МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд товлов

21 цаг 47 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НАНДИН

 

Ардын намын Бага хурлын VIII хуралдаан бямба гарагийн үдийн өмнө эхэлж ням гарагийн өглөө найман цагт өндөрлөв. Намын Бага хуралд 428 гишүүн оролцож, 80 гаруй хувийн ирцтэй эхэлжээ. 20 цаг үргэлжилсэн хурлаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлж, орных нь гишүүдийг нөхөн батламжилж, Их хурлаа товлож, хамгийн чухал нь намын даргын сонгуулийг зохион байгуулав. Бага хурал хаалттай явагдсан бөгөөд Тусгаар тогтнолын ордны гадаа болон Бага хурлын гишүүдийн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн мэдээллүүдэээс хурлын үйл ажиллагааг тоймлон хүргэе.

Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжилжээ. Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшиж, заалнаас нэр дэвшигч гараагүй. Тиймээс хоёр нэр дэвшигч өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлсэн байна. Мэтгэлцээний дараа асуулт асууж, хариулт аван мөн саналаа хэлсээр дөрвөн цаг орчим үргэлжилжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжигчид намын даргын асуудлыг Их хурлаар шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн бол Д.Амарбаясгаланг дэмжигчид Их хурлыг хүлээвэл 45 хоног болно, улс орон хэцүүднэ, энэ бага хурлаараа шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар 100 хоногийн тайлангаа тавьж байгаа. Г.Занданшатарын хувьд Засгийн газрынхаа 101 хоног дээр Бага хурал болж байгааг тэрээр хэлж, энэ богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулсан амжилт гаргаснаа онцолсон байна. Тэрээр үндсэндээ Засгийн 100 хоногт хийснээ танилцуулж, ирэх таван жилд хэрэгжүүлэх зорилт болох "Шинэ итгэл-шинэтгэл"-ийн бодлогоо танилцуулжээ. Энэ бодлогын хүрээнд зөвхөн улс орныг бус намаа шинэчилнэ, төрийн тогтвортой байдлыг хангасан, намын эв нэгдлийг бэхжүүлсэн дарга байхаа Бага хурлын гишүүдийн өмнө амлав.  Харин хэдхэн хоногийн өмнө хэвлэлийнхнийг цуглуулан бүх асуултад нээлттэй хариулсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ удаад өнгөрсөн сонгуулиудад намын сайн менежер байж сонгуульд ялуулж чадсан туршлагаараа ирэх сонгуулиудад намаа дахин ялуулахад итгэл төгс байгаагаа мөрийн хөтөлбөрийнхөө цөм болгон танилцуулав.

Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээний дараа гишүүдийн асуулт хариулт болон санал өрнөсөн. Г.Занданшатарыг дэмжигчдийн зүгээс төрийн тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэж үзсэн бол эсрэг талд Их хуралд тойргоосоо сонгогдож чадаагүй хүн намын дарга байж болох уу гэдэг асуудалд Г.Занданшатарыг буруутгах хандлага илэрхий байжээ. Үүнд ч Ерөнхий сайд эмзэглэж байгаагаа илэрхийлж тухайн үед. Тойрогт болсон буйлхай, тэр тусмаа хүн амины хэрэгтэй холбоотойгоор өөрийг нь гүтгэсэн үйл явдлаас болж тйоргоосоо гарч чадаагүй, цэвэр орон нутгийн МАН-ын удирдлагуудтай холбоотой хэмээн сонгогдож чадаагүйн “шархаа сэдрээв”.  Түүний Засгийн газраас Хэрэг Эрхлэхийн дарга С.Бямбацогт, Тэргүүн Шадар сайд Н.Учрал нар Засгаа хамгаалж чангахан дуугарсан гэсэн мэдээлэл байна. Ардын намын дүрэмд Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж намын дарга болох тухай заалт бий. Эхний санал хураалтад Д.Амарбаясгалан 56.2 хувь, Г.Занданшатар 43.98 хувийн санал авсан нь аль нь ч гуравны хоёрын босгонд хүрсэнгүй. Мөн нэр дэвшигч Г.Занданшатар гараар дахин санал гаргаж дахин тоолсон ч зөрүү гараагүй байна.

Харин хоёр дахь санал хураалт нэлээд сунжирсан байна. Хоёр дахь санал хураалтад 321 Бага хурлын төлөөлөгч санал өгснөөс 46 хүчингүй хуудас гарч, 275 хүчинтэй саналаар буюу санал өгсөн Бага хурлын гишүүдийн 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдсонд тооцож, тогтоол баталсан. Ингээд Д.Аамсрбаясгалан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс намын тамгыг гардан авч хуралдаан өндөрлөжээ.

20 цаг үргэлжилсэн Бага хурлын шийдвэр хүчинтэй эсэхэд зарим талаар маргаан үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон. Тухайлбал, санал хураалт явагдсан процессыг намын дүрэм зөрчсөн хэмээн үзэх өнцөг бийг хуульчид хэлж байна. Тухайлбал, МАН-ын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр “Аль аль тал нь гуравны хоёрын санал аваагүй учир Их хурлаар шийдэгдэх ёстой асуудал. Ингэж нэг нэр дэвшигчийг хүчээр салгаж дангаар санал хураалт явуулна гэдэг хүчээр түрэмгийлж байгаа нь хууль зөрчиж байна” хэмээн Тусгаар тогтнолын ордны гадаад хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, Бага хурлыг даргалагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” гэв.

Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг Тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа” гэв.

Харин МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ. Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана” гэв.

Ардын намын Бага хурлын төгсгөлд намын 31 дүгээр Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товложээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 182 (7679)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Ерөнхий сайд “асуугдав”

УИХ-ын чуулганы хуралдааны шинэ дэгийн дагуу Их хурлын чуулганд Ерөнхий сайдын асуу

21 цаг 47 мин
МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд товлов

Ардын намын Бага хурлын VIII хуралдаан бямба гарагийн үдийн өмнө эхэлж ням гарагийн өглөө найман цагт өндөрлөв. Нам

21 цаг 47 мин
Зангезурын коридор: Өмнөд Кавказийн худалдааны төв зам

Зангезурын коридор (хонгил) нь Азербайжаны эх газрыг алслагдмал нута

2025-09-26
Ардын намын даргын сонгуулийн өмнө....

Эрх баригч Ардын намын зовлон улсын зовлон болоод удаж байна. Тэгвэл

2025-09-26
Г.Занданшатарын SOFT POWER : Үндэсний нэгдэл ба үнэт зүйл!

Үе, үеийн Засгийн газрын бодлого сайн, муутайгаа Ерөнхий сайдаараа “овоглогдо

2025-09-25
Трамп, Зеленскийтэй ижил байр суурьтай байгаагаа илэрхийллээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Нью-Йорк хотод хүрэлц

2025-09-25
Л.Оюун-Эрдэнийн “14 мега төсөв” VS Г.Занданшатарын “хүн мега төсөв”

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цагт Монгол Улсын 2024-2

2025-09-25
Засгийн газар “Шинэ итгэл-Шинэтгэл”-д зорьж байна

Г.Занданшатарын Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоног болж байна. Лхагва гараг бүр З

2025-09-25
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын нэг нь бямба гарагт Бага хурлаасаа МАН-ын даргаар сонгогдоно

“…Эрх баригч МАН-ын дараагийн дарга хэн болох вэ” гэдэг нь улс төрийн хүрээнд болон болоод нийгмийн анхаарлын төвд байна. Улмаар, “…Үүнээс болоод улс төрийг хөдөлгөөнд оруулаад байна уу”, эсвэл “…Улс төрөөс болоод МАН-ын даргын сонгуулийг бужигнуулаад байгаа юу” гэдэг нь зарим талаар ойлгомж муутай болоод байгаа юм.

2025-09-25
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо долоо хоног бүр хуралдана

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2025.09.24) хуралдаана

2025-09-24