
Др.проф Лувсандагвын Энхтайван
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн дарга
Өнөөдөр УИХ-аар Монгол улсын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой, миний үзэж байгаагаар Үндсэн хуулийн дараа орохоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Улс орон маань цөөхөн,харьцангуй боловсролтой, чадварлаг хүн амтай, ийм их баялагтай байж яагаад хөгжихгүй байна уу гээд бүгд л өөр өөрсдийн зүгээс тайлбарлаж байна. 2019 оны 5-р сарын 3-нд болсон “Монгол улсын хөгжлийн философи” хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхий сайдасан Д.Содном, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал зэрэг төр засагт хариуцлагатай ажил алба хашиж байсан, академич Т.Дорж, С.Нямзагд, Др.Б.Даш-Ёндонтэргүүтэй эрдэмтэн судлаач зэрэгхөгжлийн асуудалд сэтгэл зүрхээ зориулсан олон эрхэм хүндэт хүмүүс оролцсон. Уг хэлэлцүүлэгт Ерөнхий сайд асан Др.Д.Бямбасүрэн гуай улс орон хөгжихгүй байгаа гол шалтгааныг “Монголд улс орноо хөгжүүлэх уураг тархи алга” гэж оновчтой тодорхойллоо.УИХ-аар хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх тогтвортой бүтэц буюу хөгжлийн уураг тархи болох амин чухал асуудлыг дээрх хуулийн төслийн хүрээндхэлэлцэж байна.
Улс орныг урт хугацаанд хөгжүүлэх хэд хэдэн үзэл баримтлал, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, 1996 онд УИХ-аас баталсан “Монгол улс Хөгжлийн үзэл баримтлал 1996-2015”, 1998 онд Засгийн газар баталсан “XXI зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2021”, 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтот суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2021 он”, 2016 онд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг урт хугацааны бодлогын баримт бичиг, тэрчлэн 2001 онд мөн УИХ-аар баталсан “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, бүсүүдийн хөгжлийн стратеги зэрэг баримт бичгийг онцлон дурдууштай. Манай улсын хувьд олон баримт бичгийг УИХ, Засгийн газар баталдаг ч хэрэгжилт хангалтгүй явж ирлээ.1993 оноос урт, дунд, богино хугацааны 500 гаруй бодлогын баримт бичгийг УИХ болон Засгийн газрын түвшинд баталсан бөгөөд 2019 оны байдлаар эдгээрийн 170 орчим нь хүчин төгөлдөр байна.
2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд эдийн засгийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг урт, дунд болон богино хугацаанд хэрхэн хангаж хэрэгжүүлэх асуудлыг хуульчлан эрх зүйн орчинг тодорхой болгож өгсөн ч тууштай мөрдөгдөж хэрэгжихгүй байсаар өнөөг хүрлээ.
Манай олон эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд, төрийн шат шатны олон арван ажилтан нөр их хөдөлмөр зарцуулж боловсруулсан, УИХ болон Засгийн газраар батлуулсан урт болон дунд хугацааны үндэсний болон салбарын бодлогууд сайн хэрэгжихгүй байгаа нь олон шалтгаантай байна.Үүнд зарим гол шалтгааныг дурдвал:
-Төрийн албаны тогтворгүй байдал, бодлогын залгамж чанар хангалтгүй , шийдвэр гаргахад улс төрчдийн нөлөө хэт их байгаа, аливаа гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлдэггүй, хуулиа ч тэр бүр дээдлэн сахидаггүй, авилгал хээл хахууль зэрэг сөрөг үзэгдлээс болж эдийн засгийн бодлого тууштай, үр дүнтэй хэрэгжиж чадахгүй өнөөг хүрлээ. Үүний зэрэгцээ тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлдэггүй, байнга засч өөрчилж ирсэн нь бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг алдагдуулж байна. Тогтвортой мөрдөнө гэж УИХ-аараа батлуулсан 15-20 жилийн хөтөлбөрөө 2-3 жил болоод өөрчлөхийг оролдож буй нь манай улсад урт хугацааны битгий хэл дунд хугацааны хөтөлбөр тууштай хэрэгжихэд хүндрэлтэйг харуулж байна. 1996 онд УИХ баталсан 15-20 жилийн хөтөлбөр байхад 1998 онд Засгийн газраас дахин урт хугацааны хөтөлбөр гаргасан, 2008 онд УИХ-аас баталсан2021 он хүртэлх хөтөлбөр гаргасан байхад гуравханжилийн дараа 2011 онд 25 жилээр хөгжүүлэх хөтөлбөр гаргана гэж баахан ажил ундраасан, одоо ч 2016 онд баталсан өмнөх 2030 оны үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн оронд 2050 он хүртэлх30 жилийн хөтөлбөр гээд шуугиж байна.
-Улс орны амин чухал асуудал болох Хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги хариуцсан төрийн захиргааны тогтвортой бүтэцгүй, байнга өөрчлөгдөж ирсэн. 1990 оноос хойш хэд хэдэн удаа нэрээ сольж, татан буугдаж, дахин байгуулагдаж, эсвэл өөр яамдад хавсрага байдалтай, статусын хувьд яам эсвэл агентлаг хэлбэртэй ажиллаж ирлээ. Тухайлбал, Үндэсний хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар/ҮХГ/ зэрэг нэртэйгээражиллаж байв. Өөрчлөлт бүрт бэлтгэгдсэн боловсон хүчин, мэдээлэл, судалгаа, бодлогын материал, залгамж холбоо алдагдах, гадаад, дотоод харилцаа холбоо сулрах зэргээр чадавхи нь эрс суларч ирсэн. Өнөөдөр Үндэсний хөгжлийн газар агентлаг статустайгаар хүч чармайлт гарган ажиллахыг зорьж байгаа боловч салбарын бодлогыг уялдуулах эрх мэдэл дутмаг, Сангийн яамтай зарим ажил үүргийн хуваарь давхацсан, хөгжлийн болон эдийн засгийн нэгдсэн бодлогын олон асуудлууд өөр газар харьалалтай /СЯ, ЗГХЭГ, ГХЯ г.м./, тус байгуулагын хүний нөөц болон чадавхи сул, шинээр байгуулсан энэхүү байгууллагын үйл ажиллагаа тогтворжоогүй зэргээс шалтгаалан үр дүнтэй ажиллахад бэрхшээлтэй байна.
-Баримт бичгүүдийн боловсруулалтын шинжлэх ухааны үндэслэл тэр бүр хангалттай байж чадахгүй байна.Ихэнхдээ хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул, үндэслэл, тооцоо судалгаа нь хангалттай түвшинд хийгдээгүй, санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаж чадахгүй байна.Тэрчлэн хөгжлийн зөв зүйтэй бодлогыг хэрэг-жүүлэх арга механизмд сул анхаарч зарим талаар орхигдуулж ирсэн нь хөтөлбөр бодитойгоор биелэхэд сөргөөр нөлөөлж байжээ. Хөгжлийн стратеги, бодлогын шинжилгээний судалгааны хүчирхэг бие даасан, тогтвортой ажилладаг байгууллага байхгүйтэй энэ бүгд нь шууд холбоотой. Их дээд сургуулийн дэргэдэх судалгааны бүтцийн судлаачид нь гол төлөв багш нараас бүрдэж ихэнхдээ багшлах ажилдаа голлон анхаарч, улс орны хөгжлийн том асуудлаар тогтвортой судалгаа хийн гадаад, дотоодын байгууллагуудтай зохих түвшинд хамтран ажиллах боломж хомс байдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа.
-Засгийн газруудын мөрийн хөтөлбөр, түний хэрэгжилтэд анхаарууштай олон асуудал байна. Тухайлбал хөтөлбөртөө хэт олон зорилт дэвшүүлдэг, тэргүүлэх чиглэл, зорилт тодорхойгүй,судалгаа, үндэслэл муутай, хэрэгжихэд шаардлагатай хүний нөөц, чадавхи, цаг хугацаа, санхүүжилт, хариуцлагын механизмыг тодорхой тусгадаггүйгээс хэрэгжилт сул, тэрчлэн засгийн газруудын хөтөлбөрийн залгамж чанар муугаас өмнөхийнхөө эхлүүлсэн ажлыг үгүйсгэж, хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгох, он дамжсан олон бүтээн байгуулалтууд судалгаа, төлөвлөлт төдий үлдэх, санхүүжилт дутагдсанаас олон жил баригдаж дуусдаггүй.
-Хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд тулгуурсан салбарын бодлогуудыг тодорхойлохдоо хүрэх үр дүн тодорхойгүй, үр дүнг тооцох болон хянах шалгуур үзүүлэлтгүй, хэрэгжилтийг хянаж ард түмэнд тайлагнадаг тогтолцоо төлөвшөөгүй зэрэг дутагдлууд арилаагүй л байна.
Цаашид юу хийх ёстой вэ? Хөгжлийн бодлого стратеги тууштай , үр дүнтэй хэрэгжихэд Төрийн албаны хууль нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу төрийн албаны тогтворгүй байдал арилж, төрийн бодлогын залгамж чанар сайжирна гэж найдаж байна. Цаашид юу хийх вэ ?
1. Энэ бүх алдаа дутагдлыг засаж залруулан улс орныг амжилттай хөгжүүлэхэд юуны өмнө“Монгол улсыг хөгжүүлэх уураг тархи хэрэгтэй байна”. Хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги хариуцсан төрийн захиргааны тогтвортой ажиллах бүтцийг /агентлагаас дээш статустай/ бий болгож ,түүнийг өөрчлөн байгуулах асуудлыг хуулиар хориглох нь зүйтэй. Ийм тогтвортой бүтэц буюу уураг тархигүйгээр хөгжлийн стратеги, нэгдсэн бодлого тууштай хэрэгжих ямар ч боломжгүйг өнгөрсөн 30 гаруй жилийн гашуун туршлага харууллаа. Энэхүү бүтцийг тогтвортой ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэжҮХГ-ын дэргэдэх ШУ-ны Зөвлөлийн гишүүдүзэж Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын ажлын хэсэгт хандаж ирсэн. Энэ нь аль нэг салбарын юмуу тодорхой чиглэлийн түр зуурын асуудал биш Монгол улсын хөгжил, 3 сая гаруй иргэний эрх ашгийн асуудал мөн.
2. Монгол улсын маань хөгжлийн уураг тархи болох энэхүү бүтцийг мэдлэг чадвар, туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг дэс дараатай авах шаардлагатай.Хөгжлийн нэгдсэн бодлого, дунд урт хугацааны стратегийн асуудлаар судалгаа хийдэг, төр засгийн бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад тусалж дэмждэг, хүчирхэг, хараат бус судалгааны институтыг байгуулж тогтвортой ажиллуулах нь зүйтэй. Хараат бус, тогтвортой байдлыг хангах үүднээс Засгийн газар, ШУА-ын давхар харьяалалтай байх нь зохимжтой.
3. Батлагдан гарсан шийдвэр, хөгжлийн стратеги, бодлогын зорилт тууштай хэрэгждэг байх нь хамгаас чухал юм. Түүнийг үндэслэлгүй засварлах эсвэл мөрдөхгүй байх зэрэгт төлөвлөлтийн болон бусад хуулийн дагуу хяналт тавьж хязгаарлах шаардлагатай. Тэрчлэн төлөвлөлтийн тухай хуульд хариуцсан байгууллагуудын чиг үүрэг, зааг ялгааг тодорхой болгох, бодлого боловсруулалтын шинжлэх ухааны түвшинг дээшлүүлэх, нэр томьёог цэгцлэх шаардлагатай. Энэ чиглэлээр академич А.Бакей, Др/Sc.D/ Ц.Сүхбаатар нар санал боловcруулсан болно.
Дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги тогтвортой, тууштай хэрэгжих нь тавьсан зорилтыг амжилттай биелэхэд төдийгүй залуус хэрэгцээ шаардлагатай мэргэжлээ зөв сонгох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлээ оновчтой тодорхойлох, зээл тусламжийн бодлого ч илүү үр ашигтай байх гэхчилэн бүхий л салбарт чухал ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.7 ПҮРЭВ № 90 (6315)