Монгол судлалд зориулсан хагас зуун буюу Гэлэгжамцын Цэрэнханд

2021-12-27
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Монгол Улсыг олон улсад таниулах, монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зууны туршид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөж ирсэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнхандыг “Амьдралын тойрог”-ийн зочноор урилаа. Тэрбээр 1950-аад оны сүүлчээр ЗХУ-ын /хуучин нэрээр/  нийслэл Москвагийн их сургуульд  Монголоос очиж суралцан этнографийн чиглэлээр мэргэжил эзэмшиж ирсэн хоёр дахь хүн юм. Түүний өмнө  угсаатны зүйч, нэрт эрдэмтэн  С.Бадамхатан  агсан тус сургуулийг энэ мэргэжлээр дүүргэж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж эхэлсэн  байдаг. Тухайн үед  аравдугаар анги төгссөн Г.Цэрэнханд сурлагын байдал, дүнгийн жагсаалтаар цөмийн физикийн ангид хуваарилагдаад байтал “Энэ мэргэжлээр  дөнгөж  аравдугаар анги төгссөн хүүхэд явуулахгүй” гэсэн шийдвэр гарчээ. Ингээд түүнийг  ЗХУ-ын  Ломоносвоын нэрэмжит  Москвагийн их сургуульд   этнограф, палентологи гэсэн  хоёр мэргэжлийн аль нэгийг сонгон суралцах  эрхтэй гэхэд угсаатны зүй судлалыг сонгосон байна.

Сургуулиа төгсч ирээд байсан С.Бадамхатан гуайгаас мэргэжлийн  чиглэл авч явсан бол ирэхдээ Шинжлэх ухааны хүрээлэнд хамт ажиллаж,  угсаатны зүй судлалыг хөгжүүлэхэд хамтран зүтгэжээ.

 

Их хэлмэгдүүлэлтийн айдас дотор өссөн  охин 

 

Гэрэл зургийг хувийн архиваас.

Гэлэгжамцын Цэрэнханд Хэнтий аймгийн Биндэр суманд төрж,  Норовлин, Дадал сумын нутагт өссөн. Аав  Гэлэгжамц нь  Биндэр сумын уугуул,  гавжийн дамжаа барьсан номтой лам  байгаад 1938 оны хэлмэгдүүлэлтэл өртөн  баригдаж яваад буцаж ирээгүй юм.  Ээж нь тэр үед 25-хан настай байсан бөгөөд  өлгийтэй үлдсэн өнчин охиноо тэврэн төрхөмдөө очсоноор  Норовлин, Дадал сумын нутагт өсч торнижээ. Нийтлэлийн зочин маань хэлмэгдүүлэлтийн тухайд “Тэр үед болоод өнгөрсөн нэг үзэгдэл гэж боддог. Хэцүү хатууг ээж, өвөө, эмээ маань хүүхэд бидэнд ярьдаггүй байлаа. Ер нь тийм зүйлийг мэдрүүлэлгүй өсгөсөн” хэмээн яриагаа товчилсон. Яг ийм утгатай зүйлийг  Хэнтий аймгийн Биндэр суманд төрж, өссөн Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуай ч бас хэлдэг билээ. Түүнээс эшилбэл “...Манай нутагт хувьсгалын ширүүн шуурга явж, олон хүнийг баривчлан буудаж алж, хөрөнгийг нь хураасан цаг хэцүү байсан.  Отогт маань  эр хүн байхгүй, залуус нь бүгд цэрэгт явчихсан. Ахмадуудыг бүгдийг аваачаад хядчихсан болохоор чоно, нохой ихтэй. Шөнө бүрий болохоор чоно 4-5-аараа сүрэглэн хотонд ойртож ирээд улина. Хүүхдүүд бид унтахын өмнө  гуулин сав барьж гараад модоор цохиж чоно нохойг холдуулна. Манайх  20-оод хоньтой, уналгын 2-3 морь, саалийн 5-6 үнээтэй  байсан. Ер нь манай нутгийнхны амьдрал жигд тиймэрхүү.Эрчүүд байхгүй болохоор манай нутагт эмэгтэйчүүд сүү саалийн ажлаа хийгээд явна. Зун сүү, тосны ногдол гүйцээх гээд айлууд барагтай бол сүүтэй цай уухгүй. Харин сүүтэй үнээтэй айл сүүгээ тушаагаад хажуугаар нь цөцгий гаргаж иднэ. Эмэгтэйчүүд шингэн сүүгээрээ тогоо нэрнэ. Түүнийг нь уух хүн байхгүй. Эмэгтэйчүүд долоо хоногтоо ч юм уу, нэг орой бөөгнөрч суугаад шимийн архинаасаа амсаад  дуулна. Аавыгаа, ахыгаа, нөхрөө дурсаад уйлцгаана. Тийм л хүнд зураг миний сэтгэлд үлдэж дээ. Манай нутгийнхан баривчилгаа, дайчилгаа, хөрөнгө хураалтад хэдий нэрвэгдэж явсан ч гэсэн сэтгэл санаагаар унах юм уу, хүүхдүүддээ элдэв зүйл ер хэлдэггүй байсан. Бид ч ойлгох биш, томчуулын амыг харахад Дандар баатар гэж мундаг хүн байдаг тухай, Олзвой гэж мундаг баатрын тухай настайчууд хааяа ярина. Түүнээс өвгөд дээдэс, элдэв өнгийн үйл явдлын талаар бидэнд огт ярьдаггүй байсан” гэсэн нь бий. Үүнийг дурдахын учир нь Г.Цэрэнханд докторын бага нас ч дээрх байдлыг тойролгүй туулаад гарсан байж таарна. Иймд бид   сэтгэлийн шархыг нь онгичин  уудлах зориг хүрээгүй билээ. Гэхдээ их хэлмэгдүүлэлтийн айдас дотор өссөн  өнчин охин  хэдий ч тэрбээр түүнийг мэдрүүлэхгүй өсгөсөн ээжийнхээ  хайранд бүтэн өсч,  цэх шулуун, эрс зоримог  болон  төлөвшиж, нэртэй эрдэмтдийн эгнээнд багтаж өнөөг  хүртэл судалгаа, шинжилгээний ажлаа  орхилгүй хийж яваа нь энэ  болов уу гэж бодогдож байлаа.

 

Угсаатны зүйгээр  ЗХУ-д мэргэжил эзэмшсэн Монголын хоёр дахь эрдэмтэн

 

Түүнийг  таван настай байхад ээж нь нэгдэлд  орсноор охин багаасаа малын захад өсчээ. Цэл залуугаараа ханиасаа хагацсан бүсгүй дахиж хүнтэй суусангүй. Охиндоо хань болгож нэг хүү өргөж авсан нь аав, ээж дээр нь үлдсэн бөгөөд  30 хол  гарсан хойноо нэг хүүхэд төрүүлж охиноо дүүтэй болгосон байна.  Охиноо есөн настайд Баян сумын бага  сургуульд  оруулж,  V-VII  ангид ороход нь  Биндэр суманд, наймдугаар ангид нь аймгийн төвийн дотуур байранд хүргэж өгчээ.  Нэгдүгээр ангиасаа эхлэн дотуур байраар явахдаа “Бид ингэж л явах ёстой юм байна”  хэмээн  бодож, эрт  биеэ даасан Г.Цэрэнханд   IX-X  дугаар  ангидаа нийслэлийн нэгдүгээр  арван жилийн сургуульд ирж суралцжээ. Аравдугаар ангиа дүүргээд   ЗХУ-ыг зорьж,  1957-1963 онд  Ломоносовын нэрэмжит  Москвагийн их сургуульд этнографийн чиглэлээр суралцаж төгссөн байна. 1963 онд сургуулиа төгсч ирээд Шинжлэх ухааны  хүрээлэнгийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнээр ажиллах  болсон тэрбээр өдгөө нас сүүдэр 80 давсан ч төрөлх хүрээлэндээ ажилласаар хагас зууныг туулж  явна. Энд нэг сонирхолтой баримтыг дурдахад түүнийг  сургуулиа төгсөөд ирэхэд С.Бадамхатан гуай  аспирантурт сурахаар зөрж таарсан гэдэг. Тухайн үед багш мэргэжилтэй ч угсаатны чиглэлээр  олон жил ажилласан  Ц.Гочоо нарын  судлаачдын хамт ажиллах болов. Удалгүй Монгол Улсаас угсаатны зүй судлалын чиглэлээр Г.Батнасанг ЗХУ-д суралцуулахаар илгээснээр нэр дурдсан цөөхөн эрдэмтэн энэ салбарт 1970-аад оныг хүртэл ажиллажээ. Түүнээс хойш мэргэжлийн судлаачид, түүний дотор  дотор МУИС-ийн монгол хэлний ангийг төгссөн  Ц.Аюуш, Москвад сурганы чиглэлээр боловсрол эзэмшсэн, зургийн багш Д.Тангад  нараар хүрээгээ тэлжээ. Энэ  бүрэлдэхүүн дээр 1980-аад оноос Д.Нансалмаа, Г.Мэнэс,Т.Дисан, Лхагвасүрэн, Нямаа  нар нэмэгдэн олуулаа болж, судалгааны ажлын сэдэв, хүрээ өргөжсөн байна.

Угсаатны  зүйн судлал бол ард түмний гарвал, үндэс угсаа гээд өргөн хүрээтэй асуудлыг судалдаг шинжлэх ухаан. Тэр үеийн судлаачдын гол ажил нь хөдөө орон нутагт хээрийн шинжилгээний ангиар явж, ард түмнийхээ түүх, соёлыг бичиж тэмдэглэх, баримтжуулахад чиглэж байв. Түүний сацуу Түүхийн хүрээлэнд орчин цагийн түүхийг судлах шаардлагатай гэсэн шинэ чиглэл гарч, үүнийг  хариуцаж ажиллах үүргийг Г.Цэрэнханд докторт өгснөөр Монголын нүүдэлчин малчдын амьдрал орчин үед хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг судлах  болжээ. Орчин цагийг судлах нь угсаатны судлалд зайлшгүй байх ёстой асуудал юм. Тухайлбал, орчин үед нийгэм соёлын хүн судлал  АНУ, Англид ийм арга, зарчмаар явагдаж байна. Тэгвэл Монгол Улсад энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний эхлэл 1970-аад оноос ийнхүү тавигджээ. Мэдээж арга зүйн хувьд тухайн цагтаа шинэлэг  байсан учир судлаачдын өмнө багагүй бэрхшээл учирч байсан ч хээрийн судалгааны ангийнхан орчин үеийн амьдралыг бичиж тэмдэглэх, хэв маягийг баримтжуулах, эх хэрэглэгдэхүүн цуглуулах зэргээр  зорилгоо сайн гүйцэтгэж, түүний сацуу эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нэг сэдэвт бүтээл бичиж хэвлүүлжээ. 1973 он гэхэд угсаатны зүй  судлаачдын нэг хэсэг нь орчин үеийн чиглэлээр явж ирсэн бол  С.Бадамхатан агсан аспирантур төгсч, дэд эрдэмтний зэрэг хамгаалж  ирээд мөн орчин үеийн угсаатны хөгжлийн явц гэсэн асуудлыг хөндөж, цаашид судлах шаардлага тавигдсанаар “Орчин үеийн монгол угсаатны хөгжлийн асуудал” хамтын бүтээл хэвлэгдэн гарсан нь түүхэн бүтээлд тооцогддог.Харин 1970-аад оны дундуур Г.Цэрэнханд доктор ЗХУ-д аспирантурт сурч, “Нэгдэлчин малчдын аж байдал” бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсан түүхтэй.

 

“Угсаатан судлалын түүхэн  хөгжил буюу энэ салбарын амьд архив”

Түүхийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурал дээр. С.Бадамхатан, Г.Цэрэнханд нарын эрдэмтэд. 1964 он.

Г.Цэрэнханд  судлаачийн тухай өгүүлж байгаа нь Монголын угсаатан судлалын түүхэн хөгжил, түүний он дараалал, онцлогийг дурдаж байгааг уншигчид анзаарч байгаа биз ээ. Манай нийтлэлийн баатар энэ салбарын түүхийн гэрч, мөн амьд архив гэж хэлж болох эрхэм билээ.  Монголын угсаатны судлал 1980 он гэхэд  монголчуудын угсаатны зүйн асуудлыг нэгтгэн гаргах зорилго тавьж, 1980-1995 онд 15 жилийн хугацаанд энэ үүргээ гүйцэтгэж, гурван боть ном  хэвлүүлэн гаргажээ. Энэ бол анх удаа Монголынхоо угсаатны зүйг нэгтгэж гаргасан түүхэн судалгаа, түүхэн бүтээл юм. Нөр их хөдөлмөр зарцуулсан энэ том ажлыг нэрт эрдэмтэн С.Бадамхатан агсан удирдсан хэмээн тэрбээр ярьж байна. Тухайлбал, уг бүтээлийг хийхэд  бидний халх монголчууд хэмээн ярьдаг  халхын дөрвөн аймаг, халхын угсаатны зүйг хийхэд тухайн аймгуудын нутгаар явж судалгаа хийж, онцлогуудыг нь гарган тавьжээ. Ингэхдээ хэдий үеэс халх гэж нэрлэх болсныг тодруулан гаргасан  байна. Халх, ойрд гэж ярьж, бичдэг ч монголчууд нэг л угсаа гарвалтай. Харин халх аймгуудын ургийн бүрэлдэхүүн нь юу вэ, онцлог хийгээд аж төрөх байдлыг ялгаатай тал юу вэ гэх зэргээр тодруулна. Тэр дотор  байгаль цаг уурын байдал, нутгийн  бүсчлэл, аж төрөх байдал, өөрийн ялгарах онцлог гээд өвөрмөц тал бий. Говь нутаг гэхэд ахуй байдал нь хангайгаас өөр. Нүүдэл нь хүртэл алсын нүүдэл байдаг гэх зэргээр судална. Дээрх гурван ботийн эхнийх нь 1987 онд хэвлэгдсэн байдаг. Энэ ботид Г.Цэрэнханд судлаач  монголчуудын хот айл, нутагшил гэж юу болох талаар  бүлгийг бичиж, гэр бүл, зан үйлийн асуудлыг хөндөн тавьсан байна. Хоёрдугаар ботид баруун монгол, ойрд монголчуудын тухай, угсаа түүхийн өвөрмөц хийгээд нийтлэг талыг хөндөн бичжээ. Монголчууд угсаа гарвал нэгтэй ч нэр нэршлийн хувьд явцын дунд өөр байдал нэлээд  гарч ирсэн байдаг. Засаг захиргааны зохион байгуулалтаас үүдэлтэй, тухайлбал захчин гэхэд зах хязгаарыг сахиж байсан хэсэг хүмүүсийг ингэж нэрлэсэн байдаг. Энэ мэтээр тус  номд мянгад, урианхайчууд, захчин, тэдний  тухай хөгжлийн явцыг жишээ баримтаар гарган тун сонирхолтой бичиж, судалгааны суурийг тавьжээ. Түүнчлэн Зүүн Монгол гэхэд үзэмчин, буриад, барга, дарьганга зэрэг нутгийн зүүн талаар нутаглаж ирсэн ард түмний түүхийг багтаасны дотор дарьгангачууд нь  Манжийн хааны төмөр  сүргийг маллахаар Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн олонлог,тэд  оршин амьдарч ирсэн Дарь уул, Ганга нуурынхаа  нэрээр  өөрсдийгөө нэрлэх болсон, буриад, барга нар хоорондоо холбоотой гэхчлэн  түүх, сурвалжийг тодруулан судалж  гурван боть номд багтаан бичжээ.

 

Угсаатны судлалын 1990-2000  он, түүнээс хойшхи  түүх 

Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Нийгэм соёлын хүн судлалын салбарын хамт олон. 2021 он

1995 оноос хойш угсаатны зүй судлалын салбарын чиглэл сэдэвчилсэн байдлаар, төслийн хэлбэрээр хөгжиж  ирсэн байдаг. Ардчилал гарснаар судлаачид өөр салбар руу шилжиж,  зарим нь музейд ажиллах болсноор тарах шинжтэй болжээ. Гэхдээ сэдвийн хувьд судалгааны ажлууд урагшилж байв. Нэрт эрдэмтэн С.Бадамхатан “Гурван гол” экспедиц рүү орж ажиллан ойрдын судалгаа хийж, Г.Цэрэнханд доктор 1991 оноос хүрээлэнд салбараа удирдахын сацуу төслийн удирдагчаар мөн ажиллаж,  “Монголчуудын эрт, эдүгээгийн аж байдал” гэсэн судалгааны  нэг сэдэвт бүтээл дээр  ажиллажээ. Үүний зэрэгцээ  МУИС урьсны дагуу 6-7 жил мэргэжлийнхээ чиглэлээр багшилсан бөгөөд өмнө нь 1963 оноос цагийн багш хийж байсан болохоор өөрт нь  төвөгтэй байсангүй. Түүх, угсаатны судлалын чиглэлээр түүнээс номын дуу сонссон, хичээл заалгасан шавь олон бий. Судалгааны ажил, нэг  сэдэвт бүтээлийн  хүрээнд тэрбээр “Нэгдэлч, малчдын аж байдал”, “Монголчуудын уламжлалт гэр бүл”, “Монголчуудын ураг төрлийн ёс” номоо хэвлүүлж, олон арван хамтын бүтээлд бүтээлээ хэвлүүлжээ.

1998 оноос  ШУА-ийн Түүхийн хүрээлэнд  Угсаатан зүйн судлалын танхим  нэрээр шинэ зохион байгуулалт хийгдэж,  өөрийн нэр дээр оюутнуудыг татан  авч сургадаг болжээ. 2000 оноос сэдэвчилсэн судалгаа эрчимжиж, нэг талаас  тухайн үеийн шаардлагатай сэдэв юу байна, нөгөө талаас өөрийн сонирхсон сэдэв чиглэлээр судалгаа өрнөж иржээ. Тиймээс нэгдсэн байдлаар биш, бие даасан байдлаар,  сэдвийн дагуу судалгаа хийж ирсэн гэж ойлгож болох юм. Энэ байдал 2010 он хүртэл үргэлжилж, түүнээс хойш ч тэр л замаар  манай шинжлэх ухааны байгууллагууд ажиллаж  иржээ. Түүн дотор угсаатны зүй судлалын танхим нь  ШУА-ийн  Түүх, угсаатны зүйн хүрээлэн болж  зохион байгуулалт, нэршлийн  хувьд шинэчлэгдсэн байна.  Бусад оронд угсаатны зүй бие даасан шинжлэх ухааны хүрээлэн болж хөгжиж ирсэн байдаг. Энэ жил шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.  Нийгэмтэйгээ хамт хөгжих ёстой, хүн төвтэй судалгааны сонирхолтой салбар болсон  Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Г.Цэрэнхандын амьдралын тойргийг сурвалжлахад  ийм байна. Өдгөө нас сүүдэр 80 хол гарч яваа  ч эрдэм судлалын ажилд нэгэн насны амьдралаа зориулж яваа  түүний хань бол оюутан байхдаа ханилж, амьдралын  урт замыг хамтдаа  туулсан, Статистикийн газрын орлогч даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаад гавьяаны амралтаа авсан, ахмад статистикч Р.Ойдовданзан юм. “Өөрийн тухай, хувийн амьдралын талаар юу ярих билээ дээ, хүнд хэрэгтэй, өгөөжтэй  юм л асуугаарай” хэмээн анхааруулж байсныг энэ дашрамд дурдая.

Монголын судлаачид угсаатны судлалд зөвхөн  эрт үеийг бус орчин үеийг ч бас судлан тодруулж ирснээрээ онцлог. Гэсэн ч  арга зүйн хувьд хэрхэн өөрчлөгдөж байна гэдэгтээ дүгнэлт хийх хэрэгтэй хэмээн тэрбээр хэлсэн. Арга зүй дээрээ үндэслэн шинжлэх ухааны  салбарууд улам урагшлах, хөгжих болов уу гэсэн ахмад эрдэмтний үгээр өндөрлөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.27 ДАВАА № 254 (6731)

 

МАН-ын бага хурал эхэллээ

МАН-ын бага хурал эхэллээ

6 цаг 12 мин
Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

9 цаг 10 мин
Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

9 цаг 17 мин
Засгийн газар: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

13 цаг 3 мин
Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн

17 цаг 21 мин
Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн.

17 цаг 21 мин
МАН-ын бага хурал маргааш болно

МАН-ын бага хурал маргааш болно

Өчигдөр 13 цаг 48 мин
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

Өчигдөр 13 цаг 44 мин
Газрын ховор элементийн баяжмалуудаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулж болно

Халзанбүрэгтэй ордын хувьд ашигтай, огт ашиггүй эсвэл ашиг, алдагдал нь ижил гэх

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трамп В.Путин, В.Зеленский нартай утсаар ярина

Өнгөрсөн баасан гарагт Истанбулд болсон энхийн хэлэлцээний дагуу ОХУ, Украины тал хар

Өчигдөр 06 цаг 00 мин