Тан, Сүн улсын сор бүтээлүүдийг Монголчуудад өргөн барилаа

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Монгол, Хятад хоёр орны соёлын хамтын ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулахуйц оюуны бүтээлийг монголчуудад өргөн барилаа. Тан улсын шүлэг гурван зуун бадаг 1,2, Сүн улсын дуулал зуун бадаг номыг Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд эрдэмтэн, мэргэд баринтагласан юм. Эдгээр сод бүтээлүүдээр дамжуулж Монголчууд Хятад улсын талаар илүү өргөн мэдлэгтэй болохоос гадна дэлхийн сонгодог бүтээлийг крилл, босоо бичгээр судалж шимтэх боломж нээгдэж буй юм.

Тан улсын шүлэг гурван зуун бадаг 1,2, Сүн улсын дуулал зуун бадаг ном бүтээх ажлыг 2019 онд СГЗ А.Эрдэнэ-Очир эхлүүлснийг номын нөхөд нь үргэлжлүүлж үйлсийг нь ийнхүү гүйцээжээ. Тан улсын яруу найргийн цэцэрлэгт сууж талын монголын шүлэгчид мянган бадгийг тэрлэхийн төлөөх сэтгэлийн дуудлагаар энэхүү гурван боть ном бүтсэнийг нээлтийн үеэр онцолж дэмжлэг үзүүлсэн Хятад улсын Элчин сайдын яамны хамт олон болон хамтран ажилласан хүмүүст талархал илэрхийлсэн юм.

Номын нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Соёлын яамны ТНБД, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, ном бүтээх төслийн удирдагч “Жиком пресс” компанийн захирал, Соёл, шинжлэх ухаан, судлалын хөгжил, үндэсний төвийн тэргүүн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Д.Ганболд, номын ерөнхий редактор хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Сумъяа нарын зочид төлөөлөгчид оролцож талархлын сэтгэлээ илэрхийллээ. 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй: Хятад улсын соёлын дээжис, алтан үеийн сор бүтээлүүд

-Номыг орчуулж хэвлэн гаргахад нөр их хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулсан хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэж, талархлаа илэрхийлье. Хятад, Монгол хоёр орны ард түмэн түүхэн өнө удаан уламжлалт найрамдалт харилцаатай. Газарзүй, сэтгэлийн их ойр дотно хөршүүд. Тан улсын шүлэг гурван зуун бадаг, Сүн улсын дуулал 100 бадаг бол Хятад улсын соёлын дээжис, алтан үеийн сор бүтээлүүд юм. Бид хүүхэд байхаасаа энэ хоёр номыг уншиж, гэгээрч өссөн. Манай ард түмний хэлдгээр Тан улсын шүлэг 300 бадгийг цээжилснээр шүлэгч биш хүн ч гэсэн яруу найраг бичиж чадна гэж итгэдэг. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцаа улам бэхжиж байгаагийн нэг илрэл нь соёлын харилцаа юм. Тан улсын шүлэг гурван зуун бадаг, Сүн улсын дуулал 100 бадаг номноос Хятадын болон манай ард түмний талаар илүү сайн ойлголт авах байх гэж бодож байна. Хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэхэд эдгээр бүтээлүүд онцгой хувь нэмэр оруулна. Соёлын харилцаа бол хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамгийн чухал. Бид ч гүүр нь болох үүргээ биелүүлж, өөрсдөөс шалтгаалах бүхий л хүчин чармайлтаа гаргахад бэлэн.

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:  Ли Байн шүлэг Монгол хэлээр байна гэдэг монголчуудын оюун ухаан, хэл соёлыг баяжуулсан том үйл хэрэг

-Тан улсын яруу найргийн номны нээлтийн урилгыг баяртай хүлээн авч хүрэлцэн ирлээ. Хоёр хөрш орон нэгнийхээ тухай урлаг соёлоор нь дамжуулж мэдвэл их дотно харилцаа үүснэ гэж боддог. Цар тахал эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж магадгүй ч Ли Бай шүлгийг уншихад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Тухайн үндэстэн оршин тогтнож байгаагийн утга учир нь хэл, соёлоор нь дамжиж илэрдэгт эргэлздэггүй. ОХУ-ын алдартай судлаач эрдэмтэн “Гадаадын томоохон зохиолч, гүн ухаантны бүтээлийг өөрийн хэл дээр орчуулна гэдэг бол тухайн үндэстэн өөрийн хэл соёл, оюун ухааныг хөгжүүлж, тэлж байгаа гэсэн үг хэмээн ойлгоорой” гэж захидаг байсан. Ли Байн шүлэг Монгол хэл дээр байна гэдэг монголчуудын оюун ухаан, хэл соёлыг баяжуулж байгаа маш том үйл хэрэг. Хятад улсад эрт дээр үеэс шүлэг яруу найргийг хүндэтгэж ирсэн нь түшмэдийн шалгалтыг авахдаа яруу найраг бичиж чаддаг эсэхийг нь шалгадаг байж. Ли Бай гэдэг яруу найрагч бол зөвхөн хятадын төдийгүй дэлхийн алдартай яруу найрагчдын нэг юм. Хятадын удирдагчид Ли Байгаас суралцаж байсан талаар уншиж байлаа. Ингэж эртний уламжлал хадгалагдаж байгааг харах сайхан санагддаг. 1990 оны эхээр Хятадын дарга Монголд айлчлаад хүлээн авалт дээр сэтгэл нь хөдлөхдөө Ли Байн шүлгийг уншиж байсныг санаж байна. Би ОХУ-д утга зохиолын сургууль төгссөн. Оросын яруу найрагчид Ли Байн домогт үхлийн талаар их ярьдаг байсан. Учир нь яруу найрагч хүн шүлэг зохиохоос гадна шүлэг шигээ амьдрахыг харуулсан гэдэг. Тиймээс яруу найрагч хэлмэгдэж, цөлөгдөнө гэж байхгүй гэдгийг Ли Байн амьдрал харуулсан гэж боддог. Яруу найрагч хүн бол заримдаа жирийн хүмүүсийн бодитой бус зүйлийг илүү бодитоор харж, ойлгож, дүрсэлж чаддаг. Ли Бай усны гадаргуу дээр туссан сарны дүрсийг барьж авах гэж байгаад усанд живж бурхан болсон. Харин тэр даруй усан доторх үлгэрийн амьтад өргөж тэнгэр мандуулсан гэсэн сайхан түүхтэй. Яруу найрагч хүн ингэж л амьдарч тэнгэрт халих жишээг өөрийнхөө амьдралаар та бидэнд үлдээсэн байна.

 

Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Д.Ганболд: Монголчуудын заавал унших ёстой номуудын нэг боллоо

-Тан улсын шүлэг гурван зуун бадаг, Сүн улсын дуулал 100 бадаг номнуудыг 2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан бүтээсэн нь цар тахлаас болж хойшилсоор байгаад өнөөдрийн билэгт сайн өдөр нээлтээ хийж байна. Олон хүний хичээл зүтгэлээр бүтсэн Хятад ханз, Монгол бичиг, крилл үсэг бүхий гурван боть ном бүтээлээ. Нэг ёсондоо, монголчуудын заавал унших ёстой номуудын нэг боллоо. Манайх шиг  Дорнын уламжлалтай улс орны хувьд ижилхэн соёл уламжлалтай Тан, Сүн улсын шүлэг, Юань улсын үеийн жүжиг онцгой байр суурь эзэлдэг.

1952 онд хятадын уран бүтээл Монголчуудад хүрч эхэлсэн. Тэр үед Чимид, Явуухулан нар Тан улсын шүлгийг орчуулж байсан. Тан, Сүн улсын яруу найргийг дэлхийн утга зохиолын түүхэнд Алтан үе гэж нэрлэдэг. Энэ сод бүтээлийг бүрэн эхээр нь уншсан тохиолдол Монголчуудад хараахан байсангүй. Харин бүрэн эхээр нь уншиж, судлах боломж Монголчуудад олдож байна.

 

Соёлын яамны ТНБД, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат: Хүүхэд багачууд, соёлын төвүүдэд хүргэх ажлыг шуурхайлна

 

-Хятадын ард түмний утга уран зохиолын бахархал болсон яруу найргийн бүтээл Тан улсын шүлэг гурван зуун бадаг, Сүн улсын дуулал 100 бадаг номуудыг Монголын уншигчдад өргөн барьж байгаад таатай байна. Өвөг дээдэс маань XIII зууны үеэс Дорно дахины бүтээлүүдийг уншиж судалж ирсэн. Манай хоёр улс эдийн засаг, соёлын маш эртний уламжлалт харилцаатай. Үүний нэг илрэл нь утга уран зохиолын салбар юм. Найрамдалт хөрш орнуудын харилцааг өргөжүүлэхийн хүрээнд эдгээр бүтээлүүдийг цар тахлын хөл хориотой энэ үед хүүхэд багачуудын гарт, сумын соёлын төвүүдэд хүргэх ажлыг шуурхайлна.

Ийнхүү номын нээлт ёслол төгөлдөр болж гурван ботийн дээжийг зочдод гардуулсан юм. Энэ үеэр номыг бүтээгчид Хятадын хорьдугаар зууны хамгийн алдартай зураачийн дөрвөн улирал гэдэг зургаар номын хавтсыг чимсэн. Харин ном маань гурван боть буюу нэг улирал дутуу. Тэр бол Юань улсын үеийн яруу найраг. Энэхүү сонгодог бүтээлийг “амилуулж”, дөрвөн улирал бүрдэх ерөөлөөр номын хуримыг өндөрлөлөө.

Тан улсын шүлэг гурван зуун бадаг номын 35 дугаар хуудас.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.31 ЛХАГВА № 64 (6541)

 

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Өчигдөр 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Өчигдөр 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Өчигдөр 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Өчигдөр 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Өчигдөр 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Өчигдөр 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин