Ардын авьяастнуудын өргөө "Өв эрдэнэ" театр үүдээ нээлээ

2022-07-05
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Ардын язгуур урлагийг хадгалж хамгаалах, сурталчлах, судалгаажуулах, бүртгэн баримтжуулах үйл ажиллагааг эрхлэх соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад зориулсан "Өв эрдэнэ" төрөлжсөн бага театр өнөөдөр үүдээ нээж байна. Энэ тухай Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбаттай ярилцлаа.

-Танай төвд "Өв эрдэнэ" нэртэй бага театр бий болж байгаа нь Монголын соёлын түүхэнд тохиолдож буй нэг томоохон үйл явдал гэж ойлгоход болох биз дээ?


-За тийм ээ. Нүүдэлчдийн нэн өвөрмөц оюун сэтгэлгээний тусгал болсон уран сайхны язгуур соёлын дахин давтагдашгүй арвин их өв сан Монголд бий. Тэр бүхнийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хойч үед уламжилж үлдээх үүрэгтэй газар нь манай байгууллага юм л даа.
Төв маань 2021 онд олон улсын стандартад нийцсэн томоохон байртай болсноос хойш үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлж ирлээ. Үүний нэг гол ажил нь соёлын биет бус өв уламжлагчиддаа зориулсан "Өв эрдэнэ" нэртэй театр. Уг нь энэ театрыг бий болгох санал, санаачилга төвийн шинэ байртай болсноос хойш яригдаж, төлөвлөгдсөн байсан. Гагцхүү төсөв хөрөнгийн асуудлаас болж жаахан хойшилсон тал бий. 


-Тэгвэл энэ театрыг бүтээн босгох боломж хэрхэн бүрдүүлж чадав даа?


-Хэдийгээр байртай болсон ч 80-100 хүний багтаамжтай энэ "Өв эрдэнэ" театрын дотоод тохижилтод хамаарах төсөв чамлагдаад байлаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх зорилгоор Соёлын яам болон Соёлын өвийн үндэсний төвөөс гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад санал хүсэлтээ тавьж байв. Тэр дундаас уул уурхайн "Рио Тинто" компанийнхан нийгмийн хариуцлага, Монголын уламжлалт өв соёлыг хадгалах, хамгаалах бодлогын хүрээнд бидний саналыг хүлээн авч манайтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж ажилласан юм. Тэгээд тус компанийн 400 сая төгрөгийн санхүүжилтээр "Өв эрдэнэ" театр төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнд хүрч байгаа нь энэ. Уг төслийн зохион байгуулагчаар Монголын урлагийн зөвлөл ажиллаж байгаа юм. Захиалан гүйцэтгүүлэгч нь манай төв. Тэгэхээр Соёлын яам, Монголын урлагийн зөвлөл, Соёлын өвийн төв, "Рио Тинто" компани хамтарсан төслөөрөө Монголдоо соёлын өвийн салбарт анх удаа томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Энэ нь "Өв эрдэнэ" театр бөгөөд монгол үндэстэн, туургатны хэмжээнд угсаатны зүйн өв уламжлагчид хуран цугларах нэг том төвтэй болж улмаар монгол язгуур өв соёлын дархлааг улам бататгахын хувьд цаг үеэ олсон бүтээн байгуулалт боллоо гэж үзэж байна.


-Театрын зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог гэвэл та юу хэлэх вэ?


-Театрын дотоод заслыг үндэсний болон орчин үеийн хосолсон загвар шийдэлтэй хийж, дэвшилтэт технологи бүхий гэрэлтүүлэг, дуу хөгжмийн тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаа. Энэ нь театр урлагийн өнөөгийн стандарт, хэм хэмжээнд нийцсэн ардын язгуур урлагийн ай сав дахь соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад зориулсан анхны төрөлжсөн театр гэдгээрээ онцлог юм. Энэ театрт ардын язгуур урлагийн тоглолтоос гадна соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжилж байгаа хүмүүст хадгалагдаж буй урын сан, мэдлэг чадварыг дуу дүрс, бичлэгээр баримтжуулах, хүүхэд, залуучууд, олон нийтэд зориулсан соёлын өвийн талын боловсрол олгох сургалт, танин мэдэхүйн хурал, лекц, зөвлөгөөн болон уралдаан наадмаа зохион байгуулдаг болно. Мөн ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв соёлын тухай кино үзүүлдэг байх юм. Энэ ажлуудаа аймаг, орон нутгийн соёл урлагийн газар музей, нутгийн зөвлөл, өвлөн уламжлагчид болон төрийн бус байгууллага зэрэг олон талын оролцогчтойгоор хийхээр төлөвлөөд байна л даа. "Өв эрдэнэ" театр нь монгол гэр мэт дугуй интерьер дизайнтай баригдсан нь монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон угсаатны язгуур урлагийг язгуур шинжээр нь өвлөн уламжлуулах ардын авьяастны өргөө гэсэн утгыг агуулж байгаа юм. Өмнөх үед манай язгуур урлагийнханд тайз олддоггүй байлаа шүү дээ. Аргагүй ч юм даа. Драмын академик театр, Үндэсний урлагийн их театр гээд Монголын маань урлагийн хоёр сүлд болсон байгууллага дундаа нэг тайзтай байгаа шүү дээ. Тэгвэл манайд "Өв эрдэнэ" бага театртай болж байгаад монголчууд тэр дотор язгуур урлагийн өв уламжлагч авьяастнууд маань баярлаж байгаа биз ээ. Тэдэндээ үзэгчиддээ уг театрын үүдийг нээж байгаа баярт өдрийн мэнд дэвшүүлье.


-Тантай уулзсан далимд бас Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар жаахан тодруулж ярихыг хүсч байна.


-За тэгье ээ. Манай төвийн шинэ байрыг найман тэрбум төгрөгийн төслөөр барьсан тухай би дээр дурдсан. Нийтдээ 8000 ам дөрвөлжин метр талбай бүхий 130 гаруй өрөө тасалгаатайгаас гадна харахад хоёр давхар барилга ч дороо бас 40х60 ам метр хэмжээний талбайтай байгууламжтай юм. Үйл ажиллагааны чиглэл гэх юм бол Соёлын өвийн үндэсний төв гэдэг энэ байгууллагад Монгол Улсын түүх, соёлын биет ба биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг төвлөрч энэ чиглэлээр болдог эрдэм шинжилгээ судалгааны ажлуудын тайлан баримтууд, археологийн малтлага, судалгаанаас олдсон түүх соёлын дурсгалт зүйлсийг анхны төрхөөр нь сэргээн засварлах зэрэг үүрэг чиглэл хамаардаг. Төвийн бүтэц гэвэл захиргаа удирдлагын бүртгэл мэдээллийн, хадгалалт хамгаалалт, технологи судалгааны, сэргээн засварлах, түүхэн барилга архтектурын дурсгалыг хамгаалах, авран хамгаалах, эрсдлийн судалгааны зэрэг долоон газар албатай, орон тооны бус дөрвөн зөвлөлтэй 60 гаруй ажиллагсадтай байгаа. Шинэ байртай болж үйл ажил өргөжснөөр хоёр ч газар алба шинэээр нэмэгдсэн. Улсын түүх, соёлын биет ба биет бус өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг манайд төвлөрүүлснээр энэ чиглэлээр хийх эрдэм шинжилгээ судалгааны ажлын тайлан баримт, археологийн малтлага судалгааны явцад олдсон түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалахын зэрэгцээ тэдгээрийг сэргээн засварлах ажлыг бүрнээр нь хийж байна. Ер нь соёлын өвийг хамгаалах чиглэлээр 10 гаруй төрлийн үүрэгт ажил гүйцэтгэдэг гэж болно. Үйл ажиллагаа их өргөжлөө л дөө. Бид хамгаалах шаардлагатай музейн үзмэр эд өлгийн зүйлсийг зориулалтын дагуу түр болон байнга хадгалдаг. Бас онош судалгааны лабораторитой болсон. Мөн төрөлжсөн студи, урлан ажилладаг, мэдээлийн сангийн томоохон архивтай болж байна. Үүний гадна эрдэм шинжилгээний хурал, соёлын өвийн өдөрлөг, үзэсгэлэн гаргадаг боллоо. Иймд цаашлаад ажиллагсдынхаа эгнээг өргөжүүлэх бодолтой байдаг. Тухайлбал, түүх, соёлын олдвор, үнэт өвийг сэргээн засах мэргэжилтнүүдийн хүчин чадал одоогоор дутмаг. Жилд гэхэд сэргээн засах шаардлагатай 150-200 үзмэр орж ирдэг. Түүнийг сэргээж засна гэдэг асар их түвэгтэй том ажил байдаг юм. Тиймээс бид хэтийн төлөвлөгөөндөө 2050 он гэхэд 139 ажиллтантай байна гэж харж байгаа.

 


-Танай бүртгэлд байдаг өв соёлын тоо хэмжээг мэдье гэвэл?


-Бүртгэл судалгаа, мэдээллийн сан төвлөрсөн болохоор 316 мянган хөдлөх өв, 69 мянган үл хөдлөх өв, мөн соёлын биет бус 98 өв байна. Тэдгээрийг өвлөн уламжлагч нь 8000 илүү гардаг. Тэр дотор манайд жинхэнэ бүртгэлтэй нь 111 хүн бий. 


-Эндээс нэг зүйлийг тодруулъя. Хөдлөх өв, үл хөдлөх өв гэж ялгаж байна. Үүнийг жаахан тайлбарлана уу?


-Аливаа улс орны соёлын өвийг хоёр төрөлд хуваадаг дэлхийн жишиг бий. Соёлын биет өв, соёлын биет бус өв гэж ангилдаг. Тэгвэл бас соёлын биет өв дотроо хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт түүх соёлын хөдлөх дурсгал гэж байна. Үүнд музейн үзмэрүүд, бурхан шүтээний болон хувь хүмүүсийн гар дээр хадгалагдаж байдаг өвд багтах зүйлүүд байдаг. Эднийг хөдлөх дурсгал гэж байгаа юм. Бүр ойлгомжтойгоор хэлэх юм бол хүн аваад хөдөлгөж байрнаас нь шилжүүлж байж болдог тийм өв соёлын зүйлс. Тэгвэл үл хөдлөх гэх хэсэгт юу багтдаг юм бэ гэвэл түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд. Үүнд хөшөө, буган чулуу, хүн чулуу, хиргисүүрүүд, эртний хотын туурь, дурсгалт барилга, палентологийн олдвор гээд багтах жишээний. Эдгээрийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт өв гэж бүхэлд нь нэрлэдэг. Харин соёлын биет бус өв гэдэг бол дотроо бас таван ай савд багтана. Эх хэл, ардын язгуур урлаг, баяр наадам, ардын уламжилж ирсэн гар урлал, байгаль дэлхийгээ таньж мэдэх ардын ухаан, мал маллагааны уламжлалт мэдлэг арга ажиллагаа энд багтана. 


-Монголын соёлын хэд хчнээн өв ЮНЕСКО-д бүртгэлтэй болсон билээ?


-Хүн төрөлхтний түүхэнд хувь нэмрээ оруулсан, үндэсний шинж чанарыг агуулсан өв уламжлалын тийм бодит болоод арга ажиллагааны онцгой зүйлсийг ЮНЕСКО бүртгэж авдаг. Манай улсаас соёлын биет бус өвийн жагсаалтад 15 төрөл зүйл бүртгэлтэй болсон. Хамгийн сүүлд хөхүүрийн айраг исгэх монгол аргыг бүртгүүлээд байгаа. Мөн дэлхийн өвд бүртгэгдсэн гурван газар нутаг бий. Хүмүүс бараг мэдэж байгаа байх л даа. Бурханхалдун уул, Орхоны хөндийн дурсгалт газар, Монгол Алтайн байгалийн үзэсгэлэнт нутаг гээд.


-Нэг зүйлийг бас лавламаар байна. Хэн нэг хүний гар дээр түүх, соёлын дурсгалтай өвийн зүйлс хадгалагдаж байх нь бий. Үүнийг яах ёстой вэ. Яагаад чи үүнийг асуув гэвэл манай нэг танилд өвгө дээдсээс нь уламжилж ирсэн том гуулин харанга байх юм билээ. Бараг хэнд ч хэлэлгүй хадгалаад байгаа юм санагдсан?


-Хувь хүмүүст дээд талаас нь өвлүүлж үлдээсэн тийм эд өлгийн зүйлс байдаг. Үүнийг яах ёстой вэ гэж байна л даа. Тэр хүн миний хувийн өмчлөлд ийм юм байгаа гэдгээ холбогдох соёлын байгууллагад мэдэгдэж бүртгэлжүүлэх ёстой. Тэгээд уг юмандаа бүртгэлийн дугаар авна. Энэ нь Монголын соёлын өв хөрөнгө боллоо гэсэн үг боловч өмчлөх эрх зөрчигдөхгүй чөлөөтэй. өөрөө үргэлжлүүлэн өмчилж, үр хүүхэддээ шилжүүлж өмчлүүлэхэд ч болно. Амьдралын шаардлагаар зарж борлуулсан ч боломж нээгдэж байгаа юм. Наад зах нь улсад бүртгэлтэйн учир хулгайд алдах юм уу ямар нэг эрсдэлд орох юм бол Монгол Улсын нэг үнэт өмч маягаар эрж хайлгах ёстой. Мөн аймаг, орон нутгийн музейд шилжүүлэх юм уу, үзэсгэлэнд тавьж орлого олох ч боломж бий болдог. Энэ далимд хэлэхэд Соёлын өвийг хамгаалах хууль аль 1995 онд гарсан. Ингэснээр соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд соёлын өвийг хамгаалах талаар төр, засгаас нэлээдгүй анхаарч, ажиллаж байгаа гэж би боддог доо.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 5. Мягмар гараг. № 131 (6863)

Чанцалдулам.
Баяр хүргэе Сайхан театртай болсонд ...Үндэсний хөгжим тоглодог хүн очиж болох юм гэж ойлголоо...
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

6 цаг 3 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

6 цаг 11 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

6 цаг 17 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

6 цаг 20 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

6 цаг 28 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

11 цаг 38 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

12 цаг 25 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

14 цаг 34 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

15 цаг 4 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

15 цаг 9 мин