Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, Жанчхүүгийн даваанд оршиж буй дайчдад хүндэтгэл үзүүлэв

3 цаг 51 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор өчигдөр Бээжин хотноо хүрэлцэн очлоо.  Хятадын ард түмэн дайны ялалтын ойгоо тэмдэглэж хүндэтгэлийн цэргийн парад зохион байгуулахаар бэлтгэж байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотоо очоод хамгийн түрүүнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талт уулзалт хийлээ.

 

Хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна

 

Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирж оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар дээрх арга хэмжээнүүдэд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү ялалтыг авчрахад Монгол Ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн армитай хамтран Зүүн хойд Хятадыг чөлөөлөх байлдааны ажиллагаанд оролцон өөрсдийн алтан амиа зориулан баатарлаг гавьяа байгуулсныг онцлон тэмдэглэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж буйг талууд онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах тодорхой асуудлуудаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсаас гаргах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтын төмөр замын холболтын ажлыг урагшлуулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг саналыг Монголын талаас дэвшүүлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр талын хамтран хэрэгжүүлж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор зэрэг төсөл нь хоёр талын хамтын ажиллагааны чухал ололт амжилт гэдгийг тэмдэглэв.

Мөн Хятадын талаас дэвшүүлсэн санал санаачилгуудыг Монголын тал дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, эдгээр санал санаачилгын хүрээнд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов.

Тухайлбал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн талууд хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

1. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын протокол”,

2. “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

3. “Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

4. “Тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар (Үндэсний баталгаажуулалт, итгэмжлэлийн удирдах газар) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

5. “Монголын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Хятадын мэдээллийн групп хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

 

Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа

Мөн энэ үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүний уулзалт боллоо. Тэд өмнө нь 2022 онд Узбекистан Улсын Самарканд хотноо уулзаж байсан бөгөөд VII уулзалт ийнхүү гурван жилийн дараа болж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагаа чухал ололт амжилттай байгааг тэмдэглээд, тухайлбал, Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван талын худалдаа, байгаль орчин хамгаалал, гааль, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэлээ.

Цаашид улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, одоогийн хамтын ажиллагааг улам ахиулахыг санал болгов. Түүнчлэн Хятад улс “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, Монгол болон Оросын талууд идэвхтэй оролцохыг хүсэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гурван улсын интеграцийг нэмэгдүүлж, гурван талт хамтын ажиаллагааг Евразийн эдийн засгийн хоолбоо, “Бүс ба Зам”, “Талын зам”-ыг уялдуулах хүрээнд тээвэр, логистик, гааль, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгахыг санал болголоо.

Гурван улсын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт, үзэсгэлэн худалдаа зэргийг тогтмол зохион байгуулж, хүмүүнлэг, хилийн ус, аялал жуулчлалын дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов.

Түүнчлэн гурван улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой асуудлаар санал солилцлоо.

 

Жанчхүүгийн даваанд байх дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Чөлөөлөх дайны 80 жилийн ойн хүрээнд Жанчхүүгийн даваанд байх Монгол Зөвлөлтийн цэрэг эрс зориулсан цогцолборт хүндэтгэл үзүүллээ. БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй хошууны төвөөс урагш 15 км-ийн газарт орших Иеху ууланд Монгол, Зөвлөлтийн цэрэг эрст зориулсан дурсгалын цогцолбор бий. Одоогоос 80 жилийн өмнө хоёр орны цэргүүд энэ газарт Хятадын цэргийн хамтын хүчээр японы түрэмгийллээс Хятад улсыг чөлөөлснөөр фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөсөн билээ.

Эрээн-Жанчхүү, Жэхэ Долнуур чиглэлд давшсан Чөлөөлөх дайны шийдвэрлэх тулалдаан Жанчхүүд болсон. Жанчхүүгийн тулалдааныг хятадууд Лангуогоу ажиллагаа гэдэг бөгөөд дайсны гол бэхлэлтийг сэтлэх байлдаан 1945 оны наймдугаар  сарын 14-нөөс эхэлж, 21-нийг хүртэлх өдрүүдэд ширүүн тулалдаан болсон байна. Жанчхүүгийн чиглэлийн давших чиглэлд Японы томоохон хүч байрлаж байсан бөгөөд дайсны хамгийн том хориглолт зохион байгуулсан түшиц газар Монголын хилээс 565 км-т орших тэрхүү Жанчхүүгийн даваа байжээ. Жанчхүүгийн даваанд япончууд 1935-1945 оны хугацаанд 40 мянган хятад иргэдийг дайчлан 35 км өргөн, 10 км гүн бэхлэлтийн бүс байгуулснаар түүнийгээ давагдашгүй цайз гэж үзэж байсан байна. Гэвч хамтарсан цэргийн хүч бэхлэлтийг сэтэлж нийт 860 гаруй япон армийн албан хаагчийг устгаж, шархдуулан олзолсон бол өөрсдөө 60 гаруй хүнээ алджээ. Тэдний 13 нь домогт Аюуш, Жанчив нарын Монголын баатар эрс байжээ. Амь үрэгсдийн гэгээн дурсгалд зориулж БНХАУ 1945 онд Монгол Зөвлөлт дайчдад зориулсан хөшөө босгосон бол 1957 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр хөшөөг цамхаг болгон шинэчилсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 163, 164 (7660, 7661)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

3 цаг 46 мин
Х.Баатархүү: ШХАБ бол олон талт хамтын ажиллагааны чухал индэр юм

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө.  Энэхүү хуралдааны талаар Хятад судлаач доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.

3 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, Жанчхүүгийн даваанд оршиж буй дайчдад хүндэтгэл үзүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Хятадын ард түмэн Японы т

3 цаг 51 мин
Д.Амарбаясгалан МАН-ын даргад “заал”-наас нэр дэвших үү?

“…УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын ойрмогхон хийх гадаад айлчлалын дараа МАН-ын Удирдах з

3 цаг 51 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид дэвшиж, Лу.Гантөмөр Бүлгийн дарга болох уу

АН-ынхан 2024 оны сонгуулиа сая дүгнэж, намын даргаа шинээр сонголоо. Ингэснээр

3 цаг 51 мин
Хөрш гурван улсын төрийн тэргүүнүүд уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2025.09.02/ ОХУ-ын Ерөнхийлөгч Влади

20 цаг 30 мин
ШХАБ-ын дараагийн арван жилийн түүх Тяньжин хотоос эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад ор

21 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын индэр дээрээс юуг онцлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын индэр дээрээс юуг онцлов

Өчигдөр 09 цаг 27 мин