Театрын тэргүүн хун

2022-03-21
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Урт нарийхан хүзүүгээ сунгаад үл мэдэг толгойгоо сэжих нь дэндүү үзэсгэлэнтэй. Өндөр гуалиг бие, нарийхан шилбэ, хөвөх мэт зөөлхөн алхаа. Нуурандаа тольдон буух хун шувуу үнэхээр ийм гоёмсог харагддаг байх. Гэвч тэрбээр шаналж байлаа. Учир нь хорон санаатны илбэ шидээр өдрийн цагаар хун болж, үдшийн бүрэнхийд л бүсгүй төрхөндөө хувилдаг эмгэнэлтэй хувь заяа түүнийх. Нэгэн биеийн хоёр тал болсон хар, цагаан хун тэрсэлдэж, хайр, үзэн ядалт, хувь тавилангийн эргүүлэгт орооцолдохын цагт үнэнч хайр, үүрдийн тангараг ямар үнэ цэнэтэй болохыг балетын төгсгөл нотолдог билээ. Энэ бол алдарт хүнийг хун болгочихдог П.И.Чайковскийн “Хунт нуур” балет юм. Дэлхийн өнцөг булан бүрт зөвхөн энэ балетад гоцлохын тулд өдөр бүр нуурын эрэг сахиж, судалгаа хийдэг мянга мянган бүжигчин бий. Цаг үе бүхэн тайзнаа өөр өөрийн “шидтэй” хунг бүтээсэн байдаг. Яг л энэ уламжлалын дагуу ДБЭТ-ын тайзнаа нэгэн шинэ хун “мэндэллээ”. Тэр бол ДБЭТ-ын гоцлол бүжигчин, энэ цагийн хар цагаан, тэргүүн хун Б.Баасансүрэн байв. Түүний хун болсон хувь тавиланг онцлоё.

 

20 жилийн туршлагатай Одетта  

 

Хэзээ ч хунд бүжиглэсэн балетчин өмнөх хунгаа хуулбарладаггүй ажээ. Учир нь тэд өөрсдийн мэдрэмж, дотоод сэтгэлээр өөрийнхөө хунг л бүтээдэг юм. Үүний нэгэн адил Б.Баасансүрэн цагаан хунг урлаж, шаглаж, аргадаж бүтээсэн бол хар хунг бярдаж, аархаж, бахархаж бүтээх шиг санагдсан юм. Учир нь тэрбээр театрт ажилласан 20 дахь жилийнхээ босгон дээр ийнхүү мөрөөдлийн дүрээ бүтээж байгаа нь энэ. Үнэхээр сонин. Зарим бүжигчин цэл залуудаа энэ бүтээлд хүч сорих нь бий. Гэтэл зарим нь дөнгөж театрын босгоор алхаад л “Хунт нуур”-т бүжиглэхийг нь яана. Харин энэ удаагийн нийтлэлийн гол дүр маань 20 жил хөдөлмөрлөөд тэргүүн хунгаар өргөмжлөгдөж байна. Зарим бүжигчдийн хувьд “Хунт нуур”-т бүжиглэж чадалгүй карьераа дуусгах нь бий. Харин Б.Баасансүрэнгийн хувьд дэлхийн болон Монголын бүхий л бүжгэн жүжигт гол дүр бүтээчихсэн байв. Анх театрын босгоор алхсан үеэсээ “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар цагаан гоцлолоос бусад бүхий л дүрд бүжиглэсэн туршлагатай уран бүтээлч юм. Түүнд ганцхан гоцлол л дутуу байжээ. Энхрийхэн залуу нас, эмзэг турьхан биеэ театрын урлагт зориулсныхаа хүчинд тэрбээр ийнхүү туйлын мөрөөдлөө биелүүлэв. Б.Баасансүрэнд анх энэ дүрийг санал болгоход би чадах болов уу гэсэн жаахан айдас байжээ. Учир нь балетчины замналд 20 жил гэдэг урт хугацаа. Дөнгөж сургууль төгссөн залуу бүжигчдийн эрч хүч, хурдыг гүйцэх болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж. Гэвч сургагч багш нар нь түүнд урам өгч “Одоо л чиний яг бүжиглэх үе” гэж хэлсэн нь ташуур болж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд анх тайзнаа гоцолсон ажээ. Харин энэ сарын 6-нд дахин тэрбээр хар цагаан хунгийн гоцлолоор үзэгчидтэй уулзсан юм. Цаашдаа ч “Хунт нуур” балетад олон жил бүжиглэхсэн гэсэн туйлын хүсэл түүнд бий. Театрын хувьд энэ бүтээлд гоцлох бүжигчнийг олон шалгуураар сонгодог ажээ. Цагаан хунд тохирох дүр төрх, стандартаас гадна мэргэжлийн ур чадварын хувьд найман минутын антожийг давах хүч чадал, эргээд хар хунд эрс өөрчлөлтийг хэрхэн гаргах, алдарт 32 эргэлтийг хэрхэн зөв техниктэй гүйцэтгэх гээд олон нөөц бололцоонд нь суурилж сонгодог юм байна. Тиймээс ч ур чадвар, арвин туршлагын хувьд бүжигчин Б.Баасансүрэн яг л боловсорч гүйцсэн төгс Одетта байсан юм.

 

Эсрэг дүрийн хатан хаан

Б.Баасансүрэн гоцлоочийн хувьд түүнийг урлагийн замд анх хөтөлж, урам өгч, туслан дэмжиж, анхны үзэгч, үнэтэй зөвлөгч, шүүмжлэгч, ар талыг нь бат даадаг хүн нь түүний ээж юм. Охиноо Хөгжим бүжгийн коллежийн сурагч байхаас нь тоглолт бүрийг нь алгасахгүй үздэг байсан ээж нь “Хунт нуур” балетад гоцлохыг нь үзээд “Одоо л миний охин жинхэнэ бүжигчин боллоо. Мэргэжилдээ хайртай байж, тууштай зүтгэсний чинь үр шим шүү” гэж урамшуулжээ. Бүжигчин бүсгүйн хувьд энэ он жилүүдэд ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг байв. Түүний амьдруулсан Хоролмаа, Мирта, Зарема гээд хурц араншинтай, ширүүн дүрүүд үзэгчдэд илүү их хүрдэг билээ. Харин “Хунт нуур” балетын Одетта бол энхрий зөөлөн, хиртэй гараар барьж боломгүй эмзэг, турьхан дүр билээ. Тиймээс бүжигчний хувьд өөрийгөө илүү эвдэж, зөөллөж тоглох шаардлагатай болсон тухайгаа ярьж байсан юм. Багш нар нь ч түүнд бусад бүх техник чинь болж байна. Одоо өөрийгөө жаахан зөөллө гэсэн зөвлөгөө өгч байсан гэнэ. Тиймээс их бодож, өөртэйгөө ярилцаж, ажиллаж байж цагаан хунгийн дүрийг амьдруулжээ. Б.Баасансүрэн гоцлоочийн нэрийн хуудас болсон бүтээлийн нэг нь “Жизель” балетын сүнсний хатан буюу Мирта юм. Үсрэлт ихтэй, өндөр техниктэй энэ балет манай уран бүтээлчийн хамгийн анх театрын босгоор алхаад өлгийдөж авсан дүр нь юм. 2003 онд анх энэ дүр дээр ажиллахдаа техник талаасаа ахихыг хүсдэг байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам бүжгэн жүжгийнхээ утга санааг илүү чухалчилж, Мирта бол сүнсний хатан, удирдагч гэсэн өгөгдлийг нь илүү үзэгчдэд хүргэхийг зорьдог болжээ.

 

Запасны сурагч

 

Театрын тэргүүн хун маань Төв аймгийн уугуул. Аав нь засанд ажилладаг байсан бол ээж нь багш мэргэжилтэй юм байна.

Зургаан настайдаа Улаанбаатарт шилжиж, Баянгол дүүргийн 54 дүгээр сургуульд дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшээд 1996 онд Хөгжим бүжгийн коллежид элсжээ. Тухайн үед ээж нь зурагтын зараар Хөгжим бүжгийн коллеж балетын ангид элсэлт авч байна гэсэн зар явахыг сонсоод охиноо очиж шалгуулсан нь өнөөдрийн бүжигчний хүсэл мөрөөдлийн эхлэлийг тавьсан түүхтэй. Б.Баасансүрэн багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Дөрвөн хүүхэдтэй айлын дундах охин түүнийг ээж нь багаас нь Хүүхдийн ордонд дугуйланд явуулж, спортын төв ордонд гимнастикийн секцэнд хүртэл явуулаад амжиж. Ийнхүү Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар орохоос өмнө ээж нь “Миний охин сунгалт хийхдээ өвдөж байна уу гэж асуувал өвдөхгүй байна л гэж хариулаарай. Тэнцээд гараад ирвэл ээж нь шагнана шүү” гэж хэлсэн нь санаанаас нь хэзээ ч гардаггүй гэнэ. 100 гаруй хүүхдээс хоёр удаагийн шалгалт аваад 10 хүү, 10 охин тус тус авна гэжээ. Харин шалгалтын дүнг танилцуулахад хоёр охин запасанд авсны нэг нь өнөөдрийн гоцлооч Б.Баасансүрэн байв. Ийнхүү тэрбээр азтай, одтой ч гэмээр тохиолоор бүжигчин болох замаа зассан юм. Бүжгийн ангид хүүхэд авахад багш нарын хардаг гол хүчин зүйлийн нэг нь арьсны өнгө юм байна. Учир нь зөөлөн шар арьстай охид шилжилтийн насан дээрээ таргалах магадлал өндөр байдаг ажээ. Тиймээс төрөлхийн шар арьстай Б.Баасансүрэн ийнхүү запасны сурагч болсон түүхтэй. Бурхан хөдөлмөрлөсөн хүнийг л шагнадаг гэдэг дээ. Хэдийгээр анх 12 охин бүжигчин болохоор зорьсон ч сургууль төгсөхөд дөрвөн охин л төгсөж чадсан гэдэг. Мөн дөрвөн охин төгссөн ч хоёр нь л ДБЭТ-д орсоны нэг нь мөн л Б.Баасансүрэн юм.

 

Ю.Оюун багшийн шавь

"Спартак" балетын Эгина.

Монголын сонгодог урлаг тэр дундаа балетын урлагт Ардын жүжигчин Ю.Оюун агсан домог билээ. Тэрбээр Монголын анхны Одетта, Одельяа юм. Түүний уран нарийхан хүзүү, урт зөөлөн гарыг харсан орос сургагч “Би цагаан хунгаа олчихлоо” хэмээн өөрийн эрхгүй уулга алдсан гэдэг. Ю.Оюун агсныг хар хунгийн 32 эргэлтийг хийж байхад театр тэр чигээрээ нам гүм болж, бүгд зүрх даран алмайрдаг байсан гэх домог мэт яриа одоог хүртэл уран бүтээлчдийн дунд явдаг. Тэгвэл энэ агуу хүний шавь нь ДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Баасансүрэн билээ. Ю.Оюун агсан тэдний ангийг анх дааж авчээ. Эхний хоёр жил анги удирдсан багш нь байгаад өвчний улмаас цаашид ангиа даах боломжгүй болж, одоогийн гавьяат жүжигчин Т.Туул багшид хүлээлгэн өгсөн юм байна. Тухайн үед Ю.Оюун агсаных “Од” кино театрын ойролцоо, харин шавийнх нь хорооллын Өргөөд байдаг байж. Тиймээс өглөө бүр тааралдаж, хамтдаа сургуульруу явна. Зарим үед гэртээ дуудна. Нэг удаа багшийндаа очтол “Хайртай шавьдаа өөрийнхөө өмсгөлийг өгье. Ямар ч үед тэвчээртэй байгаарай. Тэвчээртэй хүн л амжилтад хүрдэг” гээд өөрийхөө өмсөж байсан бэлтгэлийн хувцсыг өгчээ. Шавь нь тэр хувцсыг нь хайрлан, хайрлан элэгдтэл нь өмссөн тухай нандин дурсамжаа дэлгэсэн юм. Харин Т.Туул багшийнх нь хувьд Б.Баасансүрэнг ухаан зарж бүжиглэдэг хэмээн урамшуулдаг байжээ. Багш нь түүнийг ирээдүйд багш болоорой гэж захисных нь дагуу гоцлооч маань 2003 онд СУИС-д бүжгийн багш мэргэжлээр сурчээ. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын консерваторийг Боловсролын магистр чиглэлээр дүүргэжээ. Тайзнаа буухаараа тэрбээр шилдэг бүжигчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэх зорилготой юм байна.

 

Дэлхийн зах зээлд монгол бүжигчид үнэ цэнтэй

 

"Жизель" балетын Мирта.

Б.Баасансүрэн 2001 оноос л театртаа гэрээт бүжигчнээр ажиллаж эхэлжээ. Театрт түүнийг анх тоссон багш нь гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш нь юм. Багшаасаа бүжиглэхээс гадна урлагийн хүний бүхий л зан чанарыг сурчээ. Театрт орсон залуухан бүжигчид анх “Жизель”, “Хунт нуур” балетад гардаг уламжлалтай. Энэ л уламжлалын дагуу театрын амьдралаар амьсгалсан Б.Баасансүрэн гоцлооч энэ хугацаанд хэдхэн удаа жингийн өөрчлөлтөөсөө болоод тайзаа орхидог ч юмуу гэсэн бодолтойгоо нүүр тулжээ.  Эдгээр үед түүнийг хамгийн ихээр зоригжуулж, дэмждэг байсан хүн нь түүний найз ДБЭТ-ын гоцлол бүжигчин Г.Батгэрэл ажээ. Найз нь түүнийг цаг мөч бүхэнд урамшуулж, “Жин хамаагүй. Бүжгээ хийгээд сурчихсан байхад бусад нь асуудал биш. Чи бүжгийн урлаггүйгээр амьдарч чадахгүй хүн. Хоёулаа хамтдаа эхэлсэн, хамтдаа л дуусгана шүү” гэж байнга хэлдэг байсных нь хүчинд найз нь энэ л тайзандаа үнэнч үлджээ. Б.Баасансүрэн олон улсын тайзан дээр монгол гэж дуудуулах бүртээ энэ л мэргэжлийг эзэмшснээрээ хамгийн их омогшиж, бахархдаг гэсэн. Сүүлийн жилүүдэд тэрбээр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд олон орны тайзнаа бүжиглэжээ. Тиймээс ч дэлхийд манай бүжигчдийн ур чадварыг өндрөөр үнэлдэг тухай ярьж байсан юм. Энэ нь монгол хүний ген, тэвчээртэй зан чанар, уйгагүй хөдөлмөрийн үр шимд дэлхийн зах зээлд монгол бүжигчид үнэ цэнтэй байдаг ажээ. Дэлхийн балетын чиг хандлага илүү чөлөөтэй, модерн чиглэлрүү хөгжиж байна. Б.Баасансүрэн бүжигчний хувьд “Номадик” продакшинд давхар бүжиглэдэг билээ. Энэ хамт олны олон уран бүтээлд гоцолж байсан туршлагатай. Энэ хамт олонтой нэгдэж, уран бүтээл хийсэн нь өөрийг нь “Хунт нуур” бүжиглэх хэмжээний бүжигчин болгосон гэж онцолж байлаа.

 

Ирээдүйд уралдаанч болох мөрөөдөлтэй

"Үйлийн гурван толгой" балетын Хоролмаа.

Тайзан дээр хар цагаан хунд гоцолж, хун болдог бүжигчин маань амьдрал дээр хоёр хүүхдийн ээж билээ. Түүний хань А.Ганбаатар мотоспортоор хичээллэж, УАЗ машинаар уралддаг юм байна. Нөхрөө дагаж, уралдаан үзэх дуртай болсон бүжигчин маань тайзнаас буусныхаа дараа уралдаанч болох нууцхан мөрөөдлийг тээдэг юм байна. Уран бүтээлч хүний хамгийн найдвартай ар тал бол хань нь байдаг. Б.Баасансүрэн бүжигчний хувьд өдий зэрэгтэй амжилттай ажиллаж байгаа нь түүний ханьтай салшгүй холбоотой юм. Нэг ч удаа ажлаа орхи гэж хэлж үзээгүй ханьдаа тэрбээр хамгийн их баярладаг гэж байв.

Хамгийн сүүлд “Хунт нуур”-т бүжиглэхэд нь хүү нь өглөөнөөс эхлээд бүлээрчээ. Гэвч нөхөр нь эхнэрийнхээ тоглолтын үеэр сэтгэл санааг тайван байлгах гээд гэргийдээ хэлээгүй ажээ. Тоглолт дууссаны дараа хэлэхэд нь бүжигчин маань өөрийн эрхгүй нулимс нь урсчээ. Нийтлэлийн гол баатар маань балетчин болсноор хувь хүндээ олон зүйлийг сурчээ. Тэвчээртэй зангаас эхлээд хүний үгийг даах, хувийн зохион байгуулалттай болсон нь энэ л урлагаас эхтэй. Балетчин бүсгүйн охин ээж шигээ бүжигчин болох мөрөөдөлтэй гэнэ. Ээжийгээ “Хунт нуур” бүжиглэхэд хамгийн их баярлаж, бахархсан хүн нь түүний охин юм. Б.Баасансүрэн гоцлоочийн хувьд алтан тайзнаасаа буух болоогүй, нөөц бололцоо нь бүрэн бий. Тиймээс дахин өөр уран бүтээлд өөрийгөө сорих хүсэл зорилго дүүрэн байна лээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)

 

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

4 цаг 18 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

4 цаг 23 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

4 цаг 28 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

4 цаг 33 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

4 цаг 38 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

4 цаг 43 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

4 цаг 48 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

4 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

4 цаг 58 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

5 цаг 3 мин