
“ZM” © Л.БАТДОРЖ
Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн зочноор Бугын сангийн аж ахуйн даргаар олон жил ажиллаж, салбартаа хүндлэгдсэн эгэл хөдөлмөрийн эзэн, нэгэн эрхмийг урилаа. Энэ бол Л.Раднаа гуай юм. Буга хэмээн амьтан Л.Раднаа гуайн амьдралд томоохон байр суурь эзэлдэг. Тиймдээ ч ургийн овгоо хүртэл Буган хэмээн өөрчилж, одоо үр хүүхэддээ энэ амьтны тухай сайн сайхныг хүүрнэн суугаа буурай. Түүний “Амьдралын тойрог”-оор бид аялав.
“ГӨМПӨРӨГ ЗАЛАН”-ГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ
Л.Раднаа гуай 1940 онд Завхан аймгийн Алдархаан сумын Донойн хөндийн эх Цуян гэдэг газар төржээ. Түүний эцэг Шаравын Лхамсүрэн Алдархаан сумын унаган иргэн, малчин гаралтай хүн. Автомат төрийн үед буюу 1912 онд Ховд хотыг гамин цэргээс чөлөөлөх дайчилгаанд аав нь дайчлагдан Хатанбаатар Магсаржавын морь бариачаар ажиллаж байжээ. Одоогийнхоор бол жолооч, залагч нь гэсэн үг. Улмаар Ховд хотоос Хятадын амбаныг хөөн зайлуулахад идэвх зүтгэл гавьяа байгуулсан учир түүний аав цэргийн “Залан” цолоор шагнагдсан түүхэн хүн байжээ. Л.Раднаа гуай аавынхаа талаар “Аав маань хэлэмгий, алиа хошин зантай, шаардлага өндөртэй хүн байлаа. Тиймээс гэрийн дарга,багийн дарга хийж байсан. Нутгийн ард түмэн аавыг минь нэрээр нь дуудах нь ховор. “Гөмпөрөг залан” гэж дуудна. Дайн байлдаанд орох, олныг хамарсан ажилд бусдыгаа уриалан гөмпөрөгдөөд өгнө өө л гэдэг байсан. Одоогийнхоор бол нийгэмдээ нөлөө бүхий хүн байсан билээ” гэв. Одоо ч Завхан аймгийн Алдархаан сумын Нарийны Улаантолгой гэдэг газрыг Залан толгой гэж нэрлэдэг нь Л.Раднаа гуайн өвөг дээдэстэй холбоотой гэнэ. Тэнд аавыг нь нутагшуулсан хөшөө ч бий. Түүний ээж Цамбын Даваа мөн Завхан аймгийн Алдархаан сумын харъяат. Тэрээр “Ээж маань өндөр, гуалиг сайхан бүсгүй байлаа. Аавтай минь ханилж, есөн хүүхэд төрүүлсэн. Би айлын отгон хүү нь. Өдгөө ах нь 81 нас хүрч байна. Ах Л.Дамдинсүрэнгийн хамт Улаанбаатар хотод энх тунх эрүүл саруул сайхан амьдарч байна. Ах маань одоо 85 настай” хэмээн хуучиллаа.
БУГЫН СҮРЛЭГ САЙХНЫГ АНХ ХАРСАН НЬ...
Л.Раднаа гуай анх ээжтэйгээ үхэр хурааж явахдаа буга хэмээх сүрлэг сайхан амьтныг харсан нь одоо ч нүдэнд нь тодхон байдаг. Мөн 1957 онд аймгийнхаа нэгдүгээр арван жилийн долдугаар ангийн сурагч байхдаа багшаасаа Их тэнгэрийн аманд Маршал Чойбалсан гуайн хашаанд долоон буга тэжээж байгаа тухай сонсож байсан нь их л сонирхолтой санагдаж байжээ. Ингээд 1960 онд аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-ын Иркутск хотын ХААИС-ийн Ан агнуурын факультетд орж суралцсан. Тэр цагаас хойш буга гэдэг амьтантай түүний амьдрал салшгүй холбогдсон түүхтэй. Суралцаж байх хугацаандаа Алтай хязгаарын бугын аж ахуйнуудад дадлага хийж байсан нь хожмоо төгсч, ирээд ажиллахад нь туршлага болсон гэдэг. Л.Раднаа гуай “Би бага залуу, хэл усгүй, газар мэдэхгүй хуваарилагдсан ангийнхаа талаар ч ойлголтгүй хүн Иркутск хотноо очиж билээ. Нэг хэсэгтээ л толгой эргэж явсан. Тэгсэн ашгүй сонголт хийх боломж олдсон юм. Сургуульд маань малын эмчээс илүү сайхан, сайхан мэргэжлийн сонголтууд байдгийг ч олж мэдлээ. Тэгээд биологич, зоо техникч, аграномич, агнуур зүйч гэсэн мэргэжлээс агнуур зүйчийг нь сонгож билээ. Хожим нь би мэргэжилдээ улам дурлаж, энэ мэргэжлийг сонгосондоо дандаа баярлаж талархаж амьдарсан даа” гэв.
ТЭРЭЭР 25 НАСАНДАА ФЕРМИЙГ САА БОЛГОН ӨРГӨЖҮҮЛЖЭЭ
Тэрээр 1965 онд сургуулиа төгсч ирээд Түргэний аман дахь Богд уулын Бугын аж ахуйг босгох ажлыг эхлүүлжээ. Л.Раднаа гуай тухайн үеийн нөхцөл байдлын тухай ярихдаа “Намайг ирэхэд Бугын Сангийн аж ахуй маань туршилтын гэх жижиг ферм байлаа. Ц.Батхүү гэж хүнээр ахлуулсан 10-аад ажилтантай. Би цэл залуу 25 настай. Бугыг өсгөж үржүүлж ашиглахын тулд бугын хашаа,эврийн сараа барих гээд их ажил биднийг хүлээж байсан юм. Би цөөн хэдхэн ажилтантайгаа тэрхүү нүсэр ажилд ханцуй шамлан орсон. Гэхдээ бид хэдүүлхнээ хийсэн гэвэл худлаа. Маш хүнд ажил байсан. Тэр үед сайхан байж дээ. Тухайн үеийн цэргийн байгууллага, хорих ангиас ажилтан сайн дураар авч ажиллуулж байж, барьж дуусгасан юм даг. Яамны харъяа байгууллага болохоор ажил саадгүй бүтнэ. Ажил бүтэмжтэй байхаар бид ч урамтай байдаг сан” гэлээ. Ингэж Л.Раднаа гуай 25 насандаа бугын фермийг САА болгон өргөжүүлж чадсан юм. Анхны жилдээ 60 буганаас эвэр авч түүнийгээ боловсруулж зах зээлд гаргажээ. Улмаар аж ахуй нь өргөжин тэлсээр сүүлдээ 140 гаруй ажилтантай, социалист нийгмийн үе гэхэд дэлхийн зах зээлд боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргадаг том аж ахуй болж чадсан гэдэг. Үүний зэрэгцээ цусан эврийг боловсруулах нарийн технологийг анх туршин бий болгож, амрахыг умартан чин үнэнч сэтгэлээр улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байсан өрнүүн их хөдөлмөр бүтээлийн үе байжээ.
“БУГА ЭХ ОРНЫ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХҮЙЦ ОРЛОГО АВЧИРЧ БАЙСАН”
Бугын сангийн аж ахуй анх 60 буганаас 50-60 кг цусан эвэр авдаг байсан бол 1990-ээд оны эхэн үе гэхэд дээд тал нь 1050 буганаас нэг тонн гаруй цусан эвэр авч түүнийгээ боловсруулан гадаад, дотоодын захиалгат хэрэгцээг бүрэн хангаж байсан том аж ахуй боллоо. Өргөжихийн хэрээр гадаад захиалга ихээр нэмэгдэн хотын ойролцоо Төв аймгийн Зүүндэлгэр мөн Булган аймгийн Могод, Хишиг-Өндөр суманд бугын фермийг шинээр барьж аж ахуйгаа өргөжүүлэн тэлж байсан он жилүүдийг Л.Раднаа гуай бүтээлцсэн юм. Мөн Монгол Улсад анх удаа цаа бугын цусан эврийг авч боловсруулан 1974 онд анх Баруун Герман улсад экспортлож байсан түүхтэй. Тухайн үедээ ан агнуураас манай улсад орох ашиг орлого маш бага байсан ч бугыг ашиглан түүгээр улс эх орны эдийн засагт нөлөө бүхий үнэтэй их хувь нэмэр болж байсан. Энэ тухай Л.Раднаа гуай “Дээр дурдсанаар буга бол улс эх орны эдийн засагт маш хүчтэй нөлөөлөхүйц орлого авчирч байсан. Тиймээс тухайн үед яамнаас манай аж ахуй дээр өндөр ач холбогдол өгдөг, шаардлага ч өндөр тавьдаг байлаа. Түүний дагуу САА-н ойролцоох амнуудад байх бугануудад өвс, ногоон тэжээл хужир шүү их тавьж өгнө. Тэгээд ч тэр үү, Богд Уул маань их бугатай оройн наранд мал шиг л бэлчиж байдаг байж билээ. Бид түүний хажуугаар машинтай, явган их явдаг ч буга биднээс үргэж зугтдаггүй сайхан үе байж дээ” хэмээн дурсана. Мөн тэрээр “Богд уул маань 32 амтай. 32 ой хамгаалагчтай байлаа. Хүн бүр ажилдаа үнэнч сэтгэлээр хандаж ам бүрээ тэнд байх буга бүрээ хайрлаж хамгаална. 1990-ээд он гарч зах зээлтэй золгосноор бүх юм эргэсэн гэхэд болно. Ухамсар муутай иргэд шунахайн сэдлээр бугыг алж устган эвэр, чив, махыг нь урагшаа Хятад руу гаргах хоол хүнсэнд ашиглах зэргээр байгальтайгаа харгис хэрцгий хандсан. Тэр мөчид буга гэдэг амьтан өөрөө зэрлэг амьтан тул үргэн дүрвэж алга болсон юм. Богд ууланд байх ан амьтны тоо бүртгэл хийж байршлыг нь тогтоож тоолдог байсан. 5000 гаруй бугатай байсан тоон баримт байдаг. 2000 он гэхэд манай аж ахуй урьдынх шигээ байхаа больсон ч ажил үргэлжилж байсан. Зах зээлийн нийгэм түрэн орж ирснээр засаг төр өөрчлөгдөж мэргэжлийн боловсон хүчин байхгүй болсноор үйл ажиллагаа бүрэн зогссон доо” гэв. Л.Раднаа гуай ийнхүү Бугын сангийн аж ахуйд 19 жил ерөнхий мэргэжилтнээр,16 жил САА-н даргаар нь ажилласан билээ.
“БУГА МИНИЙ АМЬДРАЛД ТОМ БАЙР СУУРЬ ЭЗЭЛДЭГ”
Л.Раднаа гуай уг нь боржигон овгийн хүн. Гэхдээ гэр бүл үр хүүхдүүдтэйгээ ярилцаад 1990-ээд онд Буган овогтой болжээ. Мөн тэрээр бугын тухай дуу шүлэг их сонирхон уншина, сонсоно. Гар утсандаа суулгана. 1990-ээд оны сүүлээр тэтгэвэртээ гарсныхаа дараагаас бугаа магтан дуулж шүлэглэдэг болжээ. “Өгөөмөр Баян Доной хөндий минь”, “Сэтгэлд хоногшсон он цагийн урсгал”,“Нутагтаа ирлээ би” гэсэн шүлгийн номтой. Мөн өөрийн төрж өссөн нутгаа санагалзан бичсэн “Хүн орчлон ээж” гэх дуугаа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Ч.Бүдрагчаад өгч дуулуулжээ. Тэднийх зундаа Майхан толгойн зусланд гардаг. 2012 онд зуслангийн хашаандаа буга, согоо, илий гурвын хөшөөг хүүгээрээ бариулж хуучин аж ахуйнхныгаа урьж сайхан хуучилж суусан дурсамж түүнд бий. Тэрээр “Ингэж л би өөрийн амьдралаа дуу, шүлэг ном зохиолд мөнхөлж хөшөө дурсгал болгон үр хүүхэддээ өвлүүлж байна даа.
Одоо манай аж ахуйд ажиллаж байсан манай ажилчид надтай холбоотой байдаг. Тэдний үр хүүхэд Бугынхан гэсэн фэйсбүүк групп нээж тэр үед манай аж ахуй дээр айл гэр болсон мөн тэнд төрж өссөн хүүхдүүд залуучууд байнга хоорондоо холбогдоно. Тэр том САА-тай байсныг хүмүүс төдийлөн мэдэхгүй ойн яам нь ч дурсахгүй болсонд би харамсаж явдаг даа. Мэдээж буга бол миний амьдралд том байр суурь эзэлдэг. Ажил, амьдралын эхлэл,идэр залуу нас минь, хийж бүтээж явсан өрнүүн их хөдөлмөрийн үе учир санан дурсах төдийд сайхан санагддаг. Ер нь эгэл жирийн амьдралаар амьдарч ажиллаж буй хэн ч сонгосон мэргэжилдээ үнэнч хийж бүтээх хүслээр жигүүрлэж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж хийсэн ажилдаа бардам чадвартай байх л хамгийн их жаргал. Мөн дурсамж байдгийг санан хүн бүр хичээж явах учиртай гэж хэлье” гэлээ.
“ХААЯА БАЙРНЫХАА ОРЧИМД МОД, ЗҮЛЭГ ТАРЬЖ, ӨВӨЛДӨӨ ЦАС МӨС ЦОХИЖ ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭНЭ”
Л.Раднаа гуай 1965 онд эхнэр Б.Пэлжээтэйгээ танилцаж, 1966 онд амьдралаа холбожээ. Ингэж Бугын САА гэдэг газар давхар өөрийн амьдралаа босгож, Раднаагийнх гэдэг нэгэн айл өрхөө татсан юм. Эхнэр нь Монголбанкинд насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Л.Раднаа гуай “Би амьдралын эх сурвалжаа эцэг эх, нутаг уснаасаа л олж авсан. Тэдний маань олгосон суурь, хүмүүжил ажилч, хичээнгүй, үнэнч шударга зан бүхий л амьдралын минь туршид баримтлах зарчим гэрэл гэгээ болж ирсэн. Тиймээс амьдралын үнэт зүйл гэвэл төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн эцэг эх, хайрлаж хамтдаа байсан гэр бүл хийж бүтээж чадсан хөдөлмөр минь байдаг гэдэгт ямагт итгэж явдаг хүн.
Би хөгшинтэйгөө 48 жил хамтдаа амьдарч хоёр охин, дөрвөн хүү төрүүлж өсгөж, мэдлэг боловсролтой иргэд болгон хүмүүжүүлсэн. Гурван хүүхэд маань багш болцгоосон. Зарим нь өөрийн гэсэн компаниа босгоод эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. Одоо би хэдий өндөр настай ч өвдөж зовох зүйлгүй нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн фэйсбүүк үзсэн шиг сайхан л амьдарч байна. Дутагдаж гачигдах зүйлгүй бага охины хамт амьдарч байна. Жаахан залуу байгаад тамиртайсан бол хийж бүтээх их л зүйл харагдах юм. Хааяадаа байрныхаа орчимд мод, зүлэг тарьж, өвөлдөө сайн дураараа цас мөс цохиж өөрийгөө сэргээдэг. Хүүхдүүд унаж бэртэнэ гээд бас өөрийн хүссэнээр байж болохгүй юм” гэж сууна.
Ийнхүү хүүхэд насандаа төрсөн нутгийнхаа өндөр өндөр уулсын бэлд ээжтэйгээ харсан буга хэмээн сүрлэг амьтан нь Л.Раднаа гуайн амьдралын “луужин” болно гэж хэн санах билээ дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.29 ДАВАА № 61, 62 (6538, 6539)