Буддын гүн ухааны Жавзандамба хутагт төвийн сонсогч,
Дэчин овогт Донторын Бухбат.
Юуны өмнө эртний Энэтхэгийн алдарт Наландарын их сургуулийн их эрдэмтэн Шантидэва гэгээний "
Буддын шашны шинжлэх ухаан ба үзэл онолын хураангуй" хэмээх номыг гавьж С.Гантөмөр орчуулан, олны хүртээл болгож буй буянд даган баясая. Харин энэхүү номын нэрийн
хураангуй хэмээсэн энэ үг
нь товчилж хураангуйлсан гэсэн санаа бус
хурааж цуглуулсан гэсэн утга болохыг дурьдсу.
Иймд гэгээнтний
энэхүү бүтээлийг бид, Бурхан багшийн өөрийнх нь айлдвар болох Ганжуур болон Данжуураас Бурхны шашны шинжлэх ухаан хийгээд үзэл онолын хүрээнд хамрагдах агуулгуудыг сорчилж цуглуулсан ном хэмээн ойлгох ёстой. Үүнчлэн
тодорхой сэдвийн дор цуглуулж хураасан бүтээлийг Наландарын их эрдэмтэн Дэгнэга нар мөн туурьваж байсны зэрэгцээ Шиваалха гэгээний "
Судрын хураангуй" "
Суртхаалын хураангуй" нэртэй бүтээлүүд ч бас байдаг юм гэнэ лээ. Шантидэва гэгээнтний энэхүү бүтээл нь дээрхи
хураангуйлсан бүтээлүүдийнхээ 5-дахь нь гэдэг бөгөөд, одоогоор монгол хэлнээ хөрвүүлэгдсэн анхных нь бололтой.
Энэ бүтээлийг ном болгож гаргахад зориулсан
өмнөх үгэндээ Далай багш дараах агуулгуудыг айлдсан байна. Бурхны шашны ном бүтээл болон түүнийг судлаачдын талаар өнөөдөр дэлхий нийтэд: Бурхны шашны гол сургаал нь 108-н боть Ганжуур судар, түүний тайлбар болох 200-гаруй боть Данжуур бөгөөд эдгээр номлол бүтээлүүдийг зөвхөн Бурхны шашинтнууд, түүний дотор лам хуврагууд л үзэж судлах ёстой гэх хандлага давамгайлж байна гээд, Гэвч тийм биш болохыг, Бурхан Буддагийн өөрийнх нь айлдвараас ч мэдэж болох билээ, гэсэн байна. Тэрээр цааш нь, орчлон хорвоогийн зовлонгоос ангижирч, Бурхны хутгийг олох, үүний тулд зөв сайн ёс суртхууныг эрхэмлэх, хорвоо ертөнцийн мөн чанарыг зөвөөр ойлгож, зөв амьдрах, дараа төрөлдөө сайн заяанд төрөх зэрэг нь
энэ дэлхийн бүх хүмүүс-д яс үндэс, шашин шүтлэг, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгдээрэнд нь хамаатай бөгөөд жинхэнэ мөн чанарыг нь ойлговоос бүх амьтан үүн рүү зүтгэхүйц номлол сургаал юм гэжээ.
Төгс амгаланд хүрэхийн тулд сайн заяагаар дамжих учиртай. Хэдийгээр өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байгаа 7-н тэрбум гаруй хүний чухам хэдэн хувь нь урд хойд насыг хүлээн зөвшөөрч, муу заяанд унахын аюул болон сайн заяанд төрөх боломжийн аль аль нь
өөрт нь байдгийг ухаарч ойлгодог нь тодорхойгүй ч, бүхнийг айлдагч Бурхны хутаг буюу бүхнийг чадагчийн төвшин гэж байгаа хийгээд төрөл дамжин дэвшин ариуссаар түүнд хүрч болохыг
хэн ч ойлгох боломжтой юм, гэсэн байна.
Ташрамд дурьдхад Далай багш, Бурхны айлдсан "
зарлигийн аймаг" буюу Ганжуурыг нарийвчлан судалсны үндсэн дээр,
түүнд 1-рт,
Бурхны шашны шинжлэх ухаан, 2-рт,
Бурхны шашны үзэл онол, 3-рт,
Бурхны шашны анхаааран авлага гэсэн 3-н үндсэн бүрдэл байгааг олж тогтоосон байдаг. Ганжуур нь дотроо
судрын ба
тарнийн аймаг гэж байх бөгөөд энэ хоёр хоёулаа дээрхи 3-н бүрдэлд задарна гэсэн үг. Ялангуяа Ага тарнийн ёсонд
Буддын шашны шинжлэх ухааны асуудал гүнзгий судлагдсан байдаг аж. Тэнд юмс үзэгдлийн талаархи судалгааг, 1-рт,
суурь буюу юмсын
оршихуй ёс, 2-рт,
мөр буюу
зорчих зам, 3-рт,
үр буюу
илтэд болгох ёс хэмээн авч үздэг бол, Судрын ёсонд суурь хэмээх ойлголтын дор
хоёр үнэн-ийг, мөр буюу зочих зам нь
арга билэгийн хослол, харин үр нь
Бурхны хоёр лагшин байх болно хэмээсэн байдаг билээ. Харин
Буддын шашны шинжлэх ухаан гэдэг сэдэв нь дээрхи ангилалын
суурь буюу юмсын оршихуй ёс - үзэл онол гэсэн хэсэгт хамаарч байгаа болно.
Тоймчилвол
тарнийн болоод судрын ёсны СУУРЬ хэмээх ойлголтонд ертөнц хийгээд бидний бие цогцосын бүтэц зохион байгуулалтын асуудлууд хамаарагддаг. Ага тарнийн ёсонд хүний биеийн оршин тогтнол нь
судал, дусал, хий гэсэн 3-н элементэд тулгуурладаг хэмээн үзэж, эдгээр нь гадаад орчинтойгоо хэрхэн зохицдог болохыг авч үзэж судалдаг бол,
судрын ёсны хоёр үнэний наад талынх болох
янагуух үнэний хүрээнд: юмсын наад оршихуй ёс хийгээд тэдгээрийг бодьгалын 5-н мэдрэхүйгээр мэдрэх байдал болон
6-дахь мэдрэхүй гэгдэх сэтгэлээр мэдрэх ёсыг нарийвчлан судалж, юмсын мөнх бус байдал, цаашид материйн хамгийн жижиг хэсэг хүртэл задрах мөн чанарыг авч үздэг бол, цаад буюу
үнэмлэхүй үнэний хүрээнд: эдгээр юмс нь
огт оргүй мэт хоосон бөгөөд зөвхөн шүтэн барилдаж оршдог тухай болон бүхий л юмс, түүний дотор цаг хугацаа ч харьцангуй болох зэргийг үзэж судалдаг байна. Эндээс Судрын хийгээд тарнийн аль ч ёсны
судлаачид нь заавал бурхны шашинтан байх албагүй нь тод харагдах бөгөөд
Буддын шашны шинжлэх ухааны ололт амжилт нь нийт хүн төрөлхтөний оюуны өмч байх ёстой нь ч мөн ажиглагдана. Харин Судрын хийгээд тарнийн ёсны
анхааран авлага нь лам хуврагууд болоод тодорхой төвшний бурхны шашинтнуудын хэрэг юм.
Өрнийн шинжлэх ухаан юмс үзэгдлийг
үзэгдэх байдал буюу
материаллаг талаас нь авч үзэж судалдаг бол дорнын мэргэд альваа юмс үзэгдлийг
хүмүүний сэтгэлд өртөгдөх байдал талаас нь судалдаг хэмээн хэлж болно. Гэхдээ энд Дорныхон юмсын гадаад байдлыг огт хайхардаггүй гэвэл тийм бишийн адил, өрнийнхөн ч хүмүүний оюун санааны талыг огт орхидоггүй, гагцхүү тэр лүү хандсан тухайлсан судалгааг бага хийдэг л гэсэн үг.
Аргын хувьд ч өрнийн судлаачид юмс үзэгдлийг юуны өмнө тухайн цаг үеийн
техник технологийн ололт амжилтанд тулгуурлан судалдаг бол дорнын мэргэд хүний
оюун санаа хэмээх гайхамшигтай багаж хэрэгсэлийг өвөрмөц байдлаар ашиглан судалгаагаа явуулдаг байна. Дорнын судлаачид хүмүүний оюун сэтгэхүйг 4-н ухаанд задлан судалдаг. Эндээс харахад Буддын шашны шинжлэх ухааны
судалгааны аргыг авч хэрэглэх тухайд ч заавал буддын шашинтан байх албагүй нь бас тодорхой юм.
Тодруулваас, буддын шашны шинжлэх ухааны судалгаачид нь,
өөрсдийн судалгаагаа шагшабад буюу ёс суртхуун, зөв амьдрах арга ухаанд тулгуурлан явуулдгаараа онцгой болохыг нь энд зориуд дурьдах ёстой
. Ялангуяа өнөө цагт ихээр тулгамдаж байгаа
, аль нэг байдлаар бусдад хор хохирол учруулахгүй байх, харилцан бие биедээ энэрэхүй нигүүлсэхүйн сэтгэлээр хандаж сурах-д суурьласан нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц ёс суртхууны хэм хэмжээ
нь альваа шашин сурталтай огт хамаагүй юм. Далай багш үүнийг "
Шашин сурталтай хамааралгүй сайн явдал" хэмээн нэрлэсэн байдаг.
Харин хүний
бие-д учирч буй зовлон бэрхшээлийг арилгах хөнгөвчлөх чиглэлд өрнийн шинжлэх ухаан өнөөдөр гайхамшигтай амжилтад хүрсэн боловч, хүмүүний
дотоод сэтгэлийн зовлон шаналалыг арилгах тал дээр тэд дорвитой ахиц гаргаж чадахгүй байна. Гэтэл
хүмүүний амьдралд гадаад орчин гэхээсээ илүү, дотоод сэтгэлээс нь шалтгаацсан зовлон шаналал илүү их байдаг бөгөөд үүнийг төгс төгөлдөр номлосон нь гагцхүү Бурхны шашин болохыг Далай багш энэхүү өмнөтгөлдөө онцолжээ.
Үүний дээр
Бурхны шашны шинжлэх ухаан нь, эх болсон 6-н зүйлийн хамаг амьтны аз жаргалыг бүтээхийг зорьдгоороо онцгой болохыг ч энд
цохлон хэлэх учиртай. Хүнийг, амьдралдаа сэтгэл хангалуун буюу
аз жаргалтай байдал талаас нь судлахаар огт өөр үр дүн гардаг бөгөөд
сэтгэл хангалуун аз жаргалтай байх боломж, гагцхүү хүмүүний өөрийнх нь гарт байдгийг өрнийхөн одоохондоо олж хараагүй байгаа юм. Сүнс буюу оюун санаа энэ биеэ орхилоо ч дараагийн биеийг авч явдагт итгэх төвшинд тэд хүрээгүй байгаа учраас
хүмүүний амьдралыг ердөө энэ насны сайн сайхнаар төсөөлж хязгаарласнаас мухардалд ороод байгаа тухай Далай багш энэхүү бүтээлийн удиртгалд зориулсан өмнөх үгдээ мөн дурьдсан байна.
Харин 20-р зууны эхэн үед: шинжлэх ухаан хөгжихийн хирээр, нийгэмд шашны гүйцэтгэх үүрэг роль улам багасна хэмээн үзэцгээж байсан өрнийн эрдэмтэд өнөөдөр,
буддын шашны шинжлэх ухаан, түүний сэтгэл судлалд онцлон анхаарал хандуулдаг болжээ. 1970-аад оны эхээр Далай багш барууны эрдэмтдэд хандаж, хамтарсан конференци зохион байгуулах санал тавихад ихээхэн тоомжиргүй хандаж байсан
тэд, Далай багш өөрийн санаачлагаар оролцсон анхны эрдэм шинжилгээний хуралд
шүтэн барилдахуй-н талаар тавсан илтгэлийг нь сонсоод
түүнийг үнэхээр гайхан биширцгээсэн гэдэг. Харин эдүгээ жил бүр Энэтхэгийн Дармсала-д болдог хамтарсан эрдэм шинжилгээний хурлаас өрнийн эрдэмтэд үлэмж сэтгэл хангалуун буцдаг болсон гэнэ лээ.
Миний үг тайлбар маш бага орсон энэхүү өгүүлэлийг, номоо бүрэн хөтлүүлж өндөрлөсний дараа бичъе гэж бодож байсан ч "
Шашин сүм хийдийн тухай" хууль хэлэлцэгдэж эхэлсэн болон
ноён Баабар,
доктор Д. Чулуунжав нарын нийтлэлүүдийг олж үзсэнтэйгээ холбогдуулан ийнхүү тэрлэв. Буддын шашныг, өрнө дорнын бусад шашинтай адилтган үзэх боломжгүй талаар хожим өгүүлэе.
Эх сурвалж: www.polit.mn