
Г.ГАНЧИМЭГ, С.БУЯНХИШИГ
Дэлхий дэлэгнэсэн дэлгэр зуны их цэнгэл наадам айсуй. Энэ зуны хамгийн анхны наадам Хэнтий аймгийн Чингис хотоос эхэллээ. Саяхан нийслэлд “Архигүй Хэнтий бодит үр дүн, туршлага” сэдэвтэй үндэсний хэмжээний томоохон чуулганыг зохион байгуулсан Хан Хэнтийчүүдийн наадам амгалан сайхан, өргөн дэлгэр болж өндөрлөв. Баяр наадам болж байгаа гэхэд нанчид зооглосон хүн гудамжинд гуйвж дайвж яваа харагдсангүй. Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил 32 хувиар буурчээ. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт хэргийн тоо 25 хувиар буурсан зэрэг нь “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлсний үр дүн хэмээн нутгийн зон олон ам сайтай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 500 гаруй хүн эмгүй эмчилгээний аргаар “шилтэй цэнхэр”-ээс салжээ. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 91 жилийн ойн баяр наадмыг аймгийн Засаг даргын шийдвэрээр энэ сарын гурван, дөрвөнд ийнхүү зохион байгуулсан юм.
Энэ сарын 18-20-нд Хэнтий аймгийн Дадал суманд буриад түмний “Алтаргана” олон улсын их наадам болно. Мөн Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын мэндэлсний тэгш ой, Галшар, Норовлин сумдын 90 жилийн ой, Бэрхийн уурхай, уурхайчдын тосгон байгуулагдсаны 60 жилийн ой зэрэг олон баяр наадам шил дараалан зохион байгуулагдах нь. Тиймээс аймгийнхаа наадмыг цаг хугацааны хувьд урагшлуулж хийсэн нь энэ.
СЭЦЭН ХАНЫ БУЯН ӨНГӨТЭЙ БАЙНА
Наадмын өдрүүдэд нар хур тэгш сайхан, сэрүүвтэр байсан нь хурдан морь давхихад хамгийн таатай нөхцөл бүрдүүллээ.
Хэнтийн наадамд 110 даага шандас сорьсноос тус аймгийн Баянмөнх сумын Ганболдын хонгор түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Эрдэнэцогтын ногоон, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жамбаагийн хүрэн, Дорноговь аймгийн Иххэт сумын Зоригтбаатарын хээр, Хэнтий аймгийн Галшар сумын Батмөнхийн зээрд айргийн тавд хурдаллаа.
Мөн 128 шүдлэн мордуулснаас Хэнтий аймгийн Мөрөн сумын Батбаярын зээрд үрээ түрүүлж, мөн аймгийн Хэрлэн сумын Түвшинбаярын хүрэн, Батноров сумын Дагвасүрэнгийн хүрэн цоохор тус тус удаалж, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Авирмэдийн шарга, халиун үрээнүүд айргийн тавд давхисан юм.
Хязаалан насны 97 үрээнээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын Д.Цолмонбаатарын хээр түрүүлж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын С.Гантөмөрийн хонгор халзан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Х.Авирмэдийн хүрэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогтын Г.Галбадрахын хул, Хэнтий аймгийн Галшар сумын Н.Батжаргалын хонгор будан айрагдав.
Нийт 104 соёолон давхиснаас Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригын шарга магнайдаа тоосгүй түрүүлж, Хэнтий аймгийн Дадал сумын Б.Батцагааны хээр будан, Сүхбаатар аймгийн Түмэнцогтын Б.Цогтсэргэлэнгийн хээр, Хэнтий аймгийн Мөрөн сумын Н.Буянхишигийн сартай зээрд, мөн аймгийн Жаргалтхаан сумын З.Гантулгын хонгор соёолон айргийн тавд ирсэн юм.
Их насны морьдын уралдаанд Хэнтий аймгийн Батноров сумын Батжаргалын хул морь түрүүлж, мөн аймгийн Хэрлэн сумын Г.Ойдовын хүрэн халзан, Г.Жаргалсайханы улаан буурал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригын саарал, тус аймгийн Норовлин сумын С.Төмөр-Очирын зээрд морьд айрагдлаа.
91 азарга уралдуулснаас Хөвсгөл аймгийн харьяат Болдбаатарын хурдан халиун түрүү магнайд ирсэн бол аман хүзүүнд тус аймгийн Баян-Адарга сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Содномын зээрд азарга хурдаллаа. Удаа нь аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын буурал азарга, Биндэр сумын Бямбацогтын хээр, Сүхбаатар аймгийн Ганзулын хонгор азарга хурдлав.
Ийнхүү зургаан насны хурдан морьдын таван түрүүг Хэнтий аймгийн уяачид өөрсдөө авлаа. Нэг түрүүг нь Хөвсгөл аймгийн уяач авсан юм. Улсын наадмын өмнө болж байгаа тул газар газрын шандаст хүлгүүд уралдсан тус наадам элдэв булхайгүй болов.
БОСОО САМДАН АВАРГЫН НУТГИЙН БӨХЧҮҮД ҮЗҮҮР ТҮРҮҮНД ҮЛДЭВ
Аймгийн наадамд 256 бөх барилдсаны дотор улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Э.Оюунболд, улсын начин Б.Одхүү, Батбаяр тэргүүтэй 15 начин, аймаг, цэргийн цолтой 50 гаруй бөхчүүд зодоглов. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан С.Ариунбилэг найм давж түрүүлж, мөн сумын харьяат, улсын начин Б.Одхүү үзүүрлэсэн юм. Ийнхүү С.Ариунбилэг аймгийнхаа наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн бол Б.Одхүү начин аймгийн наадамд гурав түрүүлсэн байдаг. Харин энэ жилийн наадмаар хоёр дахь удаагаа үзүүрлэв. Энэ наадамд зургаа давж шөвгөрсөн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын заан Д.Бат-Эрдэнэд аймгийн харцага, тав давсан Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Э.Дарханбат, мөн аймгийн Баянмөнх сумын харьяат О.Мөнхбаяр нар аймгийн начин боллоо. Хэнтийн бөхчүүд хэд хоног Хэрлэнгийн хөвөөндөө бэлтгэл хийгээд улсынхаа баяр наадмаар “ноцолдох” гэнэ. Сэцэн хан аймгаас даншгийн 15 их аварга, ардын хувьсгалаас хойш хоёр аварга төрсөн түүхтэй. Мөн улсын нэг арслан, зургаан заан, найман начин, хамгийн сүүлд харцага цолтон төржээ.
Монголчууд наадмаар “Ямар бөх түрүүлэв” гэж асуугаад араас нь “Яаж байлсан бол” хэмээн сонирхдог нь нууц биш. Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга П.Баярт-Од “Баяр наадам дэлгэр сайхан боллоо. Өнгөрсөн жил аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байсан учраас баяр наадмын бай шагнал 10 дахин их байсан. Энэ жилийн хувьд баяр наадам тэмдэглэн зохион байгуулах хуулийн дагуу бай шагналыг өгсөн. Дунджаар түрүү бөх, түрүүлсэн морь, мэргэн харваач нь 200-400 мянган төгрөгийн шагналтай байлаа” гэв.
НУТАГ УСАА ЧИМСЭН “ГОЁ НААДАМЧИН” ХЭН БЭ?
Аймгийн баяр наадмын шагай харваанд 13 багийн 107 харваач оролцож, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харваач Ш.Энхтөр, тус аймгийн Баянхутаг сумын харваач Б.Бадарч, мөн аймгийн Өмнөдэлгэр сумын харваач С.Сувдбаатар нар онооны дарааллаар шалгарчээ. Багийн харваанд Монгол Улсын дэд мэргэн Г.Дамба ахлагчтай Хэрлэн сумын Өлзийт тосгоны баг тэргүүн байрт шалгарч, Д.Чинбат ахлагчтай Жаргалтхаан сумын харваачид хоёрдугаар байрт, Монгол улсын үлэмж дархан мэргэн Ю.Мөнхтөр ахлагчтай Бор-Өндөр сумын баг харваачид удаах байрт шалгарлаа. Г.Дамба ахлагчтай баг харваачид Монголын нууц товчооны 750 жилийн ойн баяр наадамд түрүүлж байжээ. Энэ жил Шагайн холбооны их хурлаар хуучин уламжлалаар олон хасаа өрөөтэйгээр харвахаар болсон. Энэхүү шийдвэрийг даган баг, тамирчид эргээд шагайн харвааг сонирхох болсон тухай шагайчид онцлон ярьж байлаа.
Үндэсний сурын харваанд 48 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Халх харваанд эрэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, спортын мастер Н.Өлзийбилэг, Н.Өлзийхутаг нар 34-37 онож эхний байруудад шалгарч, Бор-Өндөр сумын харваач, спортын мастер М.Чинзориг удаах байрыг эзэллээ. Эмэгтэй харваачдаас Хөвсгөл аймгийн харьяат, “Бурхан Халдун” группийн харваач Ж.Нямдаваа, Хэнтий аймгийн залуу харваач Д.Туяа-Эрдэнэ, Төв аймгийн харваач Ө.Лхагважав нар шалгарав.
Жил жилийн зун наадамчдын үзэх дуртай нэг хэсэг бий. Тэр нь “Үлэмжийн чанар” шиг таван мэдэрхүйг сэрээж мялаасан “Гоё наадамчин” шалгаруулах ёслол юм. Энэ удаагийн “Гоё наадамчин” -аар Хэнтий аймгийн Батноров сумын малчин П.Мөнхбатын гэр бүл шалгарлаа. Тэрээр гэргий Ч.Буяннэмэхтэйгээ хос саарал морьтой ирж оролцсон юм. Тэд их гарын 50-70 лангийн мөнгөн чимэгтэй эмээл, товруутай мөнгөн хударга, мөнгөн хазаар, энэтхэг улаан модон ташуур, хормойн мөнгөн боолт, хэт хутга, бэл, мөнгөлсөн хусуур сойз, арслантай дөрөөгөөр гоёжээ. Эдгээр эдлэлийг Тожил дархны хийцээрээ алдартай Батноров сумын дархчууд урлажээ.
НААДМАА Ч ХИЙНЭ, НАМРЫН АЖЛАА Ч АМЖУУЛНА
Энэ жилийн баяр наадмыг Хэнтий аймгийн ард иргэд хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтсан юм байна. Тухайлбал, Хэнтий аймаг өнгөрсөн хавар нийт 1.3 сая толгой эх мал төллүүлж, 1.2 сая толгой төл хүлээн авч, төл бойжилт 98 хувьтай сайхан зусч байна. Өөрөөр хэлбэл, 2.7 сая толгой мал тоолуулсан энэ аймагт мал сүргийн тоо толгой энэ жил нэг саяар нэмэгджээ. Энэ нь малчдын нөр их хөдөлмөрийн үр дүн гэдэг нь ойлгомжтой.
Өнгөрсөн жил Хэнтий аймаг 10 мянган га-д үр тариа тариалж байсан бол энэ жил 24 мянган га-д үр тариа тарьжээ. Өөрөөр хэлбэл, тариалангийн талбайн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Тус аймгийн эргэлтэд орж буй газар тариалангийн хэмжээ 47 мянган га-д хүрчээ. Мөн 700 га-д хүнсний ногоо тарьсан аж. Тус аймгийн хувьд нутгийнхаа хөрсөнд тарьсан хүнсний ногоогоор ард иргэдийнхээ хэрэгцээг 100 хувь хангадаг гэсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байв. Гурилын хэрэгцээнийхээ 75 хувийг өөрсдийнхөө тарьж ургуулсан улаанбуудайгаар хангадаг байсан бол энэ жил хурааж авах ургац нэмэгдсэнээр 100 хувь хангах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, тус аймгийн зон олон наадмаа ч хийж, намрын ажлаа ч амжуулах юм байна.
Нөгөөтэйгүүр, амьдралдаа алдаж явсан иргэд архинаас гарч эхлэнгүүт ажлын байр хайх нь ойлгомжтой. Тэгвэл энэ нь энд асуудал биш аж. Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүх суманд хийжээ. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25 барилга байгууламжийг Чингис хотод барьж байна. Мөн хувийн хэвшлийн түншлэлээр олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа аж. Тухайлбал, тус хотын нэрийн хуудас болох 18 давхар “Чингис” цамхагийн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Мөн “Тэмүүжин”, “Шинэ Өндөрхаан”, “Хэрлэн” гээд “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гурван орон сууцны хороолол шинээр баригдаж буй юм. Нэгдсэн эмнэлэг, “Хан Хэнтий” чуулга, Дулааны станцын барилгын ажлыг ч эхлүүлжээ. Энэ бүхэн Чингис хотыг улсын зэрэглэлтэй хот болгохын төлөө хийж буй бүтээн байгуулалтууд юм. Тиймээс хотын гудамж талбайг тохижуулах, шинээр зам тавих, хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламж гээд хийх ажил мундахгүй их.
Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Эдгээр бүтээн байгуулалтыг хийсний дараа буюу 2016 он гэхэд Хэнтий хөгжил дэвшлээрээ зүүн бүсэд тэргүүлэгч болно” гэсэн зорилготой ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин