
С.УЯНГА
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Аймгийн хөгжлийн тулгуурыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Сэлэнгэ аймаг 2018 оныг “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх” жил болгон зарлаж аймгуудаас анх удаа “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт”-ыг зохион байгууллаа. Аймгийнхаа хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, орон нутгийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх замаар аймаг, орон нутгийг хөгжүүлж иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх үндсэн бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн.
Аймгийн 29912 өрхийн тал хувь нь хөдөө аж ахуйн чиглэлээр өрхийн аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Тиймээс хөгжлийн тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл юм. Мөн улсын хэрэгцээт үр тарианы 60 орчим, төмсний 28, хүнсний ногооны 36 хувийг дангаар бэлтгэж, газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад тэргүүлэх байр сууриа өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Аймгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд газар тариалангийн үйлдвэрлэл зонхилж, уламжлалт бэлчээрийн арга голлож эрчимжүүлэлт нэмэгдэх идэвхжих хандлага бий болж, мал аж ахуйн салбар салшгүй дагалдах байр суурийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд мал сүрэг 141.2 мянган толгойгоор буюу 5.6 хувиар буурсан байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн малчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг зорьж байгаагийн нэг илрэл юм. Өнөөдрийн байдлаар малын 183 эрчимжсэн аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй мал аж ахуйн салбараас зах зээлд 135.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байна вэ?
-Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлохоор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 39 бодлогын баримт бичиг хэрэгжүүлэхээр тусгаснаас 22-ыг нь боловсруулж, орон нутгийн салбар бүрийн хөгжлийн бодлого зорилтоо тодорхойлсон нь аймгийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн таатай орчны суурийг тавьсан гэж хэлж болно. Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох санал Засгийн газраас дэмжигдэж, хөдөө аж ахуйн салбарыг олон улсын жишигт нийцсэн цогцолбор байдлаар хөгжүүлнэ. Өнөөгийн үнэлгээгээр 293.3 тэрбум төгрөгийн мал амьтад хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж байна. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан эрхлэх бүс нутаг болохын хувьд малын тооноос илүү чанарыг чухалчилж, мал эмнэлэг, малын эмч, боловсон хүчнийг дэмжиж, нэг эмчид ногдох малын тоо толгойг 50 хувиар бууруулан эрүүл малтай, мал, амьтны өвчингүй статустай бүс нутаг болно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээсэн, боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийн анхан шатны хэрэгцээг хямд үнэтэй бүтээгдэхүүнээр тогтвортой ханган иргэдийнхээ ашиг, орлогыг нэмэгдүүлсэн аймаг болохыг зорьж байна.
-Төрийн албаны залгамж чанарыг хадгалах, бодлогыг үргэлжлүүлэх ажил хэр хийж байна вэ?
-Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн төрийн залгамж чанарыг хадгалж, үе үеийн аймгийн удирдлагуудын төрийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллаж, хилийн бүсийн давуу талаа түшиглэн аймгийн гадаад харилцааны уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түншлэлийг өргөжүүлж, гадаад харилцаанаас хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч эдийн засагжуулах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн албаны залгамж чанарыг хадгалсан, шинэ санаа, шинэлэг ажлыг эрэлхийлсэн өрсөлдөх чадвар бүхий төрийн байгууллагыг орон нутгийн бүх шатанд бэхжүүлнэ.
Мерит зарчимд тулгуурласан төрийн албыг бэхжүүлж, хүний нөөцийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэн чадвартай, мэдлэгтэй төрийн албан хаагчид бүхий суралцагч байгууллагыг төлөвшүүлэх юм. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний тогтолцоог хөгжүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, чирэгдэлгүй, цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүргэх цахим засаглалын зорилтыг тууштай хэрэгжүүлэн иргэдэд ойрхон төр байх болно. Тухайлбал, хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдийн эрх зүйн мэлэг боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг өргөжүүлж, Сүхбаатар, Мандал суманд ажиллаж байгаа Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг Алтанбулаг, Сайхан, Ерөө, Цагааннуур суманд нэмж байгуулах, Сүхбаатар, Мандал, Сайхан суманд Хууль зүйн клиник сургалтын төв байгуулах, гэрч хохирогчийг хамгаалах стандартын байрыг ашиглалтад оруулж, хууль зүйн туслалцааны чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-Орон сууцжуулах, иргэд рүү чиглэсэн хөгжлийн бодлогыг сонирхуулбал?
-Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог орон нутагт бэхжүүлж, нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахын тулд тавьсан бодлого, зорилтуудаа хэрэгжүүлэн ирээдүйн дүр зургаа тодорхойлсон. Иргэдийнхээ орон сууцны нөхцлийг сайжруулах, засварлах, гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд шат дараатайгаар холбох асуудлаа тууштай хэрэгжүүлж иргэдийнхээ тогтмол зардлыг бууруулна. Зам, тээврийн сүлжээг хатуу хучилттай болгох асуудлыг шуурхай хэрэгжүүлж иргэдийнхээ эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц бодлогыг барьж ажилласан түүчээ аймаг болно гэсэн зорилт тавьсан.
-Ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар ажил хийж байна вэ?
-Үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг татаж ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлын төвшинг бууруулна. Засгийн газрын 21 аймагт 100 үйлдвэр байгуулах ажлыг аймагтаа урьдчилаад хэрэгжүүлэхийг зорьж байна. 17 сум, зургаан тосгондоо жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг авч өгнө. Сумдын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргыг туршлага судлуулна. Өөрөөр хэлбэл, нүдээрээ харж байж манай суманд ийм ашиг өгнө гэдгийг гаргаж ирэх ёстой. Тухайлбал, Түнхэлд үртэс, Шаамарт ногоо савладаг цех байж болно. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд үйлдвэр, уурхай байгуулах биш өрх бүрээ орлоготой болгоно. Хонины нэхий 1000 төгрөгийн ханштай байгаа ч боловсруулчихвал зах зээл, хэрэглээ байна. Энэ маягаар өрх бүрийн ажлын байрыг нэмэгдүүлнэ.
-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хэр анхаарч байна?
-Аялал жуулчлалын чадвар чансаа дэд бүтцийн асуудлыг дээшлүүлж, аймгийнхаа онцлогт тулгуурласан иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Аялал жуулчлалын иж бүрэн цогцолборыг байгуулан зарим сумыг аялал жуулчлалд түшиглэсэн цэгцтэй, ээлтэй хот болгон хөгжүүлнэ. Хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн шаардлагыг хангасан паркийг байгуулж, төвийн бүсийн хамгийн том “Соёл, амралтын хүрээлэн”-тэй болохоор төлөвлөсөн. Дэд бүтцийн салбарт ногоон хөгжилд суурилсан, инноваци шингэсэн, хэмнэлттэй технологи бүхий ухаалаг тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн, боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усаар хангагч байгууллагуудын үйлчилгээний үнийг тогтмол хэмжээнд барьж иргэдэд дарамт шахалтгүй болно. Ази, Европыг холбох газар зүйн онцлог байрлалаа ашиглан тээвэр ложистикийн үйлчилгээг хөгжүүлэн эдийн засгаа солонгоруулах бодлогыг хэрэгжүүлнэ. 50 мвт-ын Дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, цахилгаан эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин