Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсанг урьж, ярилцлаа. Төрийн бодлого, бизнесийн орчны шинэчлэл, системийн сэтгэлгээний нэгдэл дээр суурилсан түүний итгэл үнэмшил нэг зүйлд төвлөрдөг. Тэр нь “Зарчмын дагуу ажиллах нь хөгжлийн магадгүй хамгийн энгийн хэр нь чухал алхам” гэж үздэг.
Бизнесийн зарчим руу төр холилдох нь хөгжлийг удаашруулдаг
-Үндэсний хэмжээнд улсын хөгжлийн бодлогыг салбаруудын уялдааг хангах замаар тодорхойлох чиг үүрэг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиар Эдийн засгийн хөгжлийн яаманд байдаг. Тус яам салбарын яамдтайгаа хамтран Засгийн газрын түвшинд улсын урт болон дунд, богино хугацааны бодлого төлөвлөгөөгөө мэргэжлийн судалгаа хийсний үндсэн дээр боловсруулан хууль тогтоох байгууллагаар батлуулан ажилласаар байгаа. Товчоор хэлбэл, Монгол Улсад бодлого, стратегийн баримт бичиг хангалттай. Харин хөгжлийн бодит амжилт хэрэгжилтээс хамаардаг учир энэ шатанд төр, бизнес, хувь хүний түвшинд зарчим л дутаж байна. Үүнийг яагаад тодотгож хэлээд байна вэ гэвэл төр бодлогын түвшинд чиглэлээ тодорхойлж, хувийн хэвшилд зах зээлд чөлөөтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх нь чухал. Жишээлбэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай бусад үйлдвэрлэлийн салбар, төрийн өмчит компаниуд бизнесийн зарчмаар хөгжиж, эдийн засгийг солонгоруулж явах ёстой. Гэтэл төр өөрөө эдгээрийг зохицуулж, орон зай руу нь хэт орж буй асуудлуудад зарчим алдагдаж буйг хөндмөөр байдаг. Тухайлбал, Монголд 104 төрийн өмчит компани, 60 орчим мянган ажилтан, 58–60 их наяд төгрөгийн хөрөнгийн багцтай. Стратегийн бус салбарт төрийн оролцоо хэвээр байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Тиймээс стратегийн ач холбогдолгүй ТӨК-иудийг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлэх нь эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэх үндсэн алхам, Засгийн газраас тодорхой ажлууд ч хийж байгаа. Гол нь мөн л зарчмын дагуу явах ёстой.
Мөн өөр нэг асуудал нь төрийн өмчит компаниудын захирлуудыг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилдог явдал. Хуулийн дагуу, зарчмын хувьд бол сонгон шалгаруулалт нээлттэй зарлах ёстой байдаг ч зарим тохиолдолд үгүй. Энэ үйлдэл нь төрийн албанд ажиллаж байгаа маш олон хүмүүсийн нэр хүндийг олон нийтэд буруугаар ойлгуулах нөхцөл болдог.
Өнөөдөр төрдөө тангараг өргөсөн олон мянган төрийн албан хаагчдын дийлэнх нь гадаад, дотоодод сурсан боловсролтой залуус бөгөөд улс орноо хөгжүүлэх чин хүсэлтэй ч улс төрийн тодорхойгүй, тогтворгүй орчин тэдний ажлын үр дүнд саад болдог. Тэдэнд өөр улсад, өөр чиглэлд өндөр цалин, хангамжтай ажиллах илүү боломж байдаг ч эх орныхоо хөгжлийн төлөө гэртээ ч харих завгүй хонон, өнжин ажиллаж чаддаг чин сэтгэл байдаг. Гэтэл тэднийг УИХ-ын, улс төрийн хүрээний уулзалт, хурлууд дээр албан тушаалд хоргодсон хурган дарга нар ч гэх шиг, эрх ашиг харсан ажил хийдэггүй цаг нөхцөөдөг төрийн албан хаагчид гэх мэтээр загнаж харагддаг. Тэдэнд тайлбар хийх боломж байдаггүй тул загнуулаад л өнгөрдөг. Хариуг нь барих боломж байдаг бол гэж боддогоо нуухгүй. Залуус улс орон маань өөрчлөгдөөсэй, хөгжөөсэй л гэдэг гүн бодолтойг хамгийн сайн мэднэ. Харин улс төрчид бодлого тодорхойлдог, баталдаг үндсэн зарчмаа л сайн тунгаах ёстой юм. Тийм учраас л шат шатандаа “зарчим”-тай байх тухай л дурдаж байгаа. Энэ магадгүй энгийн хэр нь манай хөгжлийг түргэтгэх чухал алхам гэж үздэг. Зарчмын төлөө зогсох нь хэцүү, олонд таалагдахгүй ч хамгийн үнэ цэнтэй зүйл. Гэхдээ энэ бол “хийх ёстой” ажил юм.

Блиц
-Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны газрын дарга. Бизнесийн удирдлагаар сурч мэргэшсэн.
-2009 онд ШУТИС-КТМС-ийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгссөн
-2021 онд Австралийн Көртиний их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, Ашигт малтмал, газрын тосны газар, УИХ-ын Тамгын газар ажиллаж байсан туршлагатай, мөн хувийн хэвшлийн удирдах албан тушаалд ажиллаж байсан.
Монгол Улс хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх ёстой
-Манай улсын хөгжил хувийн хэвшлийн оролцоо өндөр байснаар хэмжигдэнэ. Тиймээс энэ салбарын орон зайг тэлэх нь зайлшгүй. Ер нь хувийн хэвшил ДНБ-ий 80 орчим хувийг, төр 20 орчмыг бүрдүүлдэг учир бодлогын түвшинд хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхээр зорьж байна. Үүнд төр зарчмынхаа дагуу зохицуулалтаа хийнэ. Стратегийн ач холбогдолтойгоос бусад салбарыг хувийн хэвшил авч явах ёстой. Төр зөвхөн татвараа авдаг Сингапурын жишээ байна. Хувийн хэвшлийнхэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад зах зээлийн шударга, нээлттэй, тогтвортой боломж олгох хүрээнд үе үеийн Эдийн засаг, хөгжлийн сайд нар анхаарч ажилласаар ирсэн. Бизнесүүдэд эрх чөлөөг олгоно гэсэн нэр томъёо хүртэл гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Монгол Улсад дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад компани байгуулагдахаас эхлээд бизнесээ эхлүүлэх хүртэл үйл явц цаашид тогтвортой ажиллахад нь төрийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт байх ёсгүй гэсэн зүйлийг гол бодлого болгон барьж байгаа. Энэ ч үүднээс “Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хууль”-ийн төслийг боловсруулаад олон нийтээр хэлэлцүүлж байгаа. Үүнийг дагалдаж Хөрөнгө оруулалтын тухай хууль,Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль зэрэг бусад 120 хуулийн нэмэлт өөрчлөлт орохоор байгаа. Энэ хууль УИХ-аар батлагдсанаар Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль батлахыг хориглоно гэсэн үг. Түүнчлэн хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хамгаалж, хувийн хэвшлийн зөвлөлдөх тогтолцоог бий болгоно. Үүнтэй зэрэгцэн хувийн хэвшилд халтай, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахыг хориглох заалтыг хүртэл тусгасан. Мөн өмнө нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа хууль буцааж хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулагч талд хүндрэл учруулдаг байдал гадаад хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг байсан. Тиймээс энэ шинэ хуулиар хууль буцааж хэрэглэхгүй гэсэн зарчмыг баталгаажуулж, хуулиас давсан дүрэм, журам тогтоолыг хориглох юм.
Үүний зэрэгцээ компани байгуулах, тусгай зөвшөөрлийн бүх процессыг e-business 2.0 платформд нэгтгэж байгаа нь бизнес эхлүүлэх замд байсан олон шат дамжлагыг арилгах зэрэг техникийн түвшний ажлуудыг хийж байна. Казакстан, Эстони зэрэг орнууд өнөөдөр 4-5 минутын дотор компаниа байгуулах хэлбэрт шилжсэн. Тэгэхээр энэ шинэчлэлийг хийхэд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал анхаарч манлайлан ажиллаж байна. Бодит үр дүнд хүрч байгаа. Анзаарсан бол Гаалийн байгууллагын импорт, экспортын нэвтрэлт олон шат дамжлагатай байцаагчаас шалтгаалдаг хүнд суртал байсан бол эдгээрийг цахимжуулснаар нэвтрэлтийн хурд нэмэгдсэн зэрэг олон жишээг хэлж болно.
“Ногоон бодлого”-ын амлалтаа амжилттай хэрэгжүүлж байгаа
-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулахын төлөө дэлхий даяр тэмүүлж байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт банк зэрэг томоох санхүүжүүлэгч байгууллагууд зээлийн болон хөрөнгө оруулалтын шалгууртаа “ногоон шалгуур” үзүүлэлтийг тавьж байна. Тодруулбал, энэ нь Дэлхий даяарх хөрөнгө оруулалт “Тогтвортой хөгжлийн зорилт - SDG ”(ТХЗ) болон “Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ил тод засаглал - ESG” (БОНЗ)-ийн ногоон үзэл санааг шингэсэн эсэхэд тулгуурладаг болсон гэсэн үг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Ялангуяа эрчим хүчний асуудал уул уурхай, тэр дундаа нүүрснээс хамаарч байна. Эдийн засгийн хөгжлийн яам, ХААХҮЯ, БОУАӨЯ, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам зэрэг зургаан салбартаа хамтарч хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулахаар бэлтгэж байна. Зорилго нь тухайн улс орон ногоон шилжилтийн алхмаа тодорхойлох ёстой олон улсад хүлээсэн үүрэг, мөн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж юм.
Мөн манай улс энэ оны есдүгээр сард Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0 (NDC 3.0)” зорилтуудаа баталсан. 2025-2035 он хүртэлх хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн бууруулах тооцооллоо гаргасан гэсэн үг. Энэ бодлогоор манай улс хоёр түвшний амлалт өгсөн. Тэр нь нөхцөлт болон нөхцөлт бус гэсэн. Нөхцөлт амлалт гэдэг нь Монгол Улс 2030 он гэхэд Олон улсын байгууллагууд санхүүгийн болон бусад техникийн инновацын дэмжлэг үзүүлбэл хүлэмжийн хийн ялгарлаа 52.8 хувьд хүргэж бууруулна гэсэн зорилт. Нөхцөлт бус амлалт гэдэг нь бидний одоогийн эдийн засгийн чадамж бүх салбарын хүчин чадлаа тооцоолсноор 2035 он гэхэд 30.3 хувьд хүрнэ гэсэн үг. Өмнөх NDC 2.0 – оор бол 22.7 хувь байсан. Тэгэхээр энэ үзүүлэлтээ шинэчлэн баталсан гэсэн үг. NDC 3.0 гэдэг нь Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орнуудын гаргаж буй Nationally Determined Contribution (Үндэсний тодорхойлсон хувь нэмэр)-ийн гурав дахь үеийн буюу шинэчилсэн хувилбар юм. Үүгээр хувийн хэвшилд маш том боломж бий болно. Банкнууд ногоон зээлийг гадаад хөрөнгө оруулалтаар татаж чадаж байна. Гэхдээ зээлээ гаргаж чадахгүй асуудал байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, иргэд ногоон зээлийнхээ шалгуурыг хангаж чадахгүй байна. Нөгөөтээгүүр, хэмжих хэрэгсэл нь тодорхой бус байна. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд, БОУАӨ-ийн сайдуудын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Удахгүй танилцуулагдах байх. Үүгээр бид ногоон эдийн засгийн шилжилт, карбон кредит, арилжааны тухай асуудал бүгд нарийн тусгагдаж байгаа. Бодлогын түвшинд хууль эрх зүйн шинэчлэл сайн явж байна. Нэмээд манай яамны дэргэдэх ASDIP төсөл хэрэгжих эхлэл дээрээ байна. Энэ төсөл хөдөө аж ахуйн салбар тэр дундаа баруун аймгуудын 52 суманд реформ хийх төсөл. Хүлэмжийн хийг ихээр ялгаруулж буй хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа ногоон үзэл санааг малчдад суулгах нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тоонд биш чанарт анхаарснаар бэлчээр ашиглалт зөв зохистой болох гээд олон талын ач холбогдолтой. Ер нь Монгол Улс Парисын хэлэлцээр болон НҮБ-ын өмнө амсан амлалтуудаа биелүүлж байгаа. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтын зургаа дахь зорилт манай улсад илүү хамааралтай. Тайлангаа НҮБ-ын индэр дээр тогтмол тавьж байгаа. Миний бие Саудын Арабын Хаант улсын Эр - Рияд хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын XVI бага хурлын төсвийг батлах АНУ, Европын холбоо, ОХУ, Япон, Хятад зэрэг томоохон хандивлагч орнууд багтсан бүс нутгийн бүлгийн ажлын хэсгийн хуралдаан даргалагчаар ажиллаж, хурлын түүхэнд анх удаа төсвийг нь 8.0 хувиар нэмэгдүүлж чадсан. Мөн “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030”–(SDG-2030)-ын Монгол улсын хэрэгжилтийн тайлан болох Үндэсний сайн дурын хоёр дугаар илтгэлийг АНУ-ын Нью-йорк хотноо “Тогтвортой хөгжлийн өндөр түвшний чуулга уулзалт”-ын үеэр дэлхийн улс орнуудад танилцуулах ажлыг хариуцаж байсан зэрэг зарим онцлог ажлуудыг нь дурдаж болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 217 (7714)