Хаврын чуулганы нээлтийн өдрийн улс төрийн тойм

1 цаг 45 мин
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ.

Улс төр, нийгэм, эдийн засгийн онцгой цаг үед нээлтээ хийж байгаа чуулган боллоо гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал онцолсон. Үнэхээр ч энэ хаврын улс төр онцгой содон, асуулт, анхаарлын тэмдгээр дүүрэн өрнөх шинжтэй байна.  Төрийн ордны гадна жагсаалтай, Төрийн ордон дотор эрх ашгийн тэмцэл, хуваагдалтай, авлигын мөнгөний тайлбартай, УИХ-ын дарга, Засгийн газрыг огцруулах акцтай, хоёр ч сайдын ажлаа өгөх хүсэлттэй өдөр байв. Хаврын чуулганы нээлттэй өдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын дарга Н.Учралын “урт” үг

УИХ-ын дарга Н.Учрал уламжлал ёсоор хаврын чуулганыг нээж үг хэлэв.  Түүний үг 30 орчим минут үргэлжилж, улс төр, нийгэм, эдийн засгийн онцгой цаг үед  парламент ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаа танилцуулав. Хаврын чуулганы хугацаанд хэдэн хэдэн хуулийн төсөл дээр анхаарч ажиллахаа тэрээр мэдэгдэв.  Тухайлбал, зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя. Чуулганы завсарлагаанаар Д.Энхтүвшин гишүүний ахалсан ажлын хэсэг Зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна гэв. Мөн хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэддээ ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлан гаргах шаардлагатай байгааг онцоллоо. Дараагийн нэг анхаарч байгаа хуулийн төсөл нь Хөрөнгө хураах хууль гэв.  Тэрээр “Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол Улсын бүх иргэд юм.  Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл, алдарсан итгэлцэл юм. Энэ хаврын чуулганаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураан авах, нөхөн төлүүлэх илүү ил тод, илүү үр дүнтэй шинэ тогтолцоог хуульчлахад онцлон анхаарч ажиллацгаая. Авлигын гэмт хэрэгтнүүд арга заль ихтэй тул хууль бусаар олж завшсан хөрөнгөө элдэв янзаар нуун дарагдуулж, угааж хувирган ял завшуулж байна. Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй эрүүл мэнд, боловсролд зориулж эмнэлэг сургууль барихад зарцуулдаг болох хуулийг энэ Хаврын чуулганаар хуульчлан шийдвэрлэх хүсэл зоригтой байна. Энэ хуулийг боловсруулах ажлыг Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн О.Алтангэрэлд хариуцуулан ахлуулан ажиллуулах болно” гэлээ.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох эшлэлүүд

 

Мөн УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.  Түүний үгнээс онцлон хүргэе.

-Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтад зохих хариуцлага тооцдог зарчим барьж ажиллах нь зүйтэй.

-Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай.

-“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж эрдэмтэн мэргэд сургаж ирсэн. Тиймээс УИХ-ын гишүүд өндөр ёс зүй, сахилга, хариуцлагатай байж, хууль дээдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, ардчилсан засаглал батжин бэхжих үндэс суурь болно.

-УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс эхтэй байдаг. Парламент бол ард түмний хураангуй, Та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм.

-УИХ-ын танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай.

-Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишиг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой.

-Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олны итгэл, хүндлэлийг хүлээдэг жамтай.

-УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм.

-Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.

-Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

-Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.

-Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. “Итгэл эзэнтэйгээ үхдэг” гэж үг ч байдаг.

-Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй.

-Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй.Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй.

-Төрийн түшээд та бүхэн “Түмний төлөө төр оршдог” гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэж, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, парламентын дархлааг бататган бэхжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг хэлэлцэн батална гэдэгт төрийн тэргүүн итгэл дүүрэн байна.

-Бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч тул улс орны язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх ашиг, хүсэл тэмүүллийг нэгдүгээрт тавина.

-Өнөөдөр ард түмнийг бухимдуулж, сэтгэл санааг нь зовоож буй асуудал бол нийгмийн шударга ёсны хүсэмжлэл юм. Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол монгол төр.

-Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй.

-Монголчууд бид 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр, засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой.

 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 500 сая ам.долларын авлигын асуудлаар тайлбар өгөв

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэр "Хууль зүйн сайд Б.Энхбаяр Бодь группээс 500 сая ам.долларын авлига авсан. Авлига авахад нь хамт байсан хүн энэ мэдээллийг өгсөн" гэсэн юм.  Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ асуудлаар тайлбар өглөө.  Тэрээр “Яг хэн энэ мэдээллийг түүнд өгснийг хэлээгүй. Тэр хүн нэрээ нууцлахыг хүссэн тул хэлэхгүй. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Ерөөсөө ийм юм болоогүй. Ийм хүн байхгүй. Ийм мөнгө байхгүй. Өөрөө худлаа гэдгийг нь мэдсээр байж ямар санаа зорилгоор ярьсныг мэдэхгүй. Энэ хүн орох байх газаргүй болсон. Байж сууж чадахаа больж байх шиг байна. Би сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй гэж үзэж байна. Өнгөрсөн намар Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэхээ больсон гэдгээ бл хэлсэн. Цуг суугаад ярихаар худлаа ярьдаг. Дотор нь хоёр өөр хүн байх шиг байна. Өөрөө өөртэйгөө зөрчилдсөн. Хэний мөнгөөр гадаад явж, тансаглаад байгааг нь ч шалгах ёстой" гэлээ.

 

Засгийн газрын танхимаас хоёр сайд явна

Өчигдөр өглөө УИХ-ын хаврын чуулганы нээлт эхлэхээс өмнө Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдаад байв.  Гэвч цуцлагдсан.  Энэ хуралдаанаар хоёр сайдын албан тушаалаас чөлөөлөх өргөдлийг болон дэд сайд нарын асуудлыг хэлэлцэх товтой байсан юм.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөж байна.  Тэд "Ямар нэгэн  дарамт шахалтад ороогүй. Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс  чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн” гэсэн тайлбарыг өгцгөөсөн юм.  Засгийн газрын хуульд зааснаар  Ерөнхий сайд дараагийн сайд нарын асуудлыг оруулж ирэх учиртай. Сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна. Одоогоор дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт онцолсон.

 

АН-ын акц УИХ-ын дарга Н.Учрал руу чиглэв

 

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, АН-ынхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн гол асуудал нь УИХ-ын даргын албан тушаал болон парламентын засаглалын зарчмын тухай байжээ.  Тэд 123 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий олон намын парламентыг эрх баригч намын дарга удирдаж болохгүй гэж үзжээ. Одоогийн УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа нь парламентын хараат бус байдал, мэтгэлцээний зарчимд нийцэхгүй байгаа тул түүнийг УИХ-ын даргын ажлаа өгөх ёстой гэсэн шаардлагыг тавилаа.  Энэхүү шаардлага нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилгогүй бөгөөд парламентын дэд дарга нараар дамжуулан хэвийн үйл ажиллагааг хангах бүрэн боломжтойг АН-ын бүлэг онцоллоо. Өмнө нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байх үед ч АН-ын бүлэг ийм зарчмын байр суурь баримталж байсан бөгөөд энэ нь хэн нэгэн хувь хүнд бус, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн тогтсон зарчим гэдгийг тайлбарлав. Харин  Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн тухайд АН-ын бүлэг одоогоор нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Гэхдээ парламентын гишүүний бүрэн эрх бол ард түмний төлөөлөл тул үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй, парламентын дархлааг хамгаалах ёстой гэдэгтэй олон гишүүн санал нэг байгаа гэдгийг АН-ын дарга О.Цогтгэрэл онцоллоо.  Мөн Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийж,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах" хуулийг дэмжиж ч байгаа ч хэрэгжүүлэх арга замыг нь огт дэмжихгүй байна” гэдгээ хэлэв.  

 

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

 

МАН-ын бүлгийн хуралдаанаар  Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Хуулийн төсөлд "Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүн горимын санал гаргасан бол хууль зүйн нэр томьёог жигдлэх зорилгоор хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар багцлан нэг санал хураалт явуулж болно. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслийг Байнгын хороонд хуваарилсанаас хойш ажлын гурван өдрийн дотор УИХ-ын нийт гишүүнд хүргүүлнэ. Яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн болон хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн өмнө 7-оос доошгүй хоногийн хугацаанд танилцах боломжийг гишүүдэд олгох"-оор хуулийн төсөлд тусгасан байна.

 

ХҮН: Ерөнхийлөгчийн хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулав

 

ХҮН намын зөвлөлөөс мөн өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы нээлтийн өдөр зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудыг УИХ-ын гишүүн П.Ганзориг, Г.Уянгахишиг нар танилцуулсан юм. Хурлаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэж ажлын хэсэг байгуулахаар болжээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн П.Ганзориг “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, 126 гишүүнтэй таван намын төлөөлөл бүхий  парламентын ардчиллыг бэхжүүлэхэд манлайлж ажилласан. Өмнө нь 76 гишүүнтэй байхад нэг намын шийдвэр давамгайлдаг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийснээр олон намын тогтолцоо, парламентын ардчилал бэхжих том алхам болсон. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүний дархан эрхийн хойно хамгаалагддаг байдлыг эрх зүйн зохицуулалтыг агуулгын хувьд дэмжиж байгаа. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудалд намын төлөөллийн төв байгууллагаас санал оруулна гэх мэт асуудал байгаа учраас судлах ажлын хэсэг гаргаж байна. Хуулийн төслийг нарийвчлан судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгууллаа” гэв.

 

Гишүүдийн ирц

УИХ-ын чуулганы нээлтэд 120 гишүүн ирсэн байв. Хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн өвчтэй, хоёр гишүүн гадаад томилолттой байна. Тодруулбал, УИХ-ын О.Саранчулуун, Н.Алтанхуяг нар эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаадад томилолттой байгаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Тулга нар чөлөөтэй байгаа юм байна. Өнгөрсөн 2025 онд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, С.Амарсайхан, Д.Батлут нар УИХ-ын чуулганы хурлаа хамгийн их тасалсан гишүүдээр тодорсон билээ.  Ийнхүү 126 гишүүнтэй парламентын дахин нэг шинэ хуудас улс төр, нийгэм, эдийн засгийн онцгой цаг үед эхэллээ.   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 49 (7791)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2026 оны УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвл

1 цаг 45 мин
Хаврын чуулганы нээлтийн өдрийн улс төрийн тойм

УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ.

1 цаг 45 мин
Фото: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

Фото: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

17 цаг 49 мин
П.Наранбаяр: Төрийн алба ээлжтэй

П.Наранбаяр: Төрийн алба ээлжтэй

18 цаг 1 мин
О.Цогтгэрэл: МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын гишүүд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна

О.Цогтгэрэл: МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын гишүүд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна

18 цаг 53 мин
Н.Учрал: Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон орлогыг хураан авах хуулийг батлахын төлөө ажиллана

Н.Учрал: Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон орлогыг хураан авах хуулийг батлахын төлөө ажиллана

19 цаг 10 мин
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн огцрох өргөдлөө өгчээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн огцрох өргөдлөө өгчээ

19 цаг 50 мин
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй, итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

У.Хүрэлсүх: Улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам бататган бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна

19 цаг 57 мин
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

 “Бодь интернэшнл” компанийн барьж гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замы

Өчигдөр 06 цаг 00 мин
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

АН энэ оны эхээр Үндсэн дүрмээ Дээд шүүхээр баталгаажуулж авсан. Тиймээс, шинэ Үндсэн дү

Өчигдөр 06 цаг 00 мин