
Б.ОТГОНБАЯР
Монгол цэргийн музейн ажилтан, МСНЭ-ийн шагналт, сэтгүүлч, МУСТА, хурандаа
Чингис хаан “Мянган цэргийг олохуй дор хялбар, харин нэг жанжинг олохуй дор түмэнтээ бэрх” хэмээн айлджээ. Манай улсад анх 1944 онд генерал хэмээх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм дээд цолыг олгож эхэлснээс хойш 180 гаруй хүн энэ хүндтэй цолтноор тодорсон байна. Тэд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэг зориг, баатарлагийн жишээг үзүүлж, энх цагийн өнөө үед үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагын төвшинд ажиллаж, цаг ямагт манлайлагчийн үүргээ нэр төртэй гүйцэтгэн төр, түмэндээ хүндлэгдэж явна.
Тэдний нэг нь доктор, профессор, хошууч генерал Ч.Улаанхүү юм. 2011 онд цэргийн ухааны докторын зэрэг хамгаалж, 2013 онд БХИС-ийн профессор хэмээх эрхэм цол хүртэж, энгэртээ Цэргийн гавьяаны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хослон гялалзуулж, өөрийн эх орны болоод гадаадын олон оронд, түүний дотор ОХУ, АНУ-ын нэр хүндтэй шагналуудын эзэн болсон.
Чойжамцын Улаанхүү 1945 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт төрсөн. 1955-1959 онд сумынхаа бага сургуульд суралцаж, улмаар аймгийн төвд 1965 онд Д.Магван багшийн удирдсан ангийг амжилттай төгсч гадаадын цэргийн дээд сургуульд суралцах томилолт авсан нь цэрэг, армитай хувь заяагаа холбох түүхэн эхлэл байсан юм.
1965 оны наймдугаар сараас БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар ЗХУ-ын Киев хотын С.М.Кировын нэрэмжит Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн инженерийн дээд сургуульд суралцах томилолт авч, 1969 онд цэргийн команд-штабын мэргэжлээр төгсчээ.
Түүний анхны томилолт нь БХЯ-ны сайд армийн генерал Б.Доржийн тушаалаар пуужинт хороо буюу Ардын армийн 028 дугаар ангид тагнуулын даргын хариуцлагатай алба байсан. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан түүний идэвх зүтгэлийг Батлан хамгаалахын удирдлага өндрөөр үнэлж, жилийн дараа Дархан хотод шинээр байгуулагдсан Ардын армийн 134 дүгээр ангид штабын орлогч даргаар томилон ажиллуулжээ. Шинэхэн дарга ажилдаа мэргэжлийн ур чадвар гарган цаашид өсөх ирээдүйтэй гэдгээ баталж 1971 онд Ардын армийн 065 дугаар ангид нэгдсэн төв командын байрын даргаар дэвшин томилогдож, 1977 он хүртэл ажилласан юм. Тухайн жилээ офицеруудын аттестатчиллын шалгалтад амжилттай шалгуулж хугацаанаасаа өмнө хошууч цол хүртэж, БХЯ-ны сайд, армийн генерал Б.Доржийн тушаалаар Ардын армийн 028 дугаар ангийн захирагчийн албанд томилогдсон юм.
Тэрээр 1977-1984 онд тус ангийн захирагчаар долоон жил ажиллахдаа 1975 онд ангиа “Армийн анхны Онц анги” болгосон.
Энэ бүх хөдөлмөр, зүтгэл, бахдам ажлын амжилтаар жирийн малчин ардын хүү, ардын армийн офицер эрхэм Ч.Улаанхүү ард түмэн, Батлан хамгаалах салбар, Ардын армийн бие бүрэлдэхүүний итгэл найдварыг өвөрлөн 1981-1986 онд БНМАУ-ын Ардын Их хурлын депутатаар сонгогдож, сонгогч түмнээ төлөөлөн төр барилцаж явсныг түүх нэгэнтээ гэрчилдэг.
Ажлын амжилтаар жигүүрлэн явсан дэд хурандаа Ч.Улаанхүүгийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цаашид өсөн дэвших, итгэл хүлээх, хариуцлага үүрэх чадвар, ёс зүйг шударга үнэлсний үр дүнд 1984 онд БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Ёндонгийн тушаалаар ЗХУ-ыг зорьж, маршал К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академид суралцаад 1986 онд амжилттай төгсч, ирээдүйн их үйлсийн эхлэлийг тавьсан билээ. Тэр жилээ хурандаа цол хүртэж, БХЯ-ны хэлтсийн дарга, Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн даргаар томилогдсон. 1989 оноос БХЯ-ны сайд дэслэгч генерал С.Моломжамцын тушаалаар Зэвсэгт хүчний нисэх хүчин, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар, 1990 оноос сайд дэслэгч генерал Ш.Жадамбаагийн тушаалаар Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажилласан.
Тэрээр 1992, 1994, 1996, 2002, 2003, 2004 онд Ази, Номхон далайн орнуудын агаарын цэргийн командлагч, дарга нарын хурал, зөвлөгөөн, уулзалтад оролцож байсан. 1995 онд АНУ-ын Гуамын аралд болсон “Гамшгийн хохирлыг барагдуулах арга хэмжээнд Агаарын цэргийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын хурал, 2003 онд Бангладешт зохион байгуулсан “Агаарын цэргийн хөгжлийн хандлага” сэдэвт олон улсын хуралд оролцож, өөрийн орны гамшгийн байдал, түүнд цэргийн авиацийн гүйцэтгэж байгаа үүрэг, цэргийн авиацийг хөгжүүлэх эрэлт, хэрэгцээний асуудлаар илтгэл тавьж, бүтээлчээр оролцсон нь саяхан мэт санагдана.
Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар үр бүтээлтэй ажиллаж байгааг төр өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн 1996 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр зарлигаар хурандаа Ч.Улаанхүүд хошууч генерал цол олгосон.
Хошууч генерал Ч.Улаанхүү цаг үеийн шаардлагаар Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжавын тушаалаар ҮБХИС-ийн дэргэдэх Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлаар 1996-2000 онд ажиллаж байгаад, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаагийн тушаалаар Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар хоёр дахь удаагаа буюу 2000-2005 онд томилогдон ажилласан. Энэ нь түүний мэргэжлийн дадлага, чадвар, удирдан зохион байгуулах туршлагатай шууд холбоотой.
Тэрээр цэргийн удирдах тушаалын офицеруудыг эх орондоо бэлтгэх үндсэн зориулалт бүхий Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлаар ажиллах хугацаанд гурван удаагийн дамжааны магистрантуудын элсэлт, төгсөлт, сурах үйл ажиллагааг биечлэн удирдсан. Мөн багш нарыг чадваржуулах, бие дааж ажиллах нөхцлийг бүрдүүлэх, сурлагын үнэлгээг бодит болгох, оюутны сурах, хөгжих бололцоог нээх, сургалтад гадаадын болон өөрийн орны туршлага, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх, магистрын болон ангийн ажлыг гүйцэтгэхдээ судалгаанд тулгуурлах явдлыг эрхэмлэх зэрэг олон ажил хийсэн.
Батлан хамгаалахын удирдлагын академийн үе үеийн захирал, удирдах бүрэлдэхүүн, эрдэмтэн багш нар уг академийг төгсөгчдөөрөө ямагт бахархаж явдаг. Төгсөгчдийн ихэнх нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, ангиудын удирдлагын төвшинд ажиллаж, генерал болон хурандаа хэмээх эрхэм цолыг хүртсэнээр омогшиж явдаг нь ойлгомжтой. Харин эрхэм хошууч генерал Ч.Улаанхүүг тус академийн захирлаар ажилласан үеийн төгсөгчдөөс ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн болон Хилийн цэргээс тодорсон бригадын генерал Ч.Сайнтөр, Х.Лхагвасүрэн нарын долоон генерал төрөн гарсныг онцлон тэмдэглэхийг зорьсон юм.
Нийтлэлийн баатар мааньБатлан хамгаалахын сайд Ц.Шаравдоржийн тушаалаар 2005-2006 ондБХЯ-ны харъяа Стратегийн хүрээлэнгийн захирлаар, мөн сайд М.Сономпилийн тушаалаар 2006-2007 онд АНУ-ын Төвийн командлалд Монголын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгчөөр томилогдож ажилласнаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ариун жагсаалд 42 жил тасралтгүй үүрэг гүйцэтгэж, 2007 онд гавьяаныхаа амралтад гарсан.
Энэ нийтлэлийг бичигч би бээр эрхэм генералын албан тушаалд томилсон сайд нарын цол, нэрийг онцолсны учир нь тухайн үед төрийн түшээ хийж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийн түүхэн цаг хугацааг харуулахыг эрмэлзсэний зэрэгцээ хошууч генерал Ч.Улаанхүү нь БХЯ-ны сайд асан хурандаа генерал Ж.Авхиа, Батлан хамгаалахын сайд асан Р.Одонбаатар, Б.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж нараас бусад бүх сайдын тушаалаар албан тушаалуудад томилогдож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж явсан түүхийг тодотгосон хэрэг.
Хошууч генерал Ч.Улаанхүү чөлөөндөө суусны дараа ч цэргийн сургалт, судалгаа шинжилгээний гол байгууллага болсон Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, хөдөлмөрлөж явна.
Тэрээр Зэвсэгт хүчний шинэчлэл, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ мэдлэг, ур чадвараа улам бүр ахиулахыг эрхэмлэж, биднийг академид суралцах хугацаанд, тухайлбал, 1997-1999 онд англи хэлийг бие даан сурсан. 1999 онд Их Британийн Лийдсийн их сургуулийн дэргэдэх англи хэлний дамжаа, 2000 онд АНУ-ын Хавай дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны коллеж, 2003 онд АНУ-ын Техас мужийн Сан Антонио хот дахь Гадаад хэлний институт, мөн онд Калифорни мужийн Монтерей хот дахь Тэнгисийн цэргийн их сургуулийн удирдлагын менежментийн дээд дамжаанд суралцсан. Үүнээс харахад хүний сурах насанд хязгаар үгүй бөгөөд 50 нас хэдийнэ хэвийсэн хойно гадаад хэл, компьютерийг гаргууд эзэмшиж болдгийг үзүүлсэн юм.
Хошууч генерал Ч.Улаанхүү ҮБХИС-д багшлахын зэрэгцээ тус сургуулийн докторантурт суралцаж, 2011 онд “Дайны бус цэргийн ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх нь” сэдэвт бүтээлээр Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалж, эрдмийн зэрэг хамгаалсан генералуудын эгнээнд зүй ёсоор багтсан. Харин энэ бүхний цаана асар их цаг хугацаа, нөөц, мэдлэг, ур чадвар, хөдөлмөр, зүтгэл шингэдгийг мэдрэх хүн олон гэдэгт эргэлзэх юун билээ.
Тэрээр англи хэлийг төгс эзэмшихийн төлөө цаг завыг харамгүй зарцуулж байдгийн бодит жишээ нь сүүлийн 10-аад жилд эртний Хятадын цэргийн их онолч Сун Цзыгийн “Цэргийн урлаг”, Сун Виний “Дайны урлаг”, Германы цэргийн нэрт онолч К.Клаузевицийн “Дайны зарчмууд”, Францын цэргийн жанжин В.Наполеоны “Дайны зарчмууд”, Германы эзэнт гүрний хаан, цэргийн жанжин Их Фредрихийн “Генералуудад илгээх зааварчилгаа” зэрэг цэрэг, дайны түүхэн бүтээлүүдийг англи хэлнээс орчуулан нийтийн хүртээл болгосон.
Түүнчлэн “Дэлхийн улс орнууд, цэргийн газар зүй”, “Цэргийн удирдлага”, “Аюулгүй байдал”, “Дэлхийн улс орнууд, Зэвсэгт хүчин”, “Аюулгүй байдлын онол, арга зүйн асуудал”, “Цэргийн аюулгүй байдал” номыг бүтээсэн нь өдгөө эрдэмтэд, судлаачдын ширээний ном болжээ. Тэрээр цэрэг, аюулгүй байдлын сэдвээр олон арван өгүүлэл бичин сэтгүүлүүдэд гаргаж, цэргийн эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт илтгэл тавьжээ.
Эрхэм генералын ажил үйлс бүхэн амжилтаар дүүрэн цалгиж,аз жаргалаар бялхаж явахад нь хань Б.Цэгмидийн түшиг, гавьяа, зүтгэл их байсныг дурсахгүй өнгөрч боломгүй санагдана. Түүний хань Б.Цэгмид улсын холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тэтгэвэртээ сууснаас хойш гэр бүлээ халамжлах, охин, хүү хоёртоо туслах, ач, зээ нараа хүмүүжүүлэх үйл хэрэгт уйгагүй зүтгэж явсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бурхны оронд заларсанд харамсах, дурсан санагалзах хүн олон.
Эрхэм генералын охин У.Уранчимэг Ташкентын газрын зургийн институтыг дүүргэж, картографийн мэргэжил эзэмшсэн бол хүү У.Ундрах аавынхаа мэргэжлийг өвлөн Японы Үндэсний батлан хамгаалахын академийг дүүргэж, ЗХЖШ-т мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оноос Австрали улсад суралцаж байна. Харин генералын хүргэн Д.Авъяаст Зөвлөлт Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо суралцаж, механик инженерийн мэргэжил эзэмшсэн бол бэр Б.Энхтуяа нь эдийн засгийн дээд сургууль дүүргэж, иргэний нисэхийн байгууллагад ажиллаж байна.
Өдгөө буурал генерал маань ҮБХИС-ийн зөвлөх профессороор ажиллаж, сургуулийн магистрантур, доктрантурын албанд аюулгүй байдлын асуудлаар багшлахын зэрэгцээ АНУ-ын Техас муж улсын, мөн Улаанбаатар хотын болоод Баянзүрх дүүргийн “Хүндэт иргэн”-ий хүндэтгэл хүлээж, 2014 оноос Монгол, Оросын дайчин нөхөрлөлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэж байна.
Генерал хүн хариуцсан салбартаа гаршсан, төр, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, бүгдийг манлайлагч, үлгэрлэн дагуулагч нь байдаг гэдгийг баталж яваа цэргийн мэргэшсэн дарга, эрдэмтэн, профессорын талаар товчхон өгүүлэхэд ийм буюу.
Эрхэм генералын санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, судалгаа, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилдаа улам их амжилт олохын хутаг ерөөлийг өргөн дэвшүүлмүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин