
Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг
Geographical.co.uk сэтгүүлийн нийтлэл
2026 оны нэгдүгээр сарын 3-ны үүр шөнөөр АНУ-ын агаарын цэргийн Делта хүчин Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхины хууль бус наймааны хэрэгт биечлэн оролцсон үндэслэлээр баривчлах тусгай ажиллагаа явуулсан нь хууль ёсны бус төрийн дэмжлэгтэйгээр хүн хулгайлсан гэмт хэрэг гэж олон нийтээс шүүмлэл хүлээж буй. Энэхүү тусгай ажиллагааны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Вашингтон одооноос Венесуэл улс болон түүний газрын тосны нөөцийг "удирдах" болно гэж мэдэгдэв. Трампын мэдэгдсэнээр энэхүү "тусгай ажиллагаа" нь Латин Америк дахь АНУ-ын Тэнгисийн хүчинд тулгуурладаг уламжлалт дипломат ажиллагааны хэв маягт нийцэхийн зэрэгцээ газрын тосны геополитик, их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, Монрогийн номлол сэргэж буйг илэрхийллээ. Аль нэг улсын засгийн газрыг гэмт хэрэгт татах, тусгаар тогтнолыг нь сулруулах, цэргийн хүч ашиглах, дараа нь "тогтвортой байдал", "эрх чөлөө" нэрийн дор тухайн улсын эдийн засгийг АНУ-аас удирддаг тийм дэг журамд оруулдаг нь танил технологи юм.
АНУ-ын тусгай хүчин "Шуурхай шийдвэрлэх тусгай ажиллагаа"-ны хүрээнд Венесуэлийн нийслэл Каракас хотод агаараас цохилт өгч, Венесуэлийн агаарын довтолгооноос хамгаалах системийг унтрааж, Ерөнхийлөгч Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг Фуэрте Тиуна цэргийн байгууламжаас баривчилан, Тэнгисийн хүчний USS Iwo Jima хөлөг онгоцруу шилжүүлэн, агаарын хөлгөөр Нью Йорк хотод хүргэв. Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү тусгай ажиллагааг "Америкийн цэргийн хүч чадлыг илэрхийлсэн, гайхалтай үр дүнтэй ажиллагааны нэг" боллоо хэмээн сайшаав. Трамп өөрийн хувийн эдлэн Мар-а-Лагод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Венесуэлд аюулгүй, зохистой, хууль ёсны шилжилт"-ийг хийх хүртэл АНУ Венесуэлийг удирдах болно" хэмээн мэдэгдэж, тус улсын төрийн эрхийг ямар нэгэн байгууллага эсвэл олон талт механизмд шилжүүлэхийг эрс эсэргүүцэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү тусгай ажиллагааг яллагдагч оргодолыг хууль ёсны дагуу баривчилсан ажиллагаа байсан хэмээн тодорхойлж, Мадурог "Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч биш" бөгөөд уг тусгай ажиллагаа нь үндсэндээ Конгрессын урьдчилсан зөвшөөрөл шаарддаггүй хууль сахиулах байгууллагаас авсан арга хэмжээ байсан гэж мэдэгдэв.
Гэхдээ баримтууд арай өөрийг өгүүлж байгаа. Жишээ нь, Венесуэлийн үндэсний агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхгүй болгож, Карибын тэнгист зэвсэгт хүчний асар их нөөц төвлөрүүлж, "хоёр дахь ажиллагаа буюу илүү өргөн бүрэлдэхүүнээр дайрах" нөөц төлөвлөгөө боловсруулсан зэрэг нь хил дамнасан тусгай хүчний ажиллагаа биш, харин бүрэн хэмжээний цэргийн хүч дайчилсан, хөндлөнгийн цэргийн оролцооны баримт мөн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон дэлхийн бусад удирдагчид энэхүү тусгай ажиллагаа нь "аюултай жишиг" тогтоож, тусгаар улсуудын эсрэг хүч хэрэглэхийг зохицуулдаг олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчлөө гэдгийг анхааруулж байна.
Венесуэлийг де факто хяналтдаа авах тухай Трампын үндэслэл нь эдийн засгийн логик дээр тулгуурласан нь илэрхий байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид дэлхийн хаанаас ч өөрийн газрын тосны компаниудаа Венесуэл рүү татан, тэрбум тэрбум америк доллар зарцуулж, эвдэрсэн дэд бүтэц, газрын тосны дэд бүтцийг засаж сэргээн, улс орныхоо эрх ашгийн төлөө эдийн засгийн үр ашиг гаргах болно” гэж мэдэгдэв. Өөр нэг тайлбартаа тэрээр зохицуулалтыг бүр ч тодорхой хэлсэн. Тэрбээр “АНУ газрын тосны бизнест оролцож”, Венесуэлийн түүхий нефтийг дэлхийн худалдан авагчдад “илүү их” хэмжээгээр борлуулж, Америк, Венесуэлийн аль аль нь ашиг хүртэх болно хэмээн мэдэгдсэн ч газрын тосноос олох орлогын урсгал болон хяналтыг хоёр тал хэрхэн хуваах талаар тодорхой тайлбар өгөөгүй. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет энэхүү тусгай ажиллагааг “Иракд явуулсан ажиллагаанаас сургамж авсан стратегийн эргэлт байсан хэмээн шуудхан тайлбарлав. Тухайлбал “хэдэн арван жилийг зарцуулж, олон хүний амь насыг золиослож, эдийн засгийн хувьд ч үр ашиггүй сунжирсан дайн хийхийн оронд Ерөнхийлөгч Трамп “нэмэлт баялаг, нөөц”-өө баталгаажуулах зорилгоор “төслийг өөрчилсөн” хэмээн мэдэгдэв.
Иймээс энэхүү тусгай ажиллагааг Венесуэлийн газрын тосны салбараа төрийн хяналтандаа авах зорилготой урт хугацааны зорилтыг зогсоох, гадаадын компаниуд, ялангуяа АНУ-ын компаниуд олборлолт, ашгийн нөхцөлийг тогтоодог загварыг сэргээх оролдлого гэж ойлгох нь үнэнд илүү ойр байх болов уу. Венесуэл Улс газрын тосны салбараа төрийн мэдэлд авах үйл явц 1970-аад онд эхэлж, 1976 онд PDVSA төрийн өмчит компанийг байгуулснаар өндөрлөсөн. Тус компанийг байгуулснаар гадаадын томоохон компаниудын концессыг албан ёсоор зогсоосон юм. Хожим нь Уго Чавесын удирдлага дор 2001 онд газрын тосны нөөцийг төрийн мэдэлд авахыг уриалсан үндсэрхэг үзлийн шинэ давалгаа эхэлснээр газрын тосны салбар дахь төрийн хяналтыг чангатган, өмнө нь байгуулсан гэрээг шинэчлэн байгуулахыг албадаж, Ориноко бүсэд хэрэгжиж буй төслүүдийн олонхийг төрийн мэдэлд авсан. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийг нь огцруулж, АНУ-ын компаниуд Венесуэлийн газрын тосны салбарыг "сэргээн", удирдана гэсэн дохио өгснөөр Вашингтон цэргийн хүч ашиглан Венесуэлийн олон арван жилийн турш үргэлжилсэн газрын тосны салбарыг төрийн мэдэлд авах үйл явцыг хуулиар албан ёсоор хүчингүй болгоогүй ч гэсэн практик дээр сулруулж, Венесуэлийн төрийн өмчид авсан газрын тосоо чөлөөт зах зээл дээр арилжаалах чадавхийг үндсэндээ үгүй хийж байгаа бололтой.
Саяны тусгай ажиллагаа Монрогийн номлолыг сэргээсэн нь түүхэн зүйрлэлээс илүү тодорхой бодлого гэдгийг харуулав. АНУ 2025 оны Үндэсний аюулгүй байдлын стратегидаа "Трампын үр дагавар"-ыг тусгаж, Хятад, Орос зэрэг "гадаадын өрсөлдөгчид"-ийг бөмбөрцгийн Баруун хагасын эрчим хүч, ложистикийн коридорт бэхжихээс урьдчилан сэргийлэх Америкийн тусгай эрхийг баталгаажуулсан гэж шинжээчид тодорхойлсон. Хятад, Оросын компаниудын удаан хугацаанд сонирхож ирсэн Венесуэлийн газрын тосны асар их батлагдсан нөөцийг Вашингтон зөвхөн эзэмшээд зогсохгүй тэрхүү нөөцийг удирдахыг зорьж буй юм. Ерөнхийлөгч Трамп АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг "хамгаалах"-ын зэрэгцээ өрсөлдөгчдийг сулруулах болно гэж амласан билээ.
1990-ээд онд АНУ өр, бүтцийн тохируулга, хувьчлалын нөхцөлийг ашиглан Венесуэлийн газрын тосны зах зээлийг нээж байсан бол 2026 оны хувилбар нь пуужингаар цохилт өгч, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийг нь баривчлах замаар тусгаар улсын байгалийн нөөцийн хяналтыг дотоодын компанид нь бус гадаадын компаниудын хяналтад оруулах онцгой эрхтэй байх нь ээ.
Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь улс орны бүрэн эрхт байдалд нөхцөл тавьж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрууд зах зээлээ либералчилж, АНУ-ын стратегийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулвал бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ. Байгалийн нөөцийг төрийн өмчид авсан бол бүрэн эрхт байдлыг нь үл тоомсорлодог гэсэн үг. Эдийн засгийн хувьд энэ нь либералчлал ба хувьчлалын талаарх Вашингтоны зөвшилцлийн дүрмийг давтаж байгаа боловч энэ удаад Венесуэлийн төрийн өмчит PDVSA-ийн "шинэчлэл"-ийг ОУВС-гийн нөхцөлөөр бус, харин нисэх онгоц тээвэрлэгч цохилтын бүлгүүд болон тусгай хүчний дэмжлэгтэйгээр хийж байна.
Тэнгисийн хүчний дипломат ажиллагаа сэргэв
Түүхийн үүднээс авч үзвэл Тэнгисийн хүчний дипломат ажиллагааг сул дорой улс орнуудад улс төр, эдийн засгийн шаардлагаа албан хүчээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэнгисийн цэргийн хүчийг ашиглах эсвэл заналхийлэх арга барилаар явуулдаг байв. Энэ бол АНУ-ын XIX зууны сүүл үеэс “Гадил жимсний” дайны үеэр Латин Америкт удаа дараа хэрэгжүүлж ирсэн практик юм. 1899 онд АНУ өөрийн худалдааны ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн тулд Венесуэлийн Ориноко мөрөн руу USS Wilmington хөлөг онгоцоо илгээж байсан бол 1905 онд Теодор Рузвельт Доминикан улсад гаалийн хяналт байгуулж, гадаадын зээлдүүлэгчдэд төлөх төлбөрийг баталгаажуулахын тулд гаалийн орлогыг хяналтандаа авч байжээ. Эдгээр үйл ажиллагааг соёл иргэншлийн үүднээс зөв зохистой үйл ажиллагаа эсвэл тогтворжуулах хүчин чармайлт гэж зөвтгөсөн боловч тэдний гол үүрэг нь худалдааны замыг аюулгүй болгох, хөрөнгө оруулалтыг хамгаалах, Монрогийн номлол нэрээр Европын гүрнүүдийг тухайн бүс нутгаас хол байлгахад чиглэж байв.
Эх сурвалж: https://geographical.co.uk/news/why-the-us-seizure-of-maduro-echoes-a-century-of-gunboat-diplomacy
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 2 (7744)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn