
1. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгох бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийв
Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн”-д аудит хийж гүйцэтгэлээ. Аудитад БШУЯ, Сангийн яам, УБЕГ, МХЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, Боловсролын газар, төрийн болон хувийн өмчийн сургуулиудын 2016-2018 оны үйл ажиллагааг /сүүлийн гурван удаагийн хичээлийн жил/ хамруулсан юм.
Тус аудитын дүгнэлтэд боловсролын хууль тогтоомж, сургалтын үйл ажиллагааг цогц байдлаар зохицуулаагүй, эрх зүйн орчин өнөөгийн шаардлагад бүрэн нийцээгүй, харилцан уялдаагүй байгааг тусгасан. Мөн Засгийн газар нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2016 оноос хойш шинэчлээгүйгээс төсвийн төлөвлөлт, хуваарилалт бодитой бус, салбарын яамны зүгээс тусгай зориулалтын шилжүүлгийн гүйцэтгэлд хяналт хэрэгжүүлдэггүй, санхүүжилтийн үр ашгийг сурагчдын гүйцэтгэл, сургалтын чанартай уялдуулан тооцож, дүгнэх тогтолцоо бүрдээгүйг аудитын тайланд дурдав.Аудитын дүнд үндэслэн холбогдох байгууллагуудад нийт 19 зөвлөмжийг хүргүүлэв. Үүнээс боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ шаардлага, судалгаа, тооцоололд үндэслэж оновчтой төлөвлөх зөвлөмжийг тусгайлан өгсөн юм.
2. Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн аудит
Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт аудит хийж, үр дүнг УИХ-ын Байнгын хороод болон Нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэв.
Төсвийн ерөнхийлөн захирагчид салбарын төвшинд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгцээ, шаардлага, үр ашгаар нь эрэмбэлээгүй, Засгийн газраас баталсан 2020 оны хөрөнгийн зардлын төсвийн хязгаараас 4.4 дахин давсан дүнгээр хөрөнгө оруулалтын төсвийн төслийг хүргүүлсэн, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн саналд тусаагүй, хэрэгцээ шаардлага тодорхойлоогүй 185 барилга, байгууламжийг Засгийн газар, УИХ-ын хэлэлцүүлгийн үе шатанд нэмж тусгажээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд төсөвлөлтийн шаардлага хангаагүй 334 төсөл, арга хэмжээг тусгаснаас гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хууль хэрэгжихгүй байх, ингэснээр салбарын бодлого алдагдахад хүргэсэн гэж аудитаар дүгнэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны зарцуулагдаагүй хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үлдэгдэл 237.3 тэрбум төгрөгийг төсөвт татан төвлөрүүлсэн нь ажлын гүйцэтгэл гараагүй болон гэрээ байгуулаагүйгээс шалтгаалж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулсан гэж дүгнэсэн юм. Аудитаар нийт 145.6 тэрбум төгрөгийн 2301 зөрчил илрүүлж, Монгол Улсын Засгийн газарт сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр дөрөв, Сангийн сайдад төсвийн сахилга батыг хангуулах чиглэлээр гурав, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хөрөнгө оруулалтын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр дөрвөн зөвлөмж тус тус хүргүүлэв.
3. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандив, зардлын тайланд аудитын дүгнэлт гаргав
Төрийн аудитын байгууллага 2021 онд зохион явуулсан хоёр удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, зардлын тайлан болон хандивын тайланд аудит хийж, хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэн ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, зардлын тайланд аудит хийсэн юм. Мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд нийцсэн эсэх, санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ нь холбогдох хуульд нийцсэн эсэхэд аудит хийж дүгнэлт гарган ажиллав. Түүнчлэн УИХ-ын 18, 28 дугаар тойрог нөхөн сонгууль явуулсантай холбоотойгоор мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд аудит хийж, дүгнэлт гаргасан. Нөхөн сонгуульд нэр дэвшихээр есөн нам, нэг эвслийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг холбогдох хуулиуд, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөртэй тулган баталгаажуулсан.
4. Төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит
Төрийн аудитын байгууллагаас Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг хийж, гүйцэтгэсэн. Улсын хэмжээнд нийт 2,795 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргав. Үүнээс “Зөрчилгүй” дүгнэлт 2467, “Хязгаарлалттай” дүгнэлт 297, “Сөрөг” дүгнэлт 26, “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” таван дүгнэлтийг өгч ажиллалаа. Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 764.4 тэрбум төгрөгийн алдааг залруулсан бол 12.9 тэрбум төгрөгийн 1.298 төлбөрийн акт тогтоож, 262.7 тэрбум төгрөгийн 2.533 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж, 92.8 тэрбум төгрөгийн 4,046 зөвлөмж хүргүүлсэн. Түүнчлэн Төрийн аудитын байгууллагаас 2020 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийхдээ шалгагдагч байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хослуулсан байдлаар хяналт тавьж ажиллалаа. Энэ хүрээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүй нийт 655 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1009 зөвлөмж өгөв.
5. Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнд хийсэн аудит
Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнд аудит хийж, нийт 5.449.3 тэрбум төгрөгийн 14 зөрчлийг илрүүлсэн. Зөрчлийг арилгуулахаар 55.7 тэрбум төгрөгийн хоёр албан шаардлага, 5.393.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагуудад 12 заалт бүхий зөвлөмж өгсөн юм.
Сангийн яам гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа Засгийн газрын 2006 оны “Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам”-ын холбогдох заалтуудыг мөрддөггүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт болон хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүйгээс нийт дотоодод дамжуулан зээлсэн зээлийн 47.0 хувь нь эргэн төлөгдөөгүй, энэ нь улсын төсөвт ачаалал үүсгэж байна.
Өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар 2018-2019 онд хандивлагч орон, олон улсын байгууллагаас нийт 882.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авсан бол 2020 онд түүнээс 2.2 дахин их буюу 1,978.1 тэрбум төгрөг байгаа нь сүүлийн гурван жилд ашигласан нийт гадаад зээлийн 44.1 хувийг эзэлж байна.
6. “Нэг хаалга-нэг шинжилгээ” болон вирусийн эсрэг эмийн худалдан авалтад бодит цагийн аудит хийв
Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудитыг хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэн ажиллав. “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, нийт 18.4 тэрбум төгрөгийн зардал гаргаж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн байна.
Аудитаар тогтоогдсон нийтлэг зөрчлөөс дурдвал, УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй байжээ. Мөн тус арга хэмжээг Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилан хийгээгүйгээс хэрэгжилтийг доод болон дунд шатанд хангах, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдал үүсгэсэн байна.
Ковид-19 цар тахлын халдварын эмчилгээнд шаардлагатай вирусийн эсрэг эм, тарилгыг 3-4 дахин өндөр үнээр худалдан борлуулж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд гарсан гомдол, мэдээллийн мөрөөр ЭМЯ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны вирусийн эсрэг эмийн худалдан авалтын үйл ажиллагаанд аудит хийж, дүнг олон нийтэд мэдээлсэн. Энэ нь Төрийн аудитын байгууллагаас шалгагдагч байгууллагын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд бодит цагийн аудит хийж, дүнг олон нийтэд мэдээлснээрээ онцлог байв. Тус аудитаар худалдан авалтын 899 сая төгрөгийн мэдээлэл, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 759 сая төгрөгийн гүйлгээг Шилэн дансны тухай хуулийн дагуу ил тод мэдээлээгүй, нэг удаагийн импортын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангаагүй зэрэг зөрчил илрүүлэн арилгах зөвлөмж хүргүүлсэн.
7. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөөнд аудит хийв
Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний дагуу Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөөнд гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт гаргасан. Агаар, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт, төсөвт төвлөрүүлэх орлогыг хууль, журмын дагуу бүрдүүлсэн эсэх, Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ үр нөлөөтэй эсэхийг авч үзсэн.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн нийт 11 асуудал бүхий дүгнэлт гаргасан. Тухайлбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 287.2 тэрбумыг улс, нийслэлийн төсвөөс, 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээл зэрэг гадаадын эх үүсвэрээс бүрдүүлсэн байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан боловч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй байна. Аудитын дүгнэлтэд үндэслэн Ерөнхий сайдад хоёр асуудал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд болон холбогдох албан тушаалтнуудад нийт 14 асуудлаар тус тус зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.
8. Төсвийн ерөнхийлөн захирагчдад акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг гардуулан өгөв
2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг төсвийн ерөнхийлөн захирагчдад гардуулан өглөө. Энэ үеэр Үндэсний аудитын газраас 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийсэн юм. Шалгагдагч байгууллагуудад аудитаар илэрсэн нийтлэг алдаа зөрчил болон цаашид анхаарах шаардлагатай асуудлыг салбар тус бүрээр нь танилцуулсан юм. Тухайлбал, өмнөх оноос шилжин ирсэн авлага, өглөгийг барагдуулаагүй, үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, Шилэн дансны тухай хуулийг бүрэн мөрдөж ажиллаагүйгээс холбогдох мэдээллийг нийтэд ил болгоогүй, хугацаа хоцроож гаргасан зэрэг нийтлэг алдаа зөрчил байна.
Цаашид анхаарах шаардлагатай асуудлын тухайд шалгагдагч байгууллагууд зөвлөмжийн хэрэгжилтийг албан бичгээр нотлох баримтын хамт Үндэсний аудитын газарт ирүүлж байх, хэрэгжээгүй болон хэрэгжих шатандаа байгаа акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг бүрэн хангуулахад анхаарч дотоод аудитын нэгж, албан тушаалтан хяналт тавин ажиллахыг зөвлөсөн.
9.Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд аудит хийв
Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын төлөвлөгөө батлах тухай” тушаалын дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд аудитын дүгнэлт гарган ажиллав. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт гарган УИХ-д хүргүүлсэн юм.
Монгол Улсын нэгдсэн төсөв, шат шатны төсвийн захирагчдын 2020 оны батлагдсан төсөв, 2021 оны батлагдсан төсөв, хүлээгдэж байгаа гүйцэтгэл, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл, танилцуулга, орлого бүрдүүлдэг зарим байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох судалгаа, мэдээлэл, цахим систем, хөндлөнгийн шинжээч, судлаачдын хийсэн судалгаа, шинжилгээний тайланд үндэслэн аудит хийсэн. УИХ-ын нэгдсэн чуулганы намрын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Аудитын дүгнэлт дэх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах УИХ-ын тогтоолоор Засгийн газарт таван асуудал хүргүүлсэн юм.
10. Төрийн аудитын байгууллага 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Улс, орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
Төрийн аудитын байгууллага иргэд, олон нийтийн дунд судалгаа явуулж, тооцоо хийсний үндсэн дээр тухайн жилийн сэдвүүдийг сонгодог бөгөөд Засгийн газраас “Ковид-19” халдварт цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн үр ашиг, зарцуулалтыг цогцоор нь авч үзэн аудит хийх юм. Төрийн аудитын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх аудитыг харгалзан төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхдаа тулгуурлан иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн эрсдэлтэй асуудлаар Төрийн аудитын байгууллагын бодлогоор таван сэдвээр аудит хийж, гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин