
С.САРУУЛ
“Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийн зочин Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- 93 жилийн түүхтэй өмгөөлөгчдийн байгууллага түүхэндээ дөрвөн удаа хууль батлуулсан байдаг бөгөөд хамгийн сүүлийнх нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хууль юм. Ийнхүү анх удаа төрийн мэдэлд байсан чиг үүргүүдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлснээр төрөөс болон улстөрчдөөс хараат бусаар ажиллах өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулж өгсөн.
-Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч буй иргэн, хуулийн этгээдийн нууцлалыг хугацаагүй тогтоосон нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн баталгааг хангасан зохицуулалт болсон.
-Урьд нь Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг ХЗДХЯ-аас 2013 оныг хүртэл олгодог байсан бол Өмгөөллийн шинэ хуулиар төрөөс хараат бус аливаа нэг улс төрийн намын оролцоогүй Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгох эрх нээгдсэн.
-Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч нь Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгохоос гадна түдгэлзүүлж, хүчингүй болгох, сэргээх хуулийн зохицуулалттай болсон нь томоохон дэвшил юм.
-Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд зургаан жилийн хугацаанд түдгэлзүүлэхээр болсон. Хэрэв зургаан жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчингүй болохыг эрхээ түдгэлзүүлсэн өмгөөлөгчид анхаарах хэрэгтэй.
-Монгол Улсын хэмжээнд шүүхэд төлөөлөх эрхтэй 3251 өмгөөлөгчийн бүртгэлийг Дээд шүүхээс бид албан ёсоор хүлээж авсан боловч Улсын дээд шүүх, Хуульчдын холбооноос ирүүлсэн өмгөөлөгчдийн бүртгэлийн тоо зөрүүтэй байсныг цэгцэлж, өнөөдрийн байдлаар нас барсан, хуульчийн эрх нь хүчингүй болсон зэрэг шалтгааны улмаас 186 өмгөөлөгч дээрх бүртгэлээс хасагдах жишээтэй.
-Мөн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлтэй өмгөөлөгчдийн мэдээллийг ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас аваад байна. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон найман өмгөөлөгчийн хуульчийн эрхийг хүчингүй болгуулахаар Хуульчдын холбоо руу албан тоот явуулсан. Бидний дараагийн хийх ажил бол иргэд, үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зарим нэг хуульч, өмгөөлөгчдийн дипломын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон хуулийн чиглэлийн их, дээд сургуулийн удирдлагуудтай хамтарч, шалгах ажлыг хийхээр төлөвлөж байна.
- Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд өмгөөллийн шалгалт гэж байхгүй болсон. Үүнтэй холбогдуулан хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульч бүр Хуульчдын холбооноос батламж, Улсын Дээд шүүхээс Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ, үнэмлэх авч өмгөөлөгч болж байсан. Хуульч болсны бонус нь “өмгөөлөгч” болж байсан гэхэд хилсдэхгүй.
- Өмгөөлөгчийн гишүүнчлэлийн сарын хураамжийг 30 мянган төгрөг болгосонтой холбоотойгоор зарим өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг шууд 3251 өмгөөлөгчдөд автоматаар үржүүлж, сард 90-ээд сая төгрөгийн орлого олдог гэсэн буруу ташаа мэдээлэл тараадаг. Гэтэл яг идэвхтэй өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмгөөлөгчдийг тооцвол 2000 орчим бий.Шинэ хуулиар Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгэлтэй өмгөөлөгчид гишүүнчлэлийн хураамжийг заавал төлөх үүрэг хуулиар хүлээсэн.
- 2018 оноос хойш Өмгөөллийн тухай хууль яригдаж эхлэхэд өмгөөлөгчийн шалгалттай болохоос өмнө гээд шүүх, прокуророос халагдсан, тэтгэвэрт гарсан ихэнх хүмүүс Улсын дээд шүүхээс Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авч “хадгалчихсан” гэдэг нь үнэн шүү дээ. Өчигдөрхөн хэрэг маргаанд байцаалт аваад сууж байсан мөрдөгч, прокурорууд маргааш нь нөгөө талд өмгөөлөгч болчихсон явж байх жишээтэй. Энэ бүх гажуудлыг цэгцлэхийн төлөө Өмгөөлөгчдийн Холбоо үйл ажиллагаа явуулж байна.
-Өмгөөллийн салбар бол шүүх, прокурор, цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахдаа очдог сүүлчийн хорогдох газар биш. Хуульчдын сор нь өмгөөлөгч гэдэг үг бий. Гадны улс орнуудад хамгийн өндөр мэдлэг боловсролтой, нэр хүндтэй, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцдэг хуульчид бол өмгөөлөгч байдаг. Гэтэл хуульгүй байсан энэ олон жилийн хугацаанд манай өмгөөллийн салбар “бүл ч сайн нэмлээ”. Тэр хэрээр нэр хүнд, ёс зүйн асуудал ч нийгэмд ихээр хөндөгдөж ирлээ.
-Одоо Өмгөөллийн тухай хуулиар эхлээд хуульч болсны дараа өмгөөлөгчийн шалгалт өгч байж мэргэжлийн өмгөөлөгч болдог хуулийн зохицуулалттай болсон. Мэргэжлийн хариуцлагын хороо өмнө нь ХЗДХЯ-ны харьяа байсан бол одоо Өмгөөлөгчдийн Холбооны дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
-Улсын дээд шүүхээс олгосон өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаагүй олгож байсантай холбоотой багагүй зөрчлүүд байсан. Учир нь хуульчийн эрх нь хүчингүй болсон цөөн тооны этгээдүүд Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийг бусдад үзүүлж иргэдийг хохироож байгаа зөрчлүүд гарч байна. Гэтэл сөрөг тал нь эрх нь хүчингүй болсон хүн үнэмлэхээ авчирч өгдөггүй. Хууль хяналтын байгууллагууд ч хүчинтэй эсэхийг нягталдаггүй учраас хуульчийн эрхгүй хүн өмгөөлөл үзүүлж байгаа тохиолдол одоо ч гарсаар байна. Тиймээс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхээр үйлчлэхгүй гэсэн албан бичгийг хуулийн байгууллагуудад явуулж байна.
- Үүнтэй холбоотой хуульгүй замбараагүй явж ирсэн энэ хугацаанд үүссэн зөрчлүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас 2021 онд олгож буй өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаатай олгож байгаа бөгөөд яваандаа энэ асуудлыг нэгмөр цэгцэлнэ.
- Шинэ хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах бол ажлын байр, банкны харилцах данстай байхыг хуульчилсан. Цаашдын чиг хандлагыг харвал өмгөөлөгчид ганцаараа өмгөөлөл хийх нь хумигдаж, багаар ажиллах нь илүү үр дүнтэй гэж үздэг болсон. Багаар ажиллах нь тухайн хэргийг харах өнцөг, гаргалгаа хайх, үйлчлүүлэгчдээ давуу байдал үүсгэх зэрэг онцлог тал ихтэй.
- Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг 160 граммын үнэт цаасан дээр нууцлалын өндөр зэрэглэлтэй, бар кодтой хэвлэсэн учраас үнэт цаас, эрхийн гэрчилгээний дугаарууд дахин давтагдахгүй учраас хуурамчаар үйлдэх боломжгүй.
- Өмгөөлөгчийн үнэмлэхийг бар кодтой болгоно. Бар кодыг уншуулангуут Холбооны сайтаас тухайн өмгөөлөгчтэй холбоотой бүх мэдээллийг харуулдаг болох юм. Мөн шүүх хуралд орох, аль нэг газар байцаалттай байхад шууд харагдах боломжтой. Ингэвэл өмгөөлөгч шүүх хурлыг хойшлууллаа гэдэг асуудал ч цэгцэрнэ.
Эх сурвалж: www.polit.mn