
Цэрэндашийн ЦОЛМОН
Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, доктор, профессор
Түрүүч нь № 50 (6782)
Яагаад гэвэл, ордон дахь намын удирдлага, гудамжинд жагсагчид болон талбай дахь өлсгөлөн зарлан тэмцэгчдэд аль алинд нь мухардлаас гарах арга замыг зааж өгснөөрөө Ардчиллын 15 эрдэмтний "цогц шинэчлэлийн бодлого" нь хувьсгалч үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хуучнаараа удирдаж чадахаа больсон дарга нар, дургуйцлээ илэрхийлэх боловч зөв гарцаа хараахан олоогүй байсан тэмцэгчдийн үзэл бодлыг цэгцэлж, ардчилал-зах зээлийн зарчим дээр монголчууд нэгдэх замыг зааж өгснөөрөө хувьсгалч үйлс болсон юм. Олон намын тогтолцоо, хувийн өмч, биеэ даасан гадаад бодлого, олон улсын чанартай баталгаа бүрдүүлэх зэрэг олон ойлголтыг шинээр эргэлтэд оруулсан билээ.
Нэг өдөр бид Намын төв хороон дээр очиж бодлого, баримт бичгээ тайлбарлах, хамгаалах уулзалтад оролцсон юм. Ж.Батмөнх дарга хурлыг удирдсан. Манай 15 эрдэмтэн үндсэн үзэл баримтлалаа танилцуулж нэлээд ярилцсаны дараа ямар нэрээр энэ материалаа хэвлүүлэх вэ? Намын нэр ямар байх вэ гэдэг дээр санал онол өрнөж, яригдсан юм. Би тэгэхэд "МАХН, МАН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь авч нэгийг нь хашилтад хэрэглэе. Тэгэхгүй бол үлдээсэн нэрийг өөр хүмүүс ашиглаад өөр нам байгуулах ч юм уу бас маргаантай ажил гарч магадгүй" гэж хэлсэн юм. Тэр үед Ж.Батмөнх дарга дэмжиж, энэ ер нь зүйтэй санал байна гэснээр МАН/МАХН/ гэсэн нэрээр саналаа хэвлүүлж билээ. Сүүлд намын нэрийг өөрчилнө, өөрчлөхгүй гэдэг асуудал олон удаа яригдаж байсан даа. Саяхан хоёр нам эргэж нэгдэхэд МАН-МАХН гэдэг нэрүүдийг хоёуланг нь авах нь зүйтэй гэдэг саналыг би бас Б.Тулга даргад хэлж байсан. Бас л өөр хүмүүс ашиглаж болох магадлал байгаа юм.
Тухайн цаг үедээ шинээр томъёолсон бодлогуудыг дурдъя.
Нэг. Зах зээлийн эдийн засагт шилжих баримтлал бидний боловсруулалтын маш чухал хэсэг байсан юм. Зах зээлийн тогтолцоонд шилжээд төрийн зохицуулалттай хэрхэн хослуулах талаар олон удаа ярьж хэлэлцэж байлаа. Тэгээд "...төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засгийн өндөр үр ашигтай цогцолбор бий болгоход оршино" гэж тодорхойлсон билээ.
Хоёр. Өмчийн харилцаа. Бидний хэлэлцүүлгийн үеэр өмчийн асуудал их чухалчлан яригддаг байсныг санаж байна. Өмчийн олон хэлбэрийг дэмжих, хувийн өмчийг бий болгох, улсын өмчийг задалж хувьд шилжүүлэх зэрэг шинэ ойлголтуудыг эргэлтэд оруулж хэлэлцэж байв.
Гурав. Нийгмийн оюун санааны шинэчлэлийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийг чухалчлан үзэл сурталчлан засварлах, захиргаадан дэглэх, сэтгэн бодох, бүтээн туурвих эрх чөлөөг хязгаарлах, үнэнийг нуух хаах зэрэг гаж үзэгдлээс татгалзан, ардчилсан ёсыг бүрэн бэхжүүлэн хөгжүүлж, хүнээ дээдлэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нандин эрхийг бүх талаар хамгаалан баталгаажуулах зорилтыг анхлан тодорхойлсон билээ.
Дөрөв. Улс төрийн системийн шинэчлэлийг намын аппаратын хүчинд тулгуурлан тууштай биш, өнгөц, өөр хоорондоо уялдаа холбоо сул, хэсэг бусаг арга хэмжээнээс хэтрэхгүй байгааг шүүмжлээд "улс төрийн системд эрс эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийх, нийгмийн шинэчлэлийг жинхэнэ хувьсгалт утгаар нь хэрэгжүүлэхийг" шаардсан билээ. Энэ нь оюун санааны хувьсгалд дуудсан хэрэг юм. Ингэхдээ намыг өөрийг нь шинэчлэхийн гарцаагүй болохыг 15 эрдэмтэн үндэслэсэн юм. Тухайн үеийн Үндсэн хуульд байсан "МАХН бол төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн" гэсэн заалтаас нам өөрөө татгалзах, "улс төрийн манлай хүч, эрх баригч нам байхын төлөө тэмцлийг ардчилсан үйл явцын хүрээнд явуулах" зорилтыг дэвшүүлж байсан нь тэр үедээ ихээхэн зориг шаардсан санал байв.
Эрх баригч намд хувьсгалт шинжтэй олон шаардлагыг тавьсан билээ. МАХН-ын Онц их хурлыг цаг алдалгүй хуралдуулж өөрчлөн байгуулалтын үйл явцыг хурдасгах, намаа шинэчлэх зарчмын чиг шугамыг тодорхойлох, намын Төв хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх, Ардын Их Хурлын ээлжит сонгуулийн хугацааг наашлуулах шаардлага тавьсан нь "сэхээтний төөрөгдөл" гэгчээр хэдэн үеэрээ "даруулж" байсан монгол эрдэмтдийн хувьд үнэхээр хувьсгалт шинжтэй байсан юм. Эдгээр 15 эрдэмтний нийгэм, төрийн тогтолцоог шинэчлэх шаардлагууд нь МАХН төдийгүй бусад улс төрийн хүчнүүдийн цаашдын үйл ажиллагааны чиглэл болж хэрэгжиж байснаараа "Сэхээтний хувьсгалын удирдамж, газрын зураг" болсон билээ.
Тав. Намд өөрт нь хамааралгүй эрх мэдэл үүргээс ангижирч, олон ургалч үзлийг хүндэтгэн улс төр олон нийтийн аливаа хүчин, хөдөлгөөнтэй ардчилсан зарчмаар хамтран ажиллах үндсэн дээр нам өөрийгөө шинэчлэхийг уриалсан юм.
Зургаа. Ардчиллыг ард түмний зан заншил, түүхэн уламжлал, ёс суртахуунтай холбож хөгжүүлнэ гэсэн заалт нь гаднаас хуулбарлах аюул байж болохыг урьдчилан харсан эрдэмтдийн анхааруулга байлаа.
Долоо. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйг хөгжүүлэхийн хамт хувийн аж ахуйн малын тоог үл хязгаарлан, хувиараа аж ахуй эрхлэхийг дэмжинэ. Өмчийн зүй зохистой харьцаа нь зах зээлээр зохицуулагдах болно гэдгийг анхлан цэгцтэй томъёолсон билээ.
Миний хувьд гадаад бодлогын талаар өөрийн үзэл бодлоо бас шингээж өгөхийг бодож идэвхитэй ажилласан. Ялангуяа зөвхөн социалист орнуудтай ажилладаг явцуу хүрээнээсээ гарч нээлттэй байх, барууны орнуудтай харилцах, олон улс орноос болон НҮБ зэрэг олон талт бүтцээс аюулгүй байдлын баталгаа олж авах, азийнхаа бүс нутагт илүү анхаарах зэрэг асуудлыг тусгахыг зорьж, тусгуулж байв.
Бидний хөтөлбөрт оруулсан гадаад бодлогын талаарх томьёоллоос дурдвал "Намын гадаад бодлого, БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түргэн хурдацыг хангаж байхуйц гадаад таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүрэн эрхт бие даасан байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдал, үндэсний эрх ашгийг тууштай хамгаалах, Эвсэлд үл нэгдэх бодлого явуулан, дэлхийн хамтын нийгэмлэгт эзэлсэн байр сууриа бататган, улс түмний найрамдал, энхтайван, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорино. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аюулгүй байдлыг олон улсын чанартай баталгаа бүрдүүлэх үндсэн дээр улс төрийн аргаар хангаж байх чиг шугам баримтална. Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүх улс гүрэнтэй энх тайвнаар зэрэгцэн орших, эрх тэгш хамтран ажиллах, харилцан туслах зарчмын үндсэн дээр найрсаг харилцааг зүйл бүрээр хөгжүүлж, тэдэнтэй болон олон улсын байгууллагуудтай эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн болон бусад салбарт харилцан ашигтай хамтран ажиллах ёстой гэж нам үзэж байна. Манай хөрш- Зөвлөлт Холбоот улс ба Хятадтай уламжлалт харилцаагаа тал бүрээр хөгжүүлэхэд эн тэргүүнээ анхаарна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад түүх, соёлын уламжлал, газар зүйн байрлалаараа ойр дөт Ази Номхон далайн бүс нутаг манай улсын гадаад харилцаанд чухал байр суурь эзэлбэл зохино. Бүгд Найрамдах Монгол Ард Улс өөрийн цар хэмжээ, боломж, чадавхитай уялдуулан нээлттэй эдийн засгийн бодлогыг тууштай явуулж, бүс нутгийн хөдөлмөрийн хуваарьт оновчтой оролцохыг чухалчилна. Манай улс дэлхийн хөгжлийн хандлага, олон улсын харилцааны бодит байдлыг харгалзан бие даасан, уян хатан гадаад бодлого явуулахыг дэмжинэ. Олон улсын харилцаа, нийгэм эдийн засгийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзах, хөгжлийн замаа сонгох улс түмний эрхийг хүндэтгэх, хүч үл хэрэглэх, гадаадын цэрэг, цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрхийг хүндэтгэх, олон улсын хууль зүйг дээдлэх зэрэг улс хоорондын харилцааны зарчим, хэм хэмжээг хэлбэрэлтгүй баримтлах болно…" гэсэн зүйлсийг тусгасан юм. Эдгээр заалт нь тухайн үедээ цоо шинэ хувьсгалт хандлагаар томъёологдсон бөгөөд сүүлд хийгдсэн "Гадаад бодлогын үзэл баримтлал"-уудын үндэс болж өнөө хэр хоцрогдохооргүй хэрэглэгдэх зарчим, бодлого, чиглэлүүд болжээ. Дээр гарсан "олон улсын чанартай баталгаа бүрдүүлэх үндсэн дээр тусгаар тогтнолоо" хамгаална гэдэг томъолол нь миний өмнө нь санаачилсан " НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орны баталгаа гаргуулах" саналаа тусгасан санаа юм.
Удиртгал хэсэгт тэмдэглэснийг дэлгэрэнгүй дурдвал:
Зохион байгуулалт, үзэл суртлын догматизмд автагдсан захиран тушаах хуучин аргыг орхиж, намд өөрт нь хамааралгүй эрх мэдэл үүргээс ангижирч, олон ургалч үзлийг хүндэтгэн улс төр олон нийтийн аливаа хүчин хөдөлгөөнтэй, ардчилсан зарчмаар хамтран ажиллах үндсэн дээр нам өөрийгөө шинэчилнэ. ...Эх орныхоо түүх, эдийн засаг, нийгэм соёлын онцлогийг харгалзсан бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны ололтод түшиглэсэн Оновчтой бүтэц бүхий эдийн засгийг бий болгож, хууль зүйт төрийг тогтоон жинхэнэ ардчилал, шударга ёс, улс орны аюулгүй, тогтвортой байдлыг хангах замаар энэхүү нийгмийг байгуулах болно. Үүний тулд эдийн засгийн хөгжилтэйгөө нягт уялдсан нийгмийн бодлого явуулна. Хүн бүр авьяас чадвараа хөгжүүлэн, төгс төгөлдөр, сайн сайхан амьдрах эрхийг хангана. Шинжлэх ухаан, техникийн дэвшилд суурилсан үйлдвэрлэх хүчнийг бий болгож, өмчийн олон хэлбэр, аж ахуйн олон хэвшилтэй, өөрийгөө өргөтгөн нөхөн үйлдвэрлэх чадвартай, төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засгийг бүрдүүлж, хуваарилалтын шударга систем тогтооно. Захиргааны хүнд суртлын системийг халж, хүний эрх, хууль зүйг дээдлэн парламентат ёсны ардын эрхт төрийг цөм болгосон улс төрийн шинэ системийг бүрдүүлнэ. Ардчиллыг ард түмний зан заншил, түүхэн уламжлал, ёс суртахуунтай холбож хөгжүүлнэ Үндэсний ухамсар, түүх соёлын үнэт зүйлийг хүндэтгэн залгамжилж. түүнийг хүн төрөлхтний хуримтлуулсан соёл иргэншлийн ололтоор баяжуулан хөгжүүлэхийг зорино" гэсэн нь өнөөгийн тулгамдсан асуудлуудад ч хариу өгөхөөр заалтууд байна.
Эдийн засгийн хэсэгт мөн л хувьсгалт шинжтэй зүйлсийг тусгасан байдаг. "...Намаас баримтлах эдийн засгийн бодлого нь дэлхийн аж ахуйн хөгжил, олон улсын хөдөлмөрийн хуваарь, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн орчин үеийн ололтод уян хатан зохицох чадвартай, өмчийн олон хэлбэрт тулгуурласан өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах чадавхитай нийгэм, хамт олон, хувь хүний сонирхлоос үндэслэсэн төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засгийн өндөр үр ашигтай цогцолбор бий болгоход оршино. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх материаллаг үндэс нь үйлдвэрлэлийн бий болсон чадавхийг төгөлдөржүүлж чанарын цоо шинэ үйлдвэрлэх хүчин бий болгох явдал мөн. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн орчин үеийн ололтыг шуурхай авч хэрэглэх, шинжлэх ухааны үндэсний хүч бололцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн үйлдвэрлэлийг шинэчилнэ. Дагнах хорших үндсэн дээр оюуны багтаамж ихтэй бүтээгдэхүүн, хөдөлмөрийн хэрэгслийн үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэхийг чухалчилна. Зах зээлд уян хатан зохицож чадах, хөдөлмөрчдийн идэвх санаачилгаар голчлон байгуулах мал аж ахуй, байгалийн түүхий эдийг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Харилцан уялдаатай бие биеэ нөхөн арвижуулах чадвартай, улс ардын аж ахуйн салбаруудын үр ашигтай бүтцийг бүрдүүлж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцлийг хангахыг зорино.
Үйлдвэрлэн бүтээх зарчмыг эрхэмлэсэн эдийн засгийн эрс шинэтгэл хийх, үйлдвэрлэх хүчний хөгжилд өргөн бололцоо нээхүйц үйлдвэрлэлийн шинэ харилцаа бүрдүүлэхийг чухал гэж үзнэ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн явцад төлөвшсөн, үйлдвэрлэлийн харилцааны үр ашигтай хэлбэрүүдийг үндэсний онцлогт тохируулан хөгжүүлнэ. Үүний тулд эн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь өмчийн харилцааг өөрчлөн шинэчлэх явдал юм. Эдийн засагт улсын өмч дангаараа ноёрхон өмчийн бусад хэлбэрийг шахаж хөдөлмөрчдийг өмчөөс хөндийрүүлсэн гажуудлыг арилгаж, улс, хоршоолол, хамт олны, хувийн зэрэг өмчийн олон хэлбэр төрлийг хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйг хөгжүүлэхийн хамт хувийн аж ахуйн малын тоог үл хязгаарлан, хувиараа аж ахуй эрхлэхийг дэмжинэ. Өмчийн зүй зохистой харьцаа нь зах зээлээр зохицуулагдах болно. Гадаадын өмчийг оролцуулан өмчийн олон хэлбэрийн эдийн засгийн тэгш, халдашгүй байдлыг хамгаалах нь зүйтэй гэж үзнэ. Эдийн засгийг удирдах гол хөшүүрэг бол төрийн зохицуулалт. зах зээлийн механизм гэж нам үзнэ. Зах зээлийн харилцааг хөгжүүлснээр ард иргэд, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн чөлөөт байдлыг хангах эдийн засгийн үндэс бэхжих болно. Зах зээлийн харилцаа нь үйлдвэрлэлийн хэрэгсэл, мал, хөдөлмөрийн нөөц, үнэт цаас, мэдээлэл, оюуны бүтээгдэхүүн, хэрэглээний зүйл зэргийг хамарна. Газрыг онцгой тохиолдолд зах зээлийн харилцаанд хамааруулж болно. Зах зээлийн харилцааг хөгжүүлснээр, бараа таваарын хомсдлыг арилгах, ард түмний хэрэгцээт илүү сайн хангах бололцоо бүрдэнэ. Алдагдалтай үйлдвэр аж ахуйн газрыг улсаас тэтгэдэг журмыг халж, хөдөлмөрчдийн, хувь нийлүүлсэн үйлдвэр байгуулах гэрээ, түрээс хоршооллоор болон хувиараа ажиллах хэлбэрийг дэмжинэ. Зах зээлийн харилцаа, өрсөлдөөнийг өргөжүүлэх зорилгоор аль нэгэн салбар, нутаг дэвсгэр, үйлдвэр аж ахуйн онц эрхийг хязгаарлана. Гадаадын капитал оруулахыг зөвшөөрнө, үйлдвэр байгууллага, иргэдийн аж ахуйн хоорондох худалдаа, арилжааны янз бүрийн хэлбэрийг дэмжинэ. Гадаад орнуудтай холбоо харилцаагаа хөгжүүлж, удирдлагын бүх түвшинд мэдээллийн технологийг өргөн нэвтрүүлэх нь зах зээлийн эдийн засгийг үр ашигтай хөгжүүлэх чухал нөхцөл гэж үзнэ. Зах зээлийн эдийн засаг нь төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын шинэ бүтцийг шаардана. Төрийн зохицуулах үүрэг нь зах зээлийн хэвийн байдалтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, материаллаг үйлдвэрлэлийг тууштай өргөжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үнийг зохистой байлгахад нөлөөлөх, шинэ техник технологийг хөхүүлэн дэмжих, мэдээллээр хангах, эдийн засгийн томоохон төсөл прогноз боловсруулж хэрэгжүүлэх, гадаад зах зээлийн зохисгүй нөлөөллийг хязгаарлахад чиглэнэ. Зах зээлийг татвар, зээллэг, зээлийн хүү, улсын нөөц сан зэрэг эдийн засгийн аргаар төрөөс зохицуулна. Татварын бодлого нь үйлдвэр аж ахуйн газар, хувь хүмүүсийн сонирхол, авхаалж санаачилгыг бүх талаар дэмжин, хөрөнгө оруулалтыг урамшуулахад чиглэгдэнэ
Улсын төвлөрсөн төлөвлөлт, хангамжийн системийн хүрээг алхам алхмаар багасгаж багасгах замаар төрийн зохицуулалт бүхий зах зээлийн харилцаанд шилжих нөхцөлийг бүрдүүлнэ. Улсын төсвийн эдийн засгийн гол үүрэг нь улс ардын аж ахуйн дэд бүтцийг хөгжүүлэх явдал гэж үзнэ. Үндэсний орлогыг улсын төсвөөр дахин хуваарилахыг багасгах, үйлдвэр аж ахуйн газар, улс төр, олон нийтийн байгууллагыг төсвөөр санхүүжүүлэхээс татгалзах чиглэлийг баримтална. Гадаад дотоодын бүх төрлийн банк, даатгалын систем өргөжүүлэхийг дэмжинэ. Хуваарилалтын шударга харилцаа тогтоож, үйлдвэр аж ахуйн газрын хамт олон хүн бүр үйлдвэрлэл, хөдөлмөрийн эцсийн үр дүнгээр орлого, цалин хөлс авах зарчмыг баримтална. Өмчийн олон янз байдлаас үүдэн гарах орлого хуваарилалтын шинэ хэлбэрүүдийг зөвшөөрнө. Оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд анхаарна. Эдийн засгийн гадаад харилцааг өөрчлөн байгуулна. Бүх төрлийн аж ахуйг гадаадын үйлдвэр пүүсүүдтэй харилцах, хамтран ажиллах бололцоогоор хангах нь зүйтэй гэж үзнэ. Олон улсын эдийн засгийн шударга журмын төлөө тэмцэнэ. Монгол Улс олон улсын худалдаа, эдийн засаг, санхүү, банк, шинжлэх ухаан, техник, соёлын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон эдийн засгийн аливаа арга хэмжээ экологийн тэнцвэрийг алдагдуулахгүй байхад чиглэвэл зохино" гэжээ
Нийгмийн оюун санааны дэвшил гэсэн дараагийн хэсгээс дурдвал:
Бүтээлчээр хөдөлмөрлөж, утга төгс амьдардаг. эрүүл бие, саруул ухаан, нинжин сэтгэл, нэр төр, эрдэм мэдлэг, хамтач үзэл бүхий эрдэнэт хүн хүмүүжин төлөвшихөд нийгмийн оюуны бүхий л чадавх, хүчин зүйлсийг чиглүүлэх болно. Хүнлэг ардчилсан ёсыг эрхэмлэсэн бусад үзэлд хүндэтгэлтэй хандана. Иргэдийн шүтэх, үл шүтэх эрх, эрх чөлөөг хүндэтгэн дэмжинэ….Оюун санааны амьдралд үзэл сурталчлах, хэв загварт оруулах, захиран тушаах явдал, сэтгэх туурвих эрх чөлөөг хязгаарлах, үнэнийг өмчлөн бүлгэрхэх явдал гаргуулахгүй байхын төлөө тэмцэнэ. Олон янзын үзэл санааг уралдуулах, авьяас билгийн давтагдашгүй чанарыг хүндэтгэх, оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх замаар оюуны өмчийг баталгаатай хамгаална. Авьяас билиг бол нийгмийн үнэт баялаг мөн. Нийт хүн ард уран бүтээлчид, ардын авьяастан эрдэмтэн судлаачид авьяас чадвар, урлаг эрдмээ чөлөөтэй хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ. Ардын боловсролыг ардчилсан, бие даасан, чөлөөтэй, олон хэлбэртэй, бүтээлч шинжтэй болгон жам ёсоор нь хөгжүүлнэ….Үндэсний шинжлэх ухааны чадавхыг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж, улс орны хөгжлийг хангах, нийгмийн оюуны баялгийг арвижуулах гол арга болгоход чиглүүлнэ. Суурь судалгаанд тэргүүлэх ач холбогдол өгч, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын нэгдлийг хангана. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо, академийн болон олон дээд сургууль, салбарын шинжлэх ухааны харилцан уялдааг бататгаж, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн төлөө байна. ...Нийгэм, хүний амьдралд бүх төрлийн мэдээллийн үүргийг дээшлүүлж, орчин үеийн мэдээлэлжсэн орны түвшинд хүрэхийг зорино. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бие даасан байдал, эрх чөлөөг баталгаажуулж, хүн амыг үнэн зөв, шуурхай, бодит мэдээллээр хангахад цуцалтгүй анхаарал тавина…. Монгол угсаатны түүх, хэл, соёлын үнэт дурсгалыг хамгаалан арвижуулж үндэсний соёл урлагийг ард түмний шилдэг уламжлал хүн төрөлхтний оюуны ололтоор баяжуулан сэргээн мандуулна.
...Нийгмийн улс төрийн системийг шинэчлэх хэсэгт :
Төрийн байгуулалтын боловсронгуй механизмд шилжихэд бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгуулиар байгуулагдах байнгын ажиллагаатай Ардын төлөөлөгчдийн байгууллага, парламент, төрийн дээд тушаалтан, Ерөнхийлөгчийн алба бий болгох явдал нэн чухал гэж үзэж байна. Өөрийгөө удирдах иргэний нийгмийн үндсийг тавих үүднээс бүх шатны ардын хурлыг засаглалын улс төрийн үндэс болгож, түүнийг нутаг дэвсгэрийнхээ асуудлыг бие даан шийдвэрлэдэг бүрэн эрхт эзэн байлгахыг эрмэлзэнэ. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг ард түмэн, төлөөлөгчдийн байгууллагын үр нөлөөтэй хяналтад оруулах, зохион байгуулалтын олон шат дамжлагыг арилгах, нэг хүний дангаар захирах ёсыг гаргуулахгүй байхын төлөө нам тэмцэнэ. Аль нэгэн бүлгийн явцуу эрх ашгийг нийгэм, ард түмний язгуур эрх ашигт сөргүүлэн тавих, улс үндэстний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдалд хохирол учруулах гэсэн аливаа хүчнийг эсэргүүцэн тэмцэнэ" гэжээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа хоёр дахь Элчин сайд Жозеф Лейк 1992 онд хэлсэн үгэндээ "Хэрвээ бид ардчилал, чөлөөт зах зээл, хувийн өмчид итгэж найддаг бол Америкчуудын ирээдүйд нөлөөлж чадах газар нь энэ юм. Монголчууд яг одоо өөрсдийн улс төр, эдийн засгийн тогтолцоог бидний итгэж найддаг тэрхүү замын дагуу шинээр зохион байгуулахыг хичээж байна. Хэрвээ тэд үүнийг амжилттай хэрэгжүүлбэл ардчилалын арал болохынхоо хувьд дэлхийд чухал нөлөөтэй улс болно" гэжээ. /мөн тэнд/
Бидний боловсруулсан хөтөлбөрөөс өнөө хүртэл хэрэгжээгүй, анзаараагүй зүйлс цөөнгүй байгаагаас ганцыг дурьдая. "...мал аж ахуй, байгалийн түүхий эдийг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхийг эрмэлзэнэ" гэсэн заалт их яригдсан боловч бүрэн хэрэгжиж чадсангүй гэж үзэж байна. Мөн төрөл бүрийн салбарт хорших аргаар бүтээмжийг нэмэгдүүлэх заалт тун хангалтгүй байгаа нь манай эдийн засгийн нэг сул тал хэвээр байсаар байна.
2022 ОНЫ Гуравдугаар САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 51 (6783)