Монгол, Японы харилцааны анхны гүүрийг барьсан ардын дипломатч Д.Оюунтүлхүүр

2021-05-19
Нийтэлсэн: Админ
 20 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголд ардчиллын салхи сэвэлзэж, нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байдал руу  орсон  тэртээ 1989 онд 13-хан настай бяцхан  охин  арлын Японд хөл тавьж, хөгжмийн урлагаар дамжуулан хоёр улсын харилцааг өргөжүүлэн  бэхжүүлэхэд чухал  үүрэг гүйцэтгэсэн нь эдүгээгийн Монгол Улсын гавьяат жүжигчин,  дуучин  ая зохиогч Д.Оюунтүлхүүр юм. Арлын оронд түүний  нээсэн нүдэнд үл үзэгдэх  тэрхүү  хаалгаар Япон Улсын Засгийн газраас   буцалтгүй тусламжийн хөтөлбөрүүд, сайн санааны  дэмжлэгүүд тухайн үед Монгол руу чиглэсэн нь маргашгүй үнэн билээ. Тэр зөвхөн дуучин, ая зохиогч  төдий байгаагүй юм.  Монгол Улсаа   сурталчлахын зэрэгцээ  цунами,  газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Японы хүүхдүүдэд зориулан  хандивын тоглолтууд  хийж  нийгмийн зүтгэлтний  үүргийг  гүйцэтгэж явсан юм. Тоглолтын орлогоосоо илүүчлэн Монголын нийгмийн  шилжилтийн золиос болж орц траншейнд орсон  эмзэг бүлгийн  хүүхдүүд, үе тэнгийнхэндээ  халуун гараа сунгаж,  дулаан хувцас,  хүнсний нэмэлт, хичээлийн хэрэгсэл дэвтэр харандаа  илгээж байв. Удалгүй 1997 онд “Оюунтүлхүүр сан” ТББ-аа байгуулж, “Тэмүүлэл”  нэртэй асрамжийн төв нээн  1000 гаруй   хүүхдийг асран халамжилж, “Зуд” төсөл зэрэг  нийгмийн сайн сайхны төлөө олон ажил санаачилж, хүнд өвчтэй  зарим хүүхдийн эмчилгээний зардлыг дааж, өөрөө хүүхэд атал  өчнөөн хүүхдийг хайрлан энэрсэн “Өндөр ээж”, хариу нэхэлгүй  тусалсан  эгэл баатар  билээ.

Д.Оюунтүлхүүр 1975 оны арваннэгдүгээр  сарын 10-нд Улаанбаатарт хотод  төрсөн нийслэлийн унаган иргэн, нэрт хөгжмийн зохиолч Т.Дамдинсүрэнгийн дөрвөн охины хамгийн  том  нь  юм. Өвөг дээдэс нь Сүхбаатар аймгийн Халзан сумын  уугуул, “Олныхон” овгийн хүмүүс. Халзан сум бол XVIII-XIX зууны үед  Дарьганга хошуу гэж байхад түүнд   харъяалагдаж байсан  зургаан сумын нэг юм. Эмээ В.Дулам нь Сүхбаатар аймгийн Соёлын ордонд гоцлол дуучин, өвөө нь найруулагчаар ажиллаж хөдөө нутагт урлаг соёлын байгууллагын суурийг тавилцсан  тухайн үеийнхээ   шилдэг  сэхээтнүүдийн төлөөлөл  байв. Хөгжмийн зохиолч Д.Дамдинсүрэн гуай  хүүхдүүдээ жаахан байхад  зун болгон Сүхбаатар аймаг руу  өвөө, эмээд  нь хүргэж өгдөг. Хүүхдүүд нь тэнд  үхэр тэргээр ус зөөж, ишиг, хурга эргүүлж хөдөөгийн амьдралтай ойр өсчээ. Мөн тэрээр хүүхдүүддээ орос сурах бичиг үзүүлж, гэрээр  хичээл заадаг байсан бөгөөд Д.Оюунтүлхүүр  “Цагаан толгой” үзэж  “А” үсэг заалгаагүй байхдаа  хөгжмийн  нот сурсан гэдэг. Урлагийн хүрээнийхэн түүнийг  “Урлагийн хүн байх асар их өгөгдөлтэй, удамтай дуучин” гэлцдэг. Өвөг дээдэс нь эрт цагт  “Ноёны дуучин” хэмээн өргөмжлөгдөж  ихэс дээдсийн найранд урилга заллагаар очиж дуулдаг  байж. Тэдний дараагийн үеэс ч  Монголын урлаг соёлын зүтгэлтнүүд олон төрж шинэ цагийн соёлын үрийг тарилцжээ. Энэ тухай  УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Ганди өөрийн   дурсамждаа  “Бид өнөр олуулаа. Тэгээд ч “Олныхон” гэсэн  овогтой. Ээжийн талынхан ер нь урлагийн голдуу хүмүүс байдаг. Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн, түүний дүү “Маршийн хаан” гэж өргөмжилдөг хөгжмийн зохиолч,  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунаажав, ээжийн дүү  Сүхбаатар аймгийн Соёлын ордны гоцлол дуучнаар насаараа ажилласан  В.Дулам, түүний зээ охин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр гээд бүгд урлагийнхан. Миний ээж бас насаараа урлагт зүтгэж, олон арван сонгодог жүжгийн гол дүрийг бүтээж байсан жүжигчин хүн байдаг” хэмээн бичсэн байдаг.

Д.Оюунтүлхүүрийг урлагт хөтөлсөн анхны багш аав нь юм. Хөгжмийн нэрт  зохиолч Т.Дамдинсүрэн гуай  маш авьяаслаг, нарийн мэдрэмжтэй,  сонсголын хувьд маш гайхамшигтай хүн  байсан бөгөөд “Хурд” хамтлаг анх байгуулагдахад   даралтат хөгжимчин  нь байсныг  тус хамтлагийнхан дурсдаг. Т.Дамдинсүрэн гуай хүүхдүүдээ багаас нь дуу, хөгжмийн боловсролтой болгосон бөгөөд Д.Оюунтүлхүүрийг найман нас хүрсэн намар   Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар очжээ. Гэтэл   “Хавар  элсэлтээ авчихсан”  гээд буцаасан тул  тэрээр  “Шалгаад үзээч, миний охин тэнцэнэ”  хэмээн хөөцөлдсөөр Соёлын яамнаас албан ёсны зөвшөөрлийн бичиг авч  шалгалт өгүүлсэн гэдэг. Энэ мөчөөс тэрээр  Монгол Улсын энэ цагийн гарамгай хөгжимчин, төгөлдөр хуурч Н.Ганчимэгийн шавь болжээ. Д.Оюунтүлхүүр  багшийнхаа тухай “Шавь нарынхаа төлөө зүтгэсэн сайхан хүн ч, их хатуу багш байгаа юм. Гэхдээ хүн итгэсэндээ хатуу байдгийг багш маань надад биеэрээ мэдрүүлсэн. Сонгодог хөгжмийн нарийн мэдрэмжийг бий болгосон. Сүүлд Япон улсад очиход тэндхийн багш нар миний тоглож байгаа арга барилыг их өөр  өвөрмөц  юм  гэж гайхаж байсан даа. Хөгжмийн талаас маш сайн суурь  тавьж өгсөнд нь одоо ч багшдаа баярладаг” хэмээн ярьсан. Харин Н.Ганчимэг багш шавиа “Монголын роп попынхон дотроос харж байхад хүнийхээ хувьд төлөвшсөн сайхан уран бүтээлч. Дууг маш гоё урлаж дуулдаг  мэдрэмжтэй бас авьяастай. Анх Японд цомог хэвлүүлэхээр очоод би  учрыг нь сайн мэдэхгүй байхад шавь маань одоо ингэх юм байна, дараа нь тэгэх юм байна, ойлгочихлоо багш аа, гээд бүгдийг ном  ёсоор нь маш чадварлаг хийж байсан. Түүнээс гадна дууг мэдэрч дуулдаг, нотыг хий өнгөрүүлдэггүй, өөрийнхөөрөө заавал урлаж шаглаж байдаг” хэмээн  магтдаг. 

Д.Оюунтүлхүүрийн дуулсан дуу Монгол, Японы ард түмний сэтгэлд хүрч, хоёр оронд зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн нь 1989 оны наймдугаар сард  Токио хотноо болсон  долоо дахь удаагийн Дэлхийн хүүхдийн хөгжмийн их наадамд түрүүлж “Гран При”  шагнал хүртсэнээс нь  эхлэлтэй. Энэ наадамд тэрээр Л.Эрдэнэцэцэгийн үг, аяыг нь өөрөө зохиосон “Ээжийн бүүвэйн дуу”-г төгөлдөр хуураар тоглож, өөрөө дуулж оролцсон юм. Мөн Я.Энхээгийн үг, Д.Дашнямын аялгуу  “Хирошимагийн охины цаасан шувуу” дууг  намуун зөөлөн хоолойгоор  эвлэгхэн  дуулсан нь тэр үед “Хит” болж байв.  Энэ бол Д.Оюунтүлхүүрийн дуучин болох их  замын эхэн, цаашдын  амьдрал ажил үйлсийнх нь анхны алхам байсан юм. Тухайн үед гадаадад зохиогдож буй   тэмцээн уралдаанд Монголоос насанд хүрээгүй хүүхэд оролцсон туршлага байсангүй.  Олон улсын  наадмаас манай улс   хөгжмийн урлагийн   төрлөөр  “Гран При” шагнал  авч үзээгүй. Тэр бүү хэл Япон орны талаар  мэдээлэл хомс, үзэл суртлын хаалттай цаг үед 13-хан настай охины амжилт чухамхүү  тэсрэлт болсон юм.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров  тухайн үеийн байдлыг дүгнэж хэлэхдээ“... Тэр үеийг өнөөдрийнх шигээр төсөөлж болохгүй. Бүх юм хаалттай  тун хэцүү  цаг үе байсан. Гадаад явах, орон сууцанд  орох хоёр хамгийн хэцүү байсан. Тийм л цаг үед Японд болох дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд ая зохиогч хүүхдүүд өөрсдийн бүтээлээр оролцох уралдаан зарлагдсан юм. Уралдаанд оролцохоор Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд олон хүүхэд бүтээлээ ирүүлсэн.  Тэр дотроос Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш  Н.Ганчимэгийн шавь  Д.Оюунтүлхүүрийн “Ээжийн бүүвэйн  дуу”-ны аялгууг Төрийн соёрхолт  хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бид хоёр сонсоод   “Үүнийг  уралдаанд явуулъя” гэж  ярилцсан. Ингээд жижиг, сажиг засвар хийж Хөгжмийн зохиолчдын холбооны гадаад харилцаа эрхэлсэн нарын бичгийн даргын хувьд Ц.Нацагдорж маань Д.Оюунтүлхүүрийг  Япон руу авч очиж уралдаанд оролцсон. Тэндээс манай улс анх удаа хөгжмийн урлагаар “Гран При” шагнал хүртсэн. Тэр үед манай улсаас Японтой харилцах  соёлын болоод эдийн засгийн  харилцаа төдийлөн өргөжөөгүй. Соёлын харилцааны түвшинд  ч нэг их юм хийгдээгүй байсан. Олон улсын наадамд Д.Оюунтүлхүүр шиг төгөлдөр хуураа өөрөө тоглож  дуулаад түрүүлсэн хүүхэд  ч байгаагүй. Тэр үйл явдлаар Монголд соёлын   нэг том хаалга  нээгдсэн. Би сайн санаж байна,  1989 оны тэр өвөл арванхоёрдугаар сард   Н.Ганчимэг багш  Москвагаас ирж, Д.Оюунтүлхүүр Японд  цомгоо  бичүүлэхээр  болж  хамтдаа Япон руу явж байлаа. Цомог хэвлүүлнэ гэдэг маш гайхамшигтай.  Монголд цомог гээчийг үзээгүй  байсан үе шүү дээ. Гадны хүн, дээр нь Олон улсын нэр хүндтэй наадмаас “Гран При” авсан дуучин тэнд цомог гаргахаар Д.Оюунтүлхүүр гэхээс илүү Монгол гэдэг нэр Япон даяар дуурссан. Би түүнийг  тухайн үедээ  соёлын маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хардаг. Япончууд 1992 онд “Чингис хаан” киног гаргахын тулд Д.Оюунтүлхүүрээр замчлуулж байсан гээд бод доо. Киноны төгсгөлд түүнийг   дуулахаар япончууд илүү үзнэ гэж тэд сэтгэсэн  байгаа юм. Тэгэхээр ямар том үүрэг гүйцэтгэж байсан нь ойлгомжтой байгаа биз” хэмээн  “Бидний мэдэх Д.Оюунтүлхүүр” баримтат нэвтрүүлэгт зочноор  уригдан оролцохдоо дурсчээ. Үнэхээр Япончууд түүнийг Элчин сайдын зиндаанд авч үзэж, хүндэлдэг. Тэр нь эргээд Монголчуудад л нааштай сайнаар тусдаг.   Япон Улсын Засгийн газар  буцалтгүй тусламж  “Өвсний үндэс” хөтөлбөрүүдээс  өгсүүлэн олон арван төслийг   Монголд хэрэгжүүлж, сайн санааны  олон арван буцалтгүй тусламжийг  илгээсэн нь чухам  тэндээс  л  эхлэлтэй билээ.  

Монгол Улсад дөрвөнтөө томилогдон ажилласан, хамгийн сүүлд 2011-2016 онд Япон  улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдын албыг хашиж байсан Шимизү Такэнори гуай “Д.Оюунтүлхүүр бол хоёр улсын  суурь харилцаа хөгжихөд маш их хувь нэмэр оруулсан. Япон, Монголын хооронд харилцааны  гүүр байгуулсан анхны Монгол хүн. Тэр хөгжим,  дууны урлагаар өнөөг хүртэл Япон улсад Монголоо танилцуулж ирсэн” хэмээн онцлон тэмдэглэжээ.  Өөрөө насанд хүрээгүй атал бяцхан зүрхэндээ өрөөлийн зовлон шаналлыг бүхнээс илүүтэй ойлгон  мэдэрч,  өөрийн чадах бүхнээ  зориулж  явсан учир Д.Оюунтүлхүүр монголчуудынхаа болон  Японы ард түмний өмнө үнэлж баршгүй гавьяатай. Тэнд байхдаа тэрээр газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн япон хүмүүс, жаахан хүүхдүүдийг өрөвдөн  хандивын тоглолтод нүдэндээ нулимстай дуулж явсан гэдэг. Өвлийн амралтаар Монголдоо ирж “Бөхийн өргөө”-д болсон тоглолтод  дуулчихаад  гарч явахдаа орц хонгил, траншейнд орогнож яваа хүүхдүүдийг  хараад аавынхаа гараас татаж “Аав аа, энэ хүүхдүүд  даарч байгаа байх даа. Өлсч байгаа байх даа. Орой болж байхад хаана очиж хонох юм бол оо” хэмээн өрөвдөж нулимс дуслуулж явсныг түүний аав Т.Дамдинсүрэн гуай дурсч байсан билээ. Тэр үед Улаанбаатарын гудамжаар зөрөх хүмүүсийн нүдэнд гуниг дүүрэн,  хүүхдүүдийн  харц аз жаргалгүй, траншейний гэх хүүхдүүд олширсныг анзаарсан тэрээр  “Тэдэнд заавал туслах ёстой. Харин яаж туслах билээ”  гэсэн хөндүүр  бодолтой амралтаа дуусгаад Япон руу буцсан гэдэг. Насанд хүрээгүй  жаахан охин томчуудын санаагүйг санаж, сэтгээгүйг сэтгэж, тийм агуу сэтгэлээр хоёр орны хооронд хол зам туулсныг  өнөөдөр эргэн санахад   зуун  дамжуулан  хайрлах ч багадам бөгөөд  үеийн үед  дурсан  бахархавч үл мартагдах  гэгээн  гэрэлтэй, мөн түүнээс  ариун  сайхан үйл хэрэг үгүй  санагдана.

Тэр цагаас өнөөдрийг хүртэл  “Оюунтүлхүүр сан”-гийн Монголд  хэрэгжүүлсэн  ажлыг энд тоочвол  баршгүй юм.  Тоймтой заримыг  дурдвал   1996 онд  түймэрийн гамшигт  нэрвэгдэгсдэд зориулан тусламжийн тоглолт зохион байгуулж 28  мянган ам.долларын тусламж олгосон. Япон улсад цуглуулсан 90.0 мянган ам.долларыг Засгийн газар, МУЗН-т  гардуулсан.  1997 онд  хялгасан судасны  хорт хавдартай  бяцхан охин Урансанааг   Япон улс руу явуулан  “Айчи”  анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээний зардалд 50 гаруй мянган ам. долларын зардлыг хандивлажээ.  1998 онд  эмзэг бүлгийнхэнд үйлчлэх “Энэрэл” эмнэлгийн засварын ажилд  таван сая төгрөгийн тусламж, Сэтгэцийн эмгэг судлалын хүүхдийн тасаг,  Хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгт тус, тус   хандив өгчээ. Түүнчлэн ядуу болон нэн ядуу өрхийн хүүхдүүдэд 12 га талбайд хүнсний ногоо тариалахад нь зориулан  хоёр  сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна. Мөн  Улсын III төв  эмнэлэгт тархины оношлогооны аппарат бэлэглэсэн.  Дамбадаржаа, Яармаг зэрэг захын дүүргийн 20  ядуу өрхийн  хүүхдүүдэд туслах  үүднээс сар бүр 20 мянган  төгрөгийг нэг жилийн хугацаагаар өгч, нийт 4.8 сая  төгрөг  зарцуулсан. Цусны хүнд өвчтэй Нямдорж хүүг Япон улсад “Айчи” их сургуулийн эмнэлэгт хагалгаанд оруулж   55 сая төгрөгийн  эмчилгээний зардлыг даасан. Төмөр замын эмнэлэг, Хавдар судлалын  үндэсний төв, Улсын  I төв  эмнэлэгт  долоон  сая төгрөгийн тоног төхөөрөмж   хандивлаж, хөгжлийн бэрхшээлтэй 13 хүнд  тэргэнцэр олгосон. Нэн ядуу  зарим өрхийг гэртэй болгосон. Хөвсгөл, Дундговь, Өмнөговь аймгийн таван  суманд “Малжуулах” төсөл зохион байгуулж  36.3 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.  2003 оноос  эхлэн  гадаадад дадлагажигч, мэргэжил дээшлүүлэгч илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлэн  монголчуудаа Япон улсад ажиллаж амьдрахад нь тусласаар  ирсэн. Түүнчлэн боловсролын салбарт багш сурагчдыг Япон Улсад  аялуулж  сургалтад хамруулсан, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, олон хүүхэд, тамирчдын гадаад, дотоодын тэмцээн уралдааны зардлыг даасан гээд  бүгдийг тоочвол урт жагсаалт гарах нь мэдээж.  

 Япончууд Д.Оюунтүлхүүрийн хоёр улсын харилцаа, соёл урлаг,  нийгмийн салбарт  оруулсан  хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ өөрийн орны хүүхэд, залууст  үлгэр дууриалал болгож,  үр хойчдоо  захиж,  үргэлж санан дурсч байх зорилгоор  ном, сурах бичигтээ хүртэл  оруулсан нь ч бий. Тухайлбал  2002 оны дөрөвдүгээр сард  Японы дунд сургуулийн Англи  хэлний сурах бичигт түүний дуулсан  “Хирошимагийн охины цаасан шувуу” /Үг. Я.Энхээ, Ая. Д.Дашням/ дууны тухай бичжээ.  2010 оны дөрөвдүгээр  сард  Японы дунд сургуулийн II  ангийн эх хэлний сурах бичигт өөрийнх нь  намтрыг  оруулсан байна. Япон улс  сурах бичигтээ  хэдэн мянган жилийн өмнөх суут хүмүүсийн  амьдрал замналыг  л  түүх болгон  оруулдаг уламжлалтай бөгөөд амьд ахуйдаа  түүх намтраа бичүүлж, сурах бичигт дурдагдсан  нэг ч алдартан, тэр дотроо   гадаадын   иргэн   байдаггүй. Гэтэл  монгол бүсгүй тэнд анхдагч болсон нь гайхамшигтай. Ер нь түүнтэй  холбоотой анхдагч гэж  түүхэнд тэмдэглэгдсэн хийгээд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл Японд чамгүй олон.  Тухайлбал  1991  оны арванхоёрдугаар сарын 31-нд  Японы NHK ТВ  өөрийн орны оны шилдэг дуунуудыг багтаасан “Кохакү”  хэмээх шинэ жилийн нэвтрүүлэгтээ  урьж  оролцуулсан нь тухайн үеийн түүхэнд  хамгийн залуу оролцогч  хэмээн тэмэглэгджээ. “Кохакү”  бол Япончуудын үндэсний урлагийн хамгийн том баяр бөгөөд зөвхөн өөрийн үндэстний хүрээнд зохион байгуулдаг уламжлалтай. Гэтэл анх удаа Монголын иргэнийг урьж оролцуулан “Ээжийн бүүвэйн дуу”-г нь  сонсчээ. Мөн тус наадамд Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын Японы ард түмэнд илгээсэн мэндчилгээ нь хөтлөгчөөр уншигдсан байдаг. 1991 оны арванхоёрдугаар  сарын 28-нд  Д.Оюунтүлхүүр тухайн үеийн Япон улсын Ерөнхий сайд, ноён  Тошики Кайфутай уулзаж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын захидлыг гардуулах түүхэн үүргийг гүйцэтгэжээ. 1993 онд  тэрээр Японы  “Токай”  телевизийн   урлагийн дээд шагналыг хүлээн авсан юм. 2014 онд Японы   Гадаад хэргийн сайдын  өргөмжлөлийг   хүртсэн  нь тус улсын   50 жилд нэг удаа олгодог нэр хүндтэй шагнал  нь юм.

Тэгвэл  эх орон, элэг нэгтнүүд  нь Д.Оюунтүлхүүрийг хэрхэн  үнэлж дүгнэдэг  вэ  гэдэг асуулт тавигдах нь зайлшгүй юм. 1990-ээд он бол Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж,  дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм үлдээгүй тун  хэцүү  цаг үе байсан. Тухайн үед ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон П.Очирбат гуай “Д.Оюунтүлхүүр хоёр улсын харилцаанд Ардын дипломат  төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэсэн. Тэр урлаг соёлоор, хүмүүнлэгийн үйлсээрээ  Монгол,  Японы харилцаанд асар их хувь нэмэр оруулсан. Өнөөдрийг хүртэл хувь  нэмрээ оруулсаар  яваад нь би  их баяртай байдаг”  хэмээн хэлжээ.  

Тухайн үед Монгол Улсын Засгийн газар Д.Оюунтүлхүүрийн  Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмаас  “Гран-При”  шагналыг эх орондоо авчирсан амжилтыг өндрөөр  үнэлж  гурван өрөө байраар шагнаж, Хотын дарга С.Мөнхжаргал түлхүүрийг нь гардуулсан байна.  1992 онд  найруулагч И.Нямгаваа “Шүтээн” киног хийж,  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров  “Шүтээн” хэмээх дуу зохиож Д.Оюунтүлхүүрээр дуулуулсан байдаг. Үүний  цаад санаа нь Японд үнэлэгдсэн  түүний авьяас чадварыг Монголдоо  үнэлүүлье  гэсэн нэг бодол байсныг кино бүтээгчид  өөрсдөө ярьсан нь бий.  Тус кино тухайн  үедээ   содон  бүтээл болж, хөгжмийн соёлд  ч маш том орон  зайг эзэлсэн бөгөөд нийгэмд  эерэг үзэл санааг бий болгож эргэлт хийсэн хэмээн  судлаачид үздэг. Төр, засгийн зүгээс түүний   урлагийн  болон нийгмийн салбарт оруулсан хувь нэмрийг   өндрөөр үнэлж  1991 онд Соёлын тэргүүний ажилтан, 1999 онд “Алтан гадас” одон, 2009 онд Монгол Улсын гавьяат жүжигчин  цол, тэмдгээр тус тус шагнажээ.  2015-2016 онд түүний дуулсан “Ээжийн бүүвэйн дуу”, “Хирошимагийн охины цаасан шувуу” дууг сэтгэлд хоногшсон 100 дууг сэргээн өвлүүлэх зорилго бүхий “Монгол тулгатны 100 дуу” төслөөс зохион байгуулсан шинэчилсэн бичлэгт оруулсан нь Монгол Улсын  хөгжмийн  алтан санд оржээ.

Д.Оюунтүлхүүр  1990 онд 14 настайдаа  Японд очиж, тэнд  сурч хөдөлмөрлөхийн зэрэгцээ хөгжмийн студитэй гэрээ хийж уран бүтээлээ туурвих болсон юм. Ингэхдээ арлын орны ард түмний хайр  хүндэтгэлийг огтхон ч хөсөрдүүлээгүй. Энд үлдсэн Монголчуудынхаа итгэлийг  ч бас  алдаагүй билээ. Тэрээр уран бүтээл  хийхийн зэрэгцээ байнга өөрийгөө боловсруулж 1992 онд Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгсч, үргэлжлүүлэн  1992-1994 онд  Японы  Нагояа хотын Дохо ахлах сургууль, 1994-1998 онд Нагояагийн хөгжмийн коллеж, 2001-2005 онд  Нагояагийн их сургуулийн Нийгмийн  ухааны факултетэд суралцаж, магистрын зэрэг хамгаалжээ.

Японд ажиллаж, амьдарсан он жилүүдэд тэрээр Оюунаа (япон. オユンナ, Оюунна) хэмээх тайзны нэрээр  алдаршиж, 1990 оны тавдугаар сард  анхны СD “Тэнгэрийн бүүвэй” синглээ гаргасан юм. Мөн оны наймдугаар сард “Оюунаа”нэртэй анхны цомгоо  хэвлүүлснээс хойш  Монгол, Япон хэл дээр нийтдээ 10 цомог, 14 сингл гаргасан байна. Үүнээс монгол хэлээр гаргасан  цомог цөөхөн бөгөөд  “Тэнгисийн дуу”, “Эргэх улирлын аяс”, “Зүүдний учрал”   гэсэн   гурван альбомтой,  “Хайрын эгшиг” бие даасан тоглолтоо 2014 онд Улаанбаатар хотноо хийжээ. 1990-2018 оны хооронд Японы  ихэнх мужаар аялан 1000 гаруй удаа  тоглолт хийж, телевизийн  баримтат хөрөг нэвтрүүлгүүд, ТВ концертод зочноор уригдан  оролцжээ.

Хэдийгээр ийм завгүй он жилүүдийг өнгөрүүлж байсан ч тэрээр Монголоос очсон нутаг нэгтнүүддээ үргэлж тусалж дэмжиж, хэл мэдэхгүйд нь орчуулга хийж, заримд нь газарчилж, олон хүнд оюун санааны хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тухайлбал арлын оронд  хөл тавьсан анхны монгол сүмочид түүний тус дэмийг авч байснаа  дурссан нь цөөнгүй. Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж  “Манай сүмочдоос илүү Д.Оюунтүлхүүр эгч Японд нэрд гарсан байсан. Тэнд монголчуудаас Д.Оюунтүлхүүр гэдэг хүн од байлаа. Гэвч өөрөө маш даруухан уран бүтээлч, чимээгүйхэн ажиллаж, хийж бүтээж явдаг. Энэ нь өөрийнх нь мөн чанар, ямар бодь хүн болохын илрэл. Монголчууд хайрлах ёстой хүний нэг яах аргагүй мөн шүү. Манай Асасэкирюү Б.Дашням бид хоёр 1997 оны есдүгээр  сард Японд анх  очсон юм. Аравдугаар  сарын 1-нд болдог Японы  үндэсний  фестивальд гэр бүлээрээ  уригдаж, нэг сар гаруй Токиогоор аялах үеэр Д.Оюунтүлхүүр эгч надад нэг цомгоо илгээмжээр явуулсан нь хүний газар нутгаа, гэрээ, ээж ааваа санасан бидэнд оюун санааны том хөрөнгө оруулалт болж сэтгэлийн тэнхээ өгч байсны дээр өрсөлдөгчөө ялах эрч хүч болж байлаа. Хэл ус мэдэхгүй, газар ч мэдэхгүй харийн нутагт  монгол хүн монгол хүнтэйгээ утсаар ярих хүртэл  сайхан байдаг юм байна лээ. Дөнгөж очоод байсан бидэнд  заримдаа утасны мөнгө байхгүй, Д.Оюунтүлхүүр эгчийнхээ  гарын хоолыг идэж хөлсөө урсгаж  явсан өдрүүд  ч бий”  хэмээн  ярьсан байдаг.  Түүний хүнлэг  сэтгэл, мөн чанарын  тухайд ийнхүү хэлэх хүн олон бий. Харин уран бүтээлчийнхээ тухайд түүнийг магтаал дунд өөрийгөө голж, мөнхийн эрэл хайгуул хийж явдаг  гэж мэргэжил нэгтнүүд, багш нар  нь дүгнэдэг.  

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров түүний тухай олныг тэмдэглэж хэлсний дотор “Уран бүтээлдээ байнгын эрэл хайгуул хийж байдаг  маш бүтээлч. Манай ирээдүйтэй шавь нарын нэг” гэсэн нь түүнд тавьсан багш хүний бас нэгэн дүн байх. Хөгжим бүжгийн коллежид хамт суралцаж төгссөн дуучин Э.Ганболор “Зөөлөн аргадсан хоолойтой. Тэр нь хүний сэтгэл зүрх рүү шууд хүрдэг” гэсэн бол хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун “Д.Оюунтүлхүүр бол Монголын рок поп урлагт даацтай хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч. Өөрөө дуугаа зохион  хөгжмийг нь бичиж,  найруулгыг нь  хийгээд бичлэгийн явцад бүрэн оролцдог манай  цөөхөн эмэгтэй  дуучны нэг байгаа юм. Хөгжмийн зохиолч хүн өөрөө дуугаа зохиож  хөгжмөө бичээд, түүнийгээ  өөрөө дуулахаар  хүнд  их зөв хүргэдэг гэж би  боддог. Бид хамтарч цөөнгүй уран бүтээл хийсэн. Дуунууд нь маш гоё аялгуутай. Тийм дуунууд дээр хөгжмийн найруулга хийхэд урамтай,  амар  байдаг. Харин хувь уран бүтээлчийн араншин нь  их  зөөлөн,  магадгүй хэтэрхий зөөлөн байж магадгүй” гэж ярьжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин  ая зохиогч Д.Оюунтүлхүүр 2006 онд  эх орондоо ирж, Завхан нутгийн уугуул Б.Балдорж хэмээх залуутай гэр бүл болж, өдгөө тэд  гурван хүүхэдтэй өнөр өтгөн амьдарч байна. Түүний хань банкны эдийн засагч, санхүүч мэргэжилтэй ч яруу найргийн чамгүй авьяастай нэгэн. Тэрээр гэргийнхээ дуулдаг  “Зүүдний учрал”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг  4-5   дууны үгийг бичсэнээс гадна “Гурван бүдүүн хамтлаг”-ийн “Ижийгээ гомдоох учиргүй”, “Өгөөмрийн хурд”   хит дууны шүлгийг бичжээ.

Эх орон, элэг нэгт монголчуудаа үргэлж  зүрх сэтгэлдээ тээж арлын Япон улсаас ирж очин 20 шахам  жил нүүдлийн шувуу шиг амьдарсан дуучин Д.Оюунтүлхүүр ийнхүү Монголдоо төвхнөж гэрийн эзэгтэй, ээжийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ сангийнхаа ажлыг өөрөө удирдан  ажиллаж байна.  Монгол, Японы  харилцаанд  анхны  гүүрийг   барьсан ардын дипломатч, харийн оронд Монголоо сурталчилсан соёлын элч, хүмүүнлэг  үйлсийн манлайлагч, бусдын сайн сайхны   төлөө  олон ажлыг хэрэгжүүлсэн  нийгмийн зүтгэлтэн  атал тэрээр  өнөө хүртэл   “би” гэж  нэгээхэн ч удаа  цээжээ  дэлдэж байсангүй.  Удмаас өвлөсөн  зөөлөн даруу зан  дээр бусдад төвөг болохгүй байх гэсэн япончуудын философийг үйл хэрэгтээ  мөрдлөг болгосон  та бидний  хамгийн сайн мэдэх дуучин Д.Оюунтүлхүүр бидний дунд чимээгүйхэн  оршиж эгэл жирийнээр  амьдарч  явна. “Би нэг их оргил руу тэмүүлдэг хүн биш. Тэгж мацах шаардлага ч алга. Од болъё ч гэж бодохгүй байна. Энгийн сайхан амьдармаар  байна. Сайхан уран бүтээл хийж, эмэгтэй хүний,  ээж хүний хувьд, нийгмийн нэг эд эсийн хувьд өөрт ногдсон үүргийг нэр төртэй биелүүлж явах нь  миний амьдралын зарчим. Цаг хугацаа явж, эргээд харахад харамсахааргүй амьдарч намайг гэсэн хүмүүсийн хүндлэлийг дааж явах  л чухал” хэмээн тэр хэлсэн юм. Тэр бидний итгэлийг хэчнээн хувиар давуулан дааж, ХХ зуунд  Монголоо  бүтээлцсэн эрхэм хүмүүсийн нэг   билээ.

\“Зууны 100 эмэгтэй” II боть\

Эх сурвалж: www.polit.mn

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2 цаг 28 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2 цаг 33 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

8 цаг 16 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

8 цаг 22 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

16 цаг 26 мин
Р.Амаржаргал: Захиргаадалтын систем рүү эрчимтэй эргэн орж байгаад сэтгэл дундуур байна

Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

16 цаг 26 мин
“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын өндөр татварын бодлогод хийсэн ажиглалт-

16 цаг 26 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 23 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

Өчигдөр 14 цаг 48 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин