
С.УЯНГА
Улс даяараа үндэсний үнэт зүйлсээрээ бахархаж, Чингисийн Монгол хэмээн омогшиж байх цаг дор Монгол бахархлын өдөртэй болох санааг Түүхийн хүрээлэнгийн Эзэнт гүрний түүхийн тасгийн эрдэмтэн нөхдийн хамт анх гаргаж өнөөдөр бидэнд түүхээрээ бахархах, судлах боломжийг нээж өгсөн доктор Ц.Минжинг энэ удаагийн дугаартаа урилаа. Түүний “Амьдралын тойрог”-оор аялахын өмнө бяцхан тодотгол хийхэд, Ц.Минжингийн “Их засаг” хуулийн судалгааны бүтээл бүх салбарын 800 номоос шалгарч 2009 онд Шинжлэх ухааны шилдэг бүтээл, 2012 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг хүртэж байсан юм. Мөн 25-хан насандаа аав С.Цэрэнбалтавтайгаа хамтраад “Тэмүжин-Чингис хааны намтар” хоёр боть номыг, аавынхаа үйл хэргийг өртөөлж 2006 онд гурав дахь ботийг туурвиж, Монголын түүхийн дундад зуун, төр, эрх зүйн түүхийн салбарт өөрийн нэрээ дархалсан эрхмүүдийн нэг юм.
Түүнтэй уулзахаар цаг товлоход Хууль сахиулах их сургууль дахь албан өрөөндөө урив. Өнгөрсөн хугацаанд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнтэй ажил амьдрал нь холбогдож ирсэн доктор бүсгүй сүүлийн гурван жил Хууль сахиулах салбарт хувь нэмрээ оруулж яваа аж. Ийнхүү Монгол бахархлын өдөр, Их засаг хууль, Эзэн Чингис хааны түүхийн талаар цагдаагийн формтой түүхийн ухааны доктор бүсгүйтэй ярилцсан юм.
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу өчигдөрхөн тэмдэглэн өнгөрүүлсэн Монгол бахархлын өдрийн талаар бидний яриа эхэллээ. Тэрээр “Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Эзэнт гүрний түүхийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байсан доктор А.Пунсаг, доктор С.Цолмон,доктор Ц.Энхчимэг, доктор Ц.Цэрэндорж бид хэд монголчууд эх түүх, эзэн хаанаараа бахархах өдөртэй болох нь зүйтэй гэсэн яриа биелэлээ олж, өнөөдөр бид энэ сайхан Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай боллоо. Монгол бахархлын өдрөөр бүх нийтээрээ амраад юм уу, нэг өдөр тэмдэглээд өнгөрөх биш, харин түүхээ тодотгох, үндэсний язгуур мөн чанарыг хойч үеийнхэндээ таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд, би монгол хүн, бидний үнэт зүйл Монголын тусгаар тогтнол гэсэн ойлголтыг гүн бат суулгахад ихээхэн ач холбогдолтой байх болно. Монгол ухаанд хүүхдийг 0-6 насанд нь сэтгэл суулгадаг, 6-12 насанд нь ахуй суулгадаг уламжлалт ухаан байдаг. “Хүн болох багаасаа, хүлэг болох унагнаасаа” гэдгийг өвөг, дээдэс минь зүгээр нэг хэлээгүй билээ. Энэ төлөвшлийнх нь үед Монголын түүхийн мэдлэгийг нас насанд нь тохируулан зөв таниулах, ойлгуулах хэрэгтэй. Түүх бол ирээдүйг харах толь. Түүхээ мэддэг хүн аль ч салбарт амжилттай ажилладаг” гэсэн юм. Түүнээс Чингис хаан гэж хэн бэ гэхэд “Чингис хаан бол Монгол эр хүн” гэж хариулсан юм.
СУУЖ СУРНА ГЭДЭГ СУДАЛГАА ХИЙХ ХАМГИЙН ТОМ СУРГУУЛИЙГ ААВААС СУРСАН
Ц.Минжин докторын бага нас хот, хөдөөг хослуулан өнгөрчээ. Түүний аав С.Цэрэнбалтав Сүхбаатар аймгийн Халзан сумынуугуул. Олон түмэн Цэргийн хүү киноны зохиолч, 1001 шөнийн үлгэрийн орчуулагч, Шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэн, Тэмүжин-Чингис хааны намтар зохиолын зохиогч гэдгээр сайн мэднэ. Тиймээс түүний судалгаа шинжилгээний ажлын гараа аавтай нь холбоотой. Тэрээр аав, ээжийгээ дурсахдаа “Дунд сургуульд байхад аав ээжид “Чи таван хүүхдээ ав. Би Минжинг авъя” гэж хэлж байсан. Аав эрдмийн ажлаа хийхдээ намайг хажуудаа ном бариулаад суулгачихна. Хүүхэд л болсон хойно хэчнээн босч гүймээр санагдсан ч аавын хажууд суухаар аяга таваг угаах, хоол хийх гээд гэрийн ажлаас чөлөөлөгддөг учраас ном унших дуртай. Аав тэгж л намайг суулгаж сургасан. Аав маань эрдэмтэн хүн толгой сайтай байхаас гадна суудал сайтай байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Сууж сурна гэдэг судалгаа хийх хамгийн том сургуулийг ааваас сурсан. Аав минь улсын айраг, түрүүтэй олон сайхан хурдан буян уядаг аймгийн алдарт уяач хүн байлаа. Бага ахтайгаа хамт Төв аймгийн Өндөр дов, Ногоон дов хэмээх газраар шар Сундуй, Дорнойн Сундуй хэмээх хоёр их алдарт уяачийнхтай айл бууж, морийг нь эргүүлж, үхэр, хонинд нь гүйж явсны хүчинд Монгол ахуйдаа суралцаж, олон сайхан морины хуучийг өвгөчүүлээсээ сонсдог байлаа. Энэ бол миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжтай он жилүүд байлаа.
Харин ээж С.Баярмаа Архангай аймгийн Хайрхан сумын хүн. Тогооч мэргэжилтэй. Аав судалгаа хийхдээ гэр хоолтой байна уу, хүүхдүүд нь хувцастай байна уу гэх зэргээр ахуйдаа санаа зовж байгаагүй учраас эрдмийн сайн бүтээлүүд гаргасан. Эрэгтэй хүн сайн явна гэдэг эхнэрүүд нь хоёр дахин хүчтэй байгаагийн шинж гэдэг. Ээж минь тийм л мундаг хүн байсан. Би шинжлэх ухааны салбарт аавыгаа өртөөлөөд ажиллаж байгаа ч ах, эгч нар минь бүгд өөр өөр мэргэжилтэй. Аавын маань эдийн засагч мэргэжлийг дунд ах, том эгч хоёр минь өвлөсөн. Том ах минь улс төрд, бага эгч минь хуульч болоод хувийн салбарт ажиллаж байхад бага ах минь аавын минь хурдан буяныг өвлөн одоо ч морьдоо уясаар байгаа” гэв.
Ц.Минжин арван жилийн сургуулиа төгсөөд Шихихутаг сургуулийг хуульч мэргэжлээр төгсч, дараа нь МУИС-ийн хуульзүйн сургуульд магистр хамгаалжээ. 2013 онд “Түүх бичлэг дэх Их засгийн судалгаа” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 2006 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажилд орохоор өргөдлөө барин очиход доктор Ч.Дашдаваа захирал анх хүлээн авчээ. Дундад зууны түүхийн салбарт хүчин зүтгэхдээ доктор А.Пунсаг, доктор С.Цолмон,доктор Ц.Энхчимэг, доктор Л.Ганбат, доктор Д. Анхбаяр, доктор Ц.Цэрэндорж нартай гар нийлэн хамтарч ажиллаж түүний ихэнхи бүтээл энэ хамт олны дунд байхад нь төрөн гарч, номын нөхдөөсөө их ч зүйл сурсан тухайгаа дурссан юм. Түүнээс яагаад хуульч хүн түүхийн салбар руу орсныг нь сонирхоход “ Нэгдүгээр курст Ж.Болдбаатар академич Монголын түүх гэдэг хичээл заадаг байсан. Асуултаа буруу ойлгож шалгалтдаа унаж аавдаа гомдоллоод, дахин шалгалт өгчихөөд гарахдаа Монголын түүх, тэр дундаа Чингис хааны байлдан дагууллыг, их засаг хуулийг илүү их сонирхон, судалж илтгэл, өгүүлэл бичиж эхэлжээ. Мөн тэр үед “Ардын эрх” сонинд Лигдэн гээд сэтгүүлч ахад Чингисийн баатруудын тухай арав гаруй цуврал өгч хэвлүүлсэн маань ч сонирхлыг минь улам хөглөж өгсөн. Хуулийн салбарт доктор Т.Мөнхжаргал, академич С.Нарангэрэл, доктор Д.Лүндээжанцан гээд олон мундаг хүмүүсээс их зүйлийг суралцсан. Эрдэмтэд бол хараад л суралцдаг тийм сайхан нөмөр нөөлөгтэй хүмүүс байдаг.
Цаг хугацааг товчлох сайн багшийг олно гэдэг хүний амьдралын хамгийн азтай бөгөөд хэцүү зүйл гэдэг. Түүн шиг би Шихихутаг сургуульд ороод Ж.Болдбаатар багшийгаа олсон нь дагшин түүхийн хаалгыг цэлийтэл нээж өгсөн багшийн минь буян хишиг. Манай оюутан цагийн андууд хууль, шүүхийн засаглалын тэргүүлэх байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Бид салбар салбартаа онц сурч байна даа” гэсэн юм.
МОНГОЛЫН ТӨР БАГА ХААДЫН ҮЕИЙН ТӨР ШИГ ҮЙМЭЭН БУЖИГНААНТАЙ БАЙНА
Сүүлийн гурван жил Хууль сахиулах салбарт хувь нэмрээ оруулж явна.
Ц.Минжин Их засаг хуулийг олон жил судалсны үндсэн дээр 2013 онд түүхийн ухааны докторын зэргээ хамгаалжээ. Тухайн үед доктор Д.Баярсайхан багш нь “Доктор гэсэн нэр хүндийг авч явна гэдэг доктор хамгаалахаас хэцүү зүйл байдаг юм шүү”гэж хэлснийг сэтгэлдээ чагтлан, үүнээс хойш муу бүтээл хийж болохгүй шүү гэдэг том сануулга хэмээн ойлгож байнга бодож явдаг байна.
Ц.Минжин Их засаг хуулийн судалгааны бүтээлээрээ Шинжлэх ухааны шилдэг бүтээл, Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг хүртсэн нь бүтээлийн даац, үнэ цэнийг тодотгоно. 2008 онд Германы Бонн хотын их сургуульд зочин судлаачаар, 2011 онд Австрийн Венийн хуулийн их сургуульд төр эрхзүйн түүхийн чиглэлээр зочин судлаачаар тус бүр зургаан сар ажилласан нь олон улсын эрдэмтэн судлаачтай өөрийн судалгаагаа гүнзгийрүүлэх таатай боломжийг олгож, Европын нэртэй том сургуульд ажилласнаар судалгаагаа олон улсад гаргах үүд хаалгыг нээж өгчээ. Венийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байхдаа Түүхийн жимээр Дорноос өрнө зүгт сэдэвт хялбаршуулсан бүтээлээ гаргаж байжээ. Түүнээс Их засаг хуулийг өнөөгийн хуулийн шинэчлэлтэй харьцуулан асуухад “Их засаг хууль бол өнөөдрийн ойлгодог хууль биш. Зарлиг, зарга, ёсны нэгдэл байсан юм. Өнөөгийн хууль болон хуульчилсан акт бол зарлиг, зарга нь шүүхийн президент, ёс нь зан заншлын буюу хэв хууль гэж ойлгож болно. Их засаг бүтээлийн амин сүнс нь “Их засаг бол зарлиг, зарга, ёсны нэгдэл юм” гэсэн ганц өгүүлбэрт шингэж болох юм. Үүнийг л судалгаагаар нотолсон явдал бол миний бүтээлийн үнэ цэнэ.
Монголын эзэнт гүрэн Их засаг хэмээх нэг л хуультай байсан хэрнээ улс гүрнээ захираад авч явж чадаж байсан. Одоо 300-400 хуультай болчихоод улс орноо авч явж чадахгүй байна. Их засаг хуулийн нэг гайхамшиг нь хүмүүсийн ахуйг хөнддөггүй. Эзлэгдсэн улсдаа эрхзүйн дээд хүчин чадалтай үйлчилж байсан. Эрэмбээрээ хамгийн дээд хууль зүйн хүчин чадалтай орой дээр нь байсан. Өнөөгийн Монголын төр Бага хаадын үеийн төр шиг үймээн бужигнаантай байна. Тухайн үеийн хямрал бужигнаанаас эв эеэр л гарч байсан. Өнөөгийн хямрал Бага хаадын үеийн, Манжийн үеийн, Богд хааны үеийн гээд цаг үе болгонд байсан. Үүнийг хэрхэн гэтэлж давсныг түүхээс олж харах ёстой. Түүхээ судалснаар өнгөрсөнтэйгөө зууралдаж байгаа явдал биш юм.
Орчин үед хүүхдээ хүмүүжүүлэхдээ “Чи бол удирдагч манлайлагч, шилдэг нь” гэх зэргээр бие хүний өөрийнх нь амьч шинж дээр давамгайлдаг бол нүүдлийн соёлын үед миний хүү найз нөхөдтэйгөө эвтэй байгаарай гэж зааж сургадаг байсан. Тоглоом нь хүртэл шагай, морь уралдуулах мэтээр хамтын тоглоом. Эв, эе гэдэг бага насанд нь суудаг. Өндөр дээд албан тушаалд оччихоод эв, эеийг ярих биш одоо цагт төрийн асуудлыг хэлэлцэхээс илүү ирээдүйн хүүхдүүдийнхээ асуудлыг хэлэлцсэн дээр юм байна гэж боддог. Өөрийнхөө хийж буй ажлаар жишээд үзвэл арван жилийн дараа хууль сахиулах байгууллага хүчтэй байх эсэх нь өнөөдрийн хичээлд сууж буй залуучуудаас хамаарна” гэсэн юм.
ТЭМҮҮЖИН ЧИНГИС ХААНЫ НАМТАР НОМ УНШИГЧДАД ОЮУНЫ ДҮГНЭЛТ ХИЙЖ ЗӨВ БУРУУ ГАРГАЛГААГ ЯЛГАХ БОЛОМЖИЙГ НЭЭЛТТЭЙ ТАВЬСАН
2002 онд Ц.Минжин доктор аавтайгаа хамтраад Тэмүүжин-Чингис хааны намтар хоёр боть номыг гаргажээ. Энэ бол Ш.Нацагдоржийн Чингис хааны цадиг номын дараа гарсан Чингис хааны намтарыг бүрэн эхээр гаргасан хоёр дахь ном юм. Тэр үед аав нь номон дээрээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилд зориулав гэж бичиж ард түмний өмнө амлалт өгсөн учраас гурав дахь ботийг нь гаргахаар 2006 онд Германаас ирсэн тухайгаа “Аав минь ард түмний өмнө амлалт өгсөн учраас гурав дахь ботийнхоо эх дээр бүтэн зургаан сар ажиллаад наадмаас өмнө гаргасан. Тэр жил германаас ирсэн шалтгаан ердөө энэ.
Аавтай хамт ном бичих явцад судалгаа хийж Өвөрмонголд очиход Чойжи багш “Түүхчид баримт түшдэг. Баримт байхгүй бол хананд тулаад зогсдог. Гэтэл та хоёрын энэ ном бол ханыг гэтэлж давжээ” гэж бидний номыг ихэд үнэлж байсан. Бид номоороо түүхэн эх сурвалжуудын бүх материалуудыг гаргаж ирээд уншигчид харьцуулаад оюуны дүгнэлт хийж, зөв буруу гаргалгааг ялгах боломжийг нээлттэй тавьсан. Тухайлбал, Чингисийн төрсөн он сар, газрын талаарх 25-26 эрдэмтний судалгааг бүгдийг нь жагсаасан. Заавал энэ бүх хүмүүсийн бүтээлийг уншихгүйгээр өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болж байгаа юм. Номыг хэвлэгдсэний дараахан нь уйгаржин бичгээр Өвөрмонголд хэвлэсэн” гэсэн юм. Мөн тэрээр Монголын түүх археологийн салбар дэлхийд танигдаж байр суурь олж, салбар салбартаа эрдэмтэд нь сайн ажиллаж байгаа ч төр дэмжиж дуу хоолойг нь сонсохгүй байгаад сэтгэл дундуур явдаг гэнэ. Тиймээс “Анги дотор нэг хүн өөрийнхөө хоолойгоор ярих, өсгөгч тавиад ярих хоёр өөр. Тиймээс төр засаг эрдэмтдэд өсгөгчийг нь тавьж өгөх хэрэгтэй. Гурван сая хүний хэд нь түүхч мэргэжилтэй, тэр дундаа мэргэжлээрээ ажиллаж байгаа нь хэд билээ гэхээр харамсалтай тоо гарна. Зөвхөн Монголын эзэнт гүрний түүхийн судалгаан дээр гэхэд мэргэшсэн судлаач гарын арван хуруунд багтана” гэлээ.
Түүний судалгааны бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхнаас сонирхуулахад, 2015 онд Түүхийн хүрээлэн болон бусад түүхч эрдэмтэдтэй хамтраад “Хубилай хаан ба түүний өв” ном, доктор Д.Баярсайханы удирдлага дор “Монголчууд морьтон дайчдын эзэнт гүрэн” хэмээх хамтын бүтээл гаргажээ.
ХСИС-д Ахисан шатны боловсролын сургуулийн захирал доктор, дэд хурандаа Мөнхболдын хүсэлтээр Аюулгүй байдлын хөтөлбөрийн менежер албан тушаалд анхлан томигдож мэдээллийн болон эдийн засгийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад хамтарч оролцсон нь эдүгээ анхны төгсөлтөө хийх гэж байна. Өнгөрсөн оноос Хууль сахиулахын удирдлагын академид шилжин томилогдож Аюулгүй байдлын стратеги, удирдлагын процессорын багт ахлах багшаар ажиллаж, аюулгүй байдлын салбарт эрдэм оюунаа зориулахаас гадна доктор М.Эрдэнэбаяр болон бусад судлаачидтай хамтран цагдаагийн байгууллагын түүх, эрх зүйн түүхийн талаар судалж байгаа гэнэ. Энэ тухайгаа Ц.Минжин доктор “Хууль сахиулах их сургуулийн удирдлагын сургуулийн захирал цагдаагийн хурандаа Ж.Ганбаатар болон хамт олон намайг дэмжиж, судалгаа хийх боломжоор хангаж өгдөг. Хичээл заахдаа албан тушаал юм уу, өөрийнхөө төлөө ажиллаагүй. Монгол Улсын төлөө ажиллаж байна гэж боддог. Өөрийнхөө хураасан өчүүхэн мэдлэгийг гаргаж хэлэх нээлттэй салбар байгаад нь баярладаг. Сүүлийн хоёр жил цагдаагийн байгууллагын түүхээр доктор хурандаа Эрдэнэбаяртай хамтраад ажиллаж байна” гэв.
АЯЛАЛ ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗӨВ ӨНГӨРҮҮЛЭХЭЭС ГАДНА ТАРХИНЫ АМРАЛТ, СЭРГЭЭЛТ БОЛДОГ
Судалгааны нөр их бүтээл, эрдмийн ажлын хажуугаар бие бялдар болон дугуй, уулын спортод багагүй цаг гаргадаг байна. Мөн гадаадын 20, эх орныхоо 21 аймгаар аяласан “мэргэжлийн” аялагч гэж түүнийг хэлж болно. Ц.Минжин доктор 2006 онд Германаас ирээд “Hardbody” фитнесс клубт арав гаруй жил тасралтгүй явж байгаа гэнэ. Түүнчлэн ууланд алхдаг Horizon клуб, уулын дугуйн спортынхонтой чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг тухайгаа “Фитнесс клубт арав гаруй жил явахдаа тууштай, тэвчээртэй, ажлын ачаалал даахыг сурсан. Хүний сайхан сэтгэл нөхөрлөлийг ч тэднээсээ олж хардаг. Номон дээрээс хайгаад ч уншиж чадахгүй содон сайхан яриа, хууч сонсч тархиа цэнэглэдэг. Долоо хоногийн ням гариг бүрт ууланд алхсанаар өөртэйгөө ажиллах цагтай болсон. Оргил уулын дугуйн клубынхантай Төв аймаг гээд хаа сайгүй дугуйн хол ойрын аялал хийдэг. Ер нь л хүүтэйгээ хамт аялах дуртай. Судалгаа хийдэг хүнд аялал чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхээс гадна тархины том амралт сэргээлт болж өгдөг “ гэсэн юм.
Мөн түүний нууц авьяас гэвэл Б.Буянжаргалын дуулсан “Санахгүй л гэсэн юмаа чамайгаа”, С.Эрдэнэцэцэг гавьяатын “Эр хүн чамайгаа хайрлая”, Ноён Бондгорын дуулсан “Сүүлчийн дурсамж” дуунуудын үгийг Б.Пүрэвсүрэн хөгжмийн зохиолчтой хамтран бичсэн юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин