(Өнгөрсөн хойно мэргэн болох шиг амархан зүйл байхгүй)
Иргэн Б.Мэдрээ.
Өмнөтгөл:
“Болгоомж бол зөв шийдлийн ээж. Болгоомжтой нэг нь ивээгдэнэ”. Мэргэдийн ийм нэгэн
сургаалийг зорин байж сануулж, бодон байж сэрээхийг хүссэнд минь учир бий.
Аюулгүйн эхний алхмыг болгоомж хэмээн оношилдог. Тэгвэл чухам юунаас, яагаад болгоомжлох ёстой вэ? Бидний өмнө аюул тийм ойрхон байгаа гэж үү? Асуултын хариултыг, болгоомж хүсэн учирласан шалтгаанаа Танд ойлгомжтой хэлбэрээр, тайлбарлан хүргэхийг хичээлээ, Та мэргэн оюундаа тунгаана уу!
Ирээдүйн нөлөө ба тусгал
Монгол Улсын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх хүчтэй салбар юу вэ? Мэдээж Гадаадын банкны салбар (ГБС) манай улсад үйл ажиллагаа явуулах, эсэх тухай юм. Тэр тусмаа хаяа зэргэлдээ хэт хүчирхэг хөрш улсын банкны салбар орж ирвэл зөв зохистой биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой гэдгийг юун түрүүнд бодоорой. Богино хугацаанд биш юм гэхэд алс хэтдээ.
Таагүй үр дагаврыг товч дурдая, 1-рт, манай үндэсний банкууд томоохон хэмжээнд өрсөлдөх чадваргүй байна. 2-рт, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын чанартай зээл олгодог. Энэ ч утгаараа “сорчлох ажиллагаа” шууд өрнөнө. “Сорчилно” гэдэг нь, манай жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихээсээ илүүтэй тухайн улсын санхүүжилтээр өндийж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд төвлөрөхийг хэлээд буй хэрэг. 3-рт, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан автоматаар өснө. 4-рт, энэ бүгдийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байна. Ийм таагүй дүгнэлтээр угтвар ивж, хардан болгоомжлоод буйд минь олон шалтгаан бий.
Монгол Улс ГБС-ыг оруулж ирэхэд бэлэн биш байна, өнөөдөр. Юуны өмнө банк, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах бодьтой бодлого хэрэгжүүлэх асуудал зайлшгүй шаардлагатай байна. Зөв зүйтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах хүмүүс мэргэжлийн байх нь чухал.
Монгол Улсын банктай холбоотой 55 гаруй хуулийг энд заавал дурдмаар байна. Өө сэв ихтэй, дутуу дулимаг хуулиудыг Төв банкны болон бусад холбогдох яам, агентлагийн үе үеийн чадваргүй гэхээсээ илүүтэй улс орноо сэтгэл зүрхнээсээ хөгжүүлье гэсэн бодолгүй, сэтгэл муутай, онол муу мэддэг гэхээсээ хүнд сурталд автагдсан, бодит амьдрал дээр бизнес яаж хийдгийг ойлгодоггүй, туршлагагүй мэргэжилтэн, түшмэд, захирлууд, сайд, дарга нар, Ерөнхийлөгчид тухайн үеийнхээ УИХ-ын гишүүдтэй нийлж, хамтран боловсруулж баталснаас үүдэлтэй. Үнэндээ бидний тулгамдсан асуудлын нэг нь энэ.
Харж, сэрэх, шийдвэрлэх учиртай асуудал нэг бус байна. Жишээлэхэд, өнөөдөр Монголд 12 арилжааны банк нэг салбарт яг ижил бизнесээр өрсөлдөж байна.
Ингэснээр аль алинаа хоосруулж (олсон нэг төгрөгийн орлогоо 12 хуваана гэсэн үг), хүчээ тарамдуулахаас цаашгүй. Гэтэл үүнийг бодлогоор зохицуулж, цөөлөх талд ач холбогдол өгөлгүй өдийг хүрлээ. Угтаа “Манай банкны салбарын бодит төрх мэдлэггүй улстөрчид, бодлого тодорхойлогчид буюу удирдагчдын маань толины тусгал”.
Хамаарал
Юун түрүүнд, гаднын банкны Төлөөлөгчийн газрыг, салбарыг нь оруулж ирэх, эсвэл охин компанийн хэлбэрээр үйл ажиллагааг нь дотоодод ажиллуулах гэдгийн ялгааг тайлбарлая.
Төлөөлөгчийн газар: Толгой (төв) банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй. Тодорхой судалгааны шинжтэй, төв рүүгээ мэдээлэл илгээх үйл ажиллагаан дээр төвлөрдөг.
Салбар банк: Монголд байрлаж байгаа ч гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөц, удирдамж, чиглэл, бодлогоор шууд өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, өөрийн улсынхаа холбогдох бизнесийн загвар, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна (Бидэнд тун осолтой хэлбэр).
Охин компани: Дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, манай орны хууль эрх зүйн дагуу өрсөлдөнө. Бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдана. Эндээс харахад бидэнд аль нь эрсдэл багатай вэ гэдэг тодорхой байгаа биз.
Монголд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулсан банк гэвэл “Чингис хаан”. Охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад хүртэл төрийн өмчлөлтэй банк уу, хувийнх уу, бүр цаашлаад хөрш улсынх уу, гуравдагч улсынх уу гээд олон зүйлийг хоршуулан тунгаан бодолцох ёстой.
Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо гээд бусад аж ахуй, үйлдвэрийн хөрөнгө оруулагчид хийдгээ л хийнэ. Түүнээс биш бусад салбарын хувийн хэвшлийн ажилд оролцох бүү хэл нөлөөлөх ч боломж бага.
Харин банк бол зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа ямар л салбар байна бүгдийг онилж чадна. Тэдгээрт мөнгөний эх үүсвэр, зээл, худалдааны санхүүжилт г. м. олон зүйл дээр дэмжих эсэх, хэр өрсөлдөхүйц байх вэ гэдэгт нь шууд нөлөө үзүүлэх бодлогын бизнес хийдэг. Жишээ татъя. Уул уурхай, газар тариалан, барилга, зам, гүүр гээд улирлын ажлууд байна. Тэнгэр цаг агаарт тааруулан тохируулж, шийдэл шийдвэрээ даруй гаргахгүй бол шууд жил алддаг бизнес. Ийм бизнест төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажил, бараа материал татан авалт, ханган нийлүүлэлтээс гадна банкнаас зээл олгох уу, үгүй гэдэг шийдвэр хамааралтай.
Банк хэн нэгний зээлийг хатуу шаардлагаар ганц долоо хоног уяхад л дотоодын аж ахуйн бизнесийн үйл ажиллагааны горим алдагдаж, төлөвлөгөөнд нь эрсдэл үүсдэг.
Энэ бол аливаа бизнест чөдөр болдог нэг жишээ. Газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарын аж ахуйн нэгжүүдийн бизнес давтамжийг хоёр, гурван жил чөдөрлөж түвэг удахад л бүх зүйл ганхана. Барьцаагаа алдахаас эхлээд ар араасаа ханарна гэсэн үг.
Гинжин хэлхээ
Сүүлийн хэдэн жилд хэрэгжсэн орон сууцны санхүүжилтын цаана найм болон зургаан хувийн зээлээр байртай болсон өрх хэдийнээ 100 мянгад хүрсэн. Энэ том ажилбарын маш чухал ач холбогдлыг иргэд үнэндээ мартчихдаг. Барилгын салбар дахь мэргэжлийн болоод бусад үйлчилгээ, электрон бараа, мебель тавилгаас эхлээд л худалдаа үйлчилгээний бүхэл бүтэн сүлжээ энд хамаатай. Бүх үйл ажиллагаа мөнөөх найм, зургаан хувийн зээл гэх том хүчин зүйл дээр босч өндийж, амьсгалж байлаа. Төрийн бодлогоор нэгнийгээ дэмжих том, шинэ орон зайг банкныхан ийнхүү бий болгосон юм.
Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Хүмүүс зээл авах бололцоо байна уу, үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлт юм. Монгол Улсын энэ үзүүлэлт муугүй. Бодоод үз дээ. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгж Танд олдох болов уу. Хүртээмж сайн, боломж бололцоотой байгаагийн илрэл энэ. Гэтэл үүнийг сөрөг талаас нь харж, “зээлгүй хүн алга” хэмээн толгой сэгсрэн шогширдог нь харамсалтай. Нөгөө талыг харвал, зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн том асуудал байдаг нь гарцаагүй үнэн. Уг нь төрийн бодлогоор энэ асуудлыг тодорхой хугацаанд, түргэн шийдвэрлэх шийдэл хангалттай бий.
Өрсөлдөөн
Зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах ямар шийдлүүд байж болох вэ. Нэн тэргүүнд, Арилжааны банкууд иргэдийн хугацаатай хадгаламжид жилийн 10 гаруй хувийн хүү төлдөг. Үүнийг УИХ, Монголбанкнаас буулгах бүрэн боломжтой.
Мөн өдөртөө, маргаашдаа, богино хугацаанд мөнгө нь гардаг Харилцах дансанд буюу урсгал дансанд банкууд гурав хүртэл хувийн хүү төлдөг явдлыг хориглох гээд шийдлүүд байна.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.2.2 № 21 (7763) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn