УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Их засаг" танхимд хуралдаж, "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүнг сонслоо.
Дэд хорооны дарга Х.Баасанжаргал төсвийн хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн үзүүлэлтээр бус, хүний ямар эрхийг хангаж байна, хэнд хүрч, хэнийг орхигдуулж байна, ямар бодит үр дүн бий болгох вэ гэдэг талаас төлөвлөх шаардлагатайг онцолсон. Яамд, байгууллагад хүргүүлсэн удирдамжаар салбарын хүний эрхийн тулгамдсан асуудлыг эрэмбэлж, 2027 оны төсөв батлагдсанаар хүний эрхийг хэрхэн хангах, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг танилцуулахыг даалгасан байна.
Хэлэлцүүлгийн явц, байгууллагуудын танилцуулгаас харахад төсвийн бодлого хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх үзүүлэлт байхгүй, бүх салбарт хүний эрхийг хамгаалах, тэгш боломжоор хангах ойлголт дутмаг байжээ. Иймд хэлэлцүүлгийг тогтмолжуулах, иргэний нийгмийн байгууллагуудыг төсвөөр дагнан сургаж чадавхжуулах, салбар бүрд тавих шалгуур үзүүлэлтийн загвар гаргахаар төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Үндэсний аудитын газар аудитын дүгнэлт гаргахдаа байгууллагын онцлогт тохирсон, хүний эрхийг хангах талаарх зөвлөмж өгч байх нь зүйтэй гэв. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хүний эрхийн хэрэгжилтийг үнэлэхэд анхаарч, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахыг дэмжсэн байр суурь илэрхийллээ гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлсэн байна.