• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Үндэсний морин уралдаанаа хуульчлан хамгаалъя

2021-09-15 08:30

Н.Санжаадорж
Судлаач, нийтлэлч

Монголчуудын  морь уралдуулж, бөх барилдаж, сур харвадаг наадгай нь  “Эрийн гурван наадам” болж  төгөлдөршин уламжлагдаж ирсэн   биет бус өв соёл юм.  Харин социалист  нийгмийн үед  үндэсний үнэт зүйл, өв соёлын эсрэг үзэл ноёрхож байв. Сүм хийдийг устгаж, монгол бичгээ крилл болгож, Цагаан сарыг хорьж байсныг  бүгд мэднэ. Үндэстний оюуны их өв соёл “Эрийн гурван наадам”-ыг “Үндэсний спорт” гэж малгайлан үзэл сурталжуулж,  аймаг сумаар нь биш спорт хороо, нийгэмлэгийн хаягаар бүртгэж түүгээр  цолыг нь дууддаг байлаа.  Тэр үед  өнөөгийн  “Биет бус өв соёлын тухай” ойлголт огт  байгаагүй.  Үндэсний үзэл, өв соёлын уламжлалгүй болгох бодлоготой  өмнөх  нийгмийн он жилүүдэд “Үндэсний спорт” нэрийн   дор   эрлийз адуу хольж уралдуулах болсон нь  нам, төрийн  үзэл суртал тай  нийцэж байв. Цэрэг дайны зориулалтаар эрлийздүүлж “хайнаг адуу гаргах”туршилт хийж байсан Жаргалантын морин завод, морин спортын зориулалттай УБХТН-ийн /морин тойруулгын/  адууны  эрлийзжүүлгийн эхний үеийн адууг төрийн наадамд  сойн түрүү айргийг олноор авч байсан нь олон түмэнд  соц нийгмийн давуу байдлыг  үзүүлэх гэсэн   үзэл суртлын арга хэмжээ байв. Гэвч монгол адуугаа шүтдэг, төрийн сүлдэндээ залсан монголчууд өнөөгийнхөн шиг  сэтгэл  хоёрдоогүй. Уналга эдэлгээ даахгүйг нь   мэдэх болохоор “Тойруулгын эрлийз адуу түрүүлжээ” гэхээс сайшааж магтаж  байсангүй. Тухайн үед жилдээ ганц наадамтай, малчид сум сумандаа наадах үүрэгтэй. Наадам хийх, морь уях нь  намаас  хамааралтай  байсан цаг. Уяачдад  цол хэргэм, өндөр бай шагналын төлөө өрсөлдөөн гэж байгаагүй. Захиргаадалтын нийгэм  ийм байхаас  аргагүй.  Гэхдээ “ Тэнэсэн сум тархинд” гэгчээр сум сумандаа нааддаг шийдвэр нь аз болж  70 жилийн хугацаанд үндэсний морин уралдааны өв соёлын уламжлалыг   нутаг нутгийн онцлогоор  өвлүүлэн хадгалуулсан  байдаг юм.    

МОНГОЛ НААДАМ МОРИН СПОРТООС  ӨӨР
Эрт үеэс үүсэлтэй үндэсний морин уралдаан хэдийгээр гаднаас нь харахад морь уралдаж байгаа харагддаг ч угтаа  монгол адуугаа “Сүлд-Онгон”, “Молор-Эрдэнэ” хэмээн билэгдэн дээдэлдэг  баяр бахархлын  хүндэтгэлийн үзүүлбэр,  наадгай юм.  Насны өсөлтийн  ялгаагаар /азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага/ зургаан  насаар  зөвхөн монгол адууг   уралдуулж нааддаг.  Бусад \англи, араб, эрлийз\  адуунаас    биологийн өсөлтийн  онцлог нь  ч өөр.  Үндэсний морин уралдаан нь монгол үндэстний   малч ухаан, хэв шинж, жудаг ёс, ёс суртахуун, зөв хүмүүжил, тэвчээр хатуужлын  дадал, сургалтын уламжлалт орчинг  хадгалж ирсэн язгуур өв соёл, үндэстэн оршихуйн    нэгэн  дархлаа гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Хамгийн эрхэм нь монголчууд дээд хүндэтгэлээ илэрхийлэхдээ  түрүү магнай монгол адуугаараа  төр улс, тусгаар тогтнол, үндэс язгуураа   билэгдэн өргөмжилж,  дээдэлж ирсэн   ёс  заншил нь  уламжлалт өв соёлын гайхамшиг мөн. Үүгээрээ  үеийн үед эх оронч үзлийг  өвлүүлсээр ирсэн буурал дээдэстээ бишрээд баршгүй. Монголчууд уяач болон морины эзэнд цол  өргөмжилж байгаагүй. “Хурдан морь хүн эвдэнэ” гэх сэрэмжлэл нь  уяачид хоорондоо бүрхэг давхар утгаар ярьж ойлголцдог. Түүнтэй хамт  залуу үеэ  ёс суртахуунжуулж, хүмүүжүүлж, тэргүүн морио  “Төрийн түмэн эх, Мөнх төрийн мөнгөн магнай, Засаг төрийн зандан ширээ” гэх мэтээр өргөмжилж  төр улс, тусгаар тогтнолоо мориороо билэгдэн дээдэлдэг эрхэм соёл, бахархал  байсаар иржээ. Цаг хугацааны явцад  үндэсний морин уралдаан  мөрийтэй болон бооцоот уралдаан   болж хөгжөөгүй нь  монгол өв соёлын дархлаатай холбоотой. Үндэсний морин уралдаан бол агуулгаараа  морин спортын уралдаанаас  тэс өөр, уламжлалт  соёл гэдгийг  амьдрал,  түүх аль аль нь баталж  байхад   сэхээрэхгүй байсаар  өдий хүрчээ.  Энэ бол  өмнөх  нийгмийн   үеэс үүссэн гажуудал   сүүлийн 20 жилд улам бохирдсоор үргэлжилсээр байгаагийн илрэл юм. 

ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН БАХАРХАЛ 
Монголчуудад  тохиолдсон  бахархалт зүйлийн нэг  нь  2010 онд “Монгол наадам” Дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Гол үндэслэл нь “Улсын нийслэл, аймаг  болон   330 гаруй суманд  хоёр өдрийн дотор ойролцоогоор  үургаан  насны 40-50 мянган морь уралдуулж нийтээрээ цэнгэн нааддаг. Энэ үед дунджаар 25 мянга орчим хүүхэд унаж оролцдог. Дэлхийд байхгүй нүүдэлчин ардын наадам бөгөөд  үндэстэн угсаатны нийгмийн, соёлын, хүмүүжлийн том ач холбогдолтой баяр” гэж  Дэлхийн өвийн хороо онцлон үзжээ.  Соёлын сайд асан, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасан үүнийг  “Монгол адууны өв соёл гэдэг гайхамшигтай мөнхийн соёл. Монгол хүний жинхэнэ  цус маханд шингэсэн өв соёл мөн гэдгийг дэлхийн өвд бүртгүүлснээрээ Монголын ард түмэн хүн төрөлхтний өмнө гавьяа байгуулсан” гэж дүгнэсэн байдаг. Иймд дэлхийн өвд бүртгэлтэй соёлын өвийг хамгаалах, өвлүүлж уламжлуулах нь монгол төрийн бодлого,  УИХ, Засгийн газар,  төрийн бүх шатны байгууллагын  үүрэг юм  

УИХ ХУУЛИА ЯАРАЛТАЙ БАТАЛЖ ГАРГААСАЙ 
Монгол наадам нь  монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус  оюуны  соёлын өв хэмээн Дэлхийн өвд дархлаажаад 10  гаруй жил өнгөрчээ.  Гэвч  дэлхийн өвд дархлаажсан соёлын өв  үндэсний морин уралдаанаа  төрийн бодлогоор  хамгаалах талаар хуулийн шинэчлэл хийгдсэнгүй. Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх 2015 онд  Шадар сайд байхдаа “Үндэсний баяр наадамд зөвхөн монгол адуу уралдуулж наадах” тухай  журам баталж үүрэг өгсөн боловч  хэрэгжсэнгүйгээр үл барам өв соёлыг гутаагч,  авлигын нэг салбар  болон үргэлжилж  байна. УИХ-аас  “Генетик нөөцийн тухай” хууль баталж  Ч.Улаан сайд “Монгол адууны генийн сан” байгуулахаар зардал  мөнгийг  нь шийдэж зөвхөн монгол адууг генээр нь ялгаж  Ардын хувьсгалын  100 жилийн ойгоор  уралдуулах  бэлтгэл хангаад байтал эрлийз адуутай  Мэндсайхан  хэмээх сайд  гарч ирээд уг ажлыг  зогсоочихсон. Ингэж 100 жилд  эрлийз адууг төрийн наадамд  уралдуулахгүй байх  боломж гарсан ч цар тахал наадам хийлгэсэнгүй.   ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан тэргүүтэй эрлийз адууны бүлгийнхэн  “Yes naadam”  морьтой жагсаал зохион байгуулсан нь  үнэндээ өв соёл гэх нэрийн дор  монгол адуугүй наадам хийхээр  Дэлхийн өвд бүртгэгдсэн өв соёлынхоо эсрэг тэмцсэн хэрэг.  Нэг зүйлийг онцлоход монгол өв соёл болсон билэгдэл ёс заншлын уралдаан наадмыг  Дэлхий дээрх  Казиногийн хуулиар явагддаг  мөрийтэй морин уралдаануудтай адилтган ойлгох нь  төөрөгдөл юм. Буруу  ойлгосноос болж  монгол адуугаа эрлийзжүүлэх болсон нь монгол адуун соёлд учирч буй  гамшиг юм. Үндэсний морин уралдааныг бүрдүүлж байгаа  гурван цогц  зүйл нь: 
1.  Зөвхөн зургаан  насны монгол адууг уралдуулж цэнгэнэ. Ингэхдээ  хүндэтгэл   билэгдлийг   илэрхийлдэг  зарчим,  арга ухаан,   ёс заншлыг гол болгоно.        
2. Монгол адуутай харилцаж ирсэн  монгол уяачийн уламжлалт эрдэм,   зан үйл. 
3. Сургаж  чадваржсан  өөрсдийн   хүүхдээр унуулан  уралдаж нааддаг малчин ахуйн уламжлалт  ёс. Соёлын энэ цогц  тогтолцоо, ёс заншлыг  хамгаалж, эвдэж гажуудуулахаас сэргийлэхийн тулд хуулиар хамгаалах хэрэгтэй юм.  Үүний тулд   Үндэсний  баяр наадмын тухай  хууль,  өөр бас  насанд хүрсэн хүн унаж уралддаг  “Морин уралдаан спортын тухай” хуулийг  тус тус яаралтай батлан гаргах асуудал  тулгамдсан байна. Үндсэн хуулийн долдугаар  зүйлийн 7-1, 7-2-д “Монголын ард түмний түүх .. оюуны өв..., таван хошуу мал,... төрийн хамгаалалтанд байна” гэсэн  заалтуудыг хэрэгжүүлэх, монгол үндэсний язгуур эрх ашгийн үүднээс өв соёлоо хамгаалсан  шинэ хууль  үгүйлэгдэж байна.       
2003 онд  батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хууль нь баяр   наадмыг  улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах ганц зорилготой. Гэтэл энэ хуульд  “Эрийн гурван наадам”-ыг биеийн тамир, спортын ангиллын  зарчимд оруулан хуульчилсан нь язгуур  өв соёлоо алдагдуулж үгүйсгэсэн нь  хамгийн том алдаа юм. Тус хуулийн  “Хурдан морины уралдаан” гэсэн  наймдугаар  зүйлд “Засгийн газрын тогтоолоор  шигшмэл уралдаан, бүсийн   уралдаан гэх мэтээр морин спортын уралдаан хийх заалтууд оруулсан.  Улмаар түүнийгээ бататган  морин спортын уралдааны  амжилтын  болзол зохион   сум,  аймаг,  улсын  цолыг  төрөөс  бүр Засаг дарга нар,   Ерөнхийлөгч   олгох болсон ...  зэрэг заалтууд нь билэгдэл, ёс суртахуун, оюун санааны уламжлалыг алдагдуулж байгаа гол хүчин зүйл болсоор байна. 
Тус хуульд дэлхий өвд  бүртгэгдсэн биет бус өв соёл  үндэсний морин уралдааны   уламжлалт ёс, зан, үйлийг  хамгаалсан  нэг ч үг байдаггүй. Хууль хэрэгжсэнээр   үндэстний хүнлэг, ёс суртахуунлаг  соёлт чанар алдагдаж   нэр алдар,  цол шагналын төлөөх морин уралдаан болж,  хулгай, луйвар, хээл хахуулийн  оромж болж хувирсан.  Энэ хуулийн  8.3-т   “уяачид ...  цол олгоно” ,   8.8-д  “бүртгүүлсэн иргэнд”  уг цолыг олгоно” гэсэн нь  уяач биш хүнд   “..Уяач “   цол олгохоор хуульчилж  хамгийн том нүглийн үүд нээгджээ.  Уяач  гэдэг үгийн утга ч  ойлгомжгүй.  “Сайн уяач, муу уяач “ гэдэг   ард түмний дунд болзлоор биш,  эрэмбээр үнэлэгддэг үнэлэмж. Гэтэл уяачийн ямар ч эрэмбэгүй улсын том цолтнууд Ерөнхийлөгчийн зарлигаар олноор төрөх болсон. Монголчууд эрт үеэс  уяач болон  морины эзнийг  цол хэргэмээр  шагнаж  байсан  түүх үгүй.  Энэ нь  ёс бус сэтгэлгээнээс   урьдчилан   сэргийлсэн хүмүүжил, ёс суртахууны өв их соёл болохыг өнгөрсөн  түүх,  амьдралын шалгуур харуулсаар.          
Соёлын сайд Ч.Номин “ Хүнийг модтой  зүйрлэвэл соёл бол үндэс нь” гэж хэлсэн нь маргах аргагүй үнэн. Үндэс нь тасарвал мод үхдэгтэй адил, соёл нь уствал үндэстэн мөхдөг жамтай.  Монгол адууны өв соёлын үндсийг тасалж буй  “хорт хавдар”  бол эрлийз адуу. Хавдар газар авчихаад байгаад төр, засаг дорвитой арга хэмжээ авч хуулиа гаргаж,   ирэх жил тэмдэглэх  Ардын хувьсгалын  100, 101  жилийн их ойгоо монгол адуугаар чимсэн наадам болгоосой гэж ард түмэн хүсэн хүлээж байна.  Хүн төрөлхтний хөгжлийн үндэс нь олон үндэстний өөр өөр язгуур өв соёлд  байдаг гэж  ЮНЕСКО  үздэг.  Монголын төр   “Социалзм байгуулна” гэж 70 жил , Ардчилсан “бар” улс болно гээд  30 жилийг  өнгөрүүлж,  100 жилийг ардаа орхилоо.  Өнгөрсөн  хугацаанд  төр, засгаас үндэсний өв соёлоо,  ялангуяа  биет бус соёлийн өвөө хамгаалах, өвлүүлэх,  нүүдэлчний соёлоо авч үлдэх талаар тодорхой бодлого, дорвитой арга хэмжээ авсангүй. Өнөөгийн Засгийн газар  Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг УИХ-аар баталсан. Түүндээ  “Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархлыг төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулж, үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно” гэж тунхаглажээ. Өөрөөр хэлбэл “Нүүдлийн соёл иргэншил, үндэсний нэгдмэл  үнэт зүйлд суурилсан, орчин үеийн хөгжингүй, тэргүүлэх улс болно” гэсэн  зорилт  тавьжээ.  Бидний туулж өнгөрүүлсэн  нийгмийг  дамжсан 100 жилийн алдаа үүнд оршиж байж гэж ойлгогдож  байна. Ингэж үндэсний сэргэлтийн бамбар асчээ. Тухайлбал   “Монгол улсад түүх, соёлын өвийг сүйтгэгчидтэй хийх тэмцлийг орон даяар өрнүүлж, хууль сахиулах болон тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлнэ” гэжээ. Хэрэгжүүлэх арга замыг ийн хамт томьёолсон нь  эргэлт буцалтгүй болсны илэрхийлэл. Харин хуульчилж хэрэгжүүлэх үйл явц эхлэх учиртай. Энэ  хүрээнд өв соёлоо хамгаалах үүднээс “Баяр наадмын тухай”, морин спортыг хөгжүүлэх үүднээс “ Морин спорт уралдааны тухай”  хууль гарган хэрэгжүүлэх нь яаравчилсан ажил болоод байна. 
Монгол Улс, монгол үндэстний  гал голомт мөнх оршиг.   

2021.08.25. 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.