Цахим хичээлийг хэсэг бусаг харах зуур төрсөн бодол...

2021-11-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Цэвэлийн ШАГДАРСҮРЭН. 

 

Төрийн шагналт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, профессор

 

Дэлхийг нөмөрсөн CoViD-19 хэмээх тахлын үед хөл хорион дунд сургуулийн хичээл номыг зурагтаар заах болсон нь ер нийтээр бидний хүүхэд шуухад сургууль дээрээ ямар эрдэм ном заалгаж байгааг мэдэх боломжийг нэгэн хэсэг олголоо. Мэргэжил ойр гэсэн хичээлийг ажлын хажуугаар энд тэндээс нь чих тавин сонсохул санаанд хүрсэнгүй гэмээр зүйл нэг бус гарах ажээ. Үүнд: батлагдсан хөтөлбөр, хэвлэгдсэн сурах бичгийг баримтлан заадаг багшийг буруутгах аргагүй (тэгээд ч хичээл заасан багш нарын зураг хөргийг оруулаагүй, гэвч багш нар мэргэжилдээ эзэн болж буруу зөрүү зүйл тохиолдоход амиа бодож амаа хамхиад явалгүй, зохих шугамаар нь ярьдаг байж гэмээ нь таны мэргэжил - монгол хэлний алс  хэтэд хэрэгтэйсэн...), харин сурах бичгийн зохиогч нарт цаашид эрхгүй бодууштай зүйл байгаа нь эндээс харагдана. 

Ингээд монгол хэл, монгол бичгийн цахим хичээлээс үүдсэн санал бодлоо эс хэлэх бөгөөс элдэв ташаа мэдлэг газар авч, дам дамаа “халдварлаж” Үндсэн хууль-д “...төрийн албан ёсны хэл мөн” хэмээн тодорхойлсон монгол хэлний маань алс хэтэд яав ч сайн юм болохгүй, боловсролын зөв тогтолцоо төлөвшихөд тус нэмэргүй гэж бодоод ийнхүү цөөн хэдэн зүйлийг баримт түшин толилуулахаар үзэг цаас нийлүүлэв.

Авиа зүйн хүрээнд:

Доорх үзүүлэнд орчин цагийн монгол хэлний үгийн хэлбэрийг монгол бичгийн хэлэнд хэрхэн бичдэг байдлыг зэргэцүүлэн харуулжээ.

 Хоёр эгнүүлсэн жагсаалтын эхний хэсэгт жад - жида, жавхлан – жибхуланг ... гэх мэтээр харьцуулсан нь зөв бөгөөд энэ нь цаанаа “и-гийн хугарал” (breaking of ‘i’) гэдэг авиазүйн асуудалтай холбогдох тул монгол бичгийн хэлний жи - орчин цагийн монгол хэлнээ жа - болдог гэдгийг товч боловч тайлбарлахад илүүц биш. Бас монгол бичгийн хэлний жи - бүхий хэлбэр нь орчин цагт баруун монголын аялгуунаа тэр хэвээрээ буюу жид(а), живхалан(г) гэж байдаг гэдгийг дурдахад сурагч нарт үлдэц нь илүү байхсан гэж бодогдов.

Хоёрдугаар баганад завсар - забсар, зам - зам ... гэх мэтээр тухайн үгсийн эхний гийгүүлэгчийг хоёр тохиолдолд хоёуланд нь адилхан з-гээр жагсаажээ. Уг нь завсар – жабсар, зам – жам ...  гэж жагсаасан бол сая зөв болох байжээ.

[Үүний үндэслэл нь: чухмыг хэлбэл, монгол бичгийн хэлэнд одоогийн хамжин шүргэх з (dz) гийгүүлэгч үүсээгүй буюу огт байхгүй, зөвхөн ганц хамжин шүргэх ж (ǰ / dž) байсан бөгөөд и (i)-гээс бусад эгшгийн өмнө орсон тэрхүү ж (ǰ / dž)-гээс орчин цагийн монгол хэлний (халхын аялгуунд) з (dz) гийгүүлэгч үүсчээ. Харин өвөрлөгчдийн аялгуунд жабсар, жам, баруун монголын аялгуунд ям (зам) ... гэх мэтээр эртний хэлбэр нь одоо хүртэл хадгалагдсаар бөлгөө. Харин буриадын аялгуунд хамжин шүргэх з (dz) биш, шүргэх з (z)-ээр забhар (zabhar), зам (zam) хэмээнэ. Энэ тухай товч атугай ч тэмдэглэн хэлж гэмээ нь ойрод, буриад, өвөрлөгч сурагч нарт өөр өөрийнх нь аялгууны онцлогийн цаад учир начрыг олоход бас сонирхолтой нь мэдээж. Хялбарчлахын үүднээс элдэв тайлбарыг оруулбал хүндэрнэ гээд буруу зүйлийг зааж бүр болохгүй. Тэр бүх тайлбарыг нуршихаас зайлсхийсэн ч гэсэн эцсийн үр дүн нь зөв байх ёстой.]

Дээрх үзүүлэнд цаас - цагасу, цамц - цамца ... гэх мэтээр тухайн үгсийн эхний гийгүүлэгчийг бүх тохиолдолд адилхан ц-гээр жагсаажээ. Уг нь  цаас  -чагасу, цамц  -чамча ...  гэж жагсаасан бол сая зөв болох байжээ.

[Үүний үндэслэл нь: чухмыг хэлбэл, монгол бичгийн хэлэнд одоогийн хамжин шүргэх ц (ts) гийгүүлэгч үүсээгүй буюу огт байхгүй, зөвхөн ганц хамжин шүргэх ч (tš) гийгүүлэгч байсан. Дээр өгүүлсэн авиазүйн “и-гийн хугарал” (breaking of ‘i’) гэдэг үзэгдэл тухайн аялгуунд болсон, болоогүйн шалтгаанаар халхын аялгуунд хамжин шүргэх ц (ts) гийгүүлэгч үүссэн бол баруун монголын аялгуунд хуучин ч (tš) нь хадгалагдсаар, чанар-ыг чинар гэх мэтээр хэлэлцсээр байна. Харин буриадын аялгуунд хамжин шүргэх ц (ts) нь шүргэх с (s),  ч (tš) нь ш (š) болдог тул цагаан гэдэг үгийг сагаан, чоно гэдэг үгийн шоно гэдгийн цаад учир нь тэр болно. Ташрамдуулан тэмдэглэхэд: орчин цагийн бичиг зохиолын хэлний с (s) гийгүүлэгч буриадын аялгуунаа сайн гэхийг hайн гэдэгчлэн шүргэх h (h) болдог. Энэ мэт тайлбарыг товч атугай ч тэмдэглэн хэлж гэмээ нь ойрод, буриад сурагч нарт өөр өөрийнх нь аялгууны онцлогийн цаад учир начрыг олоход бас сонирхолтой нь мэдээж. Хялбарчлахын үүднээс элдэв тайлбарыг оруулбал хүндэрнэ гээд буруу зүйлийг зааж бүр болохгүй. Тэр бүх тайлбарыг заавал нурших албагүй гэж үзсэн ч олон эрдэмтний олон жилийн судалгааны эцсийн үр дүнг тогтолцоотой зөв тусгах ёстой].

Монгол бичгийн  хичээл нь монгол хэлний хөгжиж ирсэн түүхийг товч, тогтолцоотой, баримттай зөв ойлгуулах нэгэн чухал уулзвар гэдгийг мартах аргагүй. Эртний уламжлалт монгол бичгийн хэл нь өдгөөгийнхөө аялгуунаас өөр байдаг нь зөвхөн монгол хэлэнд байдаг зүйл огт биш, монгол бичгийн хэлний “хоцрогдол” бүр биш, англи, франц, герман, солонгос зэрэг дэлхийн том том хэлнээ байдаг нийтлэг үзэгдэл гэдгийг наад зах нь англи хэлтэй болох гэж махран зүтгэж байгаа олон хүн ойлгож эхэлсэн нь мэдээж. Англи хэл, бичиг хоёрын ийм зөрөө үг болгон дээр шахуу монгол бичгийн хэлнийхээс үлэмж илүүг мэддэг болсон буй за.

Утгазүйн хүрээнд:

Нэгэн зүйл: энд гарчигласан сэдвийн нэрээс үзвэл нүүр... зэрэг гурван үгийн язгуур-ын гэх утгыг авч үзжээ. Чухмыг хэлбэл нүүр-ийн тухайд, монгол бичгийн хэлний нигу- (нуу-) гэдэг хэлбэр нь уул үгийн язгуур нь огт биш, язгуур нь: ни- [Mo. ni-], харин нуу- (нуу/х) гэдэг нь энэхүү үйл үгийн үндэс нь! Үгийн язгуур, үндэс хоёрыг адил гэж үзэх аргагүй, зарим тохиолдолд, голдуу ганц үет үгнээ, гадна хэлбэрээрээ адил харагдаж болох ч бусад тохиолдолд давхцах боломжгүй (ганц үет үгийн тухайд гадна хэлбэрээрээ давхцаж байсан ч гэсэн нарийн бодож үзвэл онолын үүднээс ялгаатай). Тэгэхээр ...язгуурын утгыг судлах биш, тухайн үгийг ...үндэсийн утгыг судлах гэсэн бол  хэл шинжлэлийн хувьд зөв болох байжээ.

Бас нэгэн зүйл: тайлбар хэсэгт ...“нүүр” гэдэг үг нь нуу- гэсэн язгуураас үүсэлтэй... гэжээ. Шинэ үсгийн дүрмээр нуу- гэдэг нь ганц үетэй, язгуур мэт харагдаж болох ч, бүтэц нь ни-гу- гэсэн нийлмэл үүсэлтэй. Үүний ни- нь язгуур, ни-гу- гэхээр уг язгуураас үүссэн үйл үгийн үндэс нь болно.

Язгуур (англиар: root, оросоор: корень), үндэс (англиар: stem, оросоор: основа) хоёрыг энэ мэтээр хольж будилсан тохиолдол олон, монгол бичгийн хичээл дээр ч харагдаж байна. Монгол хэлний цахим хичээлийг харахад үгийн үндэс гэдэг нэр томьёо байх ёстой газраа харагдахгүй, соносогдохгүй байна.

“Орчин цагийн монгол хэл зүй” (Улаанбаатар, 1966, 68, 69-р тал) номд үгийн язгуурыг “... үгийн эхний цааш задрахгүй бүтээвэр...”, “...бие даасан тухайн утгатай бөгөөд янз бүрийн бүтээвэр залгаж, цаашид хувилгаж болох (шинэ үг үүсч болохЦ.Ш.) үгийн тийм хэсгийг үндэс гэдэг...” хэмээн тус тус ялган тодорхойлжээ. Харин энэ ялгаа нь залгамал хэв шинжтэй монгол хэлэнд тогтмол, тодорхой харагддаг бол нугармал хэв шинжтэй Энэдхэг-Европын хэлнээ нэг бус тохиолдолд алдрах нь буй. Сурах бичиг зохиож байгаа хүн энэ мэт хэлзүйн ном, эрдэмтдийн судалгааг заавал мухарлаж үзсэн байх ёстой. Судалгааны үр дүнг сурах бичигт тусгахгүй юм бол судлахын хэрэг юу билээ. Хэлшинжлэлийн ойлголт, ухагдахуун, бусад шинжлэх ухааны нэгэн адил нийгэм өөрчлөгдөв гэж дагаж хувирдаггүй тогтонги чанартай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.17 № 226 (6703)

 

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

10 цаг 33 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

10 цаг 33 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Өчигдөр 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Өчигдөр 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Өчигдөр 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Өчигдөр 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин