Б.ОЧИР
УИХ-д суудалтай таван намын тухайд тун чухал 2026 он эхлээд 10 гаруйхан хонож байна. Учир нь, тэд ирэх 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг базаах ёстой. Энэ сонгуульд анх удаа улс төрийн таван намын нэр дэвшигч өрсөлдөнө. Ерөнхийлөгчийн 1993 оноос хойших сонгуулиудад гурваас дээш нэр дэвшигч өрсөлдөж байгаагүй юм. Тэр утгаараа, энэ сонгуулийн дүнг эртнээс “багцлах” болон багцаалахад хэцүү гэсэн үг.
Гэхдээ, улс төрийн хүрээнийхэн аанай л “…МАН, АН-ын аль нэгийнх нь нэр дэвшигч 2027 онд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчөөр тодрох боломжтой” гэж таамаглацгааж байна. Үнэхээр ч тийм боломж бий. Олон жилийн түүх, гишүүд дэмжигчдийн тоо даацаараа энэ хоёр нам яахын аргагүй илүүрхдэг. Тэгээд бас өнөөдөр МАН нь УИХ-д олонх болчихсон, төрийн эрх барьж байна. АН нь УИХ-д олон гишүүнтэй, хүчтэй сөрөг хүчин болсон. Улс төрийн томоохон шийдвэрүүд дээр эрх баригч, сөрөг хүчин хоёрын харилцан хамаарал өндөр байна. Түүнийг 2024 оноос хойших улс төрийн олон үйл явдлаас харж болно.
Гэхдээ тус хоёр нам хоёулаа дотроо зодоонтой байгаад байна. Ер нь бол, УТХ-ын 2024 оны сонгуулиас хойш аль алийнх нь доторх бүлэг, фракцууд хоорондоо дайтсаар ирлээ. Энэ нэгэнт нууц биш байхаа больсон. Харин одоо эрх ашгийн жижиг нэгдлүүдээ орхиж, намынхаа үзэл баримтлал дээр нэгдэхгүй бол хоёр том сонгууль хаяанд ирчихлээ.
МАН-ынхан нэг хэсэг өөд уруугүй нүдэлдэж байснаа бодвол намдсан. Гэхдээ сүүлийн үед зарим нэг үйл явдлаар дотоод зодоон нь илрээд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “…ГИХГ-ын дата мэдээлэлтэй найман нөүтбүүк алдагджээ. Аюулгүй байдлын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ хэргийг тус газрын дарга Н.Ууганбаяр нуун дарагдуулжээ” гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Гэтэл уг асуудлыг ГИХГ-ынхан дотоод хяналтаараа өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулсан байх жишээтэй. Тодруулбал, тус газрын дотоод хяналтаар “…Нэр бүхий албан хаагч шинээр худалдаж авсан компьютерүүдийг албаны байрнаас зөвшөөрөлгүй гаргаж, хувийн зорилгоор бусдад шилжүүлсэн” гэдгийг тогтоож, асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, алдагдсан компьютерүүд шинэ байсан нь “…ГИХГ-ын дата мэдээлэлтэй”, “…Аюулгүй байдлын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байж болзошгүй” зэрэг мэдээллийг үгүйсгэж буй юм. Харин “…ГИХГ-ын ажилтан "…Хулгайд алдсан" гэж мэдүүлсэн ч компьютерүүдийг ломбардад барьцаалсан байж болзошгүй” гэдэг нь үнэн бололтой. Үүнээс гадна, он солигдсоны дараахан нийслэл, дүүргийн татварын албаны дарга нар Дубай руу аялаад ирсэн. Үүнийг цахим сүлжээгээр хүчтэй түгээсэн. ТЕГ-ын дарга Б.Цогтнаран “…Битгий яв гээд байхад яваад өгсөн. Би лав чөлөө өгөөгүй. Тэдний аяллын мөнгө төсвөөс гараагүй. Хэний хаанахын мөнгөөр аялж явааг би мэдэхгүй” гэж хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр баахан ярив. Тэгсээр олны анхааралд оруулсан. Гэтэл уг үйл явдлын үзүүр явсаар нийслэлийн удирдлагуудыг чиглэв. Нийслэл, дүүргийн татварын дарга нарыг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх онгоцны буудалд Дубайгаас газардахад зарим мэдээллийн хэрэгслийнхэн хүлээж тосож байгаад ярилцлага авав. Тэгэхэд, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “…Дарга нар маань Дубай руу туршлага судлах гэж явсан. Төсвийн орлогын талаар туршлага судлах гэж явсан. 20 жилийн дотор хөгжсөн орон тул туршлага судлах гэж явсан. Нийслэлээс зохион байгуулсны үндсэн дээр яваад ирж байна. Бид Нийслэлийн Засаг даргын газрын дэргэдэх Хэрэгжүүлэгч агентлаг юм. Энэ утгаараа явж ирсэн. Би шууд удирдлага тул дүүргүүдийн дарга нарт чөлөө өгсөн. Өөрөө бол Ерөнхий газарт мэдэгдсэн. ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд хандсан. Хүсэлтээ өгсөн. Миний хувьд хариуцлага хүлээнэ. Залуу дарга нарынхаа амьдралыг хохироомооргүй байна” хэмээн ярьсан. Ингээд уг дуулианы учиг тайлагдаж, “үзүүр” нь нийслэлийн удирдлагууд руу чиглэв. Энэ хоёр асуудал наанаа ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хоёрыг онилсон мэт харагдана. Гэвч, цаагуураа Засгийн газар, НЗДТГ хоёрыг чичэлж буй хэрэг юм. Бас, “…Эдгээрийг нам дотроосоо явуулаад байна” гэж яригдаад байгаа нь тун муу юм. Яагаад гэвэл, хоёр том сонгуулийн өмнөх тун хариуцлагатай байх жил эхлээд байхад ингэх нь МАН-д л ихээхэн хортой юм. “…Засгийн газарт хэн нь хүчтэй байна вэ” гэдэг дээр фокус хийж шоглож тоглохоо МАН-ынхан татах цаг нь болсон. Явж явж Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар нь сайн байвал МАН сонгуульд амжилттай оролцоно. Түүнчлэн, нийслэл бол ямар ч сонгуулийн зүрх нь болдог. Нийслэлд унасан нам ер нь тэр сонгуульд уначихдаг талтай. Гэтэл, нам нь дотроо зодолдоод, улс төр учир нь олдохгүй бужигнаад жил гаруй болсон ч Х.Нямбаатар нийслэлийн ажлыг арга эвийг нь олоод аятайхан авч яваа юм. “…Хүний өөрийнгүй ингэж дүгнэж байна” гэдэг үгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг болсон. Тэгэхээр намаа бодвол МАН-ынхан одоо больцгоох хэрэгтэй болж байна. Эс тэгвээс иймэрхүү дуулианыг хөндлөнгөөс “үлээн” хөөргөнө. Үр дүнд нь МАН-ын улс төрийн нэр хүнд улам унана. Товчхондоо, бусад намд боломж олгож, тэдний “идэш” л болоод дуусна.
АН бас дотроо зодоонтой л байна. Томоор нь харвал, “Женко”-гийн хэд ба бусад гээд хуваагдчихсан бололтой юм. “…Женког АН-аас зайлуулъя” гээд удлаа. Энэ асуудлаа эртхэн шийдэхгүй бол бас л ирэх сонгуулиудаар хохирол амсана. Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Үндсэн дүрмийнх нь өөрчлөлтийг баталлаа. Түүний дагуу бүх шатандаа ротац хийх боломжтой болсон. Тиймээс, ротацаараа л сайтар “шүүх” нь АН-ынхны дотоод зодооноо зогсоох гол ажил нь болоод байгаа юм. Гэхдээ тэр нь хальж дэвээд намын дарга О.Цогтгэрэлийгээ “…Огцруулна” гээд дайрчих тал бас бий. Учир нь, О.Цогтгэрэлийг АН-ын дарга болоход нүргэлж байсан намынхных нь алга ташилт бүдгэрсэн. Уг нь, АН-ынханд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтарчихаад УИХ, бусад тайзнаас улс төр хийх боломж хомс үе байсан. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. АН-ын боломж нээгдсэн. Гэвч, АН-ын дарга О.Цогтгэрэл энэ “алтан үе”-ийг ашиглаж чадалгүй өнөөг хүргэж байна. Сүүлдээ АН “сул сөрөг хүчин” гэдэг хочтой ч боллоо. Өөрсдөө ч тэгж үздэг болов. Үүнд, “гаднах доторх” нөхцөл байдлын талаарх хардлагууд нөлөөлж байна. Юуны өмнө, тэр ротацыг өөрөө өртчихгүйхэн шиг харин өөрт хэрэгтэй, намдаа ашигтай байхаар зохион байгуулах хэрэгтэй. Товчхондоо, ротацын үр дүнд намынх нь эв нэгдэл хангагдах ёстой. Гэхдээ, намынхаа эсэргүүнүүдийг бөөнд нь “хашаа”-ны гадна үлдээвэл эрсдэлтэй, гаднаас нүүлгэх чулуу ямар хэцүү вэ гэдгийг юу эс андах билээ. Энэ бол О.Цогтгэрэлээс улс төрийн тун ухаалаг нүүдэл шаардана.
Нөгөөтэйгүүр АН-ынхан “…Ер нь О.Цогтгэрэл маань сөрөг хүчний лидер байж чадах нь уу. Дарга маань цаагуураа эрх баригчидтай тохироод байна уу. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг эрх баригч МАН-д алдаад, УИХ-ын 2028 оны сонгуульд ялахаар ярьсан уу. Эрх баригчдыг намар огцруулах боломж байхад ашиглалгүй өнгөрөөсөн. Оны өмнө дэд сайдуудын томилгоонд үндэслээд өргөн барих гэж байсан саналаа яагаад цааш нь хийчихэв” гэх зэргээр санаа оноогоо уралдуулаад эхэлжээ. Тэгэхээр, О.Цогтгэрэл сөрөг хүчний улс төрөө чангаруулах шаардлагатай болж байгаа юм. Эс тэгвээс энэ хавар АН-ын даргын суудал ганхаж, “ротац” яригдахыг өнөөдрийн байдал нь үгүйсгэхээргүй л болжээ.
Эцэст нь, 2027, 2028 оны дараалсан хоёр том сонгуулийн өмнөх томоохон хоёр нам иймэрхүү байдалтай байна. Хэрэв тэд дотоод зодооноо зогсоохгүй бол МАН-ынхан улс төрийн нэр хүндээ унагаж, АН-ынхан даргаа огцруулж таарах даг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 6 (7748)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn