Хөрс хамгаалах бодлогоо нэгтгэн, халаглан суух бус хамтарч ажиллах цаг ирлээ

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.БАТЦОГТ

Сүхбаатар дүүргийн нутаг, Зуун айлын зах орчим амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалга хүлцэх хэмжээнээс тав дахин их байсан судалгаа бий. Тэнд барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг, худалдаа явуулдаг хүмүүсийг Налайх дүүрэг дэх парк руу шилжүүлэхээр судалгаа хийх явцдаа холбогдох албаныхан мэдсэн хэрэг. Гэхдээ энэ цочирдоод байх мэдээ биш. Нийслэл хотын хөрс бүхэлдээ бохирдож, үүний улмаас гамшиг нүүрлээд байна.

 

Хүнд металлын бохирдол стандартаас 10-20 дахин их агууламжтай

-Сүүлчийн 20 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар амтай бүхэн ярьж, хэлж, шат шатандаа сэргийлэх арга хэмжээ авч байснаас хөрсний бохирдлыг огт тоогоогүй гэж болно. Энэ талаар дорвитой үйл ажиллагаа явуулаагүй, бодит үр дүнгүй, бохирдлын түвшин буураагүйг уулзсан судлаачид, мэргэжилтнүүд байнга хэлдэг юм.

Хөрсний бохирдлыг хоёр төрөлд хуваан авч үздэг. Эхнийх нь микробиологийн бохирдол. Нийслэлийн хэмжээнд микробиологийн органик бохирдол нийт суурьшлын бүсийн хэмжээгээр 88 хувийн бохирдолтой байгаа юм. Товчхондоо төвийн зургаан дүүрэгт эрүүл хөрстэй талбай байхгүй гэсэн үг. Гэр хороолол инженерийн дэд бүтэц хөгжөөгүй, айл өрхүүд нүхэн жорлон, бохир усны нүхээ хүссэн газартаа ухдаг нь ийм хэмжээнд хүргэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 190 орчим мянган нүхэн жорлон бий. Үүний улмаас хөрс 50 мерт хүртэлх гүнд бохирдоод буй. Ялангуяа хөрсний өнгөн хэсэг буюу 3-5 метрт хамгийн их бохирдолтой байна. Үүнээс гадна Хог хаягдлын менежмент тааруу, шинээр баталсан хуулийн хэрэгжилт хангалтгүй нь ч үүнд бас хамаатай. Шүлс ч хөрсийг бохирдуулдаг гэдгийг дэлхийн эрдэмтэд хэдийнэ баталчихсан. Гэтэл Улаанбаатар хотод хог тээврийн үйл ажиллагаа хангалтгүй, хяналт сулаас хаягдлаар “дүүрсэн” гэж болно.

Хоёр дахь төрөл нь металлын бохирдол. Нийслэлийн төвийн болон үйлдвэрлэлийн бүсэд хөрсний хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс 10-20 дахин их байна. Суурьшлийн бүс дотроо техникийн зах, авто засвар, дагалдах материалын худалдаа эрх зөвшөөрлийг замбараагүй өгсний уршиг энэ. Жишээ татахад, нэг автомашины хуучин тосыг солиход 3-5 литр муу тос гардаг. Үүнийг байгальд хор хөнөөлгүй байдлаар устгах зохицуулалт манай улсад байдаггүй. Засварын газрууд муу тосоо хурааж байгаад л гуу, жалга руу урсгачихдаг. Тэгэхээр тухайн орчмын хөрс хэдэн зуун жилийн турш дахин сэргэхгүйгээр бохирдож байна гэсэн үг. Ерөнхийдөө хүн амын хэт төвлөрөл, хот төлөв­лөлтийн алдаа, холбогдох албаны буруу үйл ажил­лагаанаас хөрсний бохирдол үүдэлтэй гэж хэлж бол­но. Утаа шиг нүдэнд хараг­дахгүй хэрнээ түүнээс илүү ур­шигтай гамшиг Улаан­баатар хотын иргэдэд цаг минут тутам чимээгүй “занал­хийлж” байгааг дээрх хэд­хэн үзүүлэлт нотлох биз ээ.

 

2019 онд хот анх удаагаа хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөв баталсан

 

-Өнгөрсөн хугацаанд шат шатандаа хөрсний бохирдлын асуудлыг бараг л тоогоогүй. Уг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  2017 оны 03/03 дугаарт зөвлөмжид “Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн” гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах тухай заасан байдаг. Гэтэл холбогдох газрууд, албан тушаалтнууд үүнийг үл ойшоов.

Гэсэн ч НИТХ дахь Ардчилсан намын бүлэг, бидний нөхөд санаачлан 2017 оноос хөрсний бохирдлыг бууруулахад анхаарч, нөхцөл байдлыг ойлгуулахаар ажиллалаа. 2017 онд нийслэлийн төсөвт хөрсний бохирдлыг бууруулах талаар хөрөнгө суулгах байтугай Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, төлөвлөгөөнд хөрсний бохирдолтой холбоотой үг, өгүүлбэр ховор байсан. Тиймээс төлөөлөгчийн хувиар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад албан ёсоор хандаж эхэлсэн юм.

Тодруулбал, 2017 онд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг нийслэлийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж, тогтоол батлууллаа. Тус тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон зарлуулав. Олон арван жилийн турш бохирдсон хөрсийг нөхөн сэргээх, цаашид хэрхэн хамгаалахад олон нийтийн анхаарлыг уг асуудалд хандуулахад нэлээд дөхөм ажил болсон юм. Улмаар 2019 онд анх удаагаа төсөвт хөрс хамгаалах чиглэлээр төсөв батлуулсан. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  “Хөрсний бохирдлыг бууруулах урт, богино хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг байгуулах санаачлагыг хүргүүлэн, 2019 оны 11-р сард Тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 

Хоёр жил ярьсныхаа үр дүнд ЗАА бүтэцдээ Нийслэлийн “Хөрсний асуудал хариуцсан” мэргэжилтэй болсон

 

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар холбогдох бүхий л түвшний төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, салбарын эрдэмтэн, судлаачид төдийгүй оюутан залуустай хамтран цөөнгүй ажил, арга хэмжээ өрнүүлжээ. Үүний үр дүн ч гарч эхэллээ. “Нийслэлийн Засаг даргын Тамгийн газар бүтэцдээ хөрсний бохирдол хариуцсан цомхон нэгж байгуулах шаардлагатай” байна гэдэг саналыг удаа дараа хүргүүлсэн. Үр дүнд нь жил гаруйн дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцэд “Хөрсний бохирдол хариуцсан” нэг мэргэжилтний орон тоо батлуулсан. Бид “Хөрсний бохирдол” гэх чимээгүй тахлыг чимээ оруулах гэж, олон нийтийн дунд мэдээлэл өгөх, нөлөөллийн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн жил “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, ирсэн бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн ном, тохимол гаргаад байна.

 

Нэгдсэн бодлого, чиглэл дутагдаж байна

 

-Хөрсний бохирдлыг судалж, үүний улмаас өвчлөл хэрхэн өсөн нэмэгдэж байгааг сонсож цаашид ямар ажил хийвэл зохистой вэ гэдэг асуудлыг хөндөн судлаад үзэхэд асуудлыг төр талаас яг хэн, ямар байгууллага хариуцдаг нь тодорхойгүй байв. 2015 онд “Нүхэн жорлонгийн стандарт”-ыг баталсан. 2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэн найруулж, аюултай хог хаягдлын ангилал, бүртгэл зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэвч хуулийн хэрэгжилт бас л муу хэвээр байна. Тэгэхээр асуудал хариуцсан төлөвлөдөг, хянадаг, хариуцлага хүлээдэг төрийн нэгж, байгууллага байх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Анх 2017 онд зохион байгуулсан “Хөрсний бохирдол – Хотын шийдэл”  хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд энэхүү асуудлыг хөндөж байсан. Мөн тэд судалгаа, мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн бааз бий болгох шаардлагатай гэдэгт санал нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, гамшгийн хэмжээнд хүрээд буй хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд улс төрийн байр сууринаас хандах, дарга цэргийн ямба гаргах бус бүгд хамтран зүтгэх ёстой гэсэн үг.

Хотын төвтэй хамгийн ойр гэр хорооллын хаяа руу өнгийхэд л бидний ирээдүй болсон бяцхан хүүдүүд хогон дунд, бохир хөрс дээр  тоглож байгаа. Тиймээс цаашид бид хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгааллын асуудалд илүү анхааран, хамтарч ажиллах шаардлагатай юм. “Дэлхийн арьс” болох хөрсний нөөцийг зохистой ашиглаж, хөрсийг хамгаалахгүй бол эцэст нь шийдвэрлэх ямар ч боломжгүй болох вий гэдгийг эрдэмтэд удаа дараа сануулсаар байгаа. Эрдэс, органик матери, хий, шингэн ба тоологдошгүй олон организмуудын нийлмэл бөгөөд ургамал ургах орчин бүрдүүлж, усыг хадгалж, нийлүүлэх, цэвэршүүлэх хэрэгсэл болсон хөрсөө хамгаалахгүй бол халдварт өвчнөөс авхуулаад олон бэрхшээлтэй тулгарах нь энүүхэнд шүү гэдэг анхааруулга ч гэж үүнийг хэлж болно. Тиймээс хөрс хамгаалах тархай бодлогоо нэгтгэж, хамтарч ажиллах нь чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.7  ПҮРЭВ № 90 (6315)

 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

7 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

12 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

3 цаг 24 мин
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

10 цаг 30 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

10 цаг 30 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

10 цаг 30 мин
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

23 цаг 49 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

Өчигдөр 09 цаг 49 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

Өчигдөр 06 цаг 00 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

Өчигдөр 06 цаг 00 мин