Р.Адъяасүрэн: Медиа стандарт редакцын үйл ажиллагааг тодорхой, ойлгомжтой болгодог

2023-08-28
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Сүрнээгийн УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт  мэдээллийн GoGo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэнг урилаа.

 

GOGO.MN ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХОСООР НЬ БАТАЛГААЖУУЛСАН АНХНЫ РЕДАКЦ

 

-“Монгол Контент”  компани 2005 онд байгуулагдсан. Мэдээллийн технологи, дүр хөгжүүлэлт, контент түгээлт, эвент менежмент, агентлагийн бизнес, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Хэвлэл мэдээллийн салбарт gogo.mn, yolo.mn, maamuu.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Тэр дундаа gogo.mn сайт бол цахим мэдээллийн хэрэгсэл дундаа анхдагчдын тоонд ордог. Манай сайт тасралтгүй 16 жил үйл ажиллагаа явуулж нийгэм, улс төр, эрүүл мэнд, эдийн засаг гээд олон чиглэлээр иргэдийн мэдэх эрхийг хангах үндсэн үүргийн хүрээнд ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд сайтын хандалтын статистикийг харвал өдөртөө 500-750 мянга хүртэл хэрэглэгч цаг үе, үйл явдлын мэдээнээс гадна бидний хөндөж буй сэдвийн, манай онцлох контентуудыг уншиж, үзэж, сонсож байна. Бидний үүрэг бол эдгээр хэрэглэгчийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангах юм. Өнгөрсөн хугацаанд бид салбартаа түүчээлэгч байхыг хичээн ажиллаж ирсэн. Тэр утгаараа олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлэх ажилд түүчээлэн, удирдлагын багийн зүгээс санал нэгдсэний үндсэн дээр энэ удаагийн баталгаажуулалтад орж, тэнцсэн. Стандарт баталгаажуулалтын аудитыг Герман улсын Үндэсний итгэмжлэлийн байгууллага Deutsche Akkreditierungsstelle (DAkkS)-ийн гүйцэтгэсэн.

GoGo.mn  сайт Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 болон Хэвлэл мэдээллийн салбарын ISAS MEDIA 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Ингэснээр GoGo.mn хэвлэл мэдээллийн салбарт Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хосоор нь баталгаажуулсан анхны редакц болсон. Манай хамт олон ёс зүйн зарчмаа анх удаа уншигч, хэрэглэгчдэдээ нээлттэй зарлаж байсан бол энэ удаад хэвлэл мэдээллийн салбарт зориулан боловсруулсан ISAS MEDIA 9001 Олон улсын стандартыг салбартаа анх удаа амжилттай нэвтрүүллээ. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний чанар тасралтгүй сайжрах, үр ашиг, үнэлэмж нэмэгдэхэд  ач холбогдолтой. Харин ISAS MEDIA 9001 тогтолцоог нэвтрүүлснээр сэтгүүлчийн ажлын байрны журам, редакцын нийтлэлийн бодлого, мэдээ, сурвалжилга бэлтгэх үйл явц тогтсон нэг стандарттай болдог онцлогтой.

Компанийн хэмжээнд мөрддөг стандарт нэлээн олон бий. Анх 2021 онд менежментийн түвшинд хэвлэл мэдээллийн салбарын стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Үүнээс бүр 2015 оноос бичиг баримтуудаа цэгцлээд явж байсан л даа. Үндсэндээ хагас жил гаруй хугацаанд стандарт нэвтрүүлэх, баталгаажуулах үйл явц үргэлжилсний эцэст олон улсын батламжаа гардаж авлаа. Бичиг баримтын бүрдэл, түүнийгээ өдөр тутамдаа дагаж мөрдөх, шаардлага шалгуураас эхлээд нэлээн урт удаан хугацаанд хамт олноороо хичээж ажиллалаа. Мөн редакцын бодлого байна уу, түүнийгээ баталсан уу, ажилтнууддаа таниулсан уу, өдөр тутмын үйл ажиллагаандаа ямар журам мөрддөг юм, эрсдэл үүсвэл түүнийг даван туулах төлөвлөгөө юу байна, уншигч хэрэглэгчийн санал хүсэлтийг хэрхэн хүлээн авч байна гээд өдөр тутмын үйл ажиллагаа тодорхой заавар журмын дагуу явагдаж буй эсэхийг баталгаажуулдаг стандарт гэж хэлж болно. Түүнчлэн хэрэглэгч буюу уншигчийн санал хүсэлт, эрэлтэд нийцүүлэн бүтээлээ гаргаж, түүндээ тусгаж байгаа эсэх ч чухлаар тавигдана. Энэ нь эргээд уншигч, үзэгчдэд үнэн бодит, тэнцвэрт мэдээллийг хүргэх үндсэн хөшүүрэг болж байгаагаараа онцлог. Сонирхуулж хэлэхэд, редакцийн бодлого, ёс зүйн кодоос гадна сэтгүүлчийн биеэ авч явах байдал, эх сурвалжтай хэрхэн харьцах, хувцаслалт, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа нарийн боловсруулсан.  Сэтгүүлчдийн онцлог нь онцгой, цагдаа, эрүүл мэндийн салбартай адил үер ус, гал түймрийн голомтод ажиллаж байдаг. Ийм үед сэтгүүлч эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах ёстой. Өмнө нь шуурхай үйл явдалд сэтгүүлчээ явуулахдаа зөвлөгөө өгөөд гарын үсэг зуруулдаг байсан бол олон улсын стандарттай болсноор онцгой нөхцөл байдал бий болбол эрүүл мэнд, аюулгүй байдлаа нэгдүгээрт тавих зэргээр өдөр тутмын үйл ажиллагааны журамд тусгаж өгсөн. Бас нэг чухал шалгуур нь сэтгүүлчдийн сургалт хөгжлийн асуудал байсан. GoGo.mn сайт жил бүр сэтгүүлчдээсээ ямар шинэ зүйл сурч, ур чадвар эзэмших хэрэгцээ байгааг асууж төлөвлөгөө гаргадаг. Мөн цаг үеийн сургалт мэдээллээс аль болох хоцрохгүй байхыг хичээдэг маань давуу тал болсон л доо. Сэтгүүлчдийг сургаж мэргэшүүлэх талаасаа манай сэтгүүлч Х.Кегершин НҮБ-ын Ерөнхий ассамблейн гурван сарын сургалтад суухаар болж байгаа. Дэлхийн хэмжээнд дөрөв, Азиас нэг сэтгүүлч шалгарсан нь манай сэтгүүлч. Мөн сэтгүүлч Б.Нямдарь өнгөрсөн жил АНУ-аас хэрэгжүүлдэг олон улсын сэтгүүлч нарын уралдаанд шалгаруулалтад тэнцэн нэг сарын хугацаанд туршлага судлаад ирсэн. Улмаар хөтөлбөрийн оролцогч нарын дунд зарладаг төслийн уралдаанд шалгараад байна. Редакц сэтгүүлчдээ гадаад, дотоодын сургалтуудад хамруулахыг бүрэн дүүрэн дэмждэг.

 

ХҮНЭЭС ХАМААРАХГҮЙГЭЭР ДҮРЭМ ЖУРМАА МӨРДӨӨД АЖИЛЛАХАД АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ

 

-Хэвлэл мэдээллийн байгууллага яагаад стандарттай байх ёстой юм бэ гэж хүмүүс бодож магадгүй. Ерөнхийд нь тоймлоод харвал хэвлэл мэдээллийн байгууллагад туршлагатай, туршлагагүй, залуу гээд олон янзын сэтгүүлч ажилладаг. Мөн хүний нөөц байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Хэн ажиллаж байгаагаас үл хамаараад хэвлэл мэдээлэл ерөнхий чигээ баримтлаад явахад болох юм. Редакциуд өглөө бүр шуурхай хурал хийж тухайн өдрийн үйл явдлаа хуваарилж аваад ажилдаа гарцгаадаг. Өөрөөр хэлбэл, манайд ямар төрлийн мэдээлэл давамгай ордог, мэдээллийн заавал баримтаар баталгаажуулах, хоёр талын тэнцвэртэй мэдээлэл хүргэхээс эхлээд олон зарчмууд бий. Эдгээрийг бүгд дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд стандарт чухал. Тодруулбал, хөрөнгө оруулагч хэн байх, тухайн цаг үед байгууллагыг, редакцыг хэн удирдаж байгаагаас мөн тухайн асуудлыг хэн гэдэг сэтгүүлч сурвалжилж байгаагаас үл хамаараад нийтэлж буй бүтээл нь тэнцвэртэй, хараат бус, олон нийтэд чиглэсэн байх ёстой. Хэвлэл мэдээллийн гэж тодотгоод буй ISAS MEDIA 9001 тогтолцоо үүнийг л хангахыг шаардаж байгаа юм.

Харагдаж байгаа нь вэб болохоос сайтын ард талд маш том контент менежментийн систем бий. Үүнийг хэрхэн ашиглах, сайжруулахыг хүртэл тусгасан. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байгаа хүн солигдлоо гэхэд юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Хүнээс хамаарахгүйгээр дүрэм журмаа мөрдөөд ажиллахад ямар нэг асуудал үүсэхгүй. Энэ мэтээр стандарт нэвтрүүлснээр өдөр тутмын үйл ажиллагаа нэлээн амар, хялбар болж байна.

Редакцийн бодлого, ёс зүйн кодондоо зар сурталчилгаа байршуулах асуудлыг тодорхой хэмжээнд заасан байдаг л даа. Олон улсын стандартыг нэвтрүүлснээр төлбөртэй контент болон зар сурталчилгаа байршуулахыг тусгайлан журмаар зохицуулж өгсөн. Ямар төрлийн сурталчилгаа авах, авахгүй байх, улс төрийн агуулгатай бол яах вэ гэдгийг бүр нарийвчилж өгснөөр ойлголтын зөрүүгүй болж байна. Стандарттай болсноор бүх зүйл илүү тодорхой, ойлгомжтой болж байгаа. Процесс тодорхой, эрсдэлийг тооцоолж, түүнийг даван туулах төлөвлөгөөтэй ажиллах нь тухайн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой өсөж, хэрэглэгчдэд үр өгөөжтэй байхын баталгаа гэж болно. Тэр дундаа хэвлэл мэдээллийн салбар хүнээс хамааралтай ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй байх нь хамгийн чухал.

 

ОРЛОГО ОЛОХ СУВГАА НЭМЖ, ӨРГӨЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭЖ БАЙНА

 

-Манай редакц өнгөрсөн жил “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн менторшип хөтөлбөрт хамрагдсан. Мөн “Зууны мэдээ” сонин, gogo.mn хоёр BBC агентлагтай түншилж ажиллаж байна. Энэ хугацаанд жендэрийн тэгш байдалтай холбоотой цөөнгүй сургалтыг авч редакциараа чадавхижлаа. Эх сурвалжийн хүйс, түвшин, олон талт байдлыг тусгахаас эхлээд өдөр тутмын үйл ажиллагаанд багагүй өөрчлөлт гарч байна. Тэр хэрээр байгууллагын түвшинд ч олон нийтийн хандлагад ч эерэг хувь нэмэр оруулж байгаа гэж итгэж байгаа. Зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжихээс илүү олон талын эрх ашгийг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагууд жендэрийн мэдрэмжтэй байх нь энэ цаг үед чухлаар тавигдаж, нэг ёсондоо трэнд  болж байна. Хамгийн гол нь редакцын гишүүн бүр нэг ойлголттой болох нь давуу талтай. Мөн сэтгүүлчид нэгдээд эх сурвалжийн дата сан бүрдүүлж түүнийгээ хуваалцах нь үр дүнд хүрч байна. Байгууллага үл харгалзан сэтгүүлчид эх сурвалжаа хуваалцаж хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. Эцсийн дүндээ нийгмийг соён гэгээрүүлэх нэг л зорилготой шүү дээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засаг хэн нэгнээс хараат бус хүчтэй байж чадвал олон нийтийг соён гэгээрүүлэх, тэнцвэртэй, үнэн мэдээллийг хүргэх тод дуу хоолой болж чадна. Тиймээс бид орлого олох сувгаа нэмж, өргөжүүлэхийг хичээж байна. Тендэр, мэдээллийн аяны кампанит ажлыг зохион байгуулахаас гадна олон улсын байгууллагын төсөл, тэтгэлэгт хамрагдахад олон улсын стандартыг баталгаажуулсан байдал, жендэрийн мэдрэмжтэй байх зэрэг давуу тал маань их тус болж байна. Өөрөөр хэлбэл, илүү найдвартай, итгэл төрүүлэхүйц болж байна. Нөгөө талаас зарим хэсэг нь хэвлэл мэдээллийг сайн дурын, буяны байгууллага мэтээр харах тохиолдол бий. Хэдийгээр нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй ч олон хүн ажиллаж хөдөлмөрлөж байгаа учраас бизнесийн зарчмаар ажиллахаас аргагүй. Салбар бүрийнхэн хэвлэл мэдээллээс дэмжлэг хүсдэг шиг эргээд маркетингийн үйл ажиллагаандаа тодорхой зардал гаргах ёстой. Энэ ойлголт, ухамсар, хандлагыг суулгаж байж, санхүүгийн хувьд бие даасан, нөлөөнд автаагүй хэвлэл мэдээллийг бий болгож, ашиг сонирхлын зөрчилгүй, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх боломжтой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)

“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

5 цаг 10 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

5 цаг 10 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

5 цаг 10 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

5 цаг 10 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

5 цаг 10 мин
АН шударга өрсөлдөхийг уриалав

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч М.Тулгат “С

5 цаг 10 мин
Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооныхоо иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хий

5 цаг 10 мин
Г.Занданшатар: “Тэгш хэмт Алтан гурвалжин” хөтөлбөрөө танилцуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жаргалант суманд ажил

5 цаг 10 мин
Дөрөвдүгээр тойрог: Сонин, содон нэр дэвшигчидтэй хойд бүс

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа пар

5 цаг 10 мин
Нам, эвслийн дарга нар “нээлтийн үг”-ндээ юуг онцолсон бэ?

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-нд эхэлсэн. Дөрөв хо

5 цаг 10 мин