Т.БАТСАЙХАН
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
-Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхдийн хичээлээс гадуурх болон амралтын цагийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байна. Олон улсын жишгээр “оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төр, эцэг эх, бүх талын оролцоог хангах шаардлагатай. Монгол Улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг хангах тал дээр энэ хуулийн төсөл томоохон үр дүн авчирна гэж харж байна. Хуулийг батлах нь нэг хэрэг боловч хэрэгжүүлэх оновчтой механизм, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсанаар Ирээдүйн өв санд уул уурхайн салбараас төвлөрдөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь хуримтлагдаж байна. Жил бүр ойролцоогоор 4–6 их наяд төгрөг төвлөрдөг бөгөөд нийтдээ 6 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлагдсан байна. Энэхүү хөрөнгийг жилийн 4.1 хувийн өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд, тухайлбал гадаад бондод хөрөнгө оруулан өсгөж байгаа бөгөөд зөвхөн хүүгийн орлогоос жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрч байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд уг хүүгийн орлогын 50-иас доошгүй хувийг хүүхдийн хөгжил, дугуйлан секц, багш нарыг дэмжихэд зарцуулах санал тусгасан.Дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах 17 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Тус хуулийн төсөл нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбар нэгжийн удирдлагыг орон нутгийн удирдлагууд томилдог байх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилготой. Гэвч төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим, зарим салбарын нэгдмэл удирдлагын тогтолцоо болон төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудтай одоогийн хуулийн төслийн үзэл баримтлал зөрчилдөж байна гэж үзсэн.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын хуулийн мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Хүний эрх, эрх чөлөөний 25 дугаар илтгэлийн тухай Хүний эрхийн үндэсний комиссын баг бүрэлдэхүүнээс сонссон. Гуравдугаарт, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох тухайн хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болох гэж байна. Энэхүү хуралтай холбогдуулан АН-ын бүлэг Ерөнхий шүүгчийн томилгоо болон ойрын үед гарч байгаа Цэцийн шийдвэрүүд улс төрийн захилгатай байж болох, энэ сарын 27-ны өдөр гарах шийдвэр ямар утга учиртай шийдвэр байх, Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн хугацаа нь дуусч жил гаруй болж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс гарч байгаа шийдвэр хүчин төгөлдөр эсэх сэдвийн хүрээнд мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэлээ. Энэ сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хурал болох гэж байна. Энэ нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилээр томилдог байсныг улираан томилох буюу улс төрийн шинж агуулсан гэж АН-ын бүлэг үзэж байна. Сүүлийн үед болж буй томилгоонуудыг харахад Улсын Ерөнхий прокурорыг зургаан жилээр улираан томилсон. Авлигатай тэмцэх газрын даргыг мөн адил улираан томилсон. Одоо Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг бас дахин улираан томилох ажил үргэлжилж байна. Эдгээр нь эрх зүй, хуульд хэр нийцэж байна вэ. Хуульд байхгүй заалтыг тайлбарлах, давуу байдал олгох замаар асуудлыг шийдвэрлэж байна. Тэр тусмаа Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж магадгүй олон шийдвэрүүд гарч байна. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний нэг чөлөөлөгдсөн, мөн даргынх нь бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Нэг талаараа Цэцийн дарга ирж байгаа асуудал, хэрэг маргааныг гишүүдэд хуваарилдаг. Нөгөөтэйгүүр, хугацаа нь дууссан Цэцийн даргын асуудалд АН тодорхой байр суурь илэрхийлж УИХ-ын дарга С.Бямбацогтод Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай оруулж ирэх, хуулийн хүрээнд бүрэн маргаангүй даргатай болтол Цэцийн гишүүд гарч буй шийдвэрүүдийг таслан зогсоох, УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд яаралтайгаар Цэцийн гишүүдийн нөхөн томилоогоог хэлэлцэх зарчмын байр суурийг илэрхийлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn