
Б.ТӨГС
Долоо хоног бүрийн баасан гаригт уламжлал ёсоор хүргэдэг Политын тойм мэдээллийг хүргэж байна. Манай улсад халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хамгийн удаан буюу 28 хоногийн хөл хорио үргэлжилж байна. Өмнөх 14 хоногоосоо илүү чангаруулсан, журамласан гэж тодотгож байгаа энэ удаагийн хөл хориог сүүлийнх байгаасай гэж олон нийт хүсч байгаа юм. Хэдийгээр шинээр илрэх халдварын тоо дорвитой буухгүй байгаа ч энэ хөл хорионы өдрүүдэд эрчимжүүлж байгаа ковидын эсрэг дархлаажуулалтын ажилд иргэд найдлага тавьж байна. Цар тахалтай зэрэгцэн эрчээ авч байгаа Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон улс төр ч багагүй бужигнаантай байна.
ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 18719 БОЛЛОО
Өчигдрийн байдлаар манай улсад коронавирусаар өвдсөн хүний тоо нийт 34626 боллоо. Үүнээс эдгэрсэн 18719, нас барсан 102 хүн болов. 4768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 7629 хүн гэрийн тусгаарлалтад байна. Харин тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу эмнэлэгт эсвэл гэрийн тусгаарлалтад байлгахыг хараахан шийдээгүй 3388 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 2632, хүндэвтэр 1590, хүнд 437, маш хүнд 109 хүн байгаа юм.
ХОЁР ТУНГАА ХИЙЛГЭСЭН БОЛ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧУУЛНА
Хөл хорионы эхний 14 хоногт вакцины нөөц тасарч энэ ажил зогсонги байдалд орсон. Харин энэ 14 хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилго тавьж өдөрт дор хаяж 50 мянган хүнийг вакцинжуулахаар ажиллаж байгаа юм. Өчигдрийн байдлаар нэгдүгээр тунгийн вакцинжуулалт 811452 хүн буюу 39.3 хувьтай байсан бол хоёрдугаар тунгийн вакцинжуулалт 327210 хүн буюу 15.8 хувьтай байна. Тавдугаар сарын 10-наас 21 аймагт вакцинжуулалтыг идэвхтэй явуулахаар болов. Мөн давтан тунгаа авсан, өвдөөд эдгэсэн хүмүүсийг орон нутагт зорчихдоо хязгаарлалтад орохгүй байх журмыг тавдугаар сарын 5-наас мөрдөхөөр боллоо. Мөн хил нээх хугацааг тавдугаар сарын 10-наас тооцож Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэх зэрэг асуудлыг шийдсэн байна.
Мөн өнөөдрийн байдлаар манай улсад 6615 хүүхэд халдвар авсан нь тогтоогдоод байна. Энэ нь нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байгаа нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Тиймээс ирэх намар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгаа тул холбогдох судалгааг хийж арга хэмжээ авах саналыг БСШУЯ-наас хүргүүлсэн юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВСАНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн үйл явдалд цэц, Ерөнхийлөгч тойрсон асуудлууд гол дүр хэвээр үргэлжиллээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд хориг тавьснаар Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр байнгын хороод болон чуулган яаралтай горимоор хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцээс парламентын баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайн хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, энэ дүгнэлтээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэд дахин нэр дэвших эрхгүй болсон юм. Харин Ерөнхийлөгчөөс цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг өчигдөр хуралдсан чуулганаар санал хураалт явуулж, гишүүдийн олонхи нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй. Ингэснээр Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоол хүчинтэй хэвээр үлдэж байна. Мөн ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн.
ХОЁР НАМ НЭГДЭЖ, АН БҮЛ НЭМЭВ
МАХН, МАН-ын гишүүд өчигдөр цахимаар хуралдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ.
Тус ажлын хэсгээс Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан 10 зорилт бүхий хамтарсан уриалгыг өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд гаргасан байдаг. Улмаар намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм. Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.
Харин энэ үйл явдлын дараа УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулан гишүүн болсон С.Ганбаатар намаасаа гарч, АН-д орж байгаагаа зарлалаа. Гэвч хоёр хуваагдсан АН-ын Ц.Тувааны талын намд элссэн нь хууль бус гэж С.Эрдэнэ мэдэгдэв. Тус намын хувьд ч өнгөрсөн долоо хоногт үйл явдал арвин байлаа. Намын даргын сунгаанаа хоёр талд явуулаад хоёр дарга тодруулаад байсан ч Дээд шүүх бүртгэх боломжгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд одоогоор тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо Ж.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар илэрхийлээд байгаа. Өнөөдрөөс АН нэр дэвших хүсэлтэй хүмүүсээ бүртгэж эхэлнэ гэсэн. Харин ХҮН намын хувьд тавдугаар сарын 2-нд нэр дэвшигчээ зарлана гэв.
АХБ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМГАА НЭМЭГДҮҮЛЭВ
Азийн хөгжлийн банкнаас энэ сарын 28-нд “Азийн хөгжлийн төлөв” ээлжит тайлангаа танилцууллаа. Тус банк 2020 онд "Азийн хөгжлийн төлөв" тайландаа Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.6 хувиар төсөөлж байсан бол энэ удаа таамгаа нэмэгдүүлж, 4.8 хувиар төсөөлснөө зарлав.
Хэдийгээр вакцинжуулалт эхэлсэн ч цар тахлын нөлөө бүрэн арилаагүй, нийтийн эрүүл мэндийн эрсдэл өндөр байгаа тул дотоод эрэлт огцом сэргэхгүй, ирэх онд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 5.7 хувьд хүрнэ гэж АХБ төсөөлжээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц болон урсгал тэнцлийн алдагдал өсөх, түлш шатахууны үнэ, валютын ханш, бараа, үйлчилгээний импортын зардал нэмэгдэж болзошгүйг мөн сануулсан юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олон удаагийн хөл хорионы нөхцөл байдлаас болж аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлбөр нэмэгдэж байгаа учраас дорвитой арга хэмжээ авах саналыг Засгийн газарт хүргүүлнэ гэж мэдэгдлээ. Тухайлбал, 2021 оноос нэмэгдсэн ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, Монголбанкин дахь зээлийн мэдээллийн сангаас буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгчийн мэдээллийг нэг удаа хасах, татвар төлөгчөөр бүртгүүлсэн 51 мянган аж ахуйн нэгжийн өр төлбөрийг нэг удаа өршөөх саналыг хөл хорионы дараа хүргүүлнэ гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn