
Т.САЙХАН
Өнгөрөгч долоо хоногт “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн онцлох ярилцлагуудыг тоймлон, гол ишлэлийг хүргэж байна.
С.Ганбаатар: “Рио-Тинто”-той дахин хэлэлцээр хийвэл бид баталгаатай ялна
Оюутолгойн Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас мөрдөн шалгаад байгаа билээ. Энэхүү гэрээг Монголын ард түмэнд ашиггүй, луйврын гэрээ болсон гэдгийг МАХН-ын дэд дарга С.Ганбаатар тухайн үед нь ярьж мэдэгдэж байсан хүний нэг.
-Овоо доо, энэ эх баригч намууд. МАНАН-гийн зарим нөхөд ухаан орж эхэлсэн байна. Үүнд баярлаж байна. Гэхдээ гуниглаж байгаа зүйл нь ард түмнийг заавал ингэж ядууруулж, зовоож, 25 тэрбум ам.долларын өрөнд оруулан байж ухаан орох байсан юм байх даа.
-Оюутолгойн луйврын гэрээний талаар би 14 жил ярьж байна. Энэ гэрээг хийхдээ анхнаасаа эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдөр монголчууд Норвеги шиг сайхан амьдрах байлаа.
-Дубайн гэрээг яг байгуулангуут нь олж авч байлаа. Монголд нэг ч хүн мэдээгүй байхад тухайн компанийн сайтаас нь аваад УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Ч.Сайханбилэг биднийг 4.2 тэрбум ам.долларын өрөнд орууллаа. Олон улсын 15 банкны барьцаанд Монголын газар нутгийг тавьчихлаа шүү дээ” гэж мэдэгдсэн.
-Ийм аймшигтай зүйлийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй бүлэглэл хийж байлаа. Тэд дуугарах ёстой хүмүүсийн амыг барьж байсан. Одоо хэзээ ч орж ирэхгүй 2.4 тэрбум ам.долларын өрийг монголчууд бид төлнө.
-Намайг ийм баримттай зүйл ярьсны төлөө Ч.Сайханбилэг Босоо Ганбааг хэвтэй болгоно гэх мэтээр хэвлэлээр бичиж сүрдүүлж байлаа.
-Баабар тэргүүтэй бүхэл бүтэн PR-ийн бүлэг миний эсрэг ажиллаж байсан. Үнэндээ бид тэмцэж байсан учраас Рио-Тинто PR-ийн багаа санхүүжүүлж байсан.
-Уул уурхайн асуудал дээр монголын ард түмэн яагаад байнга ялагдаж байдаг вэ гэхээр ганцхан шийдвэр гаргагч нар хулгайч болохоор биш юм. Тэднийг тойрон хүрээлэгчид, монголын шударга бус сэтгүүлчдийн арми ийм байдал үүсгээд байна.
-Тухайн үед МУИС, ШУТИС-ийн уул уурхайн эрдэмтэд, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн яагаад дуугараагүй байгаа юм. Тэд магадгүй “Оюутолгой”-гоос мөнгө, эсвэл жаахан төсөл аваад чимээгүй болсон байх.
-Бидний үр хүүхэд өнөөдрийн амьдарч байгаа бидэнд голоо харлатал гомдоно. Тэр үед ганц нэгхэн хүн тэмцэж байсан гэж бичихгүй. XXI зууны монголчууд өөдгүй, эрдэмтэд нь амиа бодогчид байжээ гэж хойч үе минь харна.
-Бидэнд бэрхшээл олон бий. Гэхдээ надад гарц байна. Нэгдүгээрт эрдэмтэд, сэтгүүлзүйн салбарынхан монголын ард түмэн бүгдээрээ нэг цул болж, эх орныхоо төлөө нягтарч нэгдмээр байна.
-“Рио-Тинто”-д худалдагдсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр мэтийн худлаа дүр эсгэгч улстөрчдийг үнэндээ өрөвдөж байна.
-УИХ, Засгийн газрын хэмжээнд энэ асуудлыг ярилцаад, Олон улсын шүүхэд хандаж, Рио-Тинтотой дахин хэлэлцээрт суух ёстой. Хэлэлцээрт суусан тохиолдолд бид баталгаатай ялна.
-Зоригтой байл даа. Оюутолгойн уул уурхайн гэрээ зогсчих юм шиг бодож магадгүй. Зогсоосон ч Монголын талд ямар алдагдалтай юм. “Рио-Тинто”-гийн гэрээнээс ашиг хүртдэг улстөрчид л хохирч магадгүй.
-Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийнхөөн эх орныхоо өмнө нүгэл хийхээ зогсоогоод шууд тэндээс хаяад гарч ирэх ёстой.
-Эндээс С.Ганбаатар гэдэг хүн нэг кг зэс ч авах гээгүй. Үр дүн нь Монгол орон өргүй болно.
Тавантолгойг бас ч гэж гадныханд алдаагүй байна. Монгол луйварчинд алдчихсан байгаа. Тэрийг бас засах ёстой.
-Намайг хүчтэй алхалт хийх гэхээр зарим улстөрч айж татаж унагах бодлого барьж эхэлдэг. Энэ С.Ганбаатар 14 жил ярьж байгаа учраас энэ гэрээ Монголын ард түмэнд ашигтай болчихвол тэрний ялалт болох гээд байна гэсэн арчаагүй бодолтой болчихсон.
Д.Бат-Ундрал: Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн хагалгааг төр бүрэн хариуцдаг болъё
П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч Д.Бат-Ундралтай ярилцжээ. Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна.
-Зүрхний төрөлхийн гажиг хэзээ ч эмчлэгдэхүй гэсэн ойлголттой хүмүүс, зарим эмнэлэг ч ингэж хэлж байдаг нь харамсалтай. Эмчлэгдэж болно.
-Зүрхний олдмол гажиг гэдэгт зүрхний хавхлагын гажигтай, зүрхнээс гарч байгаа судасны эмгэгүүд орно. Захын болон төвийн том судсуудын эмгэгийг манайд эмчилж байгаа.
- Венийн судасны эмгэгийг ч эмчилдэг. Жилд 200 гаруй зүрхний нээлттэй мэс засал, мянга гаруй судасны хагалгаа хийдэг.
-Жирэмсэн байхдаа тамхи татах, дэглэм барихгүй, эмчийн хяналтад орохгүй байх зэрэг нь зүрхний гажиг үүсэхэд нөлөөлж байна.
-Агаарын бохирдлоос үүсгэвэртэй амьсгалын замын, вирусын халдварт өвчнөөр өвдөх нь хүүхдэд зүрхний төрөлхийн гажиг үүсэх шалтгаан болдог.
-Хэрэв төрөлхийн гажигтай төрвөл мэс засал хийхээс өөр аргагүй. Төрөлхийн гажгийг дотор нь энгийн ба нийлмэл гэж хоёр ангилдаг. Энгийн гажгууд болох тосгуур хоорондын таславчийн цоорхой, зүрхний таславчийн цоорхойг эмчлэх, оношлох асуудал манай орны нөхцөлд шийдэгдсэн гэж болно.
-Титэм судасны нарийсал нь судасны хатуурлаас шалтгаалж сүүлийн үед элбэг тохиолдож байна.
-Эрүүл мэнд нь тухайн хүний гарт байдаг. Жишээ нь, 40 жил өдөрт 20-30 ширхэг тамхи татаж, эрүүл мэндээ, биеэ хайрлахгүй яваад түүнийгээ хүндрүүлчихээд манайд ирдэг. Энэ тохиолдолд стент тавих боломжгүй, мэс засал хийхэд ч хүндрэлтэй, дээр нь маш их эрсдэлтэй болсон байдаг.
-Санаа зовоож байгаа бас нэг асуудал бол Монголд хүүхдийн ямар нэгэн мэс засал үнэгүй гэдэг ч манай зүрхний мэс заслын чиглэлд ар гэр нь 25 хувиа заавал төлдөг. Үүнийг болиулаасай.
- Бид хэдий мэс засал хийх үүрэгтэй ч санхүүгийнхээ боломжоос шалтгаалан өвчиндөө шаналж байгаа хүүхдүүд, хүмүүсийг хараад өрөвдөхөөс өөр яах ч арга алга.
С.Дэмбэрэл: Шинэчлэл хийж чадвал татварын бааз өснө
Энэ удаагийн “Бизнес хөгжил” буланд УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлийг урьжээ. Түүний ярилцлагаас сонин содон санаануудыг онцолж байна.
-Эдийн засаг өсч байгаа эсэх нь жирийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаагаас шууд хамааралтай.Хүмүүсийн ярих дуртай өнөөх долоон буудлын Должин эмээгийн орлого нь амьдралдаа хүрэлцэж байгаа эсэхээс хамаарна гэсэн үг. Түүнээс монголчууд бүх нийтээрээ Оюутолгой, Тавантолгойгоос амьдрал нь шалтгаалж байгаа мэтээр ойлгож болохгүй.
-Одоогийн нөхцөл байдлыг харвал, хүмүүс зээлтэй, зарим үед хэрэглээгээ хангахын тулд өр тавих замаар шийдвэрлэж байгаа юм. Тэгэхээр энэ нь эдийн засгийн сэргэлтийг илэрхийлэхгүй.
-Эдийн засгийн өсөлтийг хоёр толгой хөдөлж байгаа эсэхээр тооцоолж болохгүй. Жинхэнэ эдийн засгийн сэргэлт жирийн иргэний амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаагаас хамаарна.
-Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ, арьс ширний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гээд ярьж, хэлэлцэж, шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Малчдаас малын хөлийн татвар авах тухай ярьж байгаа. Үүний зарцуулалт хаашаа чиглэх вэ гэдгээс эхэлж болно.
-Малчдаас авсан татварыг банкаар дамжуулан зөвхөн малчдад өгөх зээлийн хүүг бууруулах хөшүүрэг болгох нь зүйтэй.
-Хэрэв энэ оны эхний хагас жилд татварын шинэчлэлийг хийж чадвал сүүлийн хагас жил болоод ирэх оны эхний хагасаас эхлэн эдийн засаг сэргэх хандлага гарвал энэ Засгийн газар маш том ажлыг амжуулсан гэсэн үг
-Хоёр хөршийн эдийн засгийн бодлого гадаад тал руугаа чиглэсэн нээлттэй байдаг. Бид хоёр том гүрний дунд гуравхан сая хүн амтай “одой” улс шүү дээ. Тэгэхээр хөршүүдийнхээ зах зээл рүү уусч орохын тулд мэрсэн, мөлжсөн байдлаар ажиллавал үр дүнд хүрнэ.
-ОХУ руу нөөшилсөн мах гаргадаг компани лаазыг нь оросоос авдаг юм байна. Гэтэл тэр лаазнаас нь татвар авна гэдэг юм билээ. Тэгэхээр лааз хийхийг төрөөс нь шаардаж байна гэсэн үг шүү дээ.
-Би танхимын дарга байхдаа худалдаа ба үйлдвэрлэлийг хэзээ ч сөргүүлж тавьж байгаагүй. Чөлөөт худалдааны үр дүнгээр монголчууд хожиж байгааг үгүйсгэж болохгүй. Импортын өрсөлдөөн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг хөшүүрэг шүү дээ.
Эх сурвалж: www.polit.mn


