Ээж модны домог буюу дуу бичсэн түүх

2021-04-08
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ургаа зандан ээж мод дууны хөшөө, Хөшөөний нээлт: Баруун гараас УИХ-ын гишүүн О.Чулуунбат, гавьяат жүжигчин Н.Чулуунхүү зохиолч, Н.Сүхдорж.

 

Нямжавын СҮХДОРЖ

 

Би 1983 онд Сэлэнгийн 23 дугаар баазын жолооч, шүлэг бичдэг найзтайгаа Ш.Сүрэнжав ахыг дагуулан хүн амьтны хөл татарсан хойно ээж модон дээр нууцаар очсон юм. Тэр шөнө дүүрэн сартай их саруулхан сайхан байж билээ. Сарны гэрэлд эргэн тойрны модод сэрвийн сүйхийлдэн харагдаж навчис нь салхинд сэржигнэхээс өөр чимээ аниргүй нам гүм, эл хуль оргиод их л сүртэй харагдаж байсан. Сүрэнжав ах “Ээж мод”-ны дэргэд очоод их л бишрэлтэйгээр залбирч дүнгэнэтэл ном уншиж, мөргөж цацал үйлдэж харагдсан. Жолооч бид хоёр Сүүеэ ахыг дуурайгаад мөргөсөн газар нь мөргөөд идээ будаа өргөсөн газар нь идээ будаа өргөөд бараг цаг орчим болсон дог...

Үүнээс хойш хол ойр, хот хөдөөнөөс хүн ирэхэд сэмхэн дагуулж очдог боллоо. Очсон хүмүүстээ ээж модны тухай тайлбарлан ярих хэрэг гарч нутгийн ахмад буурал Шаамарын унаган хүү аймгийн захиргааны аж ахуйн хэлтсийн дарга байгаад тэтгэвэртээ гарсан Норов дарга, Очирданзан гуай, Сүхбаатар сумын дарга Мөнхбат, Шаамарын намын дарга байсан эрдэм доктор Өөлдийн Бавуу, 1968 онд энд илгээлтээр ирсэн тракторчин хожмоо Зэлтэр сумын дарга байсан ангийн анд Г.Бадарч, Сант сумын дарга байсан Г.Уртнасан гээд олон хүнээс асууж сураглалаа.

Энэ хүмүүсийн яриа, сонссон домгууд хоорондоо жаахан өөр ч бүгд л энд модгүй байсан, гэтэл мод ургасан, энэ мод Охиндийн булаг, Хөвсгөлийн Даян дээрхийн агуйтай хүйн холбоотой удган мод гэдгээрээ адилхан байлаа.

Үүнээс түүхийн шинжлэх ухааны доктор Өөлдийн Бавуу гуайд Шаамар нутгийн хамар Балдан гэдэг хүний ярьсан домгоор гол болгон бусад домогт байгаа санаагаар баяжуулан харвал ийм л домог юм.

Анх энэ дэвсэг ганц ч модгүй элсэн довцог байж гэнэ. Тэр үед Чингис хааны бага охин найманы Даянхааны хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж, ураг барилдах гэтэл хаан зөвшөөрсөнгүй. Ингээд хайр сэтгэлтэй хоёр залуу сэм нийлээд оргосон тул Чингис хаан “зарлиг зөрчив” хэмээн их л хилэгнэн уурсаж хойноос нь хөөн үтэр түргэн баривчилан авчир гэж нэхүүл цэрэг мордуулжээ. Нэхүүл цэргүүд нөгөө хоёрыг хөөсөөр Шаамарын элсэн дэвсэг дээр гүйцэн бариад авах гэтэл тэр газраа мод болон ургачихаж гэнэ.

За энд мод болоод ургачихлаа яая даа гэж байтал нөгөө хоёр голын цаана гарчихсан явж харагджээ. Хойноос нь хөөж очоод баривчлах гэтэл булаг болоод урсчихаж гэнэ. За булаг болоод урсчихлаа яадаг юм билээ гээд харж байтал Сэлэнгэ мөрөн өгсөөд хөх борлог морьтой явж байна гэнэ. Хойноос нь хөөсөөр Хөвсгөл хүрч гүйцэн бариад авах гэтэл хад болоод ургачихаж гэнэ. Ингээд элсэн довцог дээр эхэлж ургасан эх мод буюу Ээж мод, элсэн довцгийг авгай дэвсэг, Охиныг барьж чадаагүй газрыг Охины хөндий, Булгийг Охиндийн булаг /Охины хөндийн булаг/, Даян хааны хүүг барьж чадаагүй газрыг Даян дээрх хэмээн нэрлэсэн юм гэнэ. Ингээд Даян хад нь зайран болж, Охиндийн булаг нь рашаан болж, эх мод нь Удган мод болж, газрын хүйсээр холбоотой байдаг гэсэн домогтой юм байна.

Чухам хэдийнээс тахиж ирснийг мэдэхгүй ч ардын хувсгалын партизан Жадамбаа “Намайг төрөөд мэдээ ороход л ээж мод гэдэг холоос харахад гараа алдлан өргөөд зогсож байгаа хүн шиг хэлбэртэй том мод байсан” гэж ярьдаг байжээ. Норов гуай ч мөн ийм юм ярина.

“Манай нутгийнхан хол ойр аян жин, ан гөрөөнд явахдаа ээж модондоо очиж хүслээ шивнэвэл зорьсон хэрэг бүтнэ” хэмээн сүсэглэн дээдэлж, очихдоо эрэгтэй хүн бол мориныхоо дэл сүүлнээс авсан туг үс, эмэгтэй хүн өнгө өнгийн мяндсан утас, хоргой торгоны өөдөс уяад ээжтэйгээ уулзаж байгаа юм шиг зовлон, жаргалаа хүнчлэн ярьж хүслээ хэлээд, авчирсан идээ будаагаа удган модондоо өргөн, өөрөө хувааж хүртээд морддог ёстой байсан юм.

Одоо засаг төрөөс хориод хүн амьтан ил очихоо байж. Далд нууцаар очиж, лам хараас сонссон янз янзын зан үйл хийж, элдэв юм зүүж бохирлоод бүр замбараагүй болжээ гэж билээ.

1960-аад оны үед юм байх. Зэлтэр сумаас аймгийн заан цолтой нэг сайн бөх, сум орон нутагтаа гайгүй сайн хурдалдаг соёолон морио хөтөлж Сэлэнгэ аймгийнхаа наадамд нэлээд дээгүүр санаа өвөрлөн иржээ. Аймгийн заан маань замдаа ээж модон дээр буугаад “Намайг сайн барилдуулж, морийг минь давхиулж өгөөрэй” гэж гуйж нэг шил архи тавиад мордсон юм байж. Гэтэл аймгийн заан маань хоёрын даваанд замын тууварчинд унаж, хурдан соёолон нь хадуураад барианд орсонгүй гэнэ. Их л уурласан аймгийн заан буцахдаа Ээж модон дээр жаахан халамцуухан буугаад “Таны нөгөө мэддэг чаддаг чинь хаана байна. Би ерөөсөө тавьсан архиа авна” гээд өвөртлөхөд хамт явсан хүн нь “Хүүе чи яаж байна” гээд ээж мод руу дохиход  нь “Тоглосон юм” гээд буцаагаад тавьж байсан гэсэн хошин ч юм шиг яриа бий.

Мөн энэ үед ээж модон дээр хүмүүс ирж мөргөж залбираад байгааг зогсоохоор аймгийн намын хорооноос шийвэр гарган МХЗЭ-ийн хорооны дарга Эрдэнэбатад үүрэг өгч, Эрдэнэтбат нь Ээж модыг хөрөөдөж түлшиндээ хэрэглэ гэж цагдаагийн газрын даргадаа даалгаснаар дөрвөн залуу алдлаад зогсоход гар хүрэхгүй шахам бүдүүн, мөчир нь гэхэд гуалин шиг том хэдэн зуун жилийг элээж нар салхинд өгөршиж хувхайрч унах дөхсөн ээж модыг хэдэн хоригдол очиж хөрөөджээ. Хоригдлууд ч яахав дээд газрын тушаалыг биелүүлж байгаа болохоор хөрөөдөхдөө “Би хөрөөдөөгүй шүү ээж мод минь. Цагдаагийн газрын даргын тушаал” гэж ээж модондоо залбирсан юм гэнэ. Гэтэл удалгүй гай таарч эвлэлийн даргын ч гэл үү, цагдаагийн газрын даргын ч билүү эхнэр машины ослоор нас баржээ. Хүмүүс ч энэ золгүй явдлыг ээж модтой холбон ойлгож, ээж модыг шүтэн бишрэх явдал далдуур улам ихсэн хуучин ээж модны дэргэд байсан бүдүүн модыг ээж мод болгон сэргээжээ. 1980 онд аймгийн намын хороон дарга Ш.Гунгаадорж Шаамар сумын МХЗЭ-ийн даргад “Ээж модыг шатаа” гэж үүрэг өгсөн бөгөөд 11 эвлэлийн гишүүн залуу шатаасан боловч сүсэгтэн хүмүүс энэ модтой довцгийг “Авгай дэвсэг” гэж нэрлээд мод бүхнийг нь тахин хадаг яндар уяж сүү цацлаа өргөдөг болжээ.

1990 онд ялсан ардчилсан хувьгалын дараа шашин шүтэх явдал чөлөөтэй болж сүм хийд мөөг шиг олшрох үеэр ээж модон дээр очих хүмүүсийн цуваа ихэссэн хэрэг. Тэр үед би аймгийн соёлын хэлтэст ажиллаж байлаа. Нэг өдөр тэтгэвэртээ гараад Шаамарын тохойд хэдэн малтайгаа гарчихсан тухалж суусан Норов дарга Сүхбаатарын талбай дээр тааралдаад “За Сүхдоржоо ээж мод хогийн цэг боллоо шүү. Ингэж тахиж шүтэх гэж юу байх вэ. Хуучин уламжлалаар нь сэргээмээр байна. Соёлын хэлтэс нэг юм бодно байгаа” гэлээ. Энэ буурлын үгнээс гарах хүн хэн байх вэ. Ялангуяа, манай захиргааны хэд бол ёстой “нугасгүй” шүү дээ. Ингээд аймгийн соёлын хэлтсийн дарга И.Хуанганд хэлэхэд “Сүхээ багш та өөрөө төлөвлөөд зохион байгуулаад хийчих” гэж байна. Тэр дор нь гарч гүйгээд Мөнхбат даргатай уулзаж хоёул ээж модон дээр очлоо. Ээж мод гэж нэг их хадаг яндар бүс даавуу, нөгөөх л хөхөвч, дотоож зүүсэн, үс ноос нь зулмарч нэлмийсэн хаврын хатингар хөгшин ингэ шиг юм навсайж харагдана. Модны ёроолоор архины шил овоо шиг болж, элдэв идээ будааны үлдэгдэл хог хөглөрч, ялаа батгана дүнгэнээд, нохой шувуу гүйлдэнэ. Бас ч тэндээс хог түүдэг бололтой хэд гурван халтар хүүхэд, хүн ч явж байх шиг. Ингээд тэндээсээ буун Шаамарын тохой руу орж Норов даргатай уулзан ярилцлаа.

Тэрбээр “Юуны түрүүн сайхан цэвэрлэх хэрэгтэй байна. Тэгээд энд ирсэн хүмүүс ямар ёс жаяг барих талаар самбар дээр сайхан бичээд байрлуулчих гэлээ. Би хэлсэн ёсоор нь тэр өдөртөө жаахан төсөв гарган Хуанган даргаар батлуулж аваад аймгийн чуулгын зураач Ч.Нямсамбуугаар модон хөлтэй, ислэг хавтан самбар хийлгэн дээр нь зааврыг нь товчхон бичиж бэлдээд ээж модоо цэвэрлэх буянтай үйлсэд оролцохыг уриалж, автобус явна, сайн дураараа очих хүмүүс хүрз шуудай авч очоорой гээд зарлав. Гэтэл 20-оод хүн ирж, ингээд аймгийн соёлын хэлтсийн болон сумын захиргааны ажилчидтайгаа нэг бүтэн сайн өдөр чуулгын автобусаар очиж цэвэрлэсэн юм.

Тэр олон хүнээс ээж модон дээр уяж зүүсэн элдэв юмсыг гар хүрээд авчих хүн олддоггүй. Тэгтэл Норов дарга “Мөнхбат аа, Сүхдорж та хоёр л авч дээ” гэлээ. Үгүй гэх аргагүй. Би дотроо “Ээж модонд ингэж хамаагүй гар хүрч байж үр хүүхдэдээ гай болох вий “ гэсэн жаахан айдас сэжигтэй байсан ч зөвшөөрч “За ээж мод минь хүү намайгаа уучлаарай. Хүү нь таныгаа сайхан цэвэрлэж, цэвэр цэмцгэр, гоё сайхан ээж болгож аваад хуучин ёсоор тань торго магнагаар хувцаслаж өгөх гэж энэ юмыг тань авлаа шүү” гэж дотроо өөрийн сүжгээр, гаднаа наргиа аясаар хэлээд уясан хамаг юмыг нь авч дэргэд нь шатаалаа. Зарим нь гар хүрэх аргагүй бүр дээр өлгөж зүүсэн байх тул ээж мод өөд авирч зүтгэж гарч авлаа. Ингээд ээж модныхоо дэргэд “Ээж модоо цэвэрлэж, уламлал ёс заншлаар шүтэцгээе. Архины хоосон шил бүү орхи. Ёроолд нь чөтгөр шүгэлнэ“ гэсэн сурталчилгааны хоёр самбар босгоод буцаж билээ.

Тэр шөнөдөө би “Ээж модны мөчир бүр нь могой болчихсон, аварга том могой мод намайг ороож байна” гэж зүүдэллээ. Энэ тухайгаа эхнэртээ хэлбэл Баяраа сандран маргааш нь лам руу гүйснээ их л баяртай орж ирээд “Аа гэмгүй их сайн зүүд гэж байна. Ээж модны эзэн нь газар усны эзэн лус гэнэ. Лус савдаг чамайг ивээлдээ авсны тэмдэг гэж байна” гэлээ. Тийм ч биз, үгүй ч биз. Хэрэв лус савдаг гэдэг нь байдаг бол баярласан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Би 2020 онд  хүнд хагалгаанд орохдоо Монголынхоо мөнх хөх тэнгэр, уул ус газар шороо, ээж мод, Өндөр хөхийгөөдөө залбираад орсон доо. Одоо сайхан илааршин эрүүл саруул болж, үр хүүхдүүд маань сайн сайхан яваа нь үүнтэй холбоотой болохыг үгүйсгэх аргагүй. 2007 оны сонгуулиар юм даа. Н.Чулуунхүү гавьяат нэг орой утас цохиод ээж модны дуу өнөө маргаашгүй хэрэгтэй байна гэлээ. Би тийм яаруу юм бичиж чадахгүй хүнд гай болох вий гэж бодоод жаахан цааргалан “Өө чи наанаасаа нэг хүнээр бичүүлчихээч” гэсэн чинь“Эд нар чинь ээж модыг мэдэхгүй. Чи бичээд өг” гэлээ. Хамтарч уран бүтээл хийдэг юм чинь “За“ гэхээс өөр аргагүй. Ингээд ээж модоо бодлоо. Нүдэнд аварга том могой мод мушгиралдсан олон могой мөчрөөрөө тэнгэр өөд тэмүүлэн залбирч байгаа юм шиг дүр сэтгэлд буулаа. Ингээд л шууд

Мөчрөө дэлгэн тэнгэрт тэмүүлсэн

Мөнх тэнгэрийн удган мод гэдэг мөр орж ирснээ цаашаа бадаг тэнгэрийн зарлигаар гэмээр нэг ч засваргүй хурдан бичигдсэн дээ. Шүлгээ явуулбал Чулуунхүү тэр дор нь ая хийн дүрсжүүлж, тэр үед нэр дэвшиж байсан нутгийн хүү Чулуунбат үгийг нь чулуун дээр сийлж Ээж модон дээр байрлууснаар дуу маань хөшөөнд мөнхөрсөн түүхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

6 цаг 34 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

10 цаг 21 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

10 цаг 36 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

10 цаг 43 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

10 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

14 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

14 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

15 цаг 29 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

16 цаг 50 мин