Амраг түүндээ зориулсан “Жаахан шарга”

2021-06-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

А.ДОРЖХАНД

 

“Зууны мэдээ” сонин “Өв соёл:Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаад ”Жаахан шарга” бэсрэг уртын дууны талаар уншигчиддаа хүргэж байна.

.

..Жаахан шаргын шогшоонд

Томоо муухай тасарлаа

Жаахан түүний аашинд нь

Сэтгэл муухай тасарлаа... хэмээн “Жаахан шарга” уртын дууг сонсоход алдарт Дарьганга нутаг нүдэнд харагдаж сэтгэлд ургах ажээ. Хайр сэтгэл гээч цэвэр ариун нандин зүйлийг юугаар ч тогтоож болдоггүйг энэ дуунд уянгатайхан шингээж өгсөн байх юм. Үүнээс цааш нь сонсвол:

...Хоёр морьтой гарсан юм

Хонгорын ширээ дамжсандаа

Хоносонгүйг нь бодохоор

Хоёр нүдэндээ нулимстай

Буйлаад ирсэн тэмээгий нь

Бурантгийн үзүүрээр тогтооно

Булгилаад байгаа сэтгэлийг

Одоо юугаар тогтоох вэ

Дэрвээд байгаа дээврийг

Дээсээр даруулаад тогтооно

Дэнслээд байгаа сэтгэлийг

Одоо юугаар тогтоох вэ... гэсэн нь уран зохиолын адилтгал зүйрлэлийг гайхалтай оруулж өгчээ.

Бид анх энэ дууг алдарт уртын дуучин Б.Лхамзав гуайн дуулсанаар мэддэг болсон билээ. Б.Лхамзав гуай энэ дууг Сүхбаатар аймгийн Наран сумын цэргийн гал тогооны Цэрмаа хэмээх бүсгүйгээс сурсан тухайгаа дурсжээ. Учир нь Б.Лхамзав гуайн ах нь Наран сумын цэргийн отрядын дарга байжээ. Энэ тухайгаа дуучин сэрүүн тунгалаг ахуйдаа дурсаад хайртай бүсгүйдээ зориулсан сайхан эр хүний зохиосон дуу юм гэнэ лээ гэсэн байна.

Уг дууны домгийг уншин судалж үзвэл Ардын жүжигчин уртын дуучин Ш.Чимэдцэеэ гуай “Жаахан шарга” ном болон бусад аман ярианд ижил төстэй өгүүлсэн байна. Үүнийг сонирхуулбал, “Жаахан шарга” дууг зохиосон Цэрэнноров буюу хожим хүүхдийнх нь авгайлан дуудсанаар Инжээноров нь лам хүн байжээ. Тэрээр зүгээр ч нэг лам байсангүй. Алтан овооны дээд замыг тахидаг, уншлага сайтай унзад лам байж. Залуу насны хайр сэтгэлээр нутгийн Ургамал Зундаа гэгч айлын охин Чимэдлхамтай танилцсанаар шар шувтлан хар болжээ. Гэвч тэдний хайр сэтггэл санасанаар болсонгүй. Чимэдлхамын аав нь тэдний хайр сэтгэлтэй болж буйг гадарлан охиноо Өвөрмонголын баян хүний эхнэр болгон богтлон өгч. Үүнийг мэдсэн Инжээноров хайртай бүсгүйнхээ араас хөтөлгөө морьтой явсан бөгөөд сэтгэлт бүсгүйдээ “очно авна” гэдгээ хүнээр дуулгажээ. Түүнийг сонссон бүсгүй шаваастай аргал дор ууж дээлээ хийн нуужээ. Инжээноров ноёны найранд өөрийн зохиосон “ Жаахан шарга” дуугаа дуулсан ба түүнийг хэн ч хайртай бүсгүйгээ оргуулах нь гэж сэжиглээгүй байна. Найр наадмын чөлөөгөөр хайртай бүсгүй нь аргал хормойлж ирье хэмээн нуусан уужаа өмсөн зугтаасан байна.

Харин ардын жүжигчин уртын дуучин Ш.Чимэдцэеэ гуайн “Жаахан шарга” номонд дуучин маань нутгийнхаа “яриа” Дулам хэмээх хүнээс энэ дууны домгийг сонсож авсанаа тэмдэглэсэн байна. Дулам гуай Ш.Чимэдцэеэ дуучинд 1991 онд 93 насандаа энэ дурсамжийг хүүрнэсэн гэдэг. Түүний ярьснаар Инжээноров хайртай бүсгүйнхээ хаяагаар энэхүү дуугаа дуулан өнгөрсөн бөгөөд түүнийг сонссон Чимэдлхам аргал авахаар гарч нуусан уужаа өмсөн тэр чигээрээ оргочихсон гэнэ. Уужаа юуны учир шаваастай аргалд нууваа гэвэл Чимэдлхамын богтлогдож очсон хадам эх нь авдарныхаа түлхүүрийг бэрдээ өгдөггүй хатуу хүн байсан учраас тэр аж. Инжээноров Чимэдлхам хоёр Гангын нууранд хэсэг нуугдан амьдарсан ба тэдний араас эрэл сурал болсонгүй тул ил гарч амьдрах болжээ. Хайр сэтгэлээр учирсан хоёр маань он удаан жил энх тунх амьдарч нэг хүү, найман хүүхдийн аав ээж болсон байна.

...Таг ширээ нутаг нь

Таван өнгөөр найгана

Танхил өссөн тэр минь

Танихгүй хүнээс дайжиж байдаг болов уу

Дөн ширээ нутаг нь

Дөрвөлжилж барайгаад харагдана

Дөмгөр баахан чамдаа

Дөтлөх тутам санагдана

Хонин чинээ чулууг

Хомрого дайраад яах вэ

Хоёулаа дайтай төрсөнөөс хойш

Холтгож салгаад яах вэ

Үхрийн чинээ чулууг

Үер дайраад яах вэ

Үйлийн лайтай төрсөнөөс хойш

Үглэж хэлээд яах вэ

Наран булагийн эхэнд

Нар шингэтэл хүлээнэ

Анхны сэтгэл хэвээр бол

Амжаад ирэхээ мэдэх биз... эдгээр үгнүүдээс нь үүдэн судлаачид одоогийн Сүхбаатар аймгийн Наран сумыг хуучин Наранбулаг гэдэг байжээ хэмээн бичжээ.

Энэхүү гайхалтай дуу бидний сонорт хүрсэн нь, түүх нь ч сонирхол татам юм. Учир юу гэвэл Инжээноровын төрсөн ач Гомбодорж нь 1944 онд цэргийн албанд Байшинтын дивизэд татагдан очиж олон нийтийн үдэшлэг дээр өвөөгийнхөө зохиосон “Жаахан шарга” дуулсан аж. Үүнээс улбаалан тэнд алба хааж байсан цэргүүд уг дууг сурснаар нутаг нутагт тархан дуулагдаж эхэлсэн байна. Үүнээс хойш арваад жилийн дараа буюу 1955 онд Залуучуудын фестивалд анх дуулжээ.

1968 оны үед үндэсний радиогийн Цэрэндаваа гэж сэтгүүлч Сүхбаатар аймагт томилолтоор явахдаа энэ дууг дуулж олонд таниулсан Инжээноровын ач болох Гомбодорж гэж хүнээр нь дуулуулан бичлэг болгон хадгалжээ. Нутгийнхан нь түүнийг “Дээл” Гомбодорж хэмээн хочилдог байсан ба

“Дээл” Гомбодоржийн дуучин гэдэг

Дэрсэн шандыг устай гэдэг хэмээдэг байж. Тэрээр нутгийнхаа найранд уригдаж дуулдаг дуучин хүн байсан ба түүний хоолой сайн саахалтын газраас ч сонсогддог байжээ. Энэ дуу нь өөр нэг хувилбартай ба эхний хувилбар дээр нутгийн олон үг нэмэн зохион дуулсан байж магадгүй гэнэ. “Жаахан шарга” дуу нь одоогоор зургаан суманд үндсэн ая дангаараа дуулагддаг аж. Өөр нэг хувилбарыг нь сонирхуулвал,

...Наадахыг хүссэн охид

Намайг юундаа хүлээнэ вэ

Нуруу нуруун дээгүүр

Нутгийн дээс хэвтэнэ

Нуугаад суугаад уйлсан чиг

Нулимсны минь гарз уу даа

Хайлтай ханы минв цас нь

Хайлахаас шимэгдэх нь илүү шүү

Хар элэгтэй хүнтэй

Ханилахаас хэлэгдэх нь илүү шүү

Ган халуун наранд

Гандах нь яасан дэлхий вэ?

Газарт холын тэр минь

Мартагдах нь яасан сэтгэл вэ?

Үдийн халуун наранд нь

Үжрэх нь яасан дэлхий вэ?

Үйлтэй холын хүү минь

Уйдах нь яасан сэтгэл вэ?

Цантын цагаан ууланд нь

Цасан хяруу унаж байна

Санааны амраг түүнтэйгээ

Салахын хэмжээ болоо юу

Санааны амраг түүнтэйгээ

Салахын хэмжээ болоо юу

Жаахан шарга морь нь

Ижлээ гээд дүүхэлзэнэ

Жаахан түүний харц нь

Олны дундаас тормолзоно

Хоног хоногийн газрыг

Хоёр мориороо туулна даа

Хонгор жаахан чамайгаа

Хуудуугүй гэж бодлоо доо

Уул талыг халхалсан

Уул манан байна хө

Учрах замын саад

Үйлийн лай байна хө

Агтны туурай сульддаг нь

Арвин шаргал тал хө

Амраг хоёрыг холтгодог нь

Аян нүүдэл хоёр хө

Нүүсэн нутгийг нь харахад

Нүүгэлтэж бараантаад байна уу даа

Нүүдлийн хойноос харахад

Нүдээр дүүрэн нулимстай

Ганганан дуугарах нь

Ганга нуурын галуу биз

Газрын холоос нийлдэг нь

Бидэн хоёрыг сэтгэл билээ... гэсэн байна.

Энэ дууг зохиосон Инжээноров гэдэг хүн 1930 оны үе хүртэл амьдарсан ба түүний тухай ач охин нь дурсахдаа цав цагаан үстэй, их өндөр, дөрвөлжин хамартай, том биетэй хүн байсан гэж дурссан нь тэмдэглэгдэн үлджээ. Аргагүй л монгол эр хүн мориныхоо хатираанд амьдралынхаа олон зүйлийг эргэцүүлж явдгийг, мөн хүлгийн сайныг унан зорьсон хэрэг, бодсон бодлоо гүйцээдгийг энэ дуунд өгүүлсэн байна. Хүлгийн зоон дээр амраг бүсгүйдээ зориулан аялгуут уртын дуугаа зохион дуулдгийн жишээ энэ буюу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.18 БААСАН № 122 (6599)

 

САРАН
УРТЫН ДУУ ЖААХАН ШАРГЫГ СОНСОХООР АЯНДААЛ НУЛИМС АСГАРААД ИРНЭ. ЛХАМЖАВГУАЙН ДУУЛСАН НЬ :УРТЫН ДУУГ ОЙЛГОЖ СОНСОЁ ГЭВЭЛ СОНСООРОЙ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцлээ

12 цаг 58 мин
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдлээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдлээ

16 цаг 54 мин
“ГОЛОМТ БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00/02 тоот тогтоолоор 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг шийдвэрлэлээ.

17 цаг 28 мин
Б.Эрдэнэбат: Бидний амгалан тайван амьдрал бол үе үеийн эх орончид, өвөг дээдсийн минь хичээл зүтгэлийн үр дүн билээ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зоч

20 цаг 28 мин
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой

Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жил

20 цаг 28 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн

20 цаг 28 мин
Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Уржигдар 10 цаг 13 мин
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Уржигдар 10 цаг 03 мин
Эсрэг тэсрэг байр суурь

ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа

Уржигдар 06 цаг 00 мин
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт з

Уржигдар 06 цаг 00 мин