайд энэ салбараа хөгжүүлэхдээ аль цэгүүдийг газрын бэлэн байлгах, дэд бүтцийн асуудлыг нь төрийн бодлогоор шийдвэрлэдэг юм билээ. Тухайлбал, Япон, Америк, Герман, Солонгос, Хятад гээд бидний хамгийн сайн мэддэг орнуудын зам дагуух үйлчилгээний дэд бүтцийг улсаас шийдвэрлэж өгсөн байдаг.  Өөрөөр хэлбэл, тухайн үйлчилгээний байгууллагад шаардлагатай зам, барилга байгууламж, цэвэр бохирын шугам, боловсон 00-ын асуудлыг төрийн байгууллагаас шийдвэрлэсэн байна лээ. Тэнд бизнесийнхэн менежментийн гэрээгээр арчилгаа, үйлчилгээг чанар, стандартад нийцсэн байдлаар үзүүлэх үүрэг хүлээж гэрээний хүрээнд хамтран ажилладаг.

Манай улсын хувьд зам дагуух үйлчилгээний салбарт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Одоогоор хэд хэдэн зам дагуух үйлчилгээний цэгүүдийг манай гишүүн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлэн ашиглалтанд оруулж эхлээд байгаа. Мэдээж дэд бүтцээ өөрсдөө бүрэн хариуцаж хийсэн сайн жишиг газрууд хэд хэд байна. Тэдгээр тэргүүн туршлага дээрээ тулгуурлан дараа дараагийн үйлчилгээний төвийг нээж ажиллах гэж буй аж ахуй нэгжүүд маань суралцан алдаа бага гаргаж ажиллаж чадаж байна.

Хэрэв энэ салбарыг олон улсын жишигт хүргэж хөгжүүлнэ гэвэл төр бодлогын дэмжлэг үзүүлж бусад орны жишгийг нутагшуулах учиртай. Учир нь энэ салбарт цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж зах зээлийн өрсөлдөөнд оролцоно гэхэд санхүүгийн хувьд багагүй хүндрэлийг туулна. Чамгүй хугацаа ч шаардана.

-Зам дагуух үйлчилгээний цогцолбор ажиллуулна гэдэг олон сорилтыг давах “тоглоом” гэж болох нь ээ. Тэгвэл үүнийг хөнгөвчлөх ямар арга зам байна. Яагаад гэвэл, энэ салбарыг зайлшгүй хөгжүүлэх шаардлага бий л дээ?

-Нэгдүгээрт зардал бууруулж үйлчилгээг сайжруулах нь маш чухал. Учир нь Монгол улс жилийн дөрвөн улиралтай. Замын дагуух үйлчилгээний төвүүдэд хавар намар, өвлийн улиралд урсгал зардал нь гол толгойны өвчин болдог. Хэрэв бид нэгдмэл зохион байгуулалтанд орж чадвал үйлчилгээний төв тус бүр бараа татах гэж Улаанбаатар, аймаг сумын төв орох шаардлагагүй. Нэгдсэн тээвэр ложистикоор тухайн маршрутад байгаа айлын захиалгат барааг нэг тээврийн хэрэгслээр хотын үнэ дээр нэмэх нь замын зардлын ногдох үнэ нэмэгдсэн дүнгээр бараа авах боломжтой. Тухайн айлын 1-2 хүн ажлаа алдаж явахгүй, тээврийн зардал нь 50 орчим хувиар багасах боломжтой гэсэн урьдчилсэн тооцооллоор харагдаж байна. Мөн тухайн үйлчилгээний төв тус бүр дээр маркетингийн менежер, хүний нөөц менежер, нягтлан бодогч гэсэн орон тоо үүсгэж ажиллуулах шаардлагагүй. Дагнасан гэрээт компаниудаар дамжуулах үйлчилгээгээ авах боломжтой зэрэг урсгал зардлыг бууруулснаар ашигт ажиллагаа нэмэгдэж, үйлчилгээний чанар сайжрах боломж мэдэгдэхүйц өснө гэж харж байна. Энэ мэтчилэн зардал бууруулах олон шийдлүүдийг бид Замын дагуух үйлчилгээ эрхлэгчийн холбоогоор дамжуулж аж ахуй нэгжүүдэд үүсгэж санал болгож ажиллаж байна.

-Тэгэхээр цаашид юунд анхаарах хэрэгтэй вэ?

Өнгөрсөн 30 жилийн турш өмнөхөө давтаж хийсэн, хөгжил шинэчлэл хийдэггүй үлбэгэр үйлчилгээгээ давтаж үзүүлж болохгүй. Нөгөөтэйгүүр энэ салбарыг хөгжүүлэхэд хувь хүн, компани дангаараа өмчлөөд ажиллахад санхүүгийн хүндрэлээс эхлээд бэрхшээл тулгарна. Шинээр хийх гэж алдаа их гаргана. Тэгэхээр цаашид тухайн зам дагуух цэгт үйлчилгээ үзүүлж байгаа байгууламж дээр салбар бүрийн төлөөлөл болсон компани, нэгдэл, хоршоо, хувь хүн гээд хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, зам дагуух үйлчилгээний цогцолбор нь амрах байр, дэлгүүр, эмийн сан, шатахуун түүгээх, дугуй засвар, хоолны газар гэх мэт олон үйлчилгээг хамруулна. Энэ бүхнийг нэг компани хариуцаад хийнэ гэвэл зардлаа даахгүй, бизнес төвлөрч чадахгүй. Тиймээс тус тусын салбарт ажилладаг мэргэжлийн компаниудтай хамтраад харилцан ашигтай ажиллах бүрэн боломж бий.

Тиймээс энэ салбарт ажиллахаар төлөвлөж байгаа бол нэгдсэн зохион байгуулалтад орж салбарын холбоонд нэгдэн хамтарч ажилласнаар зардлаа хэмнэх боломжтой. Үндсэндээ зам дагуух үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай менежментийг холбоо хийж байгаа бөгөөд алдагдалтай ажилладаг саруудад ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээд бид дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Мэдээж холбоо зам дагуух үйлчилгээний салбарыг сонирхож байгаа энэ салбарт ажиллаж байгаа компаниудад нээлттэй. Бүтээгдэхүүн үйлчилгээ болоод хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байгаагаа хэлмээр байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 202 (7187)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Уржигдар 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Уржигдар 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Уржигдар 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Уржигдар 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Уржигдар 07 цаг 10 мин