Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж

2018-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Түрүүч нь https://www.polit.mn/wordpress/?p=29751 Тугалхүүгийн БААСАНСҮРЭН Сэтгүүл зүйн судлаач, доктор, профессор -Ерөнхийлөгчөөс 60 тэрбумын болоод У.Хүрэлсүхийг чагнасан тагнасан асуудалд цэг тавихыг шаардаж Ерөнхий хяналтын сонсгол явуулахыг УИХ-ын даргад шаардсаныг сонинууд талархан хүлээж авч уншигчиддаа хүргэжээ. Тэгэхдээ шударга байх, алагчлахгүй ажиллахыг Ерөнхийлөгчид сануулж  280 сая ам.долларын төмөр замын гэгдэх асуудлаар мөн адил хяналтын сонсгол явуулах шаардлагатай гэсэн байна. -Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Бурмааг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг нийгэм талархаж хүлээж авахгүй таагүй хандаж байгааг сануулжээ. Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайд аль аль нь амлалтаа мартаж болохгүй. Ард түмэнд сонгуулиар амласнаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэж анхааруулсан байна. -ХАР ХҮЧ буюу МАНАН-гийн бүтэц үзүүрээсээ эмтэрч нурж унаж байгааг мэдээлж, шударга бусын хонгилыг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр цэвэрлэх хэрэгтэй. Ингэж хэлж ярьж, ард түмэнд амлаж гарч ирсэн. Түүнийгээ ягштал хэрэгжүүлэх ёстойг хатуухан сануулж анхааруулсан байна. Хэрэв энэ амлалтаа мартвал ирээдүйн карьер нь бүдгэрнэ гэдгийг нуусангүй. -МАХН-ыг хагалан бутаргах үйл ажиллагаа зогсохгүй үргэлжилж байгааг  зарим сонинд шүүмжилж мухардмал байдлаас гарах зөв гарц бол шинэ Үндсэн хуулийн төсөл юм гэдгийг онцолсон байна. Хуурмаг нэмэлт өөрчлөлт хэрэггүйг анхааруулжээ. -Монголд шударга ёс алдагдаж байгаа нь хэлмэгдүүлэлт үүсэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг нэг биш судалгааны дүн харуулж буйг жишээ нь “Зууны мэдээ” сонин нийтлэлээрээ зориуд сэрэмжлүүлсэн байна. -Эхнээс нь Ухнаагийн Хүрэлсүхийг илэрхий дэмжсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд урам хугарч эхэлсэн тухай, тохиролцооны Засгийн газрыг байгуулсныг буруушаан шүүмжилж байгааг төвийн сонинууд нилээд тод томруун тусгажээ. Шүүмжлэл УИХ-ыг тараах шаардлагад хүртлээ тэлж өргөжсөн байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын тухай сэдэвт сонинууд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулжээ. -МАН доторх шинэчлэгчдийн хүчин зүтгэл, хөлс хөдөлмөрийг тэмцэгчид нь биш, харин бэртэгчингүүд нь хүртлээ гэж шүүмжилсэн сонин цөөнгүй байна. Тодотголгүй, тохиролцооны Засгийн газар ажилдаа орлоо гэж мэдээлсэн байна. 2017 оны 7-10 дугаар сарын өдөр тутмын сонинуудад дээрх сэдвээр гарсан нийтлэлүүдийн агуулгаас дор дурдсан үндсэн зарим дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:  
  1. МАН парламентын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 65 суудал авсандаа хэтэрхий бяралхаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хялбархан ялна хэмээн тооцоолсон нь том алдаа эндүүрэл болжээ гэдгийг онцгойлон онцолсон байна. Дашрамд дурдахад МАН-ын дарга 28 дугаар их хуралдаа тавьж хэлэлцүүлсэн улстөрийн илтгэлдээ үйл ажиллагаандаа гаргасан 9 үндсэн дутагдлыг зааж нэрлэсэн байна лээ. Санал нийлэх ба нийлэхгүй зүйл аль аль нь байсан.
  2. Парламентын сонгуульд ялсан намын дарга нь Засгийн газраа толгойлон ажиллаж Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж иргэд сонгогчдынхоо итгэлийг биелүүлдэг ардчилсан улс орнуудын нийтлэг жишгийг зөрчиж М.Энхболд УИХ-ын дарга болж, өөрийн дуулгавартай гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулсан нь ухаалаг улстөрчдөөс гарч боломгүй уучилж болшгүй улстөрийн том алдаа болсон нь тодорхой байна.
Энэ нь тус намын доторхи ил, далд фракциудын зөрчил тэмцлийг хурцатгаж намын дарга хууль тогтоох болоод гүйцэтгэх засаглалын дээд эрх мэдлийг аль алийг хамтатган  барьж байна гэсэн дургүйцлийг дэвэргэв. Нийгэмд болохоор МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдын суудлыг илэрхийгээр голж өөрийгөө Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгуулахаар бэлтгэж эхэллээ хэмээн шууд ойлгогдов. АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржтой шадарлан нөхөрлөж АТГ зэрэг хууль хяналтын байгууллагын дарга нарыг өөрсдийгөө тойрон хүрээлэгч хүмүүсээр томилон бэхжүүлж эхэлсэн нь нам дотроо төдийгүй монголын нийгэмд хорь гучаадхан олигархи гэр бүлийн эрх ашгийг үхэн хатан хамгаалсан МАНАН-гийн хязгааргүй эрх мэдэлт засаглал өв залгамжлан үргэлжлэх нь байна гэсэн эгдүүцэл дургүйцлийг нэмэгдүүлсэн байна.
  1. МАН-ын удирдлагууд, түүний дотор намын дарга Миеэгомбын Энхболд өөрөө хүн амын доторхи санаа бодлын илэрхийллийг үл тоомсорлож, янз бүрийн эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан социологийн судалгаанд ямар ч ач холбогдол өгөлгүйгээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амин хувийн явцуу эрх ашгаа урьтал болгож, өрсөлдөх боломжийг бусдад олголгүйгээр шууд намын даргаараа түрий барин эрх мэдэлдээ дулдуйдан нэр дэвшсэн нь “өөрөө өөрийгөө оршуулах авсны нүхийг урьдчилан ухаж зэхсэн”-тэй яг адилхан хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болов.
Энэ нь сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуулиудад Засгийн эрх баригч улстөрийн хүчнийхэн хэтэрхий дураар авирлаж төрийн бүх шатны байгууллага, хууль хяналтын байгууллагууд хийгээд СЕХороог өөрсдийн талд дайчлан ажиллуулж санасан үр дүндээ хүрэх болсон бузар булай луйвартай нэг талаар шууд холбоотой боловч нөгөө талаар МАН-ын Удирдах Зөвлөл, намын дарга М.Энхболд өөрөө нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 331 сум дахь намын анхан шатны байгууллагын хэвшиж тогтсон бүтэц бүрэлдэхүүн, гишүүд дэмжигчиддээ найдахын хамт өөрт байгаа асар их хөрөнгө мөнгөний хүчинд шууд дулдуйдсан хэрэг байлаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ба АН урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тийм их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан нь үүнийг нотолно. Ингэхдээ иргэдийн, ялангуяа Монгол оронд сүүлийн 27 жилд бүрэлдэн буй болсон залуу сонгогчдын санаа сэтгэлд гарч буй их өөрчлөлтийг зөв, гүйцэд тооцож чадсангүй.
  1. Монголын нийгмийн оюун санаанд ийм гүн гүнзгий өөрчлөлт гарсныг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн их тод харуулав. Улс төрийн гурав дахь хүчин-МАХН-аас нэр дэвшсэн, өөртөө өвлөж хуримтлуулсан хөрөнгө мөнгөгүй төдийгүй төр захиргааны байгууллагуудын зүгээс ямар ч тус дэмжлэггүй, харин ч хатуу ширүүн хавчилт шахалтын дор ард иргэдээсээ хандив гуйж өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатарт бараг хагас сая сонгогчид МАН ба АН-ын нэр дэвшигчдээс санал болгосон алтаар гоожсон амлалтууд, төгрөг мөнгөнд хуурталгүйгээр өөрсдийн саналыг өгсөн нь үүний маргашгүй баримт нотолгоо мөн. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль Монголын түүхэнд анх удаа хоёр үе шаттайгаар болж өнгөрсний учир шалтгааныг гагцхүү эндээс эрж хайх нь зөв буй заа. “Ард түмний түрлэгийг түр зуурынх гэж эндүүрүүзэй” гэж төвийн нэг сонинд бичсэн сэтгүүлч Ц.Ганбаттай миний бие санал нэгдэж байгаа болно.
  2. МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатар Монголын улстөр-сонгуулийн сунгаанд шинэ соёл, шинэ уур амьсгалыг авчирсан гэж хэлж болохоор байна. Тухайлбал:
-Анх удаа ард түмнийхээ хандиваар сонгуулийнхаа зардлыг босгож чадав. Луйвар, дээрмийн мөнгөөр уралдсангүй. Энэ бол маш том соёл, ардчилсан нийгэмд байх ёстой, цаашид өвлөн үргэлжлүүлбэл зохилтой үнэт зүйл мөн. -Анх удаа тэрбээр ард түмэнтэйгээ 9 зүйлт гэрээ байгуулж сонгуульд өрсөлдөв. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм ийм үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ гэдгээ уг гэрээгээр үсэг зурж баталгаажуулав. “За гэвэл ёогүй” гэсэн зарчмаар ажиллав. -Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд тэрбээр өндөр зохион байгуулалттай хүчирхэг эрх баригч хүчинд ялагдсан ч дараагийн шатанд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулинд цагаан дээр хараар тов тодхон бичээстэй байдаг нэгэн заалтыг амь оруулж хэрэгжүүлэв. Үүнийг иргэд сонгогчдын ихэнх өмнө нь мэддэггүй байсан юм. Монголчууд 2017 онд анх удаа “Цагаан сонголт” байж болдог юм байна гэдгийг мэдэж мэдрэв. Сайнхүүгийн Ганбаатарын уриалгыг дагаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хоёр дахь шатанд бараг зуун мянган иргэн МАН ба АН-аас нэр дэвшигчийн алийг ч дэмжихгүйгээ илэрхийлж саналын хуудсыг дугуйлалгүйгээр хайрцганд буюу хар машинд цагаанаар нь хийжээ. Эл туршлага 2017 оны аравдугаар сард нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хотын ИТХ-ын даргыг сонгох явцад ахин давтагдсан нь “Цагаан сонголт” хүмүүсийн ухамсарт хүрч нэвтэрснийг харуулж байна. Энэ бол иргэдийн сонгох, эс сонгох эрхийг эрхэмлэн дээдэлсэн нэн чухал заалт. АН парламентад олонхи болж засгийн эрхийг барьж байхдаа Сонгуулийн тухай хуульд ийм өөрчлөлт оруулсан юм. Ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл болсон иргэдийн энэхүү сонгох, эс сонгох эрхэд эрх баригчид өнөөдөр бүдүүлгээр халдаж Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх гэж байж тун болзошгүй байна. МАН-ын өмнөх дарга М.Энхболд үүнд ихэд эгдүүцэж 28 дугаар их хуралд тавьсан улс төрийн илтгэлдээ “Сүүлчийн сонгуульд “цагаан сонголт” гэсэн нэгэн шинэ хэлбэр гарч ирлээ. Энэ арга цаашид даамжирвал Ерөнхийлөгчийн сонгуульд хортой үр дагавар учруулж мэднэ гэдгийг одооноос бодолцох учиртай... сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг ч бодлогын түвшинд анхаарах шаардлагатай” гэсэн нь анхаарал эрхгүй татаж, яах нь вэ гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж буй. -Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа С.Ганбаатар бараг бүх аймаг, хотод очиж иргэд сонгогчдод “Баярлалаа” гэж хэлэв. Ялсан нь биш ялагдсан нь ард түмэндээ баярлалаа хэмээн талархлаа илэрхийллээ. Үүнийг жижиг зүйл гэж харж болохгүй. Их том соёл юм.
  1. Сүүлийн 27 жилийн турш засгийн эрхийг тасралтгүйгээр ээлжлэн барьсан МАН ба АН-д итгэх иргэдийн итгэл ихээхэн алдагдаж эхэлснийг, өөрөөр хэлбэл МАНАН-гийн бодит аюулыг нийгэм бүхлээрээ ойлгон жигшиж зэвүүцэж байгааг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль их тод харуулав. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нийгэм, төрийн нэрт зүтгэлтэн Дашийн Бямбасүрэн гуай сонгуулийн үр дүнг хараад гурав дахь улс төрийн хүчин байсан МАХН Монголын улс төрийн гурван том хүчний нэг боллоо гэж огт санамсаргүй ч хэлээгүй болов уу. Энэ үнэн эсэхийг 2020 оны УИХ-ын болоод 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль харуулна.
  2. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн МАН-д хуримтлагдаж булагнасан идээ бээрийг гадагшлуулсан гэж хэлж болно. Энэ нам бат цул эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэл байхгүй хэмээх үлгэрийг үгүй болгож таягдан хаяв. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тэмцлээр дээд цэгтээ хүрч эрчлэв. Өнгөц шалтаг шалтгаан нь 60 тэрбумын болоод Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесийг чагнасан, тагнасан гэх үйл явдал. Углуургаар нь уудлан илчлэх юм бол Миеэгомбын Энхболд, Цахиагийн Элбэгдорж, Санжаагийн Баяр нарын /ар талд нь Багабандитангууд байдаг гэж зарим хэвлэлд тэмдэглэдэг/ гурвалжингаас ангижран салахыг хүссэн УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг доторхи гол төлөв залуу гишүүдийн санал санаачилга, хүсэл эрмэлзлээс үүдэлтэй. “Зууны мэдээ”, “Өдрийн сонин” зэрэг төвийн хэвлэлд үүнийг “хар хүчин” буюу МАНАН-тай хийсэн тэмцэл гэж тодорхойлжээ.
МАНАН-г үүсгэн улмаар хөгжүүлж бэхжүүлэгч “загалмайлсан эцэг” нартайгаа хамт хол явлахгүй гэдгийг МАН-ын ч, АН-ын ч залуу лидерүүд ойлгож мэдрээд эрэлхэг зоригтойгоор ийнхүү тэмцэж эхэлсэн нь яах аргагүй сайн зүйл. Үүнийг эдүгээ цаг үеийн өөрчлөлт шинэчлэлтийн сэвэлзүүр зөөлөн салхи гэж ойлгох учиртай. Гэхдээ МАНАН бүрмөсөн нурж унаагүй байна. Мөсөн уул зөвхөн оройгоосоо халцарч ханзарч эхэлж байна гэж ойлговол зохино. Хүнд хүчир, амь дүйсэн тэмцэл тэднийг хүлээж байгаа. Санжаагийн Баяр тангараг өргөсөн төрийн албан хаагч болсон хойноо ч Монгол Улсын хууль тогтоомжийн заалтыг үл хэрэгсэж МАН-ын 2016 оны УИХ-ын болоод  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ч гардан удирдсан баримт хуучраагүй байна. М.Энхболд, Т.Бадамжунай, Д.Хаянхирваа, Ц.Элбэг­дорж, Д.Эрдэнэбат нар 2017 оны долдугаар сарын 18-19-нд Хөвсгөлийн эрэг дээр нууц уулзалт хийлээ гэж цахим сайт, зарим сонинд мэдээлсэн нь ч нэгийг хэлээд буй хэрэг. Норовын Алтанхуягийн нэгэнтээ хэлсэн шударга бусын коридор бүрэн цэвэрших яагаа ч үгүй байгааг хаа хаанаа гүйцэд ойлгоход илүүдэхгүй буй заа.
  1. МАН доторх эрх мэдлийн төлөөх тэмцэлд энэ удаад Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй шинэчлэлийн талынхан ялав. Тэрбээр хэдийгээр Ерөнхий сайдын эрх мэдлийн төлөө зарим хэвлэлийн бичиж байгаагаар хэтэрхий яаравчилсан байж болох ч энэ бүхэн эрт, орой хэзээ боловч хийгдэх ёстой ажил байв. Тэр тэмцэл нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулга ялсан цаг хугацаатай нийлж нэгдэж давхцав. Ямар ч байсан 2017 онд Монголын төрийн тэргүүнд, тэрчлэн гүйцэтгэх засаглалын оройд шинэ хүмүүс гарч ирэв. Тэд ард түмний хүлээлт, хүсэл эрмэлзэл дээр дөрөөлж гарч ирсэн нь хөдөлшгүй үнэн бодит баримт юм. Хэлснээ битгий мартаарай Ерөнхий сайдаа, амласнаа ажил болгоорой Ерөнхийлөгчөө гэж өдөр тутмын сонинуудад бичиж байгаа нь гүнзгий үндэслэлтэй юм. Нийгэмд томоохон хүлээлт үүсгэсний илрэл. “Өнөөдөр шинээр сонгогдсон, томилогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд хоёроос ард түмэн хамгийн түрүүнд коридорын цэвэрлэгээ хийхийг л хүсч байна. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр сая сонгогдохдоо энэ сэдвээр л зогсоо зайгүй ярьж гарч ирсэн. Та хоёр бүр хариуцлагатайгаар энэхүү аймшигт коридорын талаар ярьж гарч ирсэн шүү. Одоо тэгээд энэ бүхнээ хийж хэрэгжүүл, коридорыг цэвэрлэх ажилдаа цаг алдалгүй ор. Чадахгүй бол шалавхан тонилцгоо гэж хэлмээр байна” гэж “Өдрийн сонин” шаарджээ /2017.10.09. № 198 /2895/          (Л.Түвшинсайхан. “Коридорын цэвэрлэгээ”)
Үүнийг зөвхөн “Өдрийн сонин”-ы анхааруулга гэж үзэж болохгүй. Энэ бол Монголын ард түмэн, иргэд сонгогчдын дийлэнх олонхийн хүсэл бодол юм.
  1. Сонгууль бол зөвхөн ялалт биш. Амлалт ба түүний биелэлт, хэрэгжилт юм. Иргэд сонгогчдын нэхэл хатуу гэдгийг огтхон ч мартах учиргүй биз. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын уриа “Эвтэй Монголын төлөө”. Харин АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн уриа “Монгол ялна”. МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарынх болохоор “Өөр гарц байна. Бидэнд итгэ” гэсэн уриатай сон­гуульд оролцсон. Уриа бол тухайн нэр дэвшигчийн үзэл бодол, үйл ажиллагааны зорилгын хураангуйлсан илэрхийлэл юм.
Нэр дэвшигчид уриа лоо­зонгоо өөр өөрсдийн­хөөрөө л иргэд сонгогчдод тайлбарлацгаасан. Аль алийг нь өөлж баалж шүүмжлэх зүйл надад үгүй. Тэгэхдээ нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болшгүй нь. Ямар ч сонгуулийн гол уриа, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн агуулга нь бага ангийн боловсролтой иргэдэд ч ойлгомжтой байх ёстой гэсэн бичигдээгүй хуулийг дэлхий нийтээрээ дагаж мөрддөг алтан дүрэм байдаг юм билээ. Энэ утгаар авч үзэх юм бол Халтмаагийн Баттулгын “Монгол ялна” уриа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байв.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг сургамж үүнд оршино. Нэг талаас ойлгож ядаад байх  юмгүй мэт атлаа нөгөө талаас оньсого таавар шиг сонирхолтой сонсогдож байна. Энэ бол МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын эсрэг сөргүүлэн тавьсан уриа. “Би хольцгүй монгол, харин чи хольцтой” хэмээн шууд уншигдаж байгаа юм. Ардчиллын замд шилжээд 27 жил болох хугацаанд Монгол Улс урд хөршөөсөө хэтэрхий хараат болж хувирчээ. Эдийн засгийн хараат байдал 90 хувьд хүрсэн нь улстөрийн тусгаар тогтнолд шууд аюул заналхийлэл учруулж байна гэж өдөр тутмын сонинуудад ахин дахин  бичиж анхааруулах болжээ. ОХУ-тай ойртох бус зай барьж холдсоныг олон хүн шүүмжилж байна. Ийм нөхцөл байдалд АН-аас нэр дэвшигчийн сонгуулийн гол уриа нүдээ яг олсон гэж хэлж болно. Хэрэв МАН-ын пиарчдад бага зэрэг сийрэг ухаан бас бяцхан ч атугай зориг зүрх байсан бол нэр дэвшигчийнхээ гарал үүслийг нууж хааж халхалж далдлах бус харин ил тод илэрхийлэн хэлчих ёстой байлаа. Тэд тэгж чадсангүй, тэр нь иргэд сонгогчдын эгдүүцэл дургүйцлийг  багагүй төрүүлжээ. Санжаасүрэнгийн Зориг, Санжаасүрэнгийн Оюун нар миний өвөг эцэг шар Дамдинсүрэн хэмээгч орос хүн байсан гэдгийг хэзээ ч нууж хааж байгаагүй билээ. Тэглээ гээд тэдэнд хэн ч муу юм санаагүй. Тэгж яривал Монголын ард түмэн интернациональч үзэл санаагаараа дэлхийд тэргүүлнэ үү гэхээс хоцорч  баас түүнэ гэж огтхон ч үгүй. “Муу нуухаар сайн илчил” гэсэн монгол ардын мэргэн үг бий.
  1. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад цаашид ахин давтаж болохгүй, дахин тэвчиж барахгүй муу муухай зүйлс олон гарав. Монголын түүхэн дэх хамгийн том хар пиарын сонгууль болж өнгөрлөө гэж өдөр тутмын сонинуудад тодотгон бичсэн нь бодит үнэн.
60 тэрбумын хэргийг илчилсэн 90 минутын бичлэг, 280 сая ам.долларын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдолтой гэлцэх хэрэг, Говь-Алтай болоод Дорноговь аймагт машин машинаар ачин зөөж яваад цагдаад баригдсан их хэмжээний бэлэн мөнгө, гаднын буюу солонгос иргэний оролцоотой гэх тодотголтой 50 сая вонын хандив, хэн илгээсэн нь үл мэдэгдэх АКА-47 автомат бууны гурван ширхэг сумтай дугтуй... Зах зухаас нь нэрлэхэд энэ. Сонгууль өнгөрсөн гээд энэ бүхнийг эзэнгүйдүүлэн орхиж мартагдуулж болохгүй. Прокуророос 60 тэрбумын болоод  280 сая ам.долларын хэргийг хэрэгсэхгүй болгосныг ард түмэн хамгийн хурцаар эгдүүцэн шүүмжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  60 тэрбумын хэрэг явдлыг дарж далдалж буйд дургүйцэж  ил тод нээлттэй сонсгол явуулахыг шаардсаныг иргэд ихээхэн дэмжиж, тэдний зарим нь 280 сая ам.долларын үнэ өртөгтэй гэлцэх төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар ч бас дээрхийн нэгэн адил нээлттэй сонсгол зарлах ёстой гэж шаардаж буйг төвийн сонинуудад мэдээлжээ. Авдар авдраар ачиж явсан сая сая төгрөг ул мөргүй усанд хаясан чулуу адил алга болсонд олон хүн гайхаж эргэлзсэн хэвээрээ байгаа. Сайнхүүгийн Ганбаатарын давж заалдаж буй  50 сая воннын шүүх хурлыг хүмүүс анхааралтайгаар ажиглан харж байна. Түүний төрүүлж өсгөсөн гурван охиных нь тоогоор илгээсэн АКА-47 автомат бууны 3 ширхэг сумыг хэн, хаанаас яах гэж, ямар зорилгоор илгээв, тагнуул, цагдаагийнхан таг дарж нууцалж буйн учир юу вэ гэж чимээрхэн чагнаж байна. Энэ бүгдэд эрх баригчид ил тод хариулт өгөх үүрэгтэй. АНУ-ын Тагнуулын төв газрынхан ОХУ-ын хакерчид Монгол Улсын  2016 оны парламентын сонгуульд  зориудаар нөлөөлсөн гэж дэлхий дахинаа зарлачихаад байхад,  60 тэрбумын хэрэг явдлыг илчилсэн  90 минутын бичлэг дотор нийслэл Улаанбаатар хотын МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй хар машины учрыг бид олчихсон шүү дээ даргаа хэмээн М.Энхболдод баярлан хэлж байгаа бичлэг олон нийтэд аль хэдийнэ ил тод болчихоод байхад Сонгуулийн ерөнхий хорооноос эхлээд хууль хяналтын байгууллагууд, тухайлбал цагдаа, тагнуулынхан ус балгасан адил дув дуугүй сууж байгаа нь тун хачирхалтай. Эдгээрийг ил тодоор зарлан мэдээлж, учрыг олж хужрыг тунгаахгүйгээр далдалж нууцлан өнгөрөөх юм бол дараа дараагийн сонгууль шударга явагдана гэсэн ямар ч баталгаа байхгүй юм.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг гашуун сургамж чухам үүнд оршино.
  1. Өдөр тутмын сонинуудын өнгөрсөн дөрвөн сарын дугааруудын нийтлэлд задлан шинжлэл хийж үзэхэд Монголын улс төрд хорь гаруй жил амь бөхтэй явж ирсэн олигархи цөөнхийн мафижсан төрийн цайз хэрмийг задлан нураах хэрэгтэй, тэгэхгүйгээр Монгол Улсын хөгжлийн зам шуудрахгүй гэсэн санаа их тодоор тусгалаа олжээ. Шударга бусын хонгил оройгоосоо нурж эхэллээ. Хонгилыг босгосон хоёр гол хүний нэг нь хугацаагаа дуусгаад буулаа. Нөгөөх нь Ерөнхийлөгч болж шударга бусын хонгилоо үргэлжлүүлэн хамгаалах гээд бүтсэнгүй. Бүлэглэлийн засаглал нуран унаж байна. Тэгэхдээ л хууль хяналтын байгууллагад нэгэнт бий болсон хонгил нь амь бөхтэй байж л байна гэх зэргээр бичжээ. Үүнийг бүрмөсөн арилгаж коридорыг цэвэрлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас шаарджээ. Чадахгүй бол үтэр түргэн зайлцгаа гэж бичихээс ч зарим сонин буцсангүй.
Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын засаглалын орой дэх Цахиагийн Элбэгдорж, Миеэгомбын Энхболд, Санжаагийн Баярын гурвалжинг Халтмаагийн Баттулга, Ухнаагийн Хүрэлсүх нар өөрсөддөө шилжүүлэн хүлээж авлаа. Үүн дээр Миеэгомбын төлөөлөл болсон Т.Бадамжунай зэрэг хулганы нүхээр ч орж гарч чаддаг овжин зальжин улстөрчид шургалан нэмэгдэж  болзошгүй. Тэгвэл Монголын улс төрд шинэ МАНАН үүснэ. Тэр МАНАН хэр зэрэг өтгөн буюу шингэн байхыг цаг хугацаа харуулна гэсэн сэрэмжлүүлэг болгоомжлол бас өдөр тутмын сонинуудын хуудсанд үзэгдэж эхэллээ. Үнэн буюу үгүй гэж батлан хэлэхэд өнөөдөртөө арай эртдэж мэднэ. Гэхдээ оргүй хоосныг сонин хэвлэлээр шуугиулдаггүй юм. Монголын улс төр дэх МАНАН-1 бүр өтгөн МАНАН-2-оор солигдож байгаа бол түүн шиг эмгэнэлтэй бөгөөд гунигтай зүйл үгүй. Ийм зүйл хэрэв болбол эцсийн эцэст энэ нь “Хувьсгалт хүчирхийлэл”-д хүргэх зам харгуйг л засч бэлтгэж өгнө гэсэн үг юм. Хүсэх зүйл яавч биш. Монголын ард түмний заяа буян өндөр гэсэн нэг үг бий дээ. Өнгөрснөөсөө зөв сургамж авч, ирээдүйгээ итгэлтэйгээр төсөөлөн тэмүүлж, эв эеэ хичээн, ухаан бодлоо уралдуулж, хүч хөдөлмөрөө нэгтгэн зүтгэвээс болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй, Мөнх тэнгэр ивээх буй заа. Тусгаар тогтносон Монгол Улс үеийн үед хөгжин цэцэглэх болтугай! Улаанбаатар, 2017 оны 7-11 дүгээр сар  
Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Уржигдар 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Уржигдар 06 цаг 00 мин