В.Ариунчимэг
 "Geopolitical Monitor" сэтгүүлийн нийтлэлийг орчуулсан тоймч 
Өмнөд Солонгост болсон дээд хэмжээний уулзалаас гарсан Америк, Хятадын хоорондох Бусаны суурь хэлэлцээр нь тэдний урт хугацаанд сунжирсан худалдаа, эдийн засгийн зөрчилдөөн түр зуур зогсож буйг илтгэв. Энэхүү хэлэлцээр нь тарифыг бууруулж, экспортын зарим хязгаарлалтыг түдгэлзүүлснээр хоёр талын санхүүгийн болон улс төрийн шууд дарамтыг багасгаж байна. Гэсэн хэдий ч уг хэлэлцээрээр дэлхийн хамгийн том эдийн засгуудын хооронд олон жилийн турш үргэлжилсэн зөрчилдөөнөөс улбаатай хурцадмал байдлын цаад эх үүсвэрийг шийдвэрлэсэнгүй. Үнэндээ уг хэлэлцээр шийдэл гэхээсээ илүү түр амьсгалах орон зай гаргаж өглөө. Хятад улс худалдааны уян хатан байдлаа сэргээж, стратегийн гол нөөцөд тавьж буй хяналтаа хадгалах замаар ашиг хүртэж байгаа бол АНУ 2026 оны завсрын сонгууль ойртож буйтай холбоотойгоор богино хугацаанд улс төрийн тайвшрал, эдийн засгийн тогтвортой байдлыг олж авч байна. Хоёр тал муудалцахаас зайлсхийхийн тулд хангалттай хамтран ажиллах боловч бие биенээ стратегийн өрсөлдөгч гэж үзсэн хэвээр байх болно. Бизнес эрхлэгчид болон дэлхийн зах зээл түр зуурын тайван байдлыг харах боловч дахин хурцадмал байдал бий болохоос болгоомжилсон хэвээр байна. АНУ-Хятадын харилцааг тодорхойлж буй технологи, улс төр, стратегийн гүнзгий өрсөлдөөн ямар ч өөрчлөлтгүй үргэлжлэх нь. 
 2025 оны аравдугаар сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар жилээ дааж буй тариф, худалдааны саад тотгорыг зогсоохын тулд Өмнөд Солонгосын Бусан хотод уулзав. Хоёр удирдагч хоёулаа эдийн засгийн цочрол дахин бий болохоос урьдчилан сэргийлэхийг шаардсан дотоодын хүчтэй шахалттай тулгарч байгаа. Трампын хувьд хэт өндөр татвараас болж бухимдсан АНУ-ын фермерүүд болон үйлдвэрлэгчдээсээ шахалттай тулгарч байгаа бол Ши Жиньпиний өмнө экспорт буурч, АНУ-ын худалдааны хатуу хяналтаас үүдэлтэй эдийн засгийн өсөлт саарч буй таагүй дүр зураг бий болсон. Үүний үр дүнд хурцадмал байдлыг намжаах зорилготой нэг жилийн гэрээ буюу Бусаны хэлэлцээр байгуулагдлаа. 
 АНУ фентанилын асуудалтай холбогдуулан Хятадын импортын бараанд тавьж байсан 20 хувийн татвараа 10 хувь болгон бууруулж, Хятадын бараа бүтээгдэхүүнд тавьж буй татвараа 100 хувьд хүргэн нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцов. Вашингтон мөн Хятадын далайн тээврийн үйл ажиллагаанд мөрдөн шалгалт явуулахаа түр зогсоож, АНУ-ын Аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон Хятадын эзэмшилтэй компаниудад тавьсан зарим хязгаарлалтыг нэг жилийн хугацаанд түдгэлзүүлэв. Хятад улс хариуд нь АНУ-ын шар буурцаг болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үргэлжүүлэн худалдан авах, газрын ховор элементийн экспортын шинэ хязгаарлалтыг нэг жилийн хугацаанд түтгэлзүүлэх, фентанилын анхдагч бодисын экспортыг хянах чиглэлээр АНУ-тай хамтран ажиллахаа амлав. Түүнчлэн ТикТок компанийг АНУ-ын өмчлөлөөс гаргах тухай хэлэлцээг дахин эхлүүлэх, АНУ-аас эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авах талаар хэлэлцээ хийхээр тохиролцсон боловч эрчим хүчний чиглэлээр ямар амлалт өгсөн нь тодорхойгүй байна. Хоёр тал мөн 2026 онд харилцан төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаагаа зарлаж, энэхүү тохиролцоогоо дипломат амжилт гэж танилцуулав. Гэхдээ хоёрдугаар сард АНУ шинээр татвар тогтоож, дөрөв, аравдугаар саруудад Хятад улс газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тогтоож, зуны турш АНУ экспортын хяналтаа нэмэгдүүлэх зэргээр хоёр талын хооронд хурцадмал байдал олон сар үргэлжилсэний эцэст сая нэг тохиролцоонд хүрэв. Бусаны уулзалт хурцадмал байдлын мөчлөгийг улам дордуулахаас сэргийлсэн боловч суурь шалтгааныг нь шийдээгүй.
Суурь шалтгаан
Энэхүү өрсөлдөөний орчин үеийн үе шат нь 2018 онд Трампын засаг захиргаа анх Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр дүнтэй татвар ногдуулж, Бээжинг шударга бусаар худалдаа хийж, технологи шилжүүлэхийг албадсан гэж буруутгаснаар эхэлсэн. Хятад улс хөдөө аж ахуй зэрэг АНУ-д улс төрийн хувьд чухал ач холбогдолтой салбаруудыг онилж, хариу татвар ногдуулах замаар арга хэмжээ авсан. Олон жилийн турш хоёр тал зөрчилдөөнөө татвараас гадна экспортын хяналт, хөрөнгө оруулалтын хориг, технологийн хамтын ажиллагааны хязгаарлалт зэргээр өргөжүүлсэн юм. Харилцааг тогтворжуулахаар өмнө нь хэд хэдэн оролдлого хийсэн боловч тэдгээр нь зөвхөн түр зуур аргацаасан алхам болсон. Технологи, аж үйлдвэрийн бодлого, дэлхийн нөлөөллийн талаарх суурь зөрчилдөөн дахин сэдэрч, хариу арга хэмжээ авахаас аргагүй нөхцөл байдлыг бий болгож байна. Энэхүү хурцадмал байдал, түр намждаг мөчлөг нь Америк-Хятадын харилцааны тодорхойлогч хэв маяг болсон гэхэд хилсдэхгүй.
 Дотоодын улс төр энэ хэв маягийг тууштай хэлбэржүүлсээр ирсэн. Вашингтоны бодлого боловсруулагчид Хятадтай зөрчилдөх, АНУ-ын сонгогчдод хатуу байр суурь харуулахын тулд, ялангуяа сонгуулийн мөчлөгийн үеэр худалдааны асуудлыг хөшүүрэг болгон ашигладаг болсон. Трамп Бусаны хэлэлцээрт оролцохдоо дотоодын гол салбаруудад ирж буй дарамтыг бууруулахын зэрэгцээ улс төрийн хувьд ашигтай бол дахин зөрчилдөх цонхыг нээлттэй байлгах хоёрдмол зорилгыг тавьсан болов уу. Харин Бээжингийн эрх баригчид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, урьдчилан таамаглах боломжгүй олон улсын орчинд өөрийгөө тогтвортой оролцогч гэж харуулахад гол анхаарлаа хандуулав. Хязгаарлагдмал, буцаах боломжтой буулт хийснээрээ Хятад улс хөшүүргээ хадгалангаа дипломат хязгаарлалтыг шаардах боломжтой болов. Тиймээс Бусаны хэлэлцээр нь хоёр тал эдийн засгийн шууд хохирлоос зайлсхийхийг хүссэн, нийтлэг боловч нарийн ашиг сонирхлыг тусгалаа. Гэхдээ аль аль нь эдийн засгийн харилцааг нь улам бүр сөргөлдөөнтэй болгож буй суурь зөрчилдөөнөө шийдвэрлэхэд бэлэн байсангүй. 
Гол асуудлууд
Ирэх онд Бусаны хэлэлцээр хэрхэн хэрэгжихийг хэд хэдэн үндсэн хүчин зүйл тодорхойлно: Дотоодын улс төрийн шахалт. Трампын хувьд 2026 оны завсрын сонгуулийн өмнө Хятадад хүч чадлаа мэдрүүлэх, Америкийн сонгогчдод эдийн засгийн хохирол учруулахаас сэргийлэх хоёрын хооронд тэнцвэрийг хадгалах нь чухал юм. Шигийн хувьд тэргүүлэх чиглэл бол Хятадын эдийн засгийг тогтвортой байлгахын зэрэгцээ Бээжин үндсэн асуудлууд дээр буулт хийхгүйгээр АНУ-ын дарамтыг зохицуулж чадна гэдгээ харуулах явдал юм.
 Технологийн өрсөлдөөн. АНУ хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан, програм хангамж зэрэг дэвшилтэт технологид Хятадыг нэвтрүүлэхгүй хязгаарласаар байна. Эдгээр хязгаарлалтууд нь Вашингтоны стратегийн гэж үздэг өндөр технологийн салбар дахь Хятадын ахиц дэвшлийг удаашруулах зорилготой юм. Харин Бээжин дотооддоо хувилбарууд бий болгохыг оролдож, газрын ховор металл болон бусад чухал ашигт малтмалын экспортын хяналтыг хөшүүрэг болгон ашиглах замаар хариу арга хэмжээ авч байгаа юм. Технологи, түүхий эдийн нөөцийн энэхүү өрсөлдөөн нь өргөн хүрээтэй зөрчилдөөний гол суурь асуудал болж байна. 
 Хятад улс нийлүүлэлтийн гол сүлжээг, ялангуяа электроник, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах системд зайлшгүй шаардлагатай газрын ховор элементүүдийг хянаж байна. Бусаны хэлэлцээр нь Хятадын газрын ховор элементэд тавьж буй экспортын хяналтыг бүр байтугай, түр ч зогсоохгүй. Бээжин хэрэв харилцаа муудвал нийлүүлэлтийн сүлжээг дахин чангатгах эрх мэдлээ хадгалж байгаа нь түүнд найдвартай хөшүүрэг бий гэдгийг тодорхой харуулж буй юм.
 Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх зохицуулалт. Компаниуд геополитикийн эрсдэлийг бууруулахын тулд үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг Хятадаас Вьетнам, Энэтхэг, Мексик зэрэг бусад улс руу шилжүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч эдгээр нийлүүлэлтийн сүлжээ нь АНУ болон Хятадын эдийн засагтай гүнзгий хамааралтай хэвээр байна. Бусаны хэлэлцээр нь нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх чиг хандлагыг удаашруулна уу гэхээс биш ухрааж чадахгүй.
 Хэлэлцээрийн хэрэгжилтийн тодорхой бус байдал. Хэлэлцээрийг зөрчлөө гэхэд шалгах эсвэл хариуцлага тооцох тодорхой механизм байхгүй. Энэ нь хоёр талд улс төрийн уян хатан тоглолт хийх цонх нээж, тохиромжтой үед нөгөөгөө хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгах эсвэл улс төрийн хувьд давуу талтай үед өөрт ашигтай байдлыг бий болгох боломжийг олгож байна. 
Ирээдүй рүү өнгийвөл
Суурь нөхцөл байдал: Тогтворгүй байдлыг зохицуулна. Хамгийн магадлалтай нь жижиг маргаантай ч харьцангуй тайван жил болно. Бусаны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж, хоёр тал хоёулаа хэлэлцээрийг нураахаас зайлсхийхийн тулд ахиц дэвшил гаргах хангалттай боломж бий. Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үргэлжлүүлэн худалдан авч, газрын ховор элементийн экспортоо хэсэгчлэн явуулж байгаа бол АНУ шинээр татвар тогтоохоо хойшлуулж байна. АНУ-ын сонгууль ойртохоор улс төрчдийн “попролт” заримдаа эрчимждэг ч эдийн засгийн ашиг сонирхол хурцадмал байдлыг хязгаарлаж байна. Бизнес эрхлэгчдийн итгэх итгэл сэргэж байгаа ч гэнэтийн өөрчлөлтөөс бас болгоомжилсоор байна.
 Хурцадмал байдал үүсэж болох хувилбар: Худалдааны зөрчилдөөн дахин сэргэх. Энэ тохиолдолд хэлэлцээр хүчингүй болно. Хэрэв АНУ Хятадыг фентанилын экспортыг хянаж чадаагүй эсвэл эрчим хүч, хөдөө аж ахуйн амлалтаа биелүүлээгүй гэж буруутгаад эхэлвэл Вашингтон өндөр дүнтэй татварыг сэргээн тогтоох эсвэл экспортын хязгаарлалтыг өргөжүүлж магадгүй юм. Харин Бээжин газрын ховор элементдээ шинээр хязгаарлалт тогтоож, бусад стратегийн ашигт малтмалд хатуу хяналт тавих замаар хариу арга хэмжээ авах магадлалтай. Зах зээлүүд хариу үйлдэл огцом үзүүлж, компаниуд хоёр улсаас нийлүүлэлтийн сүлжээг холдуулах хүчин чармайлтаа улам хурдасгах болно. Үүний үр дүнд инфляцын дарамт дахин сэргэж, дипломат харилцаа хурцдаж, олон улсын худалдааны систем улам л хуваагдмал болно.
 Хамтран ажиллах хувилбар: Аажмаар тогтворжуулна. Магадлал бага боловч боломжтой хувилбар юм. Хоёр улсын засгийн газар хоёулаа хэлэлцээрийг 2026 оноос хойш сунгаж, технологи, эрчим хүчний асуудлаар харилцаа холбооны байнгын сувгуудыг нээж болно. Хэрэв хэлэлцээрээ харилцан дагаж мөрдөж, дотоодын улс төр нь зөвшөөрвөл Америк, Хятадын худалдааг хязгаарлагдмал түвшинд хэвийн болгож ч магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ хоёр улсын технологи, аюулгүй байдлын өрсөлдөөн дэлхий нийтийн нүдэн дээр ил үргэлжилж, стратегийн түвшинд үл итгэх мэдрэмж хүчтэй хэвээр байх болно.
 Эрсдэлт хүчин зүйлс
 
Зохицуулалт хийгээд ч тогтворгүй байдал хэвээр байгаад байвал олон улсын худалдаанд тодорхойгүй байдал үргэлжилнэ л гэсэн үг. Ийм нөхцөлд бизнес эрхлэгчид тарифын өөрчлөлт, экспортын дүрэм, журмын өөрчлөлтөөс үүдэлтэй байнгын эрсдэлтэй тулгарна. Ирээдүйн маргаанд өртөхөөс зайлсхийхийн тулд олон компани нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, бүс нутагт илүүдэл бий болгосоор байх юм. Хэрэв нөхцөл байдал хурцадвал үр дагавар нь ноцтой байх болно. Гаалийн татварыг өндөр хувиар нэмэх нь АНУ-д үнэ хөөргөдөж, инфляц өсгөж, хоёр улсын экспортоос хамааралтай салбаруудад сөргөөр нөлөөлнө. Хятадын газрын ховор металл болон бусад чухал ашигт малтмал тавьсан хязгаарлалт нь батлан хамгаалах үйлдвэрлэлээс эхлээд ногоон эрчим хүч хүртэл бүхэл бүтэн салбарын үйл ажиллагааг тасалдуулж болзошгүй юм. Гуравдагч орнууд, ялангуяа Азийн орнууд эдийн засгийн тогтворгүй орчинд шилжихээс өөр аргагүй болно. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ зөрчил нэг талд АНУ-тай нэгдмэл худалдааны блок нөгөө талд Хятад төвтэй холбоо эсвэл болсон дэлхийн хуваагдлыг улам бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг сулруулж болзошгүй юм. Хязгаарлагдмал хамтын ажиллагааны нөхцөлд ч АНУ болон Хятад улсууд 2018 оноос өмнө оршин байсан эдийн засгийн гүнзгий харилцан хамааралдаа эргэн орох магадлал бага. Хоёр улс хоёулаа одоо хамааралгүй болох чиглэлд ялангуяа хагас дамжуулагч, цахилгаан тээврийн хэрэгсэл, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Энэхүү харилцан хамаарлаа бууруулах үйл явц түр зуур “сайндсан” үед ч үргэлжлэх болно.
 Эцсийн дүндээ Бусаны хэлэлцээр нь АНУ-Хятадын харилцаанд шинэ үе шатыг харуулж байна: энэ үе шат нь тохиролцоонд хүрэх эсвэл эвлэрэх замаар биш, харин өрсөлдөөний менежментээр тодорхойлогдож байна. Америк, Хятад хоёр хоёулаа удаан хугацааны тогтвортой байдалд хүрэхийн оронд хяналттай хурцадмал байдалд зохицож аж төрөхөд  суралцаж, тодорхой цаг хугацаанд хязгаарлагдмал буулт хийх замаар худалдаа хийж, энэ зуур дараагийн өрсөлдөөндөө бэлтгэж байна. Энэ хоёр гүрний хооронд хавчуулагдсан дэлхийн эдийн засаг одооноос эхлэн тогтворгүй, таамаглашгүй нөхцөлд дасан зохицох ёстой болж байна.
Эх сурвалж: https://www.geopoliticalmonitor.com/us-china-trade-truce-redux-risks-behind-the-busan-deal/
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 208 (7705)