
Д.ОТГОНБАЯР
“Кант” Балдан гэхийн учир
Монголын театрын нэрт зүтгэлтэн, төрийн шагналт ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун 1960-аад оны сүүлчээр театрын чиглэлээр сургууль төгсөж байсан залуучуудаас нэг хүнийг онцлон “Юм дуулгах хүн”, “Их юм гарна” гэж итгэл хүлээлгэж байсан нэгэн бол Сэлэнгийн найруулагч Ёндонжамцын Балдан хэмээх энэ эрхэм. Дээд сургуульд сурч байхдаа багш нараасаа Ё.Балдан учрыг нь олж, хужрыг нь тунгаах гэсэн асуултуудаар, тэгэхдээ бүр онолыг нь тодруулж асуудаг нэгэн байсан тухай яриа өнөө ч тасардаггүй ажээ. Олон юм асууж салдаггүй нөхрийг нэгэн удаа Хо.Нацагдорж найруулагч “Чи яг Кант шиг юм” хэмээн хэлсэн нь эцгийнхээ нэрийн өмнө насаараа зүүх нэгэн янзын хоч болсон гэж хөөрөх урлагийн нэртэй зүтгэлтэн ч өнөөдар байх.
И.Кант (1724-1804)-ыг манайхан Германы гүн ухаантан гэдгийг сайн мэднэ. Кант аливаа юмс үзэгдлийн учир утгыг нээж, олж тайлбарлах үйл явцтай гэгээрлийн мөн чанарыг холбож авч үздэг байсныхаа хувьд философич гэгдэх болсон. Энэ утгаараа оюутан юмны учрыг олж танин мэдэх гэсэн Ё.Балдангийн асуулт тухайн цаг үеийн Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Хо.Нацагдорж багшийн нүдэнд содон тусч, Канттай жишиж хэлэхэд хүрсэн юм болов уу даа.
Монголд ихээхэн үзэл сурталжсан 1960, 70-аад онд И.Кантын танин мэдэхүй, шашин, ёс суртахуун гээд хүний тухай асуудлыг их өргөн хүрээтэй авч үзэж байсан философийн талаархи маргаан мэтгэлцээн Улсын багшиийн дээдийн кино-драмын ангийн хичээл дээр өрнөж байсан тухай домог мэт яриа байдаг. Энэ яриа домог биш үнэн байсан гэдгийн гэрч хийгээд баталгаа нь “Кант” Балдан гэдэг нэр. Ийм нэгдомгийн товч түүх энэ.
Гавъяаны амралтаа аваад жинхэнэ гавъяа байгуулсан гэхийн учир
Ёндонжамцын Балдан найруулагч 1967 онд Сэлэнгэ аймагт томилолт аваад үндсэндээ насаараа нутагтаа найруулагчаар ажилласан нэгэн. Сэлэнгийн соёлын ордон сэлэнгийн долгио чуулга, Соёлын төв, театр, телевиз зэрэг газарт 40 гаруй жил ажиллажээ. Бүр цаг хугацааг нь нарийн тоолбол 46 жил ажиллаад гавъяаны амралтаа авсан байна. Аймаг орон нутгийн чуулгын найруулагчийн хийдэг л ажлыг тухайн үеийн жишгээр нам, засгийн бодлогод бариулан зүтгэсээр нэг л мэдэхэд энэ хэдэн жилийн ард гарчээ. Бусдаас цойлж явсангүй, бусдын дор ч орж явсангүй. Харин гавъяаны амралтаа аваад жинхэнэ гавъяа байгуулж байгаа хүн гэж хэлбэл үнэнд илүү нийцнэ. Яагаад гэвэл, Ё.Балдан найруулагч театрын онолын талаар тэр болгон мэргэжлийн улс барьж аваад байдаггүй сэдвээр ном бичиж гаргасан. 2017 онд хэвлэгдэн гарсан “Тайзны орон зайн хөдөлгөөн” номыг нь мэргэжлийн хүрээнийхэн өндөр үнэлж, хүлээж авсан. Жүжигчин бэлтгэдэг сургуулиудад гарын авлага болох сайн бүтээл болсон гэж үнэлээд байгаа.
Жүжигчин хүн гэдэг орон зай, цаг хугацааны дотор өөрийгөө нээн харуулдаг мэргэжил. Ийм мэргэжлийг сонгон авсан цагаасаа хойш боловсрол, мэргэжил эзэмшиж бүр шинжлэх ухааны зэрэг цолтой болсон хүмүүсээс хүсэн хүлээж байсан зүйлээ Ё.Балдан найруулагч, Н.Пүрэвдагвын орчуулсан бүтээлүүдээс авч, түүндээ сэтгэл тун чиг ханамжтай бүр залуу цагийн минь хүсэл зориг оргилоод байгаа гэж ардын жүжигчин П.Цэрэндагва нэг бус удаа онцлон хэлж байсан. Тайз дэлгэцнээ дөчин жил дүр бүтээсэн нэртэй жүжигчний энэ үг зүгээр нэг магтах гэсэн хоосон үг биш гэдгийг нотлох гэсэн мэт “Тайзны хөдөлгөөнөөр дүрслэх арга ба жүжигчний дасгал” хэмээх номоороо Ё.Балдан найруулагч уншигчид, урлаг уран сайхныхантайгаа дахин золгож байна.
Хөдөлгөөн гэдэг оршин тогтнож, амьд байгаагийн илрэл. Харин театрт ганцхан хөдөлгөөнтэй байна гэдэг учир дутагдалтай бөгөөд хөдөлгөөнөөр дүрслэн илэрхийлэх арга боломжийг л хайсаар ирсэн түүхтэй. Энэ эрэл хайгуулын үр дүнг театрын онол, дэг жаяг-сургууль болгож чадсан нь харин цөөн. Ийм улс болох К.С.Станисловский, В.Э.Мейерхольд, Питер Брук, Б.Е.Захава, Ежи Гротовски, Б.Брехт нарын бүтээлд тулгуурлан тайзны хөдөлгөөнөөр дүрслэх аргыг нэгд, биеийн хөдөлгөөнөө мэдэрч тоглох арга; хоёрт, хөдөлгөөнийг биеэсээ урсгаж, өөрийгөө “илчилж” тоглох арга гэсэн ерөнхий хоёр бүлэгт зохиогч Ё.Балдан хуваан авч үзжээ.
В.Э.Мейерхольд, К.С.Станисловский, Питер Брук, Б.Е.Захава, Ежи Гротовски нарын бүтээлүүд бол орчуулагч Н.Пүрэвдагвын нөр хөдөлмөрөөр монгол уншигчдын гарт ирсэн номууд. Эдгээр бүтээлийг театрын тайзнаа, жүжигчин найруулагчийн өдөр тутмын ажил хэрэгт хэрхэн яаж ашиглаж байна вэ гэдэг бол тусдаа асуудал. Харин яаж ашиглаж болох вэ гэдгийг өөрийн 40 гаруй жилийн найруулагчийн хөдөлмөр, бас тайзны хөдөлгөөнийг судласан судалгаагаа Ё.Балдан найруулагч ийнхүү баринтаглаад байгаа учраас “гавъяаны амралтаа аваад жинхэнэ гавъяа байгуулж байгаа хүн”гэж би хэлээд байгаа юм. Ингэхдээ жүжигчний хувьд, эсвэл жүжигчин бэлтгэх сургуулийн хувьд, цаашилбал, театрын өдөр тутмын дасгал сургуулилтад ашиглабал зохих дасгал хөдөлгөөнийг оруулж өгсөн байна. Товчхондоо бол, онолын хувьд шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл, дасгал хөдөлгөөний хувьд сурах бичиг гэж хэлж болно. Манайд өнөө хэр ийм ном гараагүй. Дахин хэлэхэд “гавъяаны амралтдаа гарчихаад гавъяа байгуулж”байгаа хүн гэж тодотгоход буруутгах үгүй гэж санана.
“Үзэгчдийг харсан, сонссон хоёр мэдрэмжид зэрэг автуулах”-ын учир
Хорьдугаар зууны найруулах зүйн дэлхийн шилдгүүдийн үзэл онол, практикийг багтаасан шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл гэж хэлж болох энэ номонд хөндөж байгаа тайзны орон зай-хөдөлгөөн гэдэг Монголын театр урлагийн судалгаанд төдийлөн судлагдаагүй сэдэв. Ё.Балдан найруулагч энэ номдоо жүжигчин ямар үг хэлж, ямар үйл хөдлөл харуулж, яаж тоглож байгаа нь, жүжигчний илүү, дутуу хийж байгаа хөдөлгөөн эсвэл хийхгүй байгаа хөдөлгөөн нь жүжгийн санаа, найруулагчийн шийдэл, үзэгчдийн сэтгэл хөдлөлд хэрхэн яаж нөлөөлж байдгийг найруулагч, онолчдын бүтээл үзэл онол, жишээн дээр харьцуулан ойлгомжтой, оновчтой тайлбарласан байна.
Техник технологийн боломж хязгааргүй болсон энэ үед тайз дэлгэцийг ямар л бол ямраар шийдэж болох тийм цаг үед өнөөдрийн театр урлагийнхан ажиллаж амьдарч байна. Гэхдээ театрт техник технологийн боломжоос илүүтэй жүжигчний уран чадвар гэдэг хамгийн хүчтэй, өргөн хүрээтэй, том боломж байдгаараа, амьд тоглолт үзүүлдгээрээ бусдаас ялгардаг. Театрын бусдаас ялгардаг гол онцлог бол амьд тоглолт үзүүлж, амьд мэдрэмжийг үүсгэгч жүжигчин нь. Жүжигчний тоглолтын үндэс нь үг яриа, хөдөлгөөн. Зөвхөн үг яриагаар бүхнийг илэрхийлж чадахгүй учраас үзэгчдийг үйл явдлын гүн тийш хөтөлж, баатруудын дотоод сэтгэлд болж буйг хүргэхийн тулд тайзан дээрх хөдөлгөөнийг удирдан жолоодох хэрэгтэй болдог. Хөдөлгөөнийг ингэж удирдан жолоодсоноор нэг талаас “үг чихэнд”, нөгөө талаас “хөдөлгөөн нүдэнд өртөж”, үзэгчдийг харсан,сонссон хоёр мэдрэмжид зэрэг автуулах” бололцоотой болно. Гэхдээ ингэж сонссон, харсан хоёроос гадна ямар нөхцөлд үзэгч өөрөө ургуулан бодож, жүжгийн бас нэг оролцогч болдог вэ гэх мэтчилэн театрт онол-туршилт хийж байсан онолч-найруулагч нарын бүтээл Ё.Балдан найруулагчийн шинэ номын суурь болжээ. Тиймээс хорьдугаар зууны найруулах зүйн шилдгүүдийн үзэл бодол, практик ажилагааг багтаасан хэмээн тодотгоод байгаа билээ.
Бие нь Сэлэнгээсээ нэг их холдоогүй ч, уншсан судласан нь дэлхийн энтэй Ё.Балдан гэдэг буурал найруулагчтай “Бадрангуй урлаг” ТББ-ынхан хоёр бүтээл дээрээ хамтран ажиллаж байгаа нь энэ. Дөч гаруй жил найруулагчаар орон нутагт, цаг үедээ нухлуулан даруухан ажилласан туршлагатай энэ эрхэм хүний “Тайзны хөдөлгөөнөөр дүрслэх арга ба жүжигчний дасгал” ном тайз-орон зай-хөдөлгөөн гэдэг чиглэлээр булган сүүлтэй байх буй за хэмээн найднам.
Эх сурвалж: www.polit.mn