Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
ОХУ Украиныг, АНУ Венесуэлийг “авах”-аар тохиролцсон гэх таамаг биеллээ олж магадгүй байна
-Та манай сонинд жилийн өмнө өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гадаад бодлого Монрогийн номлолыг сэргээлээ гэж байсан. Нэг сар орчмын өмнө батлагдсан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратеги энэхүү номлолыг санагдуулж байх шиг. Тэгвэл энэ номлолын агуулгаар бол АНУ-ын дараагийн алхам юу байх бол?
-АНУ-ын шинэ стратеги нь хүйтэн дайнаас хойш явуулсан дэлхийг жанжлах бодлогоосоо татгалзаж, хамар доорх асуудлаа цэргийн тусгай ажиллагааны замаар шийдвэрлэх агуулгатай байна. ОХУ-ыг Европт тулгарсан аюул тул тэдний асуудал, харин БНХАУ-тай эдийн засгийн хувьд л өрсөлдөгч байна гэснээр энэ улс орнуудыг одоогоор “аюул” гэж үзэлгүй хойш тавьсан. Дараагийн алхам нь Гринландын асуудал байх болов уу. Д.Трамп Гринландыг “Яаж ийгээд ч болов” авна гэж мэдэгдлээ шүү дээ. Нөгөө нь Өмнөд Америк юм. Латин Америкт бол Кубын улс төрийн нөлөө их, тусгай алба нь ч их орооцолдсон, өөрийн онцлогтой газар. Гаванад төвтэй Никарагуа-Куба-Венесуэлийн тэнхлэгийг зүүнийг баримтлагч Ерөнхийлөгчтэй болсон Колумбиар тэлж болзошгүй гэж АНУ болгоомжилж байгаа. Тиймээс энэ тэнхлэгийг таслахыг оролдох биз. Тэгэхээр энэ тив түгшүүрээр дүүрэн байх нь бараг тодорхой болж байна.
Трампын эдүгээ олон улсад зарлаад буй бодлого бол шинэ зүйл биш. Энэ бол Монрогийн номлол эргэж ирсэний илрэл. Бүгд найрамдах намаас сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Монрогоос аль 1825 онд тунхагласан хэдэн зарчим дэлхийн хоёрдугаар дайн хүртэл мөрдөгдсөөр ирсэн.
Энэ бол бид Европын хэрэгт оролцохгүй та нар ч бидний хэрэг бүү оролц гэдэг зарчим.
- Венесуэлд тусгай ажиллагаа явуулсан асуудал анхаарал татсан хэвээр байна. Чухам яагаад Венесуэл гэж. Нефтийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог боловч байгалийн баялаг нь тус улсын дотоод нөхцөл байдалд төдийлөн сайнаар нөлөөлж чадахгүй байх шиг. Манай зарим улстөрч бид Венесуэл шиг болмооргүй байна гэдэг, ингэж харьцуулах үндэслэл байх уу. Шалтгаан нөхцөлийг та юу гэж харж байна?
-Венесуэл бол газрын тосны нөөцөөр дэлхийд нэгдүгээрт орж байна. АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван том гүрний нөөцийг нийлүүлснээс ч хоёр дахин их нөөцтэй. Венесуэлийг эш татдаг нь сургамж аваач л гэж байгаа биз. Энэ улсын худалдааны хамгийн том түнш нь АНУ. Харин ОХУ-аас хамгийн их зэр зэвсэг авч байна. Газрын тосны экспортынхоо гуравны хоёрыг БНХАУ-д гаргадаг. Уг нь энэ гурвалжингийн хүрээнд тэнцвэртэй харилцвал Венесуэлд ашигтай байсан. Харамсалтай нь нэг талыг хэт баримталж тэнцвэр алдагдуулсан. Энэ бол сургамж. Энэ улс уг нь гаднын хамаарлыг багасгаж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор туйлын гайгүй явж байсан. Газрын тосны салбараа улсын мэдэлдээ авч, баялгийн менежментэд төр нь хэтэрхий хутгалдсан. Тэгээд үр ашиг муутай төрийн өмчит компаниуд нэмэгдсэн. Тэгшитгэх халамж нь инфляцыг хэт өсгөж, авлигыг гүнзгийрүүлж, эсрэгээрээ ядуурлыг хавтгайруулсан. Мөн 30 сая хүн амын тавны нэг нь гадаад руу амьдрал хөөж дүрвэсэн. Энэ бол дахиад л сургамж.
Худалдааны гол түншүүд нь өрнөд тул хувийн хэвшлийнхэн Орос, Хятадтай харилцах сонирхол бага боловч төрөөс тэднийг эдгээр хоёр улс руу шахаж байсан учраас зөрчил ихтэй байсан. Уг нь газрын тосноос гадна төмрийн хүдэр, кофе гээд эдийн засгийн боломж байсан ч эдийн засгийн тулгуураа зөвхөн ганц газрын тосны экспорт болгосон. Газрын тосоо борлуулахад яг л манайхан нүүрсийг зөвхөн биржээр гэдэг шиг төр нь буруу асуудалд хутгалдсанаас буруу замаар будаа тээх болсон. Энэ бол дахиад л сургамж. Бид одоо хэчнээн тийчлээд ч ойрын болон дунд хугацаандаа гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй болсонтой адил Венесуэлд ДНБ-ний гуравны хоёрыг хувийн хэвшил гаргадаг ч төрийн оролцоо нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн. Энэ бол мөн л сургамж. Венесуэлийн бүтэлгүйтэл бол засаглалын тогтолцооноос бус харин гол төлөв бодлогын субьектив хүчин зүйлсээс их хамаарсан гэж дүгнэж болно.
-Венесуэл бол ОХУ-тай ойр дотно харилцаатай улс. Гэвч ОХУ Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас саяын болсон асуудал дээр дорвитой алхам хийж чадахгүй байх шиг байна. Тийм үү?
-Саяхан шүү дээ. 2025 он арай гараагүй байхад ОХУ гэнэт л иргэдээ Венесуэлээс татаж, томоохон төслүүдээ бараг зогсоож, үндсэндээ өгөөж болгосон доо. Жириновский хэдэн жилийн өмнө “Д.Трамп Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол ОХУ-д Украиныг, харин өөртөө Венесуэлийг “авах”-аар хоёр тал тохиролцоно. Та нар харж л байгаарай” гэж таамаглаж байсан. Яг л түүгээр болж байна. Венесуэл бол сүүлийн арван жилд ОХУ-ын зэвсгийг худалдан авдаг нэг том зах зээл болсон. Өөрөөр бол ОХУ-д алдах юмгүй. Ер нь томчууд өөрсдийнхөө ашиг сонирхлыг л урдаа тавьж, бүгд л тохиролцоно шүү дээ.
Трамп Тайваныг хэрхэх нь Ши Жинпиний асуудал. Харин Гринланд бол “минийх” гэж мэдэгдлээ
-Хятад, АНУ-ын өрсөлдөөнд Венесуэлээр хамаарах зүйл олон бий. Цэргийн тусгай ажиллагааны дараа БНХАУ-ын цэргийн зарим хөлөг Карибын тэнгист байна гэсэн мэдээлэл гарсан?
-Венесуэл улс хамгийн их зээлийг Хятадаас авч байна. Бас хамгийн олон тооны цагаачдыг манай урд хөршөөс авсан. Стратегийн хувьд хиймэл дагуулыг даган ажиглах Хятадын станцуудыг Венесуэл улс газар нутагтаа байрлуулсан. Зэр зэвсгээ ч үлэмж ихээр худалдан авч байна. ОХУ-ыг бодвол БНХАУ нь Венесуэлд даацтай нэвтэрсэн гэж хэлж байна. Венесуэлийн газрын тосны экспортын 70 хувь нь БНХАУ-д, 20 хувь нь АНУ руу гардаг. Иймд Мадурог баривчилсан нь БНХАУ-д эдийн засгийн хувьд том цохилт болно. Үүнийг нөхөх байдлаар Трамп Тайванийг хэрхэх нь Ши Жинпиний асуудал. Харин Гринланд бол “минийх” гэсэн зүйлийг сая мэдэгдэлдээ хэллээ шүү дээ.
-Тайвань гэснээс оны өмнөхөн Тайванийн хоолойд БНХАУ тэнгисийн цэргийн том сургууль явуулж, ойр орчмын улс орныг түгшээлээ ?
-Монголын эргэн тойронд ч тэр, алс тэртээ ч тэр их гүрний дээрэнгүй шовинист үзэл хүчтэй сэргэж байна. Тэгэхдээ их гүрэн хэт савнаасаа халивал юу болдгийг ЗХУ-ын задрал харуулсан. АНУ дэлхийн жанжлалаас татгалзсанаар гашуун туршлага үзүүлж мэдэхээр байна. Харин сав нь дүүрээгүй нэг л том гүрэн үлдсэн. Иймд ирэх жилүүдэд тогтворгүй байдал биднийг болон дэлхийн улс орнуудыг хүлээж байна гэсэн үг. Тайвань бол манай хориглолтын сүүлчийн зааг юм.
-Тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгчийг баривчилж шүүх нь гэмт хэрэг биш үү. Венесуэл улс төрийн тэргүүнээ алддаг нь хамгаалалт муу байсных уу, юу гэж ойлговол зохилтой вэ. Манай хамгаалалт ямар байдаг юм бол оо?
-Том гүрнүүд цэргийн тусгай ажиллагаа гэдэг нэрийн дор олон улсын хууль дүрмийг уландаа нэгэнт гишгэсэн. Өмнөд Америкийн цөөнгүй улс төрийн тусгай хамгаалалтыг Кубын албан хаагчдаар хийлгэж ирсэн. Мэдээж энэ бол “зоригт арал”. Мадурог хулгайлах операци ердөө хагас цаг үргэлжлэхэд хэдэн арван кубчууд алагдсан. Харин Венесуэлийн арми, агаарын довтолгооноос хамгаалах хүчин ер эсэргүүцэл үзүүлсэнгүй. Цэргийн эргэлт гэнэдүүлж хийхдээ гаршсан улсын нэг тул гэнэдсэн үү, санаатай юу гэдэг нь шалгалтаар нь тогтоогдох биз. Гэхдээ гол шалтгаан хүчний гэгдэх байгууллагуудын хоорондын харилцан ажиллагаа, уялдаа тогтоогүй байсанд гэж үзэж байх шиг байна. Үүнийг манай холбогдох газрууд нь сургамж болгон судлах байлгүй дээ.
“Том гүрнүүдийн тохиролцоонд автахгүйн тулд дээрэлхүүлээд ч боловч тэсэж байх нь бидэнд чухал байна”
-Венесуэлийн хэрэг явдал бидэнд үл хамаарах холын явдал гээд мэдээж бид төвийг сахиад сууна. Магадгүй Венесуэлийн жишээ нэг төрлийн сургамж боллоо шүү дээ. Та юу гэж үнэлж байна вэ?
-Бид ч гэсэн хамар доорхоо л анхаарч байх нь зүйтэй байх. Дэлхийд их гүрэн гэж одоо байхгүй болсон. Хэдэн том гүрэн л байна. Зарим нэг нь дайн хийн баясаж, үлдсэн нь дайн хийх гэж байж ядаж байна. Энэ бол хүчний тэнцвэр дэлхийд алдагдсаны үр дагавар. Том гүрнүүд реалист онолоо баримтална. Олон улсын харилцаа бол ердөө дайн, энх амгалан гэсэн хоёрхон хэлбэртэй. Ийм л байсан, цаашдаа ч ийм байна. Хүчний харьцаа тэнцвэртэй байвал тогтвортой намжмал байдалтай. Хүчний харилцаа алдагдвал дайн, мөргөлдөөн тасрахгүй. Ардчилал, эрх чөлөө, зах зээлийн харилцааг бид өөрсдөө сонгосон, хэн ч тулган хүлээлгээгүй. Харин одоо энэ танай сонголт биш байсан өрнөдийг хуулбарласан алдаа байсан гэдэг тулгалт гаднаас их ирж байна.
Та нарт гуравдагч хөрш хэрэггүй л гэнэ, та нар starlinks-ийг ашиглаж болохгүй л гэнэ, та нарт Богд хэрэггүй л гэнэ, та нар тэр л байгууллагад элс, харин тэрэнд болохгүй л гэнэ, та нар Украиныг үзэн ядаж байна муу л гэнэ, гаднаас радар авбал хилийг тань хаана л гэнэ. Байгалийн хий тавих хоолойг аль 1995 оноос та нар л тавихыг гуйсан, бид тавина гээгүй, сүүлд нь Европ шиг танай хараатаас гарна гэж “унжихгүй” биз дээ л гэнэ. Бүгд найрамдах засгаа тунхагласныг тэмдэглэж болохгүй л гэнэ. За яах вэ том гүрнүүдийн тохиролцоонд автахгүйн тулд нэг хэсэгтээ аль нэг талыг барихгүй дээрэлхүүлээд ч боловч тэсэж байх нь чухал. Учир нь олдох боловч цаашдаа бидэнд улам амаргүй нөхцөл байдалтай тулах нь.
Жижгүүдийн хувьд либерал онол хүчинтэй хэвээр, бидэнд реалист онол зохихгүй. Гадаад бодлогын үндсэн зорилго бол тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах явдал. Тэгэхээр энэ их дарамтыг зохицуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэргүүлж буй гадаад бодлогын алхмыг бид үнэлж, дэмжиж байх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7751)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn