Төмөрбаатарын Батсайхан
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц авч үзээд “зөрчсөн” гэсэн дүгнэлтийг гаргаж, улмаар оны өмнөхөн УИХ хүлээн авсан билээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн нэг болох сэтгүүлч Э.Энэрэлтэй ярилцлаа.
-Худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалтыг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэ асуудалд манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан маань манлайлал үзүүлж ажилласан. Ер нь хэвлэлийнхэн гэлтгүй бүх иргэдэд холбоотой заалт шүү дээ. Анх ер нь яагаад энэ заалт Эрүүгийн хуульд тусгагдах болов. Шалтгаан нөхцөлийн талаар яриагаа эхэлье?
-Эрүүгийн хуулийн энэ заалт нь Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн нэг болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, төрийн нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэснийг зөрчсөн талаар хуульч, сэтгүүлч мэргэжилтэй иргэд цэцэд бидний ярьдгаар гомдол буюу албан хэллэгээр мэдээлэл гаргасан.
Хэдийгээр гомдол гаргасан хүмүүс нь хуульчид бас хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг сэтгүүлчид боловч энэ асуудал үнэхээр хүн бүрд хамааралтай. Монгол Улсын иргэн бүрийн асуудал энд яригдаж байгаа учраас бас Үндсэн хуулийг хуульчид гэлтгүй бүх хүмүүс хамгаалж, аль нэг газраа алдаа гарч, зөрчиж байвал мэдээлж, засч залруулах ёстой учраас, нөгөө талаас хүн бүр үгээ хэнээс ч айлгүй хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, мөн мэдээлэл авах эрхтэй учраас бүх хүмүүс энэ асуудлыг анхаарч үзэх ёстой юм.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байсан юм. Үүнийг гүтгэх, доромжлох гэмт хэргийн заалтыг алга болголоо, гүтгэх заалтыг хүчингүй болгосон анхны улс боллоо гэх зэргээр гуйвуулан ярьж байгаа нь ч харагдаж байна.
Тэгэхээр эхлээд нэг зүйлийг тодорхой болгоё, сая цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, УИХ хүлээж авсан энэ заалтын агуулга бол “худал мэдээллийг тараах” гэмт хэргийн заалт байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ заалт 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар орж ирсэн шинэ төрлийн гэмт хэргийн тухай заалт. Хүмүүс санаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож багасгасан талаар ихээхэн хэрүүл гарч байсан тэр үеийн хэлэлцүүлгийн үеэр яригдаж байсан нэг заалт. Гэхдээ энэ заалттай холбоотой хэлэлцүүлэг Хууль зүйн байнгын хороон дээр ч, УИХ-ын чуулган дээр ч яригдаж санал хураагдах үед анхаарал татсан зүйл болж байсныг хуралдааны тэмдэглэлээс харж болно. Эхлээд Байнгын хороон дээр энэ хуулийн төсөл олонхын санал авахгүй унахад Ц.Нямдорж гишүүн би сая буруу санал өгчихлөө, дахин санал хураалгаж өгөөч гэснээр дэмжигдсэн байдаг. Дараа нь чуулганаар хэлэлцэхэд 22 гишүүн зөвшөөрч, 24 гишүүн татгалзаж, 47.8 хувийн саналаар дэмжигдээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Ундармаа миний дэмжсэн санал техникийн саатлын улмаас эсрэг гарлаа гээд дахин санал хураалгах горимын санал гаргасан байдаг. Нэг хүний зөвшөөрсөн санал нэмэгдлээ гэхэд 23 болно биз дээ, гэтэл дахиад санал хураалт явуулахад 28 хүн дэмжсэнээр энэ хууль батлагдсан байдаг.
Анхнаасаа хөндлөнгийн хүчин зүйл нөлөөлж байсан гэж хардахаас аргагүй энэ заалт өнгөрсөн зургаан жилийн турш хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн нь Цэцээс дүгнэлт гарснаар түдгэлзэж, УИХ хүлээн авснаар хүчингүй болж байна. Гэхдээ энэ хууль хэрэгжсэн зургаан жил орчмын хугацаанд буюу 2024 оны хагас жилийн байдлаар нийт 2260 хүн энэ зүйл заалтаар шалгагдаж, 82 хүнд эрүүгийн ял оногдуулсан байдаг.
-Гомдлын тоотойгоо харьцуулахад харьцангуй цөөн хүн ял авчээ?
-Тийм. Харин энэ тусмаа анхаарал татаж байгаа юм. Үнэхээр буруутай нь шүүхээр нотлогдоод ял авсан нь нийт гомдлын ердөө дөрвөн хувь орчим гэхээр худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалт хүмүүсийг шударга үнэнийг хэлж, шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлэхийн эсрэг зэвсэг болгож ашиглах, тэднийг залхаан цээрлүүлж дараагийн удаа үгээ хэлэхээс айх, асуудалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандахаас халширдаг болгож байна гэж үзэхэд хүргэж байгаа юм. Эрүүгийн хэргийг шалгана гэдэг маш нарийн процесстой. Мөрдөгч тогтсон цагт дуудаж мэдүүлэг авна, дуудсан цагт нь гозойж байхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэж айлгана, эрүүгийн хэрэг учраас банкны данс тооцоог чинь ухна, өмгөөлөгч авах ёстой, прокурор руу явуулна, шүүхэд шилжүүлбэл шүүх хурал явагдаж, ял оноох эсэхийг шийднэ. Гэмт хэрэгтэн гэсэн нэр зүүнэ. Буруутай бол өөр хэрэг. Харин энэ бүх залхаан цээрлүүлэлтийн дараа буруугүй тухай шүүхээс шийдсэн байлаа ч тухайн хүний алдсан цаг хугацаа, мэдэрсэн дарамт, айдас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийг эсвэл шүгэл үлээсэн энгийн иргэнийг шударга үнэний төлөө дуугарахаас халшрахад хүргэдэг. Голдуу гомдогч нар нь эрх мэдэлтэй хүмүүс, төрийн болоод улс төрийн албан тушаалтнууд байх нь бий. Ял сонсож шийтгүүлэх хугацаанаасаа давсан удаан хугацаанд шалгуулдаг, тэр ч байтугай худал мэдээлэл тараасан хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг хоёр сар шахам цагдан хорьсон тохиолдол ч гарч байсан. Гэтэл энэ гэмт хэрэгт оногдуулах үндсэн ял шийтгэл нь ч баривчлах, хорих ял биш шүү дээ. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалттай. Гомдол гаргагч нь улс төрийн албан тушаалтан байсан. Энэ бүхэн ардчилалд ямар их халгаатай гэдгийг бид бодох ёстой. Энэ удаагийн гомдол Үндсэн хуульд заасан иргэн бидний үндсэн эрхийг хамгаалж өгөөч гэж байгаа ч нөгөө талаас ардчиллын мөн чанарыг илэрхийлэх эдгээр эрх зөрчигдөж байна, ардчилал эрсдэлд ороод байгааг Цэц нь хэлж, сануулж өгөөч, УИХ нь хүлээн зөвшөөрөөд засаач ээ л гэсэн хэрэг шүү дээ.
-Гүтгэх, доромжлох заалтыг авч хаялаа. Одоо сэтгүүлчид, сошиалд дураараа хүн гүтгэж, доромжлох боломжтой боллоо. Хүний нэр төр яах юм, бид ч гэсэн нэр төртэй гээд зарим УИХ-ын гишүүн лайв хийж байсныг та харсан уу?
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гуайн бичлэгийг та хэлж байгаа бололтой. Би түүнийг харсан. Хэд хэдэн зүйл дээр гайхсан. Юуны өмнө Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тэр гишүүн ажлаа тасалсан юм уу, эзгүй байж дээ. Түүнээс ямар гудамжинд байгаа бид биш дээ, танхимд үгээ хэлэх боломжтой байсан. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн 13.14-т гүтгэх, доромжлох гэсэн үг байхгүй харин худал мэдээлэл тараах гэсэн агуулга байгааг хууль тогтоодог хүн мэдэхгүй тэгж ярив уу, мэддэг ч худлаа хэлэв үү гэсэн бодол төрсөн. Дахиад яг энэ заалт Эрүүгийн хуульд орсон 2020 оны нэгдүгээр сард Ц.Даваасүрэн гишүүн өөрөө УИХ-д гурвантаа сонгогдоод ажиллаж байсан үе шүү дээ. Ер нь гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хуулиас авч Зөрчлийн хуулиар асуудал шийддэгддэг болох талаар яригдаж байсан үед ч тэр хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан болохоор мэдэх л ёстой. Анх удаа сонгогдож байгаа гишүүн байсан бол бас ойлгохсон. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 70 хувь нь анх удаа сонгогдсон гишүүд харин цөөхөн нь дахин, тэр дундаа тавантаа сонгогдсон гарын хуруунд багтах туршлагатай гишүүний нэг мэдэхгүй байна гэж байх уу.
Сүүлийн үед анзаараад байхад УИХ-ын гишүүд мэдэж байж худлаа ярих, тархи угаах зорилготой өөрсдөдөө ашигтай мэдээллийг сугалж ярьдаг, жинхэнээсээ өөрсдөө илт худал мэдээлэл түгээх байдал их ажиглагдах болсон. Гэхдээ олон нийт гэдэг маш ажигч, гярхай шүү. Иргэд хэрсүү болсон шүү гэдгийг л сануулан хэлье.
-Ер нь хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын энэ төрлийн хууль эрх зүйн орчин ямар байдаг юм бэ?
-Гүтгэх, доромжлох заалтгүй болсон дэлхийн цорын ганц улс болоод байна гэж эрхэм гишүүн хэлснийг нь хуульчид үгүйсгэж, Финланд, Норвег гээд улсуудаар жишээлж хэлсэн байсан. Манай улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх тайланг НҮБ хэлэлцээд өгсөн зөвлөмждөө гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах хэрэгтэйг анхааруулсаар ирсэн. Энэ бол зөвхөн сэтгүүлч, инфлюнсэрүүдэд ч хамаатай биш харин гартаа утас бариад, үзэл бодлоо сошиалд бичээд, шэйр хийж байгаа иргэн бүрт хамааралтай билээ. Ер нь илүү сайхан нөхцөлд амьдрах, шударга ёсыг тогтоох хүслээр үгээ хэлж байгаа хүн бүрт хамаатай. Яг үнэндээ амьдрал нь асуудалгүй бол хэн төр засгийг, эрх мэдэлтэй хүмүүсийг шүүмжлэх вэ дээ. Асуудал хаана байна гэдгийг эрх мэдэл хэрэгжүүлж байгаа улсууд бодох л хэрэгтэй.
Гүтгэх, доромжлох агуулгатай заалт БНМАУ-ын үеэс буюу 1961, 1986 оны Эрүүгийн хуульд байсан, дараа нь 2002 оны Эрүүгийн хуульд 110.1, 111.1-3-т байсныг бид маш олон жилийн турш гэмт хэрэгт хамруулах биш иргэний журмаар асуудлыг шийддэг болооч ээ гэж үгээ хэлж, үндэслэлээ тайлбарласаар ирсэн. 2015 оны Эрүүгийн хуульд гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохоо больж, шинэ тутам Зөрчлийн хууль руу оруулж, харин Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан бол гэдэг гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгаж өгсөн байдаг.
Энэ хуулийн заалт алга болсноор хүнийг дураараа гүтгээд байж болох тухай, түүнийг зохицуулсан хуулийн заалт алга болсон гэж бодож болохгүй. Хүний нэр төр, алдар хүнд эрхэм үү гэвэл эрхмээс эрхэм. Бид үүнийг хамгаалах ёстой. Бас л Үндсэн хуульд заасан эрх шүү дээ. Монгол Улс хүний нэр төр, алдар хүндийг хамгаалсан эрх зүйн тогтолцоотой орон. Энэ асуудлыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, цаашлаад 497, 511 дүгээр зүйлээр зохицуулдаг байхад ийм зохицуулалт байхгүй мэтээр хүмүүст ойлголт өгч болохгүй. Буруу мэдээлэл гаргаж, хүний нэр төрд халдсан бол тэр хариуцлагаа хүлээгээд явах учиртай. Хэвлэл мэдээлэл ч ийм хариуцлагагүй асуудал гаргаж болохгүй. Үүн дээр хэвлэл мэдээллийн салбарынхан аль болох алдаа гаргахгүйг хичээж, өөрсдийн зохицуулалтын байгууллагаараа ч ёс зүйн алдаагаа ярилцсаар ирсэн.
Гэвч Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл энэ асуудлыг шийднэ гэхээсээ харин эсрэгээр ашиглагдах боломж болсоор ирсэн нь үнэн. Сүүлдээ төрийн байгууллагууд хүртэл гомдол гаргаж, иргэд ял авч эхэлсэн байдаг. Төрийн албан хаагч, төрийн байгууллагын нэр төр, алдар хүндэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял авсан тохиолдлуудыг дурдаж болно. Үнэндээ, Төрийг үл хүндлэх гэсэн ойлголт байгаа улс орон бол хэр хэмжээний хаалттай орон бэ гэдгээ харуулж байгаа хэрэг гэж олон улсад үздэг. АНУ-д гэхэд хэдэн зуун жилийн өмнөөс энэ үзэл баримтлал байж болохгүй гэдгийг тунхагласан байдаг. Нэр төр, алдар хүнд гэсэн ойлголт хувь хүнд байх бөгөөд төрийн байгууллага энэ ойлголтоор гомдож, нэр төр, алдар хүндийн хохирлын талаар ярих боломжгүйг Цэц дээр шинжээчид, хуульчид онцолж байсан.
-Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг харсан. Та сэтгүүлчийн хувьд илүүтэй байр сууриа илэрхийлсэн. Цэцийн дүгнэлт хэдий түдгэлзүүлсэн ч гэлээ цаашид анхаарах зүйл юу байна гэж тэндээс ажиглагдсан бэ. Түдгэлзүүлсэн гол шалтгаан нөхцөл нь юу байв?
-Цэцийн дүгнэлт гарсан. Түүнийг нь УИХ хүлээн авсан. Одоо энэ маргаан нэгэнт Цэцэд хамааралгүй болж, харин УИХ-ын бүрэн эрхэд шилжсэн. Гэхдээ анхнаас нь энэ мэдээлэл дээр хэрэг үүсгэсэн нь, Цэцийн дунд суудлын хуралдаанаар 10 дугаар дүгнэлт гаргасан нь, араас нь УИХ-ын гишүүд хүлээн авсан нь бас цаг үе ихээхэн өөр болсныг батлаад байгаа юм. Ер нь Цэц дээр Үндсэн хуулийн 16.16-д заасан шиг ийм үндсэн эрх зөрчигдсөн талаар асуудлыг шийдэж байсан нь хэр олон юм бол доо. Итгэл үнэмшлийн, агуулгын хувьд цаг өөр болсныг харуулж байна гэж бодож байгаа. Тогтсон хэм хэмжээг давж, ойлголтыг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг заримдаа эр зоригийн ч асуудал. Зарим зүйлийг эргээд харахад мэдээж асуудал ш дээ гэж бодогддог тухайн үеийн нийгмийн ойлголт, хэвшсэн соёлыг давна гэдэг асар их хүч шаардах зүйл байх нь бий. Сая Үндсэн хуулийн цэц 33 жилийн түүхэндээ анх удаа Эрүүгийн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргалаа. Илтгэгч гишүүн Л.Өлзийсайхан энэ асуудлаар маргаан үүсгэж, нягт нямбай ажиллаж, хүний эрхийн, ардчиллын мөн чанарыг хамгаалах боломж олгож өгсөнд нь талархаж байна. Үндсэн хуулийн цэцэд эмэгтэй гишүүд бас олноор байгаасай гэж боддогоо энэ дашрамд хэлчихье.
За, Цэцийн дүгнэлт бол бараг 40-өөд хуудас дүгнэлт байгаа. Түүнд Үндсэн хуульд болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан эрх, эрх чөлөөний үндсэн агуулгыг тус тусад нь тайлбарлаж, нэгтгэн дүгнэж, ёстой л хичээл заасан байна лээ. Өнөөдөр дэлхий бас тэс өөр болчхоод байгаа. Дэлхий нийтийн ардчилалд итгэх итгэл улам бүр суларч, 1980-аад оны үеийнх шигээ болчхоод байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Хуулиар далдалж, далайлгаж ардчиллыг хумьсан нөхцөл байдал үүссэн нь өмнөхөөсөө ч илүү ноцтой дэлхийг бий болчхоод байгааг хэлж байна. Харахад ардчилсан улс уу, хуулиараа тийм үү гэвэл тийм. Гэхдээ тэр хуулийнх нь зүйл заалтууд ардчиллыг үгүй хийхэд хүргэж, иргэд нь айдас хүйдэстэй байгаа улс орнууд олон болчихлоо. Ази, Номхон далайн бүсийн хүн амын 70 гаруй хувь нь ийм улс оронд амьдарч байхад ардчиллын баян бүрд гэдэг Монгол Улс ардчиллын мөн чанарыг илтгэдэг тэр эрхээ эдлэхээс айсан иргэдтэй, хэвлэлтэй орон болж болохгүй. Нийгмийн харилцаанд хүмүүс мэдээлэл авч, санал бодлоо хэлэлцэн, хамтран үнэт зүйлс бүтээн амьдардгаараа шугуйн ёсноос ялгардаг. Хүний амьтнаас ялгаатай энэхүү мэдээлэл авч, мэдлэг бүтээж зэрэгцэж орших заяагдмал эрхийн баталгааг төр засаг бий болгож өгөх ёстой юм.
-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг парламент үргэлжлүүлэн хэлэлцсэн. Байнгын хороон дээр унасан шүү дээ. Үүнээс ер нь улстөрчид энэ заалтыг Эрүүгийн хуулиас түдгэлзүүлэхэд их л дургүй байгаа нь харагдаж байлаа. Байнгын хороон дээр ер нь ямар агуулгаар лобби яваад уначхав?
-Энэ УИХ одоогоос хоёр парламентын өмнөх парламентын гаргасан заалтыг буруу байсан байна гэж хүлээж аваад одоо илүү сайжруулах тал дээр ажиллана гэдгээ илэрхийлчихсэн болохоор Хууль зүйн байнгын хороон дээр юу болсон талаар ухрааж ярих дэмий ч юм уу гэж эхлээд бодогдлоо. Гэхдээ бид чуулган байтугай Байнгын хороон дээр хэн ямар байр суурьтай байсан, ямар сэдэл санаатай байсныг сайн ярилцаж байж, эрх ашигт хөтлөгддөг, хуулийн хулгай хийдэг байдлыг зогсоох учраас яриад явж байх нь зөв юм байна шүү. Хууль зүйн байнгын хороон дээр ямар гишүүд хүлээж авах дургүй байсан, хэн наанаа юу ярьж байсан ч цаанаа давхар санаатай унагахаар асуулт тавьж байсныг олон нийт шууд дамжуулалтаас харсан байх аа.
П.Сайнзориг гишүүн гэхэд л 2020 онд энэ хуулийн төслийг ХЗДХЯ-наас гардаж оруулж ирсэн хүн. Өөрөө энэ хуулийн заалтыг зөв гээд оруулж ирсэн хүний хувьд миний итгэл үнэмшил ийм байсан гээд хэлэлцүүлэгт оролцохоос татгалзах юм уу, дуугарахгүй байж болмоор надад санагдаж байсан. Бид Хэвлэл мэдээллийн зөвлөл дээр асуудал яригдах үед үзэл бодол эсвэл өөр байдлаар эрх ашиг зөрчилдөж байвал шууд хэлээд санал хураалтад оролцохоос татгалздаг. Гэтэл муулаад байдаг сэтгүүлчдээсээ ч дор түшээд мэр сэр байх юм. Асуудал яг шийдэгдэж санал өгөх үед танхимыг орхиж явдаг муу зангаа одоо өөрчилмөөр байна, манай гишүүд. Ирцэд орсон учраас санал хураалт явагдах үед дэмжээгүй гэдгээр шийдвэр гардаг. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн гэдгээр, гараад явсан нь татгалзсан гэдгээр ганцхан саналын зөрүүгээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу гарсан.
Гэхдээ УИХ-ын чуулган дээр энэ санал босож ирж чадсан. Энэ асуудлыг том зургаар нь харж чадаж байгаа, иргэн үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн мөн чанарыг ойлгож байгаа гишүүд үгээ хэлсэн. Хэвлэлийн салбарт ажиллаж жаргал зовлонг нь мэдэх гишүүд үгээ хэлж, ардчилалд тулгарч байгаа асуудлыг ойлгож байгаа дэвшилтэт үзэл санаатай гишүүд дэмжиж, УИХ-ын дарга нь чиглүүлж өгснөөр УИХ энэ чухал дүгнэлтийг хүлээж авлаа. Гэхдээ ер нь цаашдаа УИХ үнэхээр алдаатай шийдвэр гаргаад Цэцээс дүгнэлт гарч байгаа бол ялалт, ялагдлын тухай бодохоосоо илүүтэй асуудлыг илүү сайн болгоё гэж шийддэг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд ч алдаагаа залруулаад илүү сайн болгож, хууль санаачлах бүрэн эрх нь тэдэнд байна шүү дээ.
-Одоо тэгэхээр УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, энэ хуулийн заалтыг сайжруулах дээр ажиллана гэсэн үг үү. Та бүхэн үүн дээр яаж хамтрах вэ?
-Ажлын хэсэг байгуулагдсан байна лээ. Сайн ажиллана гэж итгэж, ажиглаж байгаа. УИХ-ын хаврын чуулган эхлэхээр ажлын хэсэг хуралдаж, ажил эхлэх байх. Түүнд бид саналаа хэлж, заавал Эрүүгийн хуулиар биш Иргэний хуулийн зохицуулалтаар шийдэх олон боломжууд дээр санаа оноогоо хэлээд явах боломж олдоно гэж найдаж байгаа.
Цэцэд мэдээлэл гаргасан бид тухайн үедээ нэгдэж нийлж мэдээлэл гаргаагүй ч хурлын дараагаас нэгдэж ажиллаж байна. Нэгдэж, хамтран ажиллаж байж Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхүүдийг хангахад саад болж байгаа хуулийн заалтууд бүрэн утгаар хэрэгжих боломжийг бүрдүүлэх, илүү сайжруулах тал дээр санал бодлоо хэлээд явна гэж бодож байгаа. Бид нэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай нийлж нээлттэй хэлэлцүүлгийг Үндсэн хуулийн өдрөөр зохион байгуулж байна.
Ард иргэдээ тэргүүндээ залсан төр мандан бадарч, харин эсрэгээр уландаа гишгэсэн төр мөхдөг. Ард иргэдээ дээдэлнэ гэдэг Үндсэн хуульд заасан эрхийг нь хамгаалах явдал. Тиймээс зөвт иргэнтэй, зөвт төртэй Монгол Улс болж, мандан бадраг ээ. Үндсэн хуулийн өдрийн мэндийг хүргэе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 7 (7749)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn