Шийдвэрлэхгүй бол түгжрэлд 24.3 их наяд төгрөг алдана

2021-12-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ОД

 

Одоогоос нэг жилийн өмнө Улаанбаатар  хот цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй, тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэх оновчтой арга замыг эрэлхийлж чадаагүй байсан билээ. Харин өнөөдрийн нийслэл хамгийн чухал асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх боломжтойг олж харсан, цаашид буюу 2040 он гэхэд цоо шинэ хот болох томоохон амбицтай байна. Тодруулбал Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад  жил бүр 420 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд  ирэх гурван жилд 1.2 их наяд төгрөгийг зарцуулах юм. Өмнө нь нийслэлийн удирдлагын зүгээс түгжрэлийг бууруулах олон жилийн нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ийм их хэмжээний мөнгө төсөвлөж байсангүй. Дээр дурдсан эдгээр шинэлэг санал санаачилга бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хийж гүйцэтгэх олон ажлын ердөө нэгээхэн хэсэг нь юм. 

Нийслэл ямар замаар хэрхэн хөгжихийг танилцуулах “Улаанбаатар хот:Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр боллоо. Тус форумд Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцсон юм. Мөн авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

 

Д.Сумъяабазар: ИРЭХ ОНООС УЛААНБААТАР 30 ЖИЛ ХУРИМТЛАГДСАН АСУУДЛУУДАА ШИЙДЭЖ ЭХЭЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг нийслэл дангаараа бүрдүүлдэг. Үүнээс ямар том эдийн засгийн суурь  гэдэг нь тодорхой харагдаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 27 жил шинэчлээгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Ирэх оноос хэрэгжих энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Тодруулбал, Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгох эрх зүйн үндэс бүрдсэн. Нийслэлийн эдийн засаг, санхүүгийн үндэсийг шинэчлэн тодорхойлж, орлогын эх үүсвэр нэмэгдэж, санхүүгийн шинэ механизмууд бий болсноор хот нь эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдэнэ хэмээн бид бодитойгоор хэлж чадна. УИХ Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог анх удаа байгууллаа. Мөн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан. Нийслэлийн  хөгжилд ингэж их анхаарсан, нэг чигт харсан түүх байхгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа” гэж ярилаа.

Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсч, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байна. Энэ өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.  Харин Улаанбаатар хот 2040 он гэхэд 2.8 сая хүн амтай, хоёр хотын шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй болно. Мөн сургуулийн тоог 84-өөр, цэцэрлэгийн тоог 425-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

 Энэ тухай УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал бий. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар анх удаа улс төрийн нам, эвсэл үл хамааран, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой. Хэдийгээр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн талаас илүү хувь нь төвлөрсөн ч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаараагүй, хойш тавьсаар ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий” гэв.

Түүний дараа Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Хуулиар нээгдсэн эдийн засгийн шинэ боломжууд” сэдвээр илтгэл тавилаа.

Нийслэлийн зүгээс ирэх онуудад Орон сууцны дэд бүтцийн хөрөнгө оруулалт, II цахилгаан станцын өргөтгөл шинэчлэл,  Хөнгөн галт тэрэг, Шинэ тойрог зам, Дагуул хотууд, Ипотекийн зээлийн санхүүжилт гэсэн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг төлөвлөжээ. Эдгээрийн үр дүнд 35 мянган өрхийн орлогод нийцсэн орон  сууц ашиглалтад орж, 40 ногоон болон ЖДҮ урт хугацааны  хөрөнгийн санхүүжилт орж бүрдэхээс гадна нийслэлд дөрвөн тэрбум гаруй ам долларын шууд хөрөнгө оруулалт, 10 тэрбум ам.долларын шууд бус өгөөж орж ирэх юм.  Мөн эдгээр төсвийн бус санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн албан ёсны тусламж, төр-хувийн хэвшлэлийн түншлэл болон арилжааны замаар шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тиймээс нийслэлийн зүгээс хөгжлийн түнш олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгдэж, дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.

Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийг баталснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид төсвийн бус салбарт хамтарч ажиллах боломж бий боллоо. Худалдаа, үйлчилгээний салбар цар тахлаас шалтгаалан үүд хаалгаа барьсан нь эдийн засгийг нэн хүндрүүлсэн. Тиймээс цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго юм” гэв. Мөн энэ үеэр Ерөнхий сайдын зөвлөх Д.Ирмүүн, Сангийн сайдын Эдийн засгийн зөвлөх Л.Болормаа, ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфуат Алимарданав, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.2 ПҮРЭВ № 236 (6713)

 

Дөрвөн парламент дамнан яригдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батална

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т

5 цаг 45 мин
Монгол Улс Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо М

5 цаг 45 мин
Танилц: Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч нар

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны Бүх гишүүдийн н

21 цаг 32 мин
Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Өчигдөр 11 цаг 12 мин
Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ?

аг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд и

Өчигдөр 11 цаг 06 мин
Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил манай улсад төрийн айлчлал хийнэ

 Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Өчигдөр 11 цаг 02 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

Өчигдөр 10 цаг 39 мин
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

Өчигдөр 10 цаг 12 мин
АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин