Түрүүч нь /Монголын уран зохиолын нэвтэрхий толь буюу Дожоогийн Цэдэв-1/
Д.ЦЭРЭННАДМИД
-Д.Нацагдоржийн намтар түүх бүдэг юм шиг санагддаг. 1930-аад оных нь олон янзаар яригддаг, судлаачдын үг ч зөрдөг юм шиг санагддаг. Адаглаад хэдийд насан өөд болсныг ч мэдэх хүнгүй мэт. Тийм болохоор Д.Нацагдорж амьд байна. Германд байна гэж дуулддаг байсан. Тиймээс таны үгийг сонсоё. Д.Нацагдоржийн судалгаанд таны оруулсан хувь нэмэр их гэх юм билээ. Энэ талаар тогтож ярина уу?
-Д.Нацагдоржийн намтар уран бүтээлийг Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Содном, С.Лувсанвандан... гээд олон хүн судалсан. Г.Михайлов, Л.Герасимович, К.Яцковская... гээд оросын судлаачид цөөнгүй ном өгүүлэл бичсэн. Гэвч Д.Нацагдоржийн намтар бүтээлийн судалгаанд нэгэн мөр болоогүй бүдэг бүрхэг зүйл цөөнгүй бий гэдэгт тантай санал нэг байна. Би 1963 оноос эдүгээ хүртэл 50 гаруй жил ахмад эрдэмтдийн удирдлага дор Д.Нацагдоржийг судалсан. Түүний түүвэр зохиолыг бусадтай хамтарч болон дангаараа гурван удаа хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон. Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойгоор 2006 онд, бас Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойгоор 2016 онд Дашдоржийн Нацагдорж. (Тэргүүн, дэд боть)-ийг тус тус хэвлүүлсэн. Сүүлчийн эл хоёр ботид Д.Нацагдоржийн ихэнх гар бичмэлийг шинэ үсгээр буулгасантай зэрэгцүүлэн хэвлэж, тайлбар сэлт үйлдсэн юм. Миний судалснаар Д.Нацагдоржийг нутаглуулахад явалцсан хүмүүсийн бодит яриа баримт бий. “Берлинд Д.Нацагдорж 1930-аад оны гэрэл зурагт гарсан шигээ монгол дээл, шляп малгайтай явж байгааг харсан” гэх хүний яриа 1950-иад оны үед хэвлэлд гарсан нь ямар ч үндэслэлгүй юм. Д.Нацагдоржийн намтар бүтээлийн хувь заяатай холбоо бүхий одоо бичиж байгаа бүтээлдээ би маргаантай олон асуудлыг нэгэн мөр болгон шийдэхэд шинэ алхам хийе гэж эрмэлзэж байгаа юм. Энэ судалгаа уншигчид судлаачдын гар дээр очиход Д.Нацагдоржийн судалгаанд миний оруулах хувь нэмэр илүү тод болно байх.
-Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам бол монголын том сэхээтэн байсан гэдэг. Тэгэхээр намтар нь бас бүдэг юм билээ. Нацагдоржоос болоод бүдэг байна уу? 1930-аад оны үеийн гадаадад сурч байсан оюутнуудыг бүгдийг нь барьж, хорьж байсных уу?
-Д.Нацагдоржийн намтар түүхтэй танилцах явцад түүнтэй холбоотой байсан хүүхнүүд ялангуяа Пагмадулам, Нина Чистякова нарын тухай өгүүлэл судалгаа нийтлэл гарсаар байгаа ч гэсэн тэдгээрийн намтар түүхийг машид нягталж тодруулсан нь бага гэж хэлж болно. Ялангуяа тэдний гарал үүсэл, хийж гүйцэтгэсэн ажил сурсан сургууль мэт нь бүдэг хэвээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан 1930-аад онд Орос, Герман, Францад сурч байсан хүмүүсийн хувь заяаг тодруулах зайлшгүй шаардлага бий. Тэдний дотроос хэлмэгдэж хуулийн дээд хэмжээгээр шийтгэл авсан цөөн бус хүн байдаг. Ганц жишээг дурдахад Францад сурч байсан Лагнайдоржийн Намсрай “Өргөмөл сувд”, “Цэцэг нуурын дугуйлан” зэрэг олон жүжиг бичсэн ч 1930-аад оны сүүлчээр Герман, Франц, Японы тагнуулын хэрэгт хуулийн дээд хэмжээ авсан. Өмнөговь аймгийн харъяат түүний бүтээлүүд одоо хүртэл олны хүртээл болж чадаагүй л байна.
[caption id="attachment_25106" align="aligncenter" width="750"]

Ардын Их Хурлын депутат зохиолч, уран бүтээлчид. Баруунаас Л.Түдэв, С.Удвал, Д.Цэдэв, Д.Цэвэгмэд, Б.Энэбиш, Д.Амгалан нар. 1970-аад он.[/caption]
-С.Буяннэмэхийн тухай яривал бас сонин байх болов уу?
-Монголын бичгийн хүн С.Буяннэмэх 1937 онд хэлмэгдсэнээс хойш 1962 он хүртэл түүний бүтээлийн талаар үнэнээр ярих бараг хориотой байсан гэж хэлж болно. Зөвлөлт Холбоот Улсад нэг хүнийг тахих, шүтэн бишрэх явдлыг шүүмжилсэнтэй холбогдож манайд ч гэсэн 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийг сөхөж үнэнээр ярих болсон. Тэр үеэс л Сономбалжирын Буяннэмэхийн намтар бүтээлийг судлах шинэ эрин үе эхэлсэн. Би С.Буяннэмэхийн “Монгол интернационал” дууны тухай 1962 оноос өмнө зохиолч Д.Намдаг гуайн зөвлөсний дагуу оюутны ангийн ажил бичиж, түүнээ “Цог” сэтгүүл (1962. ¹4. 80-82 дугаар тал)-д хэвлүүлснээ санаж байна. Тэр үеэс Буяннэмэхийн намтар бүтээлийг сонирхож ялангуяа архивын сан хөмрөгт байгаа түүний бүтээлүүдийг сонирхон судлахыг эрмэлзэх болсон. Үүний үр дүн түүний гар бичмэлээр үлдээсэн “Утга зохиолын үүд” онол шүүмжлэлийн номыг гар бичмэлээс шинэ үсэгт буулгаж 1975 онд “Хэл зохиол судлал”-ын X ботид хэвлүүлсэн. Түүнээс хойш Буяннэмэхийн судалгааг үргэлжлүүлж 2000-2006 онд Бээжин хотноо профессор Ван Мандугагийн хамт “Сономбалжирын Буяннэмэх” дөрвөн ботийг хэвлүүлсэн. Үүний тэргүүн дэд ботийг тодорхой нэмэлттэйгээр шинэ үсэгт буулгаж 2012 онд Улаанбаатар хотноо хэвлүүлсэн. Энэ жил бол С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой юм. Энэ ойгоор С.Буяннэмэхийн гурав, дөрөвдүгээр ботийг утга зохиол судлаач, доктор Д.Болормаатай хамтарч хэвлүүлсэн.
-Тэгэхлээр монголын уран зохиолын эцэг өвгөд болсон дээрх хүмүүсийн амьдрал зохиол бүтээлээс суралцахгүйгээр зохиол бүтээлийг мэдэхгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө амьдарна гэж бодох юм бол тэр хүн хэзээ ч сайн бүтээл хийхгүй ээ. Өөрөө хөгжихгүй байх гэж бодож байна. Энэ талаар таны бодол...
-Оюун санааны хөгжил уламжлал залгамжлалын уялдаа холбоогүйгээр хөгжиж дэвшинэ гэдэг үгүй. Тийм болохоор бид монголын эрт эдүгээгийн алдар цуутай зохиол, зохиолчийг мэдэхгүй бол оюун санааны юун хөгжил байх. Бид Монголын нууц товчоо хэмээх дэлхийн оюуны соёлын санд мөнхөрсөн бүтээлээ өөрсдөө ярихгүй түүнээс суралцахгүй байна гэдэг түүхийн өмнө монголчууд бидний ичгүүр. Гэтэл дэлхийн гол гол томоохон хэлээр уг бүтээл орчуулагдаж тэдгээр орны эрдэмтэн мэргэд “Монголын нууц товчоо”-г зуун зуун жилийн турш судлаж үнэ цэний нь өндөрт өргөсөөр байна. Энэ бол бидний урагш давшихад шинэ сайн бүтээл хийхэд оюуны хөрс шороо зөн билиг аргагүй мөн.
Миний судалснаар Д.Нацагдоржийг нутаглуулахад явалцсан хүмүүсийн бодит яриа баримт бий. “Берлинд Д.Нацагдорж 1930-аад оны гэрэл зурагт гарсан шигээ монгол дээл, шляп малгайтай явж байгааг харсан” гэх хүний яриа 1950-иад оны үед хэвлэлд гарсан нь ямар ч үндэслэлгүй юм. Д.Нацагдоржийн намтар бүтээлийн хувь заяатай холбоо бүхий одоо бичиж байгаа бүтээлдээ би маргаантай олон асуудлыг нэгэн мөр болгон шийдэхэд шинэ алхам хийе гэж эрмэлзэж байгаа юм.
-Амьдралын жамаар дэлхий эргэж тэр дунд инээд хөөр бялхаж, бас цус нулимс урсч, зам харгуй элэгдэж замбуу тивд юм бүхэн зэрэгцэн байдаг гэдэг. Тийм талаас харахад утга зохиол, уран зохиолын салбарт буруугүйг буруутгаж хэлмэгдүүлж байсан үе бас бий гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Намайг Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байхад “Монголын уран зохиолын товч түүх” номыг гаргах гэж байлаа. Уг номд тайлбар хавсралтыг бичих үүрэг надад оногддог юм. 1960-аад онд Зөвлөлтийн нэг хүнийг тахин шүтэхийн хор холбогдлын тухай асуудал хөндөгдөж үүний нөлөө Монголд туссан юм. Тэр тусгал зохиолчдод яаж хүрэв гэдгийг сонирхож архив, номын санд нэлээд суулаа. Эндээс л манай дээхнэ үеийн зохиолчдын амьдралын зам, бүтээл нь тэр чигээрээ хэлмэгдэлд өртөж байсныг мэдэрсэн.
Тэдний бүтээл бол соёлын их өв, түүнийг нарийн судлаад зааг, ялгааг тайлбарлаж чадвал тэр хэлмэгдсэн хүмүүс буруутай байж уу, үгүй юү гэдэг нь харагдана. Ердөө гүтгэж, гүжирдэж хэлмэгдүүлэх нь их байж.
Их хавчлагын улмаас Д.Нацагдорж нас барсан, 1937 онд С.Буяннэмэх цаазлуулсан. Ц.Дамдинсүрэн гуай шоронд орсон. Монголын уран зохиолын тулгын гурван чулуу гэгддэг энэ гурвын хувь заяа л тийм байлаа шүү дээ.
Ер нь амьдрал замнал нь бүдэг, уран бүтээл нь тодорхой болоогүй өөр ч хүмүүс бий.
-Хэн нэг хүний бүтээлийг дагнаж судалдаг судлаач олон байдаг уу?
-За даа, тун цөөхөн дөө. Энд нэг жишээ хэлье. Би.Өвөрмонголын нэг профессортой хамтарч С.Буянннэмэхийн зохиолын дөрвөн ботийг хуучин монголоор хэвлүүлсэн юм. Үүний дараа өмнөдөд их, дээд сургуулийн эрдмийн зэрэг болон магистр хамгаалалтад С.Буяннэмэхийн судалгааны чиглэл олон байх болсон байдаг. Гэтэл манайд энэ талаар дагнан ажилладаг хүн алга. Судлах ёстой хүмүүс монголчууд бид байх учиртай л даа. Басхүү өв гэдэгт чинь дан ахмад зохиолчдын бүтээл хамардаг юм биш ээ. Дунд, залуу үеийнхний бүтээл судлал ч өвд адилхан хамаарна.
-Өвийг бий болгох нэг хэрэг. Хамгаалах нь бас чухал ойлголт байх шүү?
-Тэгэлгүй яахав. Архив, номын сан ч мөнхийн юм биш ээ. Янз бүрийн байдлаар алга болдог, элдэв гамшигт өртдөг ч тал бий. Иймээс судалгаа шинжилгээг нь хийгээд ном болгож түгээх нь чухал байдаг. Нэг жишээ хэлье. Ленинградын номын санд дорно дахины фонд гэж байсан юм. Би сонирхох гэж очсон чинь дараа ир гээд болоогүй. Намайг нэг удаа харахад тэнд монголын ном, сонин шал дээр нь хөглөрч байсан юм. Тэгтэл уг номын сан нэг удаа шатсан. Түүний дараа очиход тэр зүйлүүд огт байхгүй болсон, мэдэх ч хүн байгаагүй.
Архив ч бас эрсдэлд орж болно. Иймээс би мөнхийн юм биш гэж хэлээд байгаа юм. Бас Д.Нацагдорж 1930-1931 онд Залуучуудын сонинд ажиллаж байсан байдаг. Гэтэл тэр үеийн сонины дугаарууд хаанаас ч олддоггүй юм.
-Соёлын өвийг хамгаалах, хадгалахад юу дутагдаж байна вэ?
-Соёлын өвийг үнэлгээтэй болгох, хадгалах хамгаалах нь зөвхөн судлаач хүний үүрэг биш. Монгол Улс гэж байгаа л юм бол төр, засгийн бодлого энэ зүгт чиглэх ёстой юм. Энэ үгийг би зөвхөн уран зохиолын салбарт хамаатуулж байгаа юм биш ээ. Бүхий салбарт чухал зүйл энэ.
Би Д.Нацагдоржийн бүрэн эмхэтгэл, Ц.Дамдинсүрэнгийн таван боть гээд судалгааны олон номыг гаргахад улсаас нэг ч төгрөг аваагүй. Уг нь энэ талаар төр, засаг зөв бодлого барьдагсан бол санхүүжилт авах л учиртай юм л даа.
-Түүх, соёл бол улс орны үндэсний аюулгүй байдлын дархлаа гээд л ярьдаг даа.
-Тэгж ярьдаг ч түүнээ хэрэгжүүлдэггүй, анхаарал тавьдаггүй. Соёлын өвийг хамгаалах талаар тогтоол шийдвэр бий. Тэрийг хэрэгжүүлэх ажил гэж байхгүй. Төсөв хөрөнгөгүй л гэсэн үг дуулддаг юм.
Энэ жил Ч.Лодойдамба, Ч.Ойдов, Ч.Лхамсүрэн гээд алдарт хүмүүсийн мэндэлсний 100 жил боллоо. Нутаг оронд нь нэг хурал болох төдий. Сайн л бол нэг ном гаргадаг, хөшөө босгодог ийм байдалтай өнгөрөв дөө. Уг нь төр, засаг анхаарах л ёстой юм даа. Ч.Лхамсүрэн гуайн амьдралд нэг сонин тохиолдол бий. Матадын цэргийн ангид байхдаа нэг найраглалаа Ц.Дамдинсүрэн гуайд явуулжээ. Тэр цаг нь дайны үе цаас ховор учраас уг найраглалаа дан номын залруулгын жижиг цаас дээр барааны боодлын бор ццас оролцуулан бичсэн байсан гэдэг юм. Дурсамж дуусна гэж үгүй ээ. Аугаа их хүмүүс “үхдэггүй” гэдгийн учир энэ юм даа.
-Та уран зохиолын их замд 60 жил зүтгэхдээ магтаал сайшаал хүртэж л явсан байх. Түүнтэй зэрэгцээд матуулж, муулуулах үе байсан гэдгийг ч сонссон юм байна. Ялангуяа Монголын зохиолчдын байгууллагыг удирдаж байх үед нэлээд гүтгүүлж байсан гэж хэлэх хүн тааралдаж байлаа...?
-За даа энэ ч олигтой юм биш л дээ. Манай зохиолч, уран бүтээлчдийн дунд чинь дээд зэргийн матаач нөхөд цөөнгүй байлаа шүү дээ. Цаг цагаараа гэдэг болохоор цахилаад өнгөрсөн он жилүүд, үг яриа байж.
За яахав, нэгэнт хэрэг болгож асуусан болохоор хэдэн үг хэлье. Манай их нэртэй алдартай гэгддэг нэг том зохиолчоос эхлээд дээш, доош алтан хушуу хүргэдэг хүмүүс байсаан байсан.
Намайг гэхэд Хятадын талыг баримтлагч, бас үндсэрхэг үзэлтэн гэх мэтээр тухайн үеийн Намын Төв хороо, Ардын хяналтын байгууллагад мөн ч олон удаа матсан бичээс очсон байв. Тэр бичигчид одоо байхгүй болохоор нэр усыг нь хэлэх ч зохисгүй хэрэг. Худал үгийг мянга хэлэхэд үнэн болдог гэдэг ч худлаа. Үнэн юм үнэнээрээ байдаг хойно матаас нь юм болдоггүй байж дээ.
Судалгааны ном гаргасны дараа хүртэл Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарыг Цэдэв магтсан байна. Энэ бол эсэргүү хэрэг гэх маягаар л матаж байлаа шүү дээ.
-Зохиол бүтээлд ур чадвар гэдэг юм их үгүйлэгдэж буй мэт. Яагаад ингэж асуув гэтэл сүүлийн үеийн яруу найрагчдын бүтээл нэг хэвэнд цутгасан юм шиг санагддаг. Даангүй Болор цомын шүлгүүдийг сонсож байхад. Болор цом наадмын тухай таны бодлыг сонсмоор байна.
-Болор цом анх яаж гарсан талаар одоо нэгэн туйлшрал газар авсныг би хэлмээр байна. Зохиолч Д.Гармаа бид хоёр 1983 оны эхэн үеэр Биеийн тамир спортын төв ордонд урилгаар тэмцээн үзэж тэргүүн байр эзэлсэн тамирчдад цом гардуулж байхыг харсан юм. Тэгэхэд Д.Гармаа яруу найрагчдын шүлэг унших тэмцээн хийгээд тэргүүн байр эзэлсэнд нь тамирчид шиг цом гардуулахад яадаг юм гэж ам нээсэн юм. 1983 оны сүүлээр би гадаадад эмчлүүлээд 1984 оны эхээр ирсэн. Тэгэхэд оны эцэст яруу найрагчдын шүлэг унших тэмцээн зохиож түрүүлсэнд нь цом гардуулсан тухай орлогч дарга Д.Гармаа надад танилцуулав. Тэгэхээр нь “Биеийн тамир спортын ордонд тэмцээн үзэж байхдаа хэлсэн үгээ чи хэрэгжүүлж дээ” гэв. Тэгэхэд Д.Гармаа “Тэгсээн тэгсэн. Үүнийг үзэгчид халуун дотно хүлээж авсан. Яруу найрагчид ч гэсэн талархалтай байсан” гэж өгүүлсэн юм.
-“Болор цом” гэдэг нэрийг хэн өгсөн бэ гэдэгт маргаан байдаг юм билээ. Тийм үү?
-Тийм ээ. Дараа жилээс нь “Болор цом” нэрийн санаачлагч Д.Пүрэвдорж болж хувирсан юм. Тэгэхлээр би хожим ч гэсэн Д.Гармаагийн “Цэцэгсийн мөнгөн шүүдэр” (2003) номын хуудсыг сөхөж үзэв. Уул номын 202-203 дугаар талд “Тэр өдрүүдэд бидэнд “Болор цом” яруу найргийн тэмцээн зохих санаа төрж билээ. Д.Пүрэвдорж бид чингэж ярилцан ажилдаа орсон санагдаж байна... 1983 оны өвөл анхны яруу найргийн “Болор цом” наадмыг Шинжлэх ухаан мэдээллийн төвд хийв. Би нээж үг хэлээд, Д.Цэнд гуай хэдэн хүнтэй шүүгчээр ажиллан олон яруу найрагч шүлгээ уншицгаасан” хэмээн бичжээ.
Үүний зэрэгцээ Д.Пүрэвдоржийн “Улаан гэрийн хоригдол” (2000) номын 212 дүгээр талыг би бас сөхөж үзэв. Түүнд: “...Яруу найргийн өдөр, уран үгсийн чуулганаас ялгагдах шинэ хувилбар олох гэж бид ярилцсаны эцэст энэ нэрийг би оноож билээ. Эхлээд “Найргийн даага” гэж бодсон боловч тайзан дээр адуу хөтлөөд гарах арга байсангүй. Гэтэл Улсын их дэлгүүрийн лангуунд ярайтал өрөөстэй байсан цэмцгэр шилэн савхан нүдэнд тусч “Болор мэт тунгалаг” гэсэн бэлэгдлээс нэр үүдсэн билээ” гэжээ. Миний мэдэх түүхээс болон хоёр зохиолчийн дурсамж номоос үзэхэд “Найргийн даага” гэсэн нэр Д.Пүрэвдоржид шуудхан хамааралтай. Харин “цом” гэдэг нэр Д.Гармаад, түүний өмнө “болор” гэсэн тодотгол нэмсэн нь Д.Пүрэвдоржийнх. Тиймд Д.Гармаа, Д.Пүрэвдорж нарын хоршиж нэр оноосон “Болор цом” гэвэл үнэнд илүү нийцнэ гэж би бодож явдаг. Энэ яруу найргийн наадмын чанар чансаа түүнд оролцогчдын шүлгийн уран чадвар харилцан адилгүй нь үнэн. Жинхэнэ уран бүтээлчийн шалгуур уг наадам байлаа. Энэ үүднээс үзэхэд наадамд оролцогчдын шүлгийн ур чадвар жилээс жилд улам л дордоод байгаа гэдэгт хэн хүнгүй санал нийлнэ байх. Ялангуяа аймаг дамжиж хийх болсноор “Болор цом”-ын шалгаруулалтын нэр хүнд ч улам унах болсон.
-Таниас шуудхан нэг тодорхой зүйл асууя. Чухам нийгмийнхээ тухай зөв харж өнө холыг ухаарч бүтээлээ хийж байсан Д.Нацагдорж шиг, Чойном шиг, өнөө үед ур ухааныхаа хүчээр авьяасаараа зодож яруу найраг, кино, жүжгийн зохиол туурвиж байгаа Б.Лхагвасүрэн шиг, дурсамж дууль урлах талаар Д.Цоодол, Ш.Сүрэнжав нар шиг нь одоо гарч ирж байна уу? Үгүй л юм шиг. Таны бодол...
-Оюун санааны талбарт авьяаслаг шинэ залуус үе үед гарч зохиол бүтээлээ туурвидаг нь жам. Үүгээр ч утга зохиолын хөгжил тасралтгүй үргэлжилж байдаг. XXI зуунд үед олон залуус яруу найраг, хүүрнэл зохиол, ший жүжгийн талбарт авъяасаа сорьж л байна. Би тэдний бүтээлийг ямар нэгэн хэмжээгээр уншиж сонирхож байдгийн хувьд хэн нь хэр өсч өндийн байгааг ажиглаж л сууна. Уран зохиолын уралдааны замд хэн нь барианд орох, хэн нь айргийн тавд орж цолоо дуудуулахыг цагийн урсгал, оюуны шалгарал л шийдэж өгнө дөө.
- Нэгэн үе утга зохиол уран зохиолын судлал шүүмжлэл сайн байсан. Одоо харин энэ талын ажил зөндөө орхигдсон юм шиг санагддаг.
-Урлаг утга зохиолын судлал шүүмжлэлийг бодлогын түвшинд авч үзэж зохион байгуулалтын олон арга хэмжээ авдаг байсан үе бий. Түүний дүнд утга зохиол урлаг шүүмжлэлийн сайн ч саар ч олон ном нэгэн сэдэвт зохиол гарч байсан. Зарим маргаан бүхий зохиол бүтээлийг шүүн хэлэлцэх үйл өрнөдөг байсан. Тэр бүхэн одоо бараг үгүй болж дээ. Урлаг, утга зохиолын судлал шүүмжлэлийг улсын болон хувийн их дээд сургуулийн мэргэжлийн танхимууд эрхлэхийг эрмэлзэж байсан үе бий. Гэтэл одоо МУИС, МУБИС зэрэг уламжлалт судалгааны төв болж байсан газарт, эрдэм судлалын хүрээлэнгүүдэд ахмад үе нь чөлөөнд сууж, залуу үе нь тэнхэрч ядаж байгаа зааг завсрын үе байна уу даа гэж санагддаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин